Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 201/МА2017/00013

 

О.Бадамгаравын нэхэмжлэлтэй,

Д.Чулуунбаатарт холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгч О.Бадамгарав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагч Д.Чулуунбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 138/ШШ2017/00126 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Д.Чулуунбаатар, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлоор О.Бадамгаравын нэхэмжлэлтэй, Д.Чулуунбаатарт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэг 20028000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 02 сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч О.Бадамгарав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улаанбаатар хот Баянгол дүүргийн харьяат Очирбат овогтой Бадамгарав миний бие нөхөр Бизьяа овогтой Уранбүтээлийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах Хангай модны зах дээр талбай түрээсэлж модны наймаа хийдэг. 2015 оны 04 сарын 27-ны өдрөөс эхлэн Дорнод аймгийн харьяат Дамдинбазар овогтой Чулуунбаатарт палк, банз зэрэг модон бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн. Д.Чулуунбаатар нь модон бүтээгдэхүүн худалдан аваад төлбөр мөнгийг нь тухай бүрт нь өгдөг байсан. Сүүлд 2015 оны 07 сарын 07-ны өдрүүдэд дараах модон бүтээгдэхүүн худалдаж авсан. Үүнд:

1.    Палк 4 м нарс 160ш х 18000 төгрөг нийт 2880000 төгрөг

2.    5-н банз 250ш х 6000 төгрөг нийт 1500000 төгрөг

3.    Палк 340ш х 18000 төгрөг нийт 6120000 төгрөг

4.    Банз 250ш х 6000 төгрөг нийт 1500000 төгрөг

5.    2.5м3 банз 1м3 х 110000 төгрөг нийт 110000 төгрөг

6.    15х15 хэмжээтэй палк 300ш х 24000 төгрөг нийт 7200000 төгрөг

7.    3-н банз 15м3 х 240000 төгрөг нийт 3600000 төгрөг

8.    2.5-н банз 20м3 х 115000 төгрөг нийт 2300000

Ийнхүү нийт 27533000 төгрөгийн үнэ бүхий модон бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Дээрхи төлбөрөөс 12000000 төгрөгийг Д.Чулуунбаатар нь төлсөн бөгөөд үлдэгдэл 15533000 төгрөгийг төлөөгүй байна. Бид мөнгөө авахаар шаардахад маргааш, нөгөөдөр өгнө, удахгүй гэж хэлсээр, өгөх ёстой мөнгө дээр нь 10000000 төгрөг нэмж өгнө, хүлээж бай гэсээр өнөөдрийг хүрч байна. Модыг өвөл худалдан авч бэлтгэж хавраас зардаг. Д.Чулуунбаатарт нийлүүлсэн модыг өвөл авахдаа 2015 оны 02 сарын 04-ны өдөр ХААН банкнаас 57000000 төгрөгийн зээл авсан байсан. Зээлээ төлж чадахгүйд хүрч, мөн 2016 оны 06 сарын 10-ны өдөр Лээн ХХК-иас Барьцаат зээлийн гэрээ байгуулан 10000000 төгрөгийн зээл авч, нэмэгдүүлсээр 30000000 төгрөг болж зээлийн хүү алданги төлж маш их хохирч байна. Иймд Д.Чулуунбаатараас модон бүтээгдэхүүн худалдаж авсан төлбөр үндсэн мөнгө 15533000 төгрөг, хохиролд 20000000 төгрөг нийт 35533000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.Бадамгарав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Бадамгарав би хариуцагч Чулуунбаатараас модон материалын үнэд 15533000 төгрөг, хохирол 20000000 төгрөг нийт 35533000 төгрөг нэхэмжилсэн. Дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулан багасгаж байна. Би хариуцагч Чулуунбаатарт 2015 оны 07 сарын 07-ны өдөр, 2015 оны 07 сарын 16-ны өдрүүдэд нийт 25210000 төгрөгийн үнэ бүхий модон бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Хариуцагч Чулуунбаатар нь өмнө нь авч байсан модон бүтээгдэхүүний үнээс 2318000 төгрөгийг дутуу өгсөн байдаг. Ийнхүү нийт 27528000 төгрөгийг надад өгөх байсан. Чулуунбаатар нь дээрхи 27528000 төгрөгөөс 19500000 төгрөгийг нэхэмжлэгч Бадамгарав миний ХААН банкны 5006078248 тоот дансаар шилжүүлж төлсөн байна. Д.Чулуунбаатарын надад шилжүүлсэн мөнгөнөөс 17500000 төгрөг шилжүүлсэн гэж бодож байсан боловч банкны хуулгаар 2000000 төгрөг шилжүүлсэн байсныг нь хараагүй орхисон байсан учраас нэмээд 19500000 төгрөгийг надад өгсөн байна. Иймд хариуцагч Чулуунбаатараас мод, модон материалын үнэ 10028000 төгрөг, хохиролд 10000000 төгрөгийг тус тус нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлага болох 35533000 төгрөгийг 15505000 төгрөгөөр багасгаж, нийт 20028000 төгрөгийг Д.Чулуунбаатараас нэхэмжилж байна. 2015 оны 7 сарын 16-ны өдөр Д.Чулуунбаатарын худалдан авсан 15х15 хэмжээтэй 300 ширхэг палканы 1 ширхэгийн үнэ нь 24000 төгрөг бөгөөд би 1 ширхэг палкыг 22000-23000 төгрөгийн хооронд худалдан авч зардаг. Чулуунбаатарт би зах зээлийн үнээс доогуур үнээр модон материалаа худалддаг байсан. Чулуунбаатар нь 12х15 хэмжээтэй палкыг зах банзны хамт худалдан авдаг байсан нь үнэн. Гэвч энэ зах банзны нэг бүрийн үнэ нь 6000 төгрөгийн үнэтэй. 18000 төгрөгийн үнэтэй 12х15 хэмжээтэй палк нь зах банзтайгаа нийлээд 15х15 хэмжээтэй болдог. Үнэ нь бас нийлээд 24000 төгрөг болдог учраас би салгаж бичилгүйгээр нийтэд нь 24000 төгрөгөөр бодож нэхэмжилсэн. Д.Чулуунбаатар урьд өмнө нь мөнгөө асуудалгүй шилжүүлчихдэг байсан болохоор палкны үнээ мэддэг гэж би боддог. Чулуунбаатарыг би Дорнын Мөнх нар гэдэг компанитайг мэддэг. Гэвч Чулуунбаатар надтай өөрөө холбогдож, өөрөө мөнгөө шилжүүлдэг байсан учраас Чулуунбаатарт холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан. Чулуунбаатар энэ мөнгийг өөрөө хариуцаж төлнө гэж байгаа учраас хариуцагч солих шаардлагагүй гэж бодож байна гэжээ.

Хариуцагч Д.Чулуунбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дамдинбазар овогтой Чулуунбаатар миний бие Дорнын Мөнх нар гэдэг ХХК-тай бөгөөд захирлаар нь ажилладаг. Манай компани барилга угсарлтын үйл ажиллагаа явуулдаг. Би Улаанбаатар хотын Хангай захад модны борлуулагч Очирбат овогтой Бадамгараваас олон удаа банз, палк худалдаж авсан. Энэ модон материалуудыг компанийн үйл ажиллагаанд зориулан худалдаж авдаг байсан нь үнэн. Гэхдээ компани төлөх, би төлөх хоёр ялгаагүй, нэг л газраас гарч байгаа мөнгө учраас би хариуцаж үлдэгдэл төлбөрийг төлнө. Хариуцагчаар манай компанийг солих шаардлагагүй, бөгөөд энэ асуудлыг энэ шүүх хуралдаанаар нэг мөр шийдүүлэх хүсэлтэй байна. Хариуцагчийн асуудал дээр маргахгүй. Миний бие 2015 оны 07 сард их хэмжээгээр банз, палк аваад 2015 оны 7 сарын 28-нд 5000000 төгрөг төлөөд өөрөөс нь үлдэгдлээ утсаар асуухад 15500000 төгрөгийн үлдэгдэл байна гэж хэлж байсан. Палк модоо 1ш 18000 төгрөг, 1м3 3-н банз 240000 төгрөг, 1м3 2-ын банз 110000 төгрөгөөр нийлүүлнэ гэж тохирсон. Би Бадамгаравт 2015 оны 09 сарын 03-ны өдрөөс 2016 оны 3 сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд 19500000 төгрөгийг шилжүүлсэн. Миний бие 2015 оны 7 сарын 07-ны өдөр 12110000 төгрөгийн модон материал худалдаж авснаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь худалдаж авсан модон материалын тооцооноос 2318000 төгрөг үлдсэн нь үнэн. Үүн дээр маргахгүй. Одоо бид хоёрын дунд тооцоо байвал 328000 төгрөг л үлдсэн байгаа гэж бодож байна. Өөр тооцоо байхгүй. 2015 оны 7 сарын 16-ны өдөр би урьд өмнө нь 18000 төгрөгөөр авдаг байсан 12х15 хэмжээтэй 300 ширхэг палкыг зах банзны хамт худалдан авсан нь үнэн. Гэтэл Бадамгарав шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг палканы үнийг 24000 төгрөгөөр авсан гэж бичсэн байгааг зөвшөөрөхгүй байна. Урьд нь би О.Бадамгараваас 12х15 хэмжээтэй палкыг зах банзтай нь хамт нийлүүлээд нэг ширхэгийг нь 18000 төгрөгөөр авдаг байсан. 12х15 палкыг зах банзтай нь нийлүүлэхээр 15х15 хэмжээтэй палк болдог. Урьд нь надтай тохирохдоо зах банзыг 6000 төгрөгөөр тусад нь өгдөггүй байсан. 6000 төгрөгийн банзыг би тусад нь худалдаж авдаг байсан. Би хэзээ ч Бадамгараваас 15х15 хэмжээтэй палк худалдан авч байгаагүй. Би мөнгөө өгч байгаа учраас палк ямар үнээр авдаг байснаа мэднэ. Түүнчлэн тэр өдөр би 3-н банз болон 2,5-н банз зэргийг худалдаж аваагүй. Мөн тэр өдөр 11-45 ДОР дугаартай компанийн машин дээр ачиж явсан. Энэ машин дээр палк банзууд бүгд багтахгүй. Гэтэл Бадамгарав 2 машин дээр ачиж явсан гэсэн тодорхойлолтыг хуурамчаар гаргуулсан байна. 44-56 УНС дугаартай машин нь 2015 оны 7 сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүдэд байсан. Тэгэхээр би 5900000 төгрөгийн банзнуудыг худалдаж аваагүй. Мөн хохирол гээд надаас нэхээд байгаа 10 сая төгрөгийг би төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 138/ШШ2017/00126 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Чулуунбаатараас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 6322800 /зургаан сая гурван зуун хорин хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Бадамгаравт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13705200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч О.Бадамгаравын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335615 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Чулуунбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 116115 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Бадамгаравт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар тус шүүхийн 2016 оны 9 сарын 12-ны өдрийн 2584 дүгээр захирамжаар хариуцагч Д.Чулуунбаатарын эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилснийг дурдаж ...шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Чулуунбаатар, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 138/ШШ2017/00126 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын Д.Чулуунбаатараас худалдах худалдан авах гэрээний үүрэгт  6322800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Бадамгаравт олгож гэснээс 4004800 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргаж байна. ...Хариуцагч Чулуунбаатарын зүгээс өмнө авсан банзны үнэнд төлөх 2318000 төгрөгийг төлөх талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Харин шүүхийн шийдвэрээр төлөх үүрэг хүлээсэн 4004800 төгрөг төлөх дээр маргаад байгаа буюу 2016 оны 7 сарын 16-ны өдөр Д.Чулуунбаатарт өгсөн гэх модны хэмжээ, үнэ дээрээ маргаад байгаа юм. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлая. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ нь Иргэний хуулийн ямар зүйлд хамаарах вэ гэх асуулт байна. Шүүхээс Иргэний хуулийн 243-р зүйлийг баримталсан. Харин зохигч нарын хооронд зээлээр худалдах худалдан авах буюу 262-р зүйлд заасан харилцаа үүссэн буюу энэ зүйлд хамаарах ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрөө мөнгийг төлөхөөс өмнө бараагаа шилжүүлсэн. Энэ талаар хүлээн зөвшөөрдөг. Өмнө нь ч эдгээр 2 хүмүүс зээлээр л худалдах худалдан авах гэрээний дагуу харилцаж байсан. Ингэснээр шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 263-р зүйлд зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр хийх, мөнгийг төлөх тухай тохиролцоо, дагалдах баримт бичгийн хувийг худалдан авагч талд өгөх тухай зохицуулсан байдаг ба нэхэмжлэгч энэ хуулийн заалтыг биелүүлээгүй буюу зөрчсөн. Энэ заалтыг биелүүлэх үүрэг нь худалдагч талд илүүтэй байдаг. Нэхэмжлэгч нь 2016 оны 7 сарын 16-ны өдөр Д.Чулуунбаатарт 15х15 хэмжээтэй палк 300ш нэг бүрийн нь 24000 төгрөгөөр бүгд 7200000 төгрөг, 3-н банз 15м3 нэг бүр нь 240000 төгрөг бүгд 3600000 төгрөг, 2.5-н банз 20м3 нэг бүр нь 115000 төгрөг бүгд 2300000 төгрөгөөр худалдсан гэж нэхэмжилдэг. Хариуцагч Д.Чулуунбаатарт бараа материал худалдахдаа дагалдах бичиг өгөөгүй. Маргаад байгаа өдрийн бараанд баримт өгөөгүй байдаг. Нэхэмжлэл гаргахдаа өмнө нийлүүлсэн үнээсээ илүү үнээр нэхэмжилдэг. Нэхэмжлэгч урьд өмнө нийлүүлсэн барааныхаа гарал үүслийн бичиг буюу дагалдах баримтыг бичиж өгсөн байдаг. Гэтэл яг маргаад байгаа өдрийн баримтыг шүүхэд гаргаж нотолж чадаагүй байхад шүүхээс Мөстийн гол трейд ХХК-ийн баримтаар нотлогдож байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Хариуцагч анхнаасаа нэхэмжлэгчид надад өгсөн гээд байгаа баримтаа л гаргаад өгчих өө гэж хэлдэг. Гэтэл шүүхэд хэргийг хэлэлцүүлэх ажиллагаа хүртэл маргаад байгаа зүйлийнхээ нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Мөстийн гол трейд ХХК-ийн тодорхойлолт баримт үнийг нотлоогүй, давхар өөр баримтаар нотлогдоогүй. ...Түүнчлэн нэхэмжлэгчийн гэрчээр асуулгах хүсэлтийн дагуу мэдүүлэг авсан Уранбүтээл, Б.Батбаяр, Д.Баттулга, Моломжамц нарын мэдүүлгүүд эргэлзээтэй өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй байхад шүүхээс үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40-р зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Тэгээд ч эдгээр гэрчийн нотлоод байгаа гэх 4456 дор улсын дугаартай шлаз маркийн автомашин нь 2016 оны 7 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод байгаагүй болохыг машинд сууж явсан Дорнын мөнх нар ХХК-ийн ажилчин нотлоод байхад шүүхээс үнэлсэнгүй. Ер нь нэхэмжлэгч О.Бадамгарав нь мод, модон материал худалдахдаа Иргэний хуулийн 263-р зүйлийн 263.3-д зааснаар гарал үүслийн бичиг хийж өгөх үүрэгтэй энэ үүргээ биелүүлээгүй нь түүний буруу. Энэ баримтыг шүүхэд өгч ийм хэмжээний мод, ийм үнээр өгсөн гэдгээ нэхэмжлэгч өөрөө нотлох ёстой. Нэхэмжлэгч өгсөн зүйлээ баримтаар нотолж чадахгүй байхад хариуцагчийг нотолж чадаагүй гэж үзэх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2-т зааснаар маргаад байгаа үйл баримтын талаар нотлох баримтаар нотлоогүй болохыг шүүхээс анхаарч худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4004800 төгрөгийг Д.Чулуунбаатараар төлүүлэх шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна. Хариуцагч Д.Чууунбаатарын зүгээс нэхэмжлэгч О.Бадамгараваас 2016 оны 7 сарын 07-нд 12110000 төгрөгийн, 07 сарын 16-ны өдөр 5400000 төгрөгийн мод, модон материал авсан. Өмнө авсан материалын үнэд 2318000 төгрөг дутуу төлсөн байсан. Энэ бүгд нийлээд 19828000 төгрөг болох ба Д.Чулуунбаатар нь нэхэмжлэгч О.Бадамгаравын дансанд 19500000 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогддог. Энэ тал дээр маргаагүй, нотлогдсон. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болно. Ингээд шүүхийн шийдвэрээр маргааны үйл баримтыг тогтоохдоо хууль буруу хэрэглэсэн болохыг анхаарч, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан Д.Чулуунбаатараас 6322800 төгрөг гаргуулах гэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг  шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч О.Бадамгарав нь хариуцагч Д.Чулуунбаатараас худалдаж авсан модон бүтээгдэхүүний үнэ / балк, банз гэх мэт / 15533000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний улмаас 20000000 төгрөг, нийт 35533000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж модон бүтээгдэхүүний үнэ 10028000 төгрөг, хохирол 10000000 төгрөг, нийт 20028000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч Д.Чулуунбаатар нь нэхэмжлэгч О.Бадамгараваас 2016 оны 07 сараас өмнө худалдаж авсан модон бүтээгдэхүүний үнээс үлдсэн 2318000 төгрөгийг төлөөгүй байсан, мөн 2016 оны 7 сарын 07-ны өдөр 12110000 төгрөгийн үнэ бүхий модон бүтээгдэхүүн худалдаж авсан. Хариуцагч нь модон бүтээгдэхүүний үнэнд 2015 оны 07 сарын 28-ны өдрөөс 2016 оны 03 сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 13 удаагийн гүйлгээгээр 19500000 төгрөгийг нэхэмжлэгчид төлжээ. Энэ талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 1, 47-56 дахь талууд /

Харин хариуцагч Д.Чулуунбаатар нь нэхэмжлэгчээс 2016 оны 07 сарын 16-ны өдөр худалдаж авсан гэх 15х15 хэмжээтэй балк 300 ш х24000= 7200000 төгрөг, 3-н банз 15м3х240000=3600000 төгрөг, 2,5-н банз 20м3х115000=2300000 төгрөг, нийт 13100000 төгрөгийн модон бүтээгдэхүүнээс “ 15х15 хэмжээтэй балк 300 ш-ийг авсан, авахдаа нэг бүрийн үнийг 18000 төгрөгөөр тооцож авсан. 3-н банз, 2,5-н банзыг огт худалдаж аваагүй. Тэр өдөр нэг л машин буюу 11-45 ДОР дугаартай машинаар 300ш банзыг ачаад Баянхонгор аймгийн Баянлиг сум руу явуулсан. Харин миний 44-56 УНС дугаартай машин Дорноговь аймгийн Алтанширээ суманд байсан. Тийм учраас 3-н банз, 2,5-н банзыг аваагүй. Нэг машинд эдгээрийг бүгдийг ачих боломжгүй. Нэхэмжлэгч О.Бадамгарав “ Мөстийн гол – трейд “ ХХК-иас хуурамч бичиг үйлдүүлж авсан “ гэж маргажээ.  

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч О.Бадамгарав нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Д.Чулуунбаатарт холбогдуулан гаргасан ба анхан шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Д.Чулуунбаатарт иргэний хэрэг үүсгэсэн байна. / хх-ийн 1, 17 дахь талууд /

Хариуцагч Д.Чулуунбаатар нь нэхэмжлэгчид модон бүтээгдэхүүний төлбөрийг шилжүүлэхдээ “ Дорнын Мөнх нар “ ХХК-иас 7 удаагийн гүйлгээгээр 12000000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч Д.Чулуунбаатар “ би Дорнын Мөнх нар ХХК-тай, компаний нэрээр төлбөрийг хийх, Чулуунбаатар нэрээр төлбөрийг хийх ялгаа байхгүй, нэг л хүний кармаанаас гарч байгаа болохоор хамаагүй” гэж тайлбарласан, нэхэмжлэгч энэ талаар маргаан гаргаагүй зэрэг байдлыг үндэслэн анхан шатны шүүх “ Дорнын Мөнх нар “ ХХК-иас төлсөн төлбөрийг хариуцагч Д.Чулуунбаатарын төлбөрт оруулан тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх хариуцагч Д.Чулуунбаатарын 2016 оны 07 сарын 16-ны өдөр нэхэмжлэгч О.Бадамгараваас худалдаж авсан 300 ш балкны үнийг тооцохдоо  өмнө нь буюу 2016 оны 07 сарын 07-ны өдөр худалдаж авсан160ш балкны үнэтэй харьцуулан /1 ш-ийг 18000 төгрөгөөр худалдсан байсан / 1ш-ийг 18000 төгрөгөөр тооцож нийт 5400000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зохигчдын хэн аль нь гомдол гаргаагүй болно.

Маргааны зүйл болж байгаа 3-н банз, 2,5-ын банзыг 2016 оны 07 сарын 16-ны өдөр аваагүй, миний 44-56 УНС машин Дорноговь аймгийн Алтанширээ суманд байсан, би 7 сарын 17-ны өдөр Замын-Үүд боомтоор энэ машинтайгаа Эрээн хот руу гарсан гэж хариуцагч Д.Чулуунбаатар марган тайлбарлаж байгаа боловч өөрийн татгалзлаа нотлож чадаагүй байна. Тухайлбал хариуцагч Д.Чулуунбаатар “2016 оны 07 сарын 17-ны өдөр Замын-Үүд боомтоор өөрийн 44-56 УНС машинтайгаа Эрээн рүү гарсан“ гэсэн тайлбараа гадаад паспортанд дарсан Хилийн шалган нэвтрүүлэх албаны дардас болон машин хилээр гарсан тухай баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан боловч ирүүлээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч О.Бадамгаравын “ Мөстийн гол- трейд “ ХХК-иас гаргаж өгсөн баримтыг бичгийн нотлох баримтаар үгүйсгэж, няцааж чадахгүй  байна. /хх-ийн 126 дугаар тал/

Иймд хариуцагч Д.Чулуунбаатараас модон бүтээгдэхүүний үнэ 6322800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч Д.Чулуунбаатарын өмгөөлөгч Д.Урансувд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн байхад Иргэний 243 дугаар зүйлийг үндэслэн шийдвэрлэсэн нь буруу байна гэж гомдолдоо дурджээ.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлд зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр хийхээс гадна гэрээний нөхцөлд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам зэргийг заавал тусгахаар зохицуулжээ. Гэтэл талуудын хооронд бичгээр гэрээ байгуулаагүйгээс гадна төлбөрийг хэдийд, ямар хэмжээгээр төлөх талаар тодорхой тохироогүй байна. Иймээс анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн  243 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг  хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Д.Чулуунбаатар, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлыг хангахгүй  орхиж, Дорнод аймаг Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 138/ШШ2017/00126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Чулуунбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79068.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

              

                    

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

                       ШҮҮГЧ                                                                   Д.БАЙГАЛМАА

                                                                                                     З.ЭНХЦЭЦЭГ