Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 144

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч П.Шижиртуяа, иргэний нэхэмжлэгч Г.Б , иргэний нэхэмжлэгч Б.Б , шүүгдэгч Б.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015000460118 дугаартай,

163/2020/0135/Э индекстэй хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ... нярав, засварчин ажилтай, ам бүл 2, өвөөгийн хамт Хөвсгөл аймгийн ... гэх газар оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ч  овогт Б.Г.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.Б ийн өгсөн: Миний эзэмшлийн **-** ОРВ машиныг гуйж авч явсан. Унаад худалдаж авахаар тохирсон. Эхний ээлжинд Хөвсгөл явах хэрэгтэй байна гээд аваад явсан. Ломбард барьцааны 2000000 төгрөгийг төлвөл нэр дээр нь шилжүүлнэ гэж тохирсон. Хэргийн улмаас 5935000 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлгээ гарсан байсан. Хэрэг гарсны дараа ахтайгаа ирээд 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 7800000 төгрөгөөр машиныг үнэлээд нийт төлбөрийг төлөөд машиныг авахаар тохирсон. Надад 1800000 төгрөгийг төлсөн байгаа. Тэрнээс хойш ямар ч мөнгө төлөөгүй байгаа. Би Өмнөговь аймагт томилолтоор ажиллаж байгаад ирсэн. Одоо ломбарданд алданги тооцогдоод явж байна. Би машинаа 2000000 төгрөгөөр ломбарданд тавьсан байсан. Одоо 6500000 төгрөгийг гаргуулж өгнө үү, 500000 төгрөг нь ломбардын хүү гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Б ын өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр унаж явах нөхцөлтэйгөөр 12 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Манайхаас зээлээ төлөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгтэл 5, 6 сард 14 сарын төлөлтөө хийсэн. Одоо 1625754 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээ хийсэн хүн нь Г.Б  тул Г.Б эс мөнгөө нэхэж байна гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015000460118 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г  нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд **-** ОРБ улсын дугаартай “Toyota Allion” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт байрлах асфальтан зам дээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4б, 12.3, 12.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Н ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хөвсгөл-Булган чиглэлийн улсын чанартай асфальтан зам дээр **-** ОРБ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Toyota Allion” загварын тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон байдалтай байв. ...Тус замын нийт өргөн 8.40 метр, зорчих хэсгийн өргөн 6.80 метр, эгнээний өргөн 3:4 метр байв. Зорчих хэсгийн гадаргуу хуурай, тэгш, үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөний чиглэлтэй суурингийн гаднах асфальтан зам байв...” гэх тэмдэглэл /хх-07-08 тал/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-09-12 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-15 тал/,

Хохирогч Б.Н ын өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Г  над руу ******** дугаарын утаснаас залгаад “хамт хот явчихаад ирэх үү” гэж асуусан. Тэгэхээр нь би тухайн үед ээлжийн амралт авчихсан байсан болохоор “тэгье” гээд бид хоёр Орхон аймгаас 15 цаг өнгөрч байхад **-** ОРБ улсын дугаартай “Toyota Allion” загварын тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотын чиглэлд гарсан. Тэгээд Улаанбаатарт 22 цаг өнгөрч байхад орж ирээд Г гийн найз охин А г аваад, буцаад 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шөнийн 00 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос бид гурав гарсан. Тухайн үед хотоос гараад машиныг би жолоодож Булган аймгийн цагдаагийн пост хүртэл явсан. Тэгээд жолоогоо Б.Г д шилжүүлж өгсөн. Би Булган аймаг өнгөрөөд унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь осолд орчихсон байсан. 11 цагийн үед ХутагӨндөр сумын эмнэлгийн ажилчид ирж анхан шатны тусламж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/

Иргэний нэхэмжлэгч Г.Б ийн өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлаасаа 2 хоногийн чөлөө авчихсан байсан. Тэгээд өвөөгийн бие муу Хөвсгөл явна гээд гарсан юм. Тэгээд миний тээврийн хэрэгслийг худалдаж авахаар болоод явсан юм. Тэгээд 2 хоногийн дотор холбоо барихгүй байхаар нь асууж сураад байж байтал цагдаагаас над руу залгасан. Би тэр үед Г г осолд орсныг мэдсэн. Г гийн барьж явсан тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх. Гэхдээ одоо “А ” ХХК-ийн нэр дээр байдаг. Би 2 сая төгрөгийн зээл авчихсан байсан юм. Миний өмч байгаа юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б ын өгсөн: “...Зам тээврийн осолд орсон гэх манай байгууллагын эзэмшлийн **-** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байгаа. Иргэн Г.Б  нь манай байгууллагаас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр унаж явах нөхцөлтэйгээр 2 сая төгрөгийн зээл авч барьцаанд нь **-** ОРБ улсын дугаартай “Toyota Allion” загварын тээврийн хэрэгслийг тавьсан. Тиймээс уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “А ” ХХК байгаа юм. Зээлдэгч Г.Б  нь 2020 оны 01, 02 саруудын төлөлтийг саяхан хийсэн. Манай байгууллагын зүгээс 2075080 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-34 тал/,

Гэрч Т.А гийн өгсөн: “...Би тухайн үед замдаа унтаж явсан. Осол гарсан суманд орж ирэх үед би дахин сэрээд суудлаа жаахан хойшлуулдаг юм бил үү гэж бодоод хэвтэж байтал гэнэт зам дээр машин шарваад замын урд талын жалган дээгүүр гараад онхолдсон байх. Би тэр үед машинаас шидэгдэн гадаа хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-40-42 тал/,

Гэрч Б.Б ын өгсөн: “...Өнөөдөр өглөө буюу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 09 цаг 30 минутын орчимд сумын төвөөс баруун зүгт зам тээврийн осол гарсан гэх дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу би 09 цаг 40 минутанд зам тээврийн осол болсон газарт түргэний машинаар очсон. Очиход суудлын машин замаас гарч онхолдсон байдалтай, машины гадаа 2 эрэгтэй, эмэгтэй зогсож байсан. Намайг очиход машины ард сууж явсан гэх эрэгтэй толгойндоо маш хүнд гэмтэлтэй, их хэмжээгээр цус алдаж байсан. Харин жолоо барьж явсан хүн нүдэнд ил шарх байхгүй, баруун мөр эгэмний ясанд хөндүүр байна гэсэн зовиуртай. Харин нөгөө эмэгтэйн толгой зүсэгдсэн, ил харагдах сорвитой, толгой өвдсөн зовиуртай байсан...” гэх мэдүүлэг /хх-45-46 тал/,

Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон “жолооч Б.Г гийн “В” ангиллын ******* дугаартай эрхийн үнэмлэх хүчинтэй байна. Жолооч Б.Г  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.4-т заасан “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна. Энэ зам тээврийн осол нь жолоочийн буруутай үйлдлээс болж гарсан байна” гэх Булган аймаг дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт /хх-68 тал/,

Хохирогч Б.Н ын биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон “магадлуулагч Б.Н ын баруун талын чамархайн ясны хугарал, гавлын хөндийд хий хуралдалт, тархины эдийн няцрал, хуйх, нүүр, хоёр чихний дэлбээнд шарх, нүүрний баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, хүзүү, баруун мөрөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон, дээрхи гэмтлүүдийн хуйх, нүүр, хоёр чихний дэлбээнд шарх нь иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, баруун талын чамархайн ясны хугарал, гавлын хөндийд хий хуралдалт нь амь насанд аюултай гэмтэл тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 164 дугаартай дүгнэлт /хх-54-55 тал/,

Шүүгдэгч Б.Г гийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон “Б.Г гийн биед баруун эгэмний ясны далд хугарал, баруун эгэмний харалдаа цус хуралт бүхий гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, баруун эгэмний ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун эгэмний харалдаа цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 163 дугаартай дүгнэлт /хх-59-60 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн Б.Г  ********** гэж хаяглан ирүүлсэн цусанд спиртийн зүйл илэрсэнгүй” гэх дүгнэлт /хх-64 тал/,

Шүүгдэгч Б.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж өгсөн: “...прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Яллагдагчаар татах тогтоолтой санал нийлж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би жолоо барьж байхдаа доошоогоо нэг харчихаад зам руу харснаа санахгүй байгаа юм. Тэгээд нэг хэсэг ухаан алдаад осол болсоны дараа ухаан ороход би машиндаа сууж байсан. Харин Н , А  нар нь тээврийн хэрэгслийн гадна талд зогсож байсан. Би бол тухайн үед зүүрмэглэсэн зүйл байхгүй, харин жаахан анхаарал болгоомж алдсан юм шиг байна лээ. Зам болон тээврийн хэрэгсэл осол болоход нөлөөлсөн зүйл байхгүй. Би үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-99-100 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэг, үйл баримтыг шууд гэрчилсэн хохирогч Б.Н , гэрч Т.А  Б.Б  нарын өгсөн мэдүүлэг, түүнчлэн шүүгдэгч Б.Г гийн гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэлт хийхэд уг осол гарах шалтгаан нь тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй, аюул саад учрахад тээврийн хэрэгслийг зогсоох  арга хэмжээ аваагүй шүүгдэгч Б.Г гийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл шууд нөлөөлжээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Г гийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г гийн гэм буруутай үйлдлийн улмаас Б.Н ын эрүүл мэндэд хүнд хохирол, “Toyota Allion” загварын **-** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, иргэний нэхэмжлэгч Г.Б д 3670000 төгрөгийн шууд, 2065000 төгрөгийн шууд бус, нийт 5935000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Г  нь хохирогч Б.Н т гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй ч 400000 төгрөгийг төлсөнөөр санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, иргэний нэхэмжлэгч Г.Б д 1800000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 4135000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Б д олгох нь зүйтэй байна, харин нэхэмжлэгч Г.Б ий барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой зээлийн хүү болон худалдах, худалдан авах аман хэлцэлтэй холбоотойгоор 6500000 төгрөг нэхэмжилсэн нь эрүүгийн хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хамааралгүй байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Б нь уг тээврийн хэрэгслийг барьцаалан олгосон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Г.Б эс шаардах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Г гийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон бусад хувийн байдлын талаарх нотлох баримтуудаас /хх-104-110 тал/ дүгнэлт хийж анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн улмаас биедээ хүндэвтэр гэмтэл авсан зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1д зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Г  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг дурдаж, жолоочийн “B” ангилалын ******* дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч  овогт Б.Г г Авто тээврийн хэрэгслийнжолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Г г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.5-т зааснаар шүүгдэгч Б.Г д энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор арилгах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Г д мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Г гаас 4135000 /дөрвөн сая нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Б д олгож, хохирогч Б.Н  нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн “Toyota Allion” загварын **-** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлийг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... оршин суух Г.Б -ийн эзэмшилд үлдээж, жолоочийн “B” ангилалын ******* дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэхтогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заа снаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНХАНД