| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0475/Э |
| Дугаар | 457 |
| Огноо | 2020-07-06 |
| Зүйл хэсэг | 20.4.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 457
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц, шүүгдэгч Ч.Н-, түүний өмгөөлөгч Д.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас У овогт Ч-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010000930500 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн У овогт Ч-ийн Н- /РД: 00000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Н- нь ОХУ-д үйлдвэрлэсэн 10мм-ийн голчтой, их бие болон замагийн 1944201619 дугаартай байлдааны зориулалттай гол төмөр суулгасан галт зэвсгийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил худалдааны төвийн орчим бусдад борлуулахыг завдсан, дээрх байлдааны зориулалттай галт зэвсгийг 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хууль бусаар олж авсан, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ч.Н-: “...Тухайн бууг 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Отгонбаяр гэх хүнтэй фейсбүүкээр холбогдоод надад ийм буу байна, авах уу гэж санал болгоод би авсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр надад мөнгөний хэрэг болоод тухайн бууны талаар фейсбүүк дээр гар буу зарна гэж бичээд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр цагдаад баригдсан...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Гэрч Н.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ч.Н-той уулзаад Золоо гэх найзынх нь Зайсанд байдаг гэрт нь хамт очиж хоносон. Золоогийн гэрт хоноод маргааш нь Ч.Н- гар буу зарна гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ч.Н- надад хар өнгөтэй гар буу үзүүлээд энэ бууг зарвал чамд 150,000 төгрөг зээлнэ гэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Ч.Н- фейсбүүкт гар буу зарна гэсэн зар тавиад өнөөдөр нэг хүн авна гэнээ очиж уулзья гээд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 120 Мянгатын Оргил худалдааны төвийн үүдэнд очоод цагдаад баригдсан. ...Ч.Н- уг бууг 3,000,000 төгрөгөөр зарах гэж байсан...” /хх-ийн 24, 180-181/ гэсэн,
Гэрч Ц.Золзаяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 20 цагийн орчим Ч.Н-, найз Баагий гэх залуугийн хамт манай гэрт ирсэн. Миний гар утсыг Ч.Н- аваад ашиглаж болох уу гэхээр нь би тэг гээд гар утсаа өгсөн. Ч.Н- өөрийн сим картыг миний утсанд хийгээд хүмүүстэй яриад байсан. Миний фейсбүүкийг ашиглан зар тавьж болох уу гэхээр нь би итгээд тэг тэг гэсэн. Өнөөдөр өглөө Ч.Н-од гар буу байгааг мэдсэн. Надад нэг дугаар өгөөд энэ хүнтэй уулзах цаг товлочих гэхээр нь юу зарах юм, болох юм уу гэхэд гар буу байгаа, асуудалгүй чи зүгээр уулзаад өг гэсэн, тэгэхээр нь худлаа яриад бай гэхээр нь хар өнгийн гар буу гаргаж үзүүлсэн. Би барьж үзэхэд нилээн хүнд жинхэн буу байсан. 11 цагийн үед Зайсангийн Оргил худалдааны супермаркетын үүдэнд нэг хүнтэй уулзаад өг гэж хэлсэн. Тэгээд Зайсангийн Оргил худалдааны төвийн үүдэнд уулзаад цагдаад баригдсан...” /хх-ийн 25/ гэсэн,
Шинжээч Б.Хос-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Байлдааны зориулалттай галт зэвсгийн гол төмрийг дуу чимээ гаргах зориулалттай гар буунд суулгахдаа гар доорх багаж хэрэгсэл ашиглаж суулгах боломжтой. Тухайн буунд үйлдвэрт хийх шаардлагатай гар доорхи багаж хэрэгслээр суулгасан. ...Гол төмөр нь Макаров бууны гол төмөр байх. ..Уг буу нь өөрөө тоглолтын зориулалттай гар буу, зөвхөн гол төмөр нь байлдааны зориулалттай. ...Байлдааны зориулалттай 18мм-ын бууны сумаар буудлага үйлдэж болно. ...Уг гар буу гар хийцийн буу байна...” /хх-ийн 192-194/ гэсэн,
Шүүгдэгч Ч.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 28, 29-ний үед фейсбүүкт байдаг гар буу эзэмшигчийн группээс гар буу зарна гэсэн коммент анх олж харсан. Тэгээд Отгонбаяр гэх хүнтэй чатаар харилцаад гар буу асуухад байгаа гээд над руу шинээрээ хайрцаг савтайгаа гар бууны зураг явуулсан. Би нэгийг авья гээд энэ хүнтэй нилээн удаан чатаар харилцаж байгаад бараг хоёр сар гартал чатаар харилцсан. Тэгээд надад ийм буу байна, макаров, хүнээр явуулья, ярьж байгаад тосож аваад мөнгө төгрөгөө тэр хүнд өгөөрэй гэсэн. Тэгээд нэг хүн миний утас руу залгаад Отгонбаяраас юм өгч явуулсан өөрийг чинь авна гэсэн гээд Нарантуул зах дээр дуудаад 1,700,000 төгрөг өгөөд тэр бууг авч байсан. ...Байлдааны зориулалттай гар буу байгаа юм. Бичиг баримт байхгүй. Анх ирэхдээ жижиг орос бичигтэй цаас ирсэн. ...2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнө он гаргачихаад явж байгаад Толгойтын уулзварын эргэлт дээр машин гулгаад бродюр мөргөөд машинаа эвдэлээд засуулах гэхэд 1,000,000 төгрөг болно гэхээр нь авсан буугаа зарж машинаа засуулья гэж бодоод 2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн үед гар буу сонирхогчдын групп дээр зар тавиад маргааш нь буюу 01 дүгээр сарын 02-ны өдөр гар буугаа зарах гэж байгаад Зайсангийн Оргил худалдааны төвийн гадаа явж байгаад цагдаад баригдсан...” /хх-ийн 172-175/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №364 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн буу нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэнгар буу нь галт зэвсэг мөн.
3. Шинжилгээнд ирүүлсэн буу нь гар хийцийн галт зэвсэг байна.
4. Шинжилгээнд 10мм-ийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн их бие 1944201619 замаг 1944201619 гэсэн дугаартай, ПМ-СХП загварын дуу чимээ гаргадаг, кино үзүүлэх тоглолтын зориулалттай гар буунд байлдааны зориулалттай гол төмрийг гар аргаар суулгасан гар хийцийн бууг ирүүлсэн байна.
5. Шинжилгээнд ирүүлсэн сангийн ани 88N2137, замаг 2137 гэсэн дугаартай бууны хошуу, хонгио Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн галт зэвсгээр үйлдэгдээд одоогоор эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас ирүүлж хураан авсан хошуу хонгионы санд бүртгэгдээгүй байна.
6. Шинжилгээнд ирүүлсэн бууны гол төмрийг /Зураг 7/, ПМ-СХП загварын дуу чимаа гаргадаг кино үзүүлэх тоглолтын зориулалттай гар бууны гол төмрийн амсар хэсэгтэй /Зураг 8/ харьцуулж харуулав...” /хх-ийн 30-35/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №504 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн 1944201619 дугаартай 1 ширхэг буугаар буудлага үйлдсэн байна...” /хх-ийн 36-37/ гэсэн,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 16-17/,
- Фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 38/,
- Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 39/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 40/,
- Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 183-187/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 188-191/,
- Шүүгдэгч Ч.Н-ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 58-60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 230/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ч.Н-од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ч.Н- нь ОХУ-д үйлдвэрлэсэн 10мм-ийн голчтой, их бие болон замагийн 1944201619 дугаартай байлдааны зориулалттай гол төмөр суулгасан галт зэвсгийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил худалдааны төвийн орчим бусдад борлуулахыг завдсан, дээрх байлдааны зориулалтай галт зэвсгийг 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хууль бусаар олж авсан, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл биедээ хадгалсан буюу байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Н.Бат-Эрдэнийн “...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ч.Н- надад хар өнгөтэй гар буу үзүүлээд энэ бууг зарвал чамд 150,000 төгрөг зээлнэ гэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Ч.Н- фэйсбүүкт гар буу зарна гэсэн зар тавиад өнөөдөр нэг хүн авна гэнээ очиж уулзья гээд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 120 Мянгатын Оргил худалдааны төвийн үүдэнд очоод цагдаад баригдсан. ...Ч.Н- уг бууг 3,000,000 төгрөгөр зарах гэж байсан...” /хх-ийн 24, 180-181/ гэсэн, гэрч Ц.Золзаяагийн “...Ч.Н- надад нэг дугаар өгөөд энэ хүнтэй уулзах цаг товлочих гэхээр нь юу зарах юм, болох юм уу гэхэд гар буу байгаа, асуудалгүй, чи зүгээр уулзаад өг гэсэн, тэгэхээр нь худлаа яриад бай гэхээр нь хар өнгийн гар буу гаргаж үзүүлсэн. Би барьж үзэхэд нилээн хүнд жинхэнэ буу байсан. 11 цагийн үед Зайсангийн Оргил худалдааны төвийн үүдэнд нэг хүнтэй уулзаад өг гэж хэлсэн...” /хх-ийн 25/ гэсэн, шинжээч Б.Хос-Эрдэнийн “...Байлдааны зориулалттай галт зэвсгийн гол төмрийг дуу чимээ гаргах зориулалттай гар буунд суулгахдаа гар доорх багаж хэрэгсэл ашиглаж суулгах боломжтой. Тухайн буунд үйлдвэрт хийх шаардлагатай гар доорхи багаж хэрэгслээр суулгасан. ...Гол төмөр нь Макаров бууны гол төмөр байх. ...Уг буу нь өөрөө тоглолтын зориулалттай гар буу, зөвхөн гол төмөр нь байлдааны зориулалттай. ...Байлдааны зориулалттай 18мм-ийн бууны сумаар буудлага үйлдэж болно. ...Уг гар буу нь гар хийцийн буу байна...” /хх-ийн 192-194/ гэсэн, шүүгдэгч Ч.Н-ын “...2019 оны 12 дугаар сарын 28, 29-ний үед фейсбүүкт байдаг гар буу эзэмшигчийн группээс гар буу зарна гэсэн коммент анх олж харсан. ...Отгонбаяраас юм өгч явуулсан өөрийг чинь авна гэсэн гээд Нарантуул зах дээр дуудаад 1,700,000 төгрөг өгөөд тэр бууг авч байсан. ...Байлдааны зориулалттай гар буу байгаа юм. Бичиг баримт байхгүй. Анх ирэхдээ жижиг орос бичигтэй цаас ирсэн. ...2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн үед гар буу сонирхогчдын групп дээр зар тавиад маргааш нь буюу 01 дүгээр сарын 02-ны өдөр гар буугаа зарах гэж байгаад Зайсангийн Оргил худалдааны төвийн гадаа явж байгаад цагдаад баригдсан...” /хх-ийн 172-175/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны №364 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн буу нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гар буу нь галт зэвсэг мөн. Шинжилгээнд ирүүлсэн буу нь гар хийцийн галт зэвсэг байна. Шинжилгээнд 10мм-ийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн их бие 1944201619 замаг 1944201619 гэсэн дугаартай, ПМ-СХП загварын дуу чимээ гаргадаг, кино үзүүлэх тоглолтын зориулалттай гар буунд байлдааны зориулалттай гол төмрийг гар аргаар суулгасан гар хийцийн бууг ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 88N2137, замаг 2137 гэсэн дугаартай бууны хошуу, хонгио Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн галт зэвсгээр үйлдэгдээд одоогоор эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас ирүүлж хураан авсан хошуу хонгионы санд бүртгэгдээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн бууны гол төмрийг /Зураг 7/, ПМ-СХП загварын дуу чимаа гаргадаг кино үзүүлэх тоглолтын зориулалттай гар бууны гол төмрийн амсар хэсэгтэй /Зураг 8/ харьцуулж харуулав...” /хх-ийн 30-35/ гэсэн, мөн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №504 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн 1944201619 дугаартай 1 ширхэг буугаар буудлага үйлдсэн байна...” /хх-ийн 36-37/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Байлдааны зориулалттай галт зэвсэг гэж Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар байлдааны болон тусгай ажиллагаанд ашиглах зэвсэг, галт хэрэгсэл, түүний эд ангийг хэлэх бөгөөд шүүгдэгч Ч.Н-ын хууль бусаар олж авсан, хадгалсан гэх гар буу нь байлдааны зориулалттай галт зэвсэг болох нь “...Шинжилгээнд ирүүлсэн буу нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гар буу нь галт зэвсэг мөн. Шинжилгээнд ирүүлсэн буу нь гар хийцийн галт зэвсэг байна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны №364 тоот дүгнэлт, “...Байлдааны зориулалттай галт зэвсгийн гол төмрийг дуу чимээ гаргах зориулалттай гар буунд суулгахдаа гар доорх багаж хэрэгсэл ашиглаж суулгах боломжтой. Тухайн буунд үйлдвэрт хийх шаардлагатай гар доорхи багаж хэрэгслээр суулгасан....” гэсэн шинжээч Б.Хос-Эрдэнийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Н-ыг байлдааны зориулалттай гол төмөр суулгасан галт зэвсгийг хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан, мөн бусдад борлуулахыг завдсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаартай яллах дүгнэлтийн ТОГТООХ хэсэгт шүүгдэгч Ч.Н-ыг ОХУ-д үйлдвэрлэсэн 10мм-ийн голчтой, их бие болон замагийн 1944201619 дугаартай байлдааны зориулалттай гол төмөр суулгасан галт зэвсгийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил худалдааны төвийн орчим бусдад борлуулахыг завдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,
Дээрх байлдааны зориулалттай галт зэвсгийг 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хууль бусаар олж авсан, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл биедээ хадгалсан гэж мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж бичжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар олж авсан, борлуулсан, хадгалсан гэх үндсэн шинжүүд бүгд багтсан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн байлдааны зориулалттай галт зэвсгийг бусдад борлуулахыг завдсан гэх үйлдэлд нь тусгайлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлах шаардлагагүй бөгөөд энэ талаарх хууль зүйн дүгнэлтээ прокурор яллах дүгнэлтдээ бичээд байлдааны зориулалттай галт зэвсгийг борлуулахыг завдсан, хууль бусаар олж авсан, хадгалсан гэж шууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой байсан гэж шүүх үзнэ. Гэхдээ ингэж шүүгдэгч Ч.Н-ын байлдааны зориулалттай галт зэвсгийг бусдад борлуулахыг завдсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамласан нь шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Ч.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Н- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн ажил эрхлэлтийн байдал, хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн 2010000930500 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ОХУ-д үйлдвэрлэгдсэн 10 мм-ийн голчтой, их бие болон замагийн 1944201619 дугаартай, байлдааны зориулалттай гол төмөр суулгасан галт зэвсэг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад нь шилжүүлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ч.Н- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн байлдааны зориулалттай гар бууг олж авсан, хадгалсан борлуулахыг завдсан гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг их учир түүний өмгөөлөгчийн гаргасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэх саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Ч-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-ийн Н-ыг 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ч.Н-од оногдуулсан 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н- 6,000,000 төгрөгөөр торгох ялыг 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ОХУ-д үйлдвэрлэгдсэн 10 мм-ийн голчтой, их бие болон замагийн 1944201619 дугаартай, байлдааны зориулалттай гол төмөр суулгасан галт зэвсэг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад нь шилжүүлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 2010000930500 хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ч.Н- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Н-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР