Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжирхүүгийн Энхтайван |
Хэргийн индекс | 126/2018/0008/З/ |
Дугаар | 00010 |
Огноо | 2018-09-07 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 00010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Байгаль хамгаалах зарим арга хэмжээний тухай 14 тоот тогтоолын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий П ХХК-ний нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Ч.Б, хариуцагч Д.Р, хариуцагчийн өмгөөлөгч А.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Пи Эс Эс Ти ХХК-ийн ерөнхий захирал У.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай ПХХК нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 443 дугаар нээлттэй хорих ангитай 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Хөрс хуулалт болон нүүрс олборлолтын ажлын гэрээ”-г Монгол улсад мөрдөж буй хууль, дүрэмд нийцүүлэн байгуулж гэрээнд заасан ажил, үүргээ гүйцэтгэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 443 дугаар нээлттэй хорих анги нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 2007 онд Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл авч тухайн зөвшөөрлийн хүрээнд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн байдаг.
Дээрх 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Хөрс хуулалт болон нүүрс олборлолтын ажлын гэрээ”-г талууд байгуулахын өмнө тухайн нутаг дэвсгэрт харьяалагдах багт өөрөөр хэлбэл Бүрэнтогтох сумын Эрчим багийн иргэдийн Нийтийн Хуралд энэ талаараа мэдэгдэж хүсэлт тавьсаны дагуу Бүрэнтогтох сумын Эрчим багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Үйл ажиллагааг дэмжиж ажиллах тухай” 05 тоот тогтоол гарсаныг бидний зүгээс харьяалагдах нутаг дэвсгэрийн захиргаанд мэдэгдэж зөвшөөрөл авсан гэж үзэж байна. Мөн тус тогтоолын хүрээнд “Нүүрс тээврийн маршрут батлах тухай” 06 тоот тогтоол гарсан. Манай компаний зүгээс хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангийг Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 /тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах/, 27.1.4 /ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах/-т заасны дагуу ашигт малтмал эзэмших эрхтэй гэж үзэж хуулийн хүрээнд талууд гэрээ байгуулсан.
Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -443 дугаар нээлттэй хорих анги болон манай компаний дотоод үйл ажиллагаанд оролцож дээрх хууль бус шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Хэдийгээр Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 /Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ/, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 /харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох/, 12.1.3 байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих/-т заасан эрх бүхий нутгийн өөрөө удирдах дээд байгууллага боловч Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 443 дугаар нээлттэй хорих ангиас хуулийн дагуу ашигт балтмал ашиглах тусгай зөвшөөрлийн хүрээнд манай компанитай гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулах субьектив эрхийг зөрчиж ямар хууль тогтоомж хэрхэн зөрчсөнийг тогтоолгүйгээр дээрх маргаан бүхий шийдвэрийг гаргасан нь хууль бус юм. ... Иймд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Байгаль хамгаалах зарим арга хэмжээний тухай” 14 тоот тогтоолын 1 дэх /манай компанид холбогдох/ заалтыг хууль бус шийдвэр тул хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь гурван зохицуулалтаар тайлбарлаж байна. Үүнд:
Нэгдүгээрт: Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэх,
Хоёрдугаарт: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд хуульд заасан 30 асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ гэх заалтуудыг тус тус зөрчсөн.,
Гуравдугаарт: Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилж өгсөн. Үүнд:
Мөн хуулийн 12.1.2-т зааснаар харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох гэж хуульчилж өгсөн ба үүнийг тухайлсан асуудалтай холбож үзэхэд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 443 дугаар нээлттэй хорих анги нь тус аймгийн Бүрэнтогтох сумын Нүүрстэйн ам гэх газар 82.8 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд нэг талаас уг талбайг зориулалтаар ашиглуулах үүргийг хүлээж, нөгөө талаас хэрэв зөрчил гаргасан тохиолдолд таслан зогсоох эрхийг олгож Байгаль орчны тухай хууль, Байгаль орчны үнэлгээний тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль зэрэг холбогдох хуулиудад тусгайлан зааж өгсөний дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шалган шийдвэрлэхээр зааж өгсөн. Гэвч дээрхи зохицуулалтаас харахад Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ нь тухайлсан асуудлыг шалган шийдвэрлэх эрх бүхий субъект биш гэдэг нь харагдаж байгаа бөгөөд уг тогтоолд холбогдох хуулийн заалтыг барихдаа үндэслэл бүхий биш зүйл заалтыг барьсан байна гэж үзэж болох юм.
Мөн хуулийн 12.1.3-т зааснаар байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих гэж бүрэн эрхийг нь зааж зохицуулсан байгаа ба маргаан бүхий актын үндэслэлд авагдсан гурван заалт бол энэ байгаа юм.
Дээр дурьдсны дагуу уг зохицуулалтын агуулгад тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, гэрээг нь цуцлуулах, санал гаргах эрх зэрэг нэг ч үг, өгүүлбэр ороогүй байгаа юм. Ийм учраас Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ-ын уг тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчсөн, үндэслэлээ бүрэн зааж чадаагүй захиргааны акт гэж үзнэ.
Манай компанийн зүгээс маргаж буй Бүрэнтогтох сумын ИТХ-ын тогтоолын 1 дэх хэсгийн агуулгад дурьдсанаар “Хорих 443 дугаар нээлттэй хорих анги нь нүүрс олборлох үйл ажиллагаа эрхлэхдээ харъяалах сумаас зөвшөөрөл авах ёстой байсан, туслан гүйцэтгэгч компанийг сонгохдоо сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан, үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулах ёстой байсан, үүний дагуу хөрс хуулалтын болон нүүрс олборлолтын гэрээ байгуулах ёстой байсан” гэх шаардлагуудыг тавиад байгаа.
Эдгээр шаардлагаас сумаас зөвшөөрөл авах ёстой байсан гэсний тухайд:
Хорих 443 дугаар нээлттэй хорих анги нь Хууль зүйн яам болоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага юм. Тэр ч утгаараа дээр дурьдсан байгууллагуудаас үйл ажиллагааны тусгай чиглэл, зөвшөөрлийг авдаг бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашиглалтын тусгай лецинз бүхий талбайд үйл ажиллагаа явуулахдаа Бүрэнтогтох сумын ИТХ-аас зөвшөөрөл авах хууль эрх зүйн орчин Монголд өнөөдөр байхгүй.
Харин тухайн сум орон нутгийн засаг захиргаанд нүүрс олборлох гэж буй талаар мэдэгдэх үүрэгтэй. Тэр ч утгаараа мэдэгдэх үүргээ хуульд заасны дагуу биелүүлж, хорих 443 дугаар нээлттэй хорих ангийн зүгээс 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хөрс хуулалт болон нүүрс олборлох гэрээг туслан гүйцэтгэгч компанитай хийх гэж байгаа тухай албан ёсны мэдэгдлийг Бүрэнтогтох сумын Засаг даргад 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно.
Төлөвлөгөөг батлуулах ёстой байсан гэсний тухайд:
Бүрэнтогтох сумын ИТХ-ын маргаан бүхий тогтоолын 1 дэх хэсэгт зааснаар төлөвлөгөө батлуулах гэдэг ойлголт нь тухайн сумын Засаг дарга болон ИТХ-ын эрхлэх бүрэн хэмжээний эрхийн асуудал биш юм, харин аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд харъяалах хэлтэс агентлагаас уламжлагдан Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад хуульд заасны дагуу итгэмжлэл олгогдсон бүрэн эрхийг гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан тохиолдолд төлөвлөгөө батлуулах асуудал яригдаж болно. Түүнээс биш ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагааг явуулах гэж байгаа одоо үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд сумын Засаг дарга, ИТХ, сумын байгаль орчны тасгийн байцаагч зэргийн хэн аль нь хөндлөнгөөс оролцож, хоёр байгууллага, аж ахуй нэгжийн хууль болоод гэрээгээр зохицуулагдаж буй үйл ажиллагаа бүхий харилцаанд оролцох эрхгүй юм. Магадгүй өөрийн харъяалагдах сум орон нутгийн сургууль цэцэрлэг, соёлын төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулах талаар яригдаж байсан тохиолдолд асуудал өөрөөр яригдах болов уу гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг хэргийн хариуцагч Бүрэнтогтох сумын ИТХ нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 15 дугаартай тайлбарыг ирүүлсэн байдаг.
Уг тайлбарт “Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангийн тусгай зөвшөөрлийн талбай буюу ойн сав бүхий газартай давхацсан, булш хиргэсүүр, оршуулга, тахилга тайлгын байгууламж бүхий соёлын өв оршин байгаа болох нь нэгэнт тогтоогдсон” гэх тайлбарыг ирүүлсэн байдаг.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг дэвсгэрт байрлах МӨ-001356 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ бүхий Нүүрстэйн орд газрыг эл аргаар ашиглах байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан хавсаргагдсан байдаг. Уг тайлангаас үзэхэд 2008-2015 оны хооронд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёлын өвийн төвөөс Монгол Улсын хэмжээнд байгаа үл хөдлөх соёлын өв, эд хөрөнгийг анхан шатны байдлаар бүртгэх, хадгалах, хамгаалах, ашиглалтын байдалд судалгаа хийсэн байдаг.
Уг судалгааны жагсаалтыг гаргахдаа сум тус бүрээр нарийвчлан нэр зааж гаргасан бөгөөд түүнд дурьдсанаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Уушийн өвөр гэх газарт 15 ширхэг буган чулуун хөшөө, хиргэсүүр, дөрвөлжин булш байна. Мөн тус сумын нутаг болох Сөртийн хөндий гэх газар буган чулуун хөшөө гэх мэтээр нарийн тодорхой бичсэн байгаа.
2016-2017 оны хооронд Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ бүхий газарт Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн Архелоги болон палентлогийн холбогдох судалгааг хийсэн судалгаагаар бүртгэл бүхий архелогийн олдворууд нь тухайн орд бүхий газрын гадна хэсэгт тэмдэглэгдсэн, тухайлбал гаднах дурсгалууд нь тус газрын ар хэсэгт, уулын суга хэсэгт цөөн тоогоор байна гэсэн судалгааны үр дүн гарсан.
Мөн ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн “Стратеги палентлогийн судалгааны төв”-өөс палентлогийн хайгуулын тандан судлах ажиллагааг хийсний үр дүнд хорих 443 дугаар нээлттэй хорих ангийн ашиглалтын болон хайгуулын талбай нь муу ургамалын үлдэц газар тул тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулахад палентлогийн хувьд харшлах зүйлгүй гэсэн дүгнэлт байдаг. Эндээс харахад хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг дээр дурьдсан соёлын өвүүд нь тусгай ашиглалтын талбайтай давхацсан гэсэн үг биш юм.
Мөн Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих анги нь Байгаль орчны яамнаас 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 065/44354 дугаартай албан бичгээр лавлагаа авсан байдаг.
Уг лавлагаанд дурдсанаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангийн Бүрэнтогтох сумын нутагт байрлах ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1, Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан /гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн зааг/ Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор баталсан усны сангийн энгийн хамгаалалтын газрын хилийн заагтай тус, тус давхцалгүй байна гэдгийг тогтоосон. Энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гэвч хариуцагч талаас шүүхэд гаргаж өгөөгүй нотлох баримтыг үндэслэн тайлбар гаргаж байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Р шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан Пи Эс Эс Ти ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Нэгдүгээр үндэслэл нь: Бүрэнтогтох сумын Эрчим багийн ИНХ-аас 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 05 дугаартай үйл ажиллагааг дэмжин ажиллах тухай тогтоолыг батлаж сумын ИТХ-д уламжилсан үйлдлийг нэхэмжлэгчийн зүгээс эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр мэтээр ойлгож тайлбарлаад байгаа. Тэр ч утгаараа нэхэмжлэгч Пи Эс Эс Ти ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд “манай компаниас хүсэлт тавьсаны үндсэн дээр Бүрэнтогтох сумын Эрчим багийн ИНХ-аас 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 05 дугаартай үйл ажиллагааг дэмжин ажиллах тухай тогтоолыг баталсаныг бидний зүгээс харъяалагдах нутаг дэвсгэрийн захиргаанд мэдэгдэж зөвшөөрөл авсан гэж үзэж байгаа” гэсэн байдаг. Тус багийн ИНХ-ын тогтоолыг үндэслэл болгон Пи Эс Эс Ти ХХК нь төрийн тусгай хамгаалалт бүхий газарт үйл ажиллагаа явуулахаар хөрс хуулалтын болон нүүрс олборлох тухай гэрээг байгуулсан байна.
Гэвч бидний зүгээс уг үйл ажиллагааг зөвшөөрсөн гэж үзэхгүй байгаа бөгөөд тус багийн ИНХ-ын тогтоолыг буруу гэж үзэж Бүрэнтогтох сумын ИТХ-ын 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 14 дугаартай тогтоолыг баталсан юм.
Хоёрдугаар үндэслэл нь: Өнөөдрийг хүртэл тус гэрээний талууд болох Хорих 443 дугаар нээлттэй хорих анги болон Пи Эс Эс Ти ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэх зүйлийг батлуулаагүй байгаа. Тийм ч учраас уг нөхцөл байдалд үндэслэж бид уг тогтоолоо баталсан байгаа.
Гуравдугаар үндэслэл нь: Тухайн газар нутагт соёлын өв байгаа гэдэг нь тогтоогдсон бөгөөд Түүх архелогийн хүрээлэнгийн 2011 оны 9 дүгээр сард хийсэн тайланд тусгагдсанаар “тус А-1356 дугаартай лецинз бүхий талбайд түүхийн дурсгал бүхий 30 хиргэсүүр байна” гэх дүгнэлтийг гаргасан байгаа нь хавтаст хэрэгт авагдсан байгааг та бүхэн анзаарч мэдээсэй гэж хүсэх байна.
Дөрөвдүгээр үндэслэл нь: Хорих 443 дугаар нээлттэй хорих ангийн эзэмшиж байгаа тус талбай нь төрийн тусгай хамгаалалтад байдаг учир тухайн орон нутагт нь заавал мэдэгдэх шаардлагагүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Гэвч бид өнөөдөр энэ эрхээ эдлэж чадахгүй байна. Учир нь тухайн компани нь үйл ажиллагаагаа явуулахдаа тусгай хамгаалалт бүхий газрын баялаг нь тусгай хамгаалалтай газрын өмч байх ёстой мэтээр ойлгоод байгаа нь өрөөсгөл ойлголт юм.
Тавдугаар үндэслэл нь:
Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар анги нь тус хорих ангид хүмүүжиж байгаа иргэдийг ажлын байраар хангаж ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулах ёстой боловч өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад тус компаний эрхэлж байгаа үйл ажиллагаа болон хөрс хуулалтын болон нүүрс олборлолтын гэрээ нь ашгийн төлөө үйл ажиллагаанд чиглэгдээд байгаа юм. Тийм учраас манай сумын ИТХ-аас тус тогтоолыг батлаж, санал нэгтэйгээр шийдвэрлэсэн.Тус маргаан үүссэнээс хойш хугацаанд уг тусгай хамгаалалт бүхий газар аймгийн байгаль орчны мэргэжлийн хяналтын байцаагч нар очиж хяналт шалгалт хийсний үндсэн дээр дүгнэлт гаргасан байдаг. Энэхүү дүгнэлтийг байгаль орчны улсын ахлах байцаагч Туяа гэх хүн гаргасан бөгөөд уг дүгнэлтийн хуулбар надад байгаа юм. Уг хуулбарыг нотариатаар баталгаажуулах гэсэн боловч тодорхой шалтгааны улмаас амжсангүй. Уг дүгнэлтийн агуулгыг та бүхэнд танилцуулъя гэж бодож байна.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу манай сумын ИТХ нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр буюу 15 хоногийн хурлаа зарлах ёстой юм. Бидний зүгээс нийт ард иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж Монгол Улсын Үндсэн хууль болоод дагалдах хуулиудад заасны дагуу өөрийнхөө эрх хэмжээний дагуу уг шийдвэрийг гаргасан юм. Үүн дээр нэмж өмгөөлөгч маань тодорхой зүйлийг ярих байхаа гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд Пи Эс Эс Ти ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ-ын хүсэлтээр өмгөөлөгчөөр оролцож байна. Өмнөх шүүх хуралдаанд би сонсох ажиллагааны тухай, тухайлсан асуудал дээр сонсох ажиллагаа хийх шаардлагагүй талаар болон маргаан бүхий захиргааны актын үндсэн шинжийн талаар ярьсан байгаа. Уг хэргийн хариуцагч Бүрэнтогтох сумын ИТХ-аас батлан гаргасан дээрхи тогтоол нь захиргааны актны үндсэн шинжийг хангах уу гэдгийг асуумаар байгаа юм. Эхлээд тухайн тогтоолыг захиргааны акт мөн, биш эсэхийг тогтоосны дараа тухайн захиргааны акт нь илт хууль зөрчсөн эсэхийг болон хүчингүй болгох талаар ярих нь зүйтэй болов уу.
Нэхэмжлэгч Пи Эс Эс Ти ХХК нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 14 дугаартай санал дэмжсэн, байгаль орчинг хамгаалах арга хэмжээний тухай тогтоолыг захиргааны акт мөн гэж үзээд илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа.
Гэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд зааснаар захиргааны актын үндсэн шинжийг тодорхойлохдоо тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж үндсэн 4 шинжийг зааж өгсөн байдаг. Тухайн ИТХ-ын тогтоол нь эрх зүйн шууд үр дагавар бий болгож байгаа юу гэж нэхэмжлэгч талаас мөн асуумаар байна. Магадгүй тогтоолын 1 дэх заалтаар тодорхой үр дагавар үүсгээд сумын Засаг даргад үүрэг чиглэл өгөөд, бэлтгэл ажил хангагдаад тодорхой хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгааг үгүйсгэхгүй. Гэвч нэхэмжлэгч Пи Эс Эс Ти ХХК-д эрх зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь тодорхой бус байгаа тул уг компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хуулийн шаардлага хангасан нэхэмжлэл мөн үү гэдгийг харгалзах шаардлагатай.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан бүх шинжийг хангаж байж захиргааны акт мөн гэж үздэг. Харин хариуцагч Бүрэнтогтох сумын ИТХ-ын санал дэмжиж баталсан тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37.2-т заасан хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйн аль шинжийг агуулж байгааг эцэслэн тогтоосон зүйл байхгүй байгаа. Иймд Пи Эс Эс Ти ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн шаардлага хангасан нэхэмжлэл биш байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналыг шүүхэд гаргаж байна гэв.
Гуравдагч этгээд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай нээлттэй хорих анги нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Нүүрстэйн аманд байрлах МV-001356 ашиглалтын лиценз бүхий нүүрсний ил уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг 1998 оноос хойш өнөөг хүртэл 20 дахь жилдээ эзэмшиж олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. ... Манай байгууллага нь нүүрсний ил уурхай дээр ашиглагдах бичиг баримтыг хуулийн дагуу бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд уурхайн үйл ажиллагаагаа өргөтгөж байгаатай холбогдуулан одоо ашиглагдаж байгаа уурхайн техник эдийн засгийн үндэслэл , байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тодотгол хийх шаардлагатай болсон тул мэргэжлийн байгууллагаар уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлэн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. ... гар аргаар нүүрс олборлох боломжгүй, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал хүрэлцэхгүй болсон тул Хууль зүйн дотоод хэргийн сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас зөвшөөрөл авч 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр уул уурхайн мэргэжлийн газраас зөвшөөрөл авч 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр уул урхайн мэргэжлийн компани болох Пи Эс ЭсТи ХХК-тай хөрс хуулалт болон нүүрс олборлох чиглэлээр нэг жилийн хугацаатай гэрээ байгуулан туслан гүйцэтгэгчээр ажиллуулж байна. ... Манай байгууллага нь ШШГЕГ-н харьяа, Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа тусгай чиг үүргийн байгууллага бөгөөд Пи Эс Эс Ти ХХК-тай гэрээ байгуулахдаа Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1-1/4567 дугаар албан бичиг, Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 214 дүгээр зүйлийн 214.6 дахь хэсэгт “Нээлттэй хорих ангийн хоригдлыг хорих байгууллага өөрийн болон өөрийн хувь нийлүүлсэн, хамтарсан хуулийн этгээдүүдэд эсхүл бусад хуулийн этгээдтэй гэрээ байгуулан зохих хяналттайгаар хөдөлмөрлүүлж болно, 260 дугаар зүйлийн 260.1.5 дахь хэсэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах санхүү, хөрөнгө оруулалтын арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, 260.1.6 дахь хэсэгт “Хорих ангийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, 267 дугаар зүйлийн 267.3 дахь хэсэгт “Хорих анги нь гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг хоригдлоос гаргуулах, түүнийг хөдөлмөрлүүлэх, ажил мэргэжлийн дадлага олгох зорилгоор үйлдвэрлэлийн салбар, нэгжтэй байж болох бөгөөд хорих ангийн хамгаалалтын бүсэд хувийн өмчит хуулийн этгээд ажиллуулж болно” гэж заасныг тус тус үндэслэн гэрээ байгуулсан билээ. ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих анги болон Пи Эс Эс Ти ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Хөрс хуулалт болон нүүрс олборлох гэрээг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас чуцлуулах санал гаргах, түүнийгээ дэмжин шийдвэрлэх хуульд заасан бүрэн эрх байгаа эсэхийг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Пи ХХКомпани Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдогдуулан “Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Байгаль хамгаалах зарим арга хэмжээний тухай 14 тоот тогтоолын /Пи Эс Эс Ти ХХК-д холбогдох хэсэг/ 1 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Байгаль хамгаалах зарим арга хэмжээний тухай 14 тоот тогтоолын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсч, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Нэхэмжлэгч нь “...ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд эрх бүхий байгууллага, аж ахуй нэгжийн гэрээгээр зохицуулагдаж буй үйл ажиллагаа бүхий харилцаанд оролцох эрхгүй тул хариуцагчийн шийдвэр илт хууль бус гэж,
Хариуцагч: “...иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалт зөрчигдөж байгаа учраас “Хөрс хуулалт болон нүүрс олборлолтын гэрээ-г цуцлуулах тухай шийдвэр гаргасан нь үндэслэлтэй” хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.
Нэхэмжлэгчийн тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар ” ... захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас ... зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй хуулийн этгээд мөн.
Хариуцагчийн тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1.5 дугаар зүйлийн 5.1.5-д зааснаар Нутгийн өөрөө удирдах байгууллагууд/ иргэдийн Төлөөлөгчдийн болон иргэдийн Нийтийн Хурал/ болон шийдвэр үйл ажилагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага юм.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 06 дугаар 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн:
1/.Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Нүүрстэйн аманд 1358 тоот ашиглалтын лиценз бүхий уурхайг эзэмшиж буй Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 443 дугаар нээлттэй хорих анги нь хүмүүжигчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж Мөрөн болон бусад сумдад нүүрс нийлүүлэх зорилгоор үйл ажиллага явуулж байсан боловч харьялагдах сумаас зөвшөөрөл авалгүй, сонгон шалгаруулалт зарлаагүй борлуулалтын болон нүүрс олборлолтын их хэмжээний гэрээ сум орон нутгаас зөвшөөрөл авалгүй хийсэн, төлөвлөгөө батлуулалгүйгээр замын маршрут болон уурхайн хөрс хуулалтыг эхэлсэн зэрэг нь хууль зөрчсөн үндэслэлтэй байх тул ПИ ЭС ЭС ТИ ХХК-тай байгуулсан “ Хөрс хуулалтын болон нүүрс олборлолтын ажлын гэрээ байгуулсныг цуцлуулах саналыг дэмжсүгэй ...” гэж шийдвэрлэжээ. /хх-34 дэх тал/
Хэргийн нөхцөл байдал:
1.Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын “Ашигт малтмал ашиглалтын тусгай 1356А зөвшөөрөл”-өөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Нүүрстэйн ам нэртэй газарт орших 83 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч улсын бүртгэлийн 17/041 тоот гэрчилгээтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Хорих 443-р хорих ангид 30 жилийн хугацаагаар олгожээ. /хх-9 дүгээр хуудас/
2.Хөвсгөл аймаг дахь ШШГГ-ын 443-р нээлттэй хорих анги нь П ХХК-ний эзэмшлийн уулын тоног төхөөрөмж, машин механизмаар өөрийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий давхаргаас уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө болон бусад журмын дагуу хөрс хуулалтын ажил гүйцэтгүүлэхээр 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Хөрс хуулалт болон нүүрс олборлолтын ажлын гэрээ”-г байгуулсан байна. /хх-7 дугаар хуудас/
3.Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 05 дугаар тогтоолоор:
а/. Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутагт орших ШШГГ-ын 443-р нээлттэй хорих ангийн эзэмшдэг MV2001356 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Нүүрстэйн ам” уурхайд хүчин чадал нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулахыг дэмжиж,
б/. “Нүүрстэйн ам” уурхайн үйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дугаар заалтын дагуу хяналт тавьж ажиллахыг,
в/. “Нүүрстэйн ам” уурхайн үйл ажиллагаанд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллахыг ШШГГ-443-р нээлттэй хорих ангид үүрэг болгож, тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавихыг багийн дарга, иргэдийн нийтийн хурлын дарга нарт үүрэг болгож шийдвэрлэжээ. /хх-33 дугаар хуудас/.
“Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Байгаль хамгаалах зарим арга хэмжээний тухай 14 тоот тогтоолын /Пи Эс Эс Ти ХХК-д холбогдох хэсэг/ 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлагын тухайд:
Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан үндэслэл байхгүй бол бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах эрхгүй, мөн түүнчлэн Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “ тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” бол уг акт нь илт хууль бус акт болно. Өөрөөр хэлбэл: Засаг захиргаа, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийг олгосон байх боловч хуулийн этгээдийн байгуулсан гэрээг цуцлах асуудлыг хэлэлцэх, санал гаргах, эрх огт олгогдоогүй байхад дээрхи хуулийн заалтуудыг зөрчиж илт хууль бус захиргааны акт гаргажээ.
Нэгэнт өмнө нь буюу 1998 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хорих 443-р нээлттэй хорих ангид “Ашигт малтмал ашиглалтын тусгай 1356А зөвшөөрөл”-өөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Нүүрстэйн ам нэртэй газарт орших 83 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч гэрчилгээ олгогдсон байх ба тухайн үед энэ талаар орон нутгийн захиргааны байгууллага, хэн нэгнээс гомдол, санал гараагүй байна.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ оршин сууж, амьдарч буй иргэдийн язгуур эрх, хууль ёсны ашиг сонирхол болон иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй боловч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Хорих 443-р нээлттэй хорих ангийн өөрийн үйл ажиллагаандаа туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллах зорилгоор хуулийн этгээд П ХХК-тай хоорондоо байгуулсан гэрээ, хэлцлийг цуцлах санал гаргах өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасан учир хариуцагчийг зөвтгөх боломжгүй байна.
Шүүх, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч болон гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дээрхи үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Байгаль хамгаалах зарим арга хэмжээний тухай 14 дугаар тогтоолын 1 дэх заалтыг илт бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН