Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 502

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 39/В-29 тоотод оршин суух, Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Хей Сон Хай /Үнэмлэхийн дугаар М52047124/-ийн хүсэлттэй,

           А.Уянгыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Хей Сон Хай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч А.Уянгаас зээлийн гэрээний үүрэгт нийт 45.894 ам.доллар буюу 112,926,776 төгрөгийг нэхэмжлэх гэсэн боловч А.Уянга нь оршин суугаа хаяг нь олохгүй байх тул А.Уянгыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

            Хүсэлтийн гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Хей Сон Хай нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Уянгыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хүсэлт гаргагч Хей Сон Хай нь “А.Уянгыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж, тогтоосноор зээлийн гэрээний үүрэгт 112,926,776 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

А.Уянга нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ-1 тоот зээлийн гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба А.Уянга нь  албан ёсны бүртгэлтэй хаяг болох Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 15-26 тоот хаягтаа оршин суудаггүй болох нь  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний  өдрийн 102/ШЗ2016/00066 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

             Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Уянгын оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул  хүсэлт гаргагч Хей Сон Хай-ийн “А.Уянгыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон  

                                                                                                                    ТОГТООХ нь:                                                                                                     

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Хей Сон Хай-ийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хар сүрэгтэн овогт А.Уянгыг эрэн сурвалжилсугай.

             2. Хар сүрэгтэн овогт Хүрэлбаатарын А.Уянгыг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст  үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

                                    ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА