Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 109/2021/0040/З |
Дугаар | 221/МА2021/0665 |
Огноо | 2021-12-07 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2021/0665
Д.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Д.Т нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 39 дүгээр шийдвэртэй, Д.Б-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын ахлах байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 39 дүгээр шийдвэрээр: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3/, 26 дугаар зүйлийн 1, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн Д.Б-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 82 дугаар актыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.Г, Д.Т нар тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “... Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1083 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Б-ийн ажилласан байдлыг тогтоохдоо 1973 оы 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 25 хүртэл Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны авто тээврийн баазад засварчин, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Цагаан нуур баригддаг тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл Д.Б нь 2013 онд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст “Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийн дагуу бүрдүүлж өгсөн 1980 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт 1980.05.27-оос Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны харьяа авто тээврийн баазад засварчин /лантуучин/-аар, 1984.09.10-ны өдөр Авто жолоочийн мэргэжил эзэмших болсон учир ажлаас чөлөөлж авто сургуулийн мэдэлд шилжүүлэв, 1984.09.11-ны ББМҮЯамны сургалтын комбинатын хийн дугуйн краны ангид элсүүлэв, 1985.04.01-нд сургуулиа төгссөн учир Архангай аймгийн БУК-ын боловсон хүчний мэдэлд шилжүүлэв, 1985.08.01-ний өдөр нэгдэлд тракторын жолоочоор авч ажиллуулав гэж тэмдэглэгджээ. Д.Б нь энэ нөхцөл байдлаа нуун дарагдуулж шүүхийн шийдвэрээр дээрх онуудад тракторын жолоочоор ажиллаж байснаар тогтоолгон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3.3-т зааснаар хүнд нөхцөлөөр тэтгэвэр авах боломжтой болсон.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-д “” гэж заасан бөгөөд Д.Б-ийн хувьд шүүхийн шийдвэрээр 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Цагаан нуур бригадад тракторын жолоочоор ажиллаж байснаа тогтоолгохдоо хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн 1980 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны харьяа авто тээврийн баазад засварчин /лантуучин/-аар гэсэн бичилтийг 1973 оны 05 дугаар сарын 27-ны өдөр болгон өөрчилсөн. 1984 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Авто жолоочийн мэргэжил эзэмших болсон учир ажлаас чөлөөлж авто сургуулийн мэдэлд шилжүүлэв гэж бичсэн бичилтийг 1975 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Цэрэгт явах болсон учир НААҮЯ авто баазын лантуучнаар ажлаас чөлөөлөв болгон өөрчилсөн. Мөн 1984 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ББМҮЯамны сургалтын комбинатын хийн дугуйн краны ангид элсүүлэв гэсэн бичилтийн оныг 1978 он болгон өөрчилсөн. 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр сургуулиа төгссөн учир Архангай аймгийн БУК-ын боловсон хүчний мэдэлд шилжүүлэв гэсэн бичилтийн оныг 1979 он болгож өөрчлөн хуулийн дээрх шаардлагыг хангуулах зорилгоор хүнд нөхцөлөөр буюу тракторын жолоочоор ажилласан жилийг гүйцээж, Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтуяа нь худал мэдүүлэн шүүхийн шийдвэр гаргуулсан нь өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын санд 5.848.355 /Таван сая найман зуун дөчин найман мянга гурван зуун тавин таван/ төгрөгийн хохирол учруулаад байна.
Мөн Д.Б нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч Архангай аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 82 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болно.
Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Д.Б-ийн энэ хууль бус үйлдэл, хуурамч нотлох баримт бүрдүүлж улсад хохирол учруулсан асуудлаар Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргаж, энэ гомдлын дагуу зохих ажиллагаа хийгдэж байгаа. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ талаарх шийдвэрийг гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн мөн нэгэнт шийдвэр, хэргийн материал, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хадгалагдаж байхад өөр бусад /нотлох баримтын шаардлага хангаагүй хөдөлмөрийн дэвтэр/ баримтыг үндэслэл тухайн иргэнийг худал мэдүүлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн шийдвэр гаргуулсан эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үгүйсгэсэн нь хууль бус байна гэж үзэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 379 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу захиргааны хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Д.Б-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 82 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч Д.Г, улсын байцаагч Д.Т нарт холбогдуулан гаргажээ.
Анх Нийгмийн даатгалын ерөнхий газраас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст дотоод хяналт шалгалт хийж, улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 32/05 дугаар актаар[1] “хуурамч бичиг баримт бүрдүүлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 51 иргэний тэтгэвэр олголтыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоох”-ыг хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгож, үүний дагуу хариуцагчаас нэхэмжлэгч Д.Б-ийн өндөр насны тэтгэврийг зогсоож, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр албан бичгээр тэтгэвэр зогсоох талаар мэдэгдэл[2] хүргүүлжээ.
Харин Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” 82 дугаар актаар[3] Д.Б-г Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь заалтуудыг зөрчиж худал мэдүүлэн шүүхийн шийдвэр гаргуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож, нийгмийн даатгалын сангаас 5.848.355 төгрөгийн тэтгэвэр илүү авсан зөрчил илрүүлж, илүү тогтоолгон авсан 5.848.355 төгрөгийн төлбөрийг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тогтоосон байна.
Энэхүү хариуцагч нарын шийдвэрүүд гарахаас өмнө Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1083 дугаар шийдвэрээр[4] нэхэмжлэгч Д.Б-г 1973 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны авто тээврийн баазад засварчин, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Цагаан нуур баригадад тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг нь тогтоосон байх бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Дээрх хуулийн хүчин төгөлдөр иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.Б-ийн ажиллаж байсан байдал тогтоогдсон байтал хариуцагчаас “хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, түүний бичилт нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримттай зөрсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Б-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий актыг хүчингүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасны дагуу иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.Б-ийн ажилласан байдал нэгэнт тогтоогдсон тул захиргааны хэргийн шүүхээс уг үйл баримтыг дахин нотлох үндэслэлгүй юм.
Мөн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхээс болон шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас эрх бүхий шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүчингүй болгосон нөхцөл байдал захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг Д.Б-г 1973 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны авто тээврийн баазад засварчин, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Цагаан нуур баригадад тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлгүй.
Үүнээс гадна “Д.Б нь шүүхээр өөрийн ажилласан байдлыг тогтоолгохдоо хуурамч бичиг баримт бүрдүүлсэн” гэж хариуцагчийн давж заалдах гомдолдоо тайлбарлаж буй нөхцөл байдлыг хуульд заасны дагуу тогтоох эрх бүхий этгээдээс шалган тогтоогоогүй байхад уг үйл баримтыг хариуцагч захиргааны байгууллагаас хуурамч гэж үгүйсгэх үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ