Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 461

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Гүнсэл, хохирогч О.Б-, шүүгдэгч Б.О-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт Б-ы О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910028220236 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан, бүрэн, Х овогт Б-ы О,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.О- нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хорооллын баригдаж байгаа барилга дээр ажиллаж байсан О.Б-той маргалдан, улмаар нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, зүүн нүдний алим, зүүн дээд, доод зовхи, хүзүүнд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

          Хохирогч О.Б-: “...Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ойролцоогоор 3 цагийн орчим Б.О- ажлынхаа залуутай шатаар пээшээ өгсөхөд нь би харсан чинь юугаа харсан юм бэ гэхэд харж болдоггүй юм уу гэсэн, тэгэхэд намайг хамт явж байсан У.Батбаатар нэг удаа цохисон, намайг татаад гадагшаа гаргасан, тэнд очиж бас цохисон, тэрний дараа би үргэлжлүүлээд ажлаа хийсэн, эхний зодооны дараа би захиралдаа хэлсэн, орой 19 цагийн орчим Б.О- У.Батбаатарын хамт дээрээс бууж ирсэн, ирэхдээ Б.О- нь чи намайг өдөөд байна уу, босоод ир, чамайг нэг зодохгүй бол санаа амрахгүй нь гэхээр нь дараа больё гэхэд гараад ир, үзьё гэхээр нь би хоёулаа хагассайн өдөр үзьё гэхэд намайг тэлээнээс татахад нь би за тэгвэл хоёулаа үзчихьё гээд буусан, доошоо бууж байхад Оюунбаяртай таарсан бөгөөд энэ хүмүүс намайг зодвол салгаарай гэж хэлээд хамт гарсан, тэгээд хашаанд Оюунбаярт гар утас, малгайгаа өгсөн, Б.О- намайг хүрээд ир гэж хэлсэн. У.Батбаатар намайг нэг удаа цохисон, доошоо тонгойход өшиглөсөн, маш олон хүний цохилт, өшиглөлт ирсэн, би толгойгоо хамгаалаад доошоо унасан, Г.Оюунбаяр та нар хүн аллаа ш дээ гэсэн, тэгэхэд эд нар нийлээд Г.Оюунбаярыг бас зодсон, тэр хооронд би сэргэсэн, босоод та нар зодох хүнтэйгээ зодолдохгүй, гэмгүй хүнийг яагаад зодоод байгаа юм бэ гэж хэлэхэд над руу дайрсан, тэгээд би зугатаасан, булан тойроод танихгүй эмэгтэй хүний гар утсаар цагдаад дуудлага өгсөн, намайг олон хүн зодсон, Г.Оюунбаяртай нэг газар ажилладаг, зүс мэдэх хүн. Болохгүй бол салгаарай гээд би дагуулж гарсан, 16 хоног ажилгүй байсан гээд ажиллах өдрийн цалингаа бодуулж авмаар байна, хаанаас орж ирсэн нь мэдэгдээгүй, хохирлын мөнгө гэж 130,000 төгрөг орж ирсэн. Шинжээчийн дүгнэлтэд тогтоогдсон гэмтлийг У.Батбаатар, Б.О- нар учруулсан, намайг олон хүн зодсон, өөр хэн надад гэмтэл учруулсан болохыг мэдэхгүй байна. Нүд рүү цохисон нь У.Батбаатар, өшиглөсөн нь Б.О-. Биеийн эрүүл мэндийн асуудал зүгээр байгаа, хамрын хугарал байгаа, одоогоор эмчилгээ хийлгээгүй, санхүүгийн асуудлаас болоод эмчилгээ хийлгээгүй байгаа...” гэв.

 

          Шүүгдэгч Б.О-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хохирогчтой нэг барилга дээр хамт ажиллаж байсан учир зүс мэднэ, тухай маргаан хийж байгаа ажил дээгүүр нь алхаж гишгээд байсан учраас маргаан үүссэн, баримттай 130,000 төгрөгийг төлсөн. Цагдаа дээр хохирогчтой таарсан, уучлал гуйгаагүй, маргалдаад салсан. Өөртөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.  

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч О.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ханбогд хороолол дээр шатны чулуу наагаад зогсож байхад хоёр залуу хүрч ирээд наасан чулууны ирмэг дээр гишгэчих болов уу гээд харж байхад чи над руу гайхаж хардаг хэн бэ гээд заамдаад авсан. ...Тэгсэн Бааска гэх залуу шууд миний зүүн талын шанаад цохисон. Уг цохисон залуу дахиж цохих гээд байхаар нь би Отгоо гэх залуутай заамдалцсан чигээрээ тэр орчмоор зугтаасан. Тэр үед Отгоо гэх залуу намайг цамцны захаар боож унагаасан. Би жаахан манарсан байдалтай байж байгаад сэргэхэд намайг үснээс доош  дараад суулгасан. ...Тэгээд тухайн өдрийн 19 цагийн орчимд ...Отгоо гэх залуу чамайг зодохгүй бол санаа амрахгүй байна, хоёулаа үзчих үү гэхээр нь хоёрын хооронд юмнаас дэмий байлгүй, хэн хэндээ гай болоод яах вэ гэсэн. ...Тэгээд найзтайгаа цуг гадагшаа гарахад Отгоо, Бааска гэх залуучууд гадаа бөөнөөрөө хүлээгээд зогсож байсан ...Тэгээд харанхуй хашааны үзүүр дээр би алхаад очиход Бааскаа ...гараараа намайг нүд рүү оч манартал цохисон. Би хойшоо саваад уначих шахаад эргээд харахад доороос хэн нь мэдэгдэхгүй намайг өшиглөсөн. Би дээшээ хараад унахад намайг өшиглөж дэвсэлсэн, би баруун тал руу эргээд толгойгоо хамгаалаад хэвтэхэд миний нуруу, толгой руу баахан өшиглөсөн, тэр дундаас Отгоо гэх залуугийн ална чамайг гэх сонсогдсон. Тэгтэл цаанаас Г.Оюунбаяр хүн аллаа гээд хашгирахад Г.Оюунбаярыг зодсон. Тэгэхээр нь би та нар арчаагүй юм бэ, уулзах хүнтэйгээ уулзаж чадахгүй гэхэд би чамайг гүйцээч үү гээд гээд хашгираад байсан...” /хх-ийн 20-22/ гэсэн,

                                                   

Гэрч У.Батбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Ханбогд хороололд заслын ажил хийгээд манай найз Б.О- 12 давхар руу гарах гэж байхад зүс таних залуу Б.О-тай маргалдаад байсан. Тэгээд би түрүүлээд алхаж байхад ард тэр хоёр заамдалцаад байхаар нь салгах хооронд нөгөө залуу боолт ороод бага зэрэг муужирсан. Тэгээд боль гэхэд өрөлт аваад зогсохоор чи одоо боль, гай болно шүү дээ гэж хэлсэн. Тэгээд дахиад заамдалцаад Б.О- үснээс нь зулгаагаад доошоо дарсан, би дахин салгаад Б.О- гэх найзыгаа аваад дээшээ 12 давхар руу гарсан...” /хх-ийн 29-31, 94/ гэсэн,

 

Гэрч Э.Сүхбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 18-19 цагийн хооронд ажлаа тараад гэр рүүгээ явах гээд 12 давхараас бууж байхад 3 давхарт чулуу нааж байсан залуу Б.О- ахтай маргалдаад гараад үзье гээд дагуулаад гарсан. Бид нар араас нь дагаад гарахад чи дээрээс хойш яагаад өдөөд байгаа юм бэ гээд нэг удаа цохисон. Нөгөө залуу газар унаад босож ирээд зугтаагаад яваад өгсөн. ...О.Б-ийг бид нар зодоогүй, Б.О- нүүрэнд нь цохиж, унах үед нь хэд хэд өшиглөсөн..” /хх-ийн 33-34/ гэсэн,

 

Гэрч С.Сайнтөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 18-19 цагийн хооронд ажлаа тараад гэр рүүгээ явах гээд 12 давхараас бууж байхад 3 давхарт чулуу нааж байсан залуу Б.О- ахтай маргалдаад гараад үзье гээд дагуулаад гарсан. Бид нар араас нь дагаад гарахад чи дээрээс хойш яагаад өдөөд байгаа юм бэ гээд нэг удаа цохисон. Нөгөө залуу газар унаад босож ирээд зугтаагаад яваад өгсөн...” /хх-ийн 35-36, 93/ гэсэн,

 

Гэрч Г.Оюунбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 18 цагийн үед ажил дээрээ обой наагаад зогсож байхад танил О.Б- гаднаас орж ирээд О.Б-ийг ална муу пизда, би олон шил шоронгоор явсан, чамайг бол яаж ч чадна” гэх мэт үгээр хэлж дарамталсан. Мөн гараад ир хоёулаа үзье гэж хэлсэн. ...Ингээд О.Б-, Б.О- хоёр түрүүлээд барилгааар гарахаар нь би араас нь гарахад ...О.Б-ийн нүүрэнд гараар хүчтэй цохисон. Энэ үед О.Б- газар унасан бөгөөд Б.О-, О.Б-ийг өшиглөсөн. Тэгэхээр нь би хажуу талаас нь салгасан. ...У.Батбаатар О.Б-ид гар хүрээгүй, салгасан...” /хх-ийн 38-39, 96-97/ гэсэн,

 

Гэрч О.Болд-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн үед ажлаасаа гарахад Б.О- ахтай нэг залуу хэрүүл маргаан хийгээд барилгаас гарч ирсэн. ...Б.О- ах тэр залууг гараараа хүчтэй цохисон, унах үед нь хоёр удаа өшиглөсөн...” /хх-ийн 98/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагийн үед 12 давхар руу гарах гээд алхаж байх үед үл таних нэг залуу намайг яагаад шатан дээр гишгээд байгаа юм бэ, хүн ажил хийж байхад гэхээр нь тэгээд хаана гишгэх юм гэхэд гол дээр гишгээд яв гээд бид хоёр маргаан хийсэн. Тэгээд бид хоёр заамдалцахад У.Батбаатар салгасан. Тэгээд тэр залуу хэл амаар доромжлоод байхаар нь хоёулаа одоо үзчих үү гэхэд манайхан гараад ир гээд нэг том биетэй бүдүүн залуу дагуулаад гараад ирсэн. Тэгээд би ажилчдын хамтаар доошоо бөөндөө буугаад халзан газар дээр үзнэ гээд малгайгаа тайлаад нөгөө залуудаа өгөөд миний араас дагаад явж байхад нөгөө зүс таних залуу чи одоо яг яах гээд байгаа юм бэ гээд би эргэж хараад шанаанд нь цохисон, унах үед нь шууд өшиглөхөд дагаж гарч ирсэн бүдүүн залуу болон манай ажлынхан салгасан. Тэгээд цуг явсан залууг холдож бай гэхэд ажлын дүү нар тэр залууг холдуулсан, тэр залуу зугтаагаад барилга руу надад хамаагүй гээд орсон...” /хх-ийн 55-57, 100/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №14319 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. О.Б-ийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний алим, зүүн дээд, доод зовхи хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний зулгаралтаас бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 43-44/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 6/

- Өргөдөл /хх-ийн 7/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 47/,

- Шүүгдэгч Б.О-ын хувийн байдалтай холбоотой гэрч  М.Анхбаярын мэдүүлэг /хх-ийн 40-41/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 40/, боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 41-42/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.О- нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хорооллын баригдаж байгаа барилга дээр ажиллаж байсан О.Б-той маргалдан, улмаар нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь “...биед хамар ясны хугарал, зүүн нүдний алим, зүүн дээд, доод зовхи, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл...” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Б-ийн “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны ...өдрийн 19 цагийн орчимд ...Отгоо гэх залуу чамайг зодохгүй бол санаа амрахгүй байна, хоёулаа үзчих үү гэхээр нь хоёрын хооронд юмнаас дэмий байлгүй, хэн хэндээ гай болоод яах вэ гэсэн. ...Тэгээд найзтайгаа цуг гадагшаа гарахад Отгоо Бааска гэх залуучууд гадаа бөөнөөрөө хүлээгээд зогсож байсан ...Тэгээд харанхуй хашааны үзүүр дээр би алхаад очиход Бааскаа ...гараараа намайг нүд рүү оч манартал цохисон. Би хойшоо саваад уначих шахаад эргээд харахад доороос хэн нь мэдэгдэхгүй намайг өшиглөсөн. Би дээшээ хараад унахад намайг өшиглөж дэвсэлсэн, би баруун тал руу эргээд толгойгоо хамгаалаад хэвтэхэд миний нуруу, толгой руу баахан өшиглөсөн тэр дундаас Отгоо гэх залуугийн ална чамайг гэх сонсогдсон. Тэгтэл цаанаас Г.Оюунбаяр хүн аллаа гээд хашгирахад Г.Оюунбаярыг зодсон. Тэгэхээр нь би та нар арчаагүй юм бэ, уулзах хүнтэйгээ ч уулзаж чадахгүй гэхэд би чамайг гүйцээчих үү гээд гээд хашгираад байсан...” /хх-ийн 20-22/ гэсэн, гэрч У.Батбаатарын “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Ханбогд хороололд заслын ажил хийгээд манай найз Б.О- 12 давхар руу гарах гэж байхад зүс таних залуу Б.О-тай маргалдаад байсан. Тэгээд би түрүүлээд алхаж байхад ард тэр хоёр заамдалцаад байхаар нь салгах хооронд нөгөө залуу боолт ороод бага зэрэг муужирсан. Тэгээд боль гэхэд өрөлт аваад зогсохоор чи одоо боль, гай болно шүү дээ гэж хэлсэн. Тэгээд дахиад заамдалцаад Б.О- үснээс нь зулгаагаад доошоо дарсан, би дахин салгаад Б.О- гэх найзыгаа аваад дээшээ 12 давхар руу гарсан...” /хх-ийн 29-31, 94/ гэсэн, гэрч Э.Сүхбатын “...О.Б-ийг бид нар зодоогүй, Б.О- нүүрэнд нь цохиж, унах үед нь хэд хэд өшиглөсөн..” /хх-ийн 33-34/ гэсэн, гэрч С.Сайнтөрийн “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 18-19 цагийн хооронд ажлаа тараад гэр рүүгээ явах гээд 12 давхараас бууж байхад 3 давхарт чулуу нааж байсан залуу Б.О- ахтай маргалдаад гараад үзье гээд дагуулаад гарсан. Бид нар араас нь дагаад гарахад чи дээрээс хойш яагаад өдөөд байгаа юм бэ гээд нэг удаа цохисон. Нөгөө залуу газар унаад босож ирээд зугтаагаад яваад өгсөн...” /хх-ийн 35-36, 93/ гэсэн, гэрч Г.Оюунбаярын “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 18 цагийн үед ажил дээрээ обой наагаад зогсож байхад танил О.Б- гаднаас орж ирэхэд О.Б-ийг ална муу пизда, би олон шил шоронгоор явсан, чамайг бол яаж ч чадна” гэх мэт үгээр хэлж дарамталсан. Мөн гараад ир хоёулаа үзье гэж хэлсэн. ...Ингээд О.Б-, Б.О- хоёр түрүүлээд барилгаас гарахаар нь би араас нь гарахад ...О.Б-ийн нүүрэнд гараараа хүчтэй цохисон. Энэ үед О.Б- газар унасан бөгөөд Б.О-, О.Б-ийг өшиглөсөн. Тэгэхээр нь би хажуу талаас нь салгасан. ...У.Батбаатар О.Б-ид гар хүрээгүй, салгасан...” /хх-ийн 38-39, 96-97/ гэсэн, гэрч О.Болд-Эрдэнийн “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн үед ажлаасаа гарахад Б.О- ахтай нэг залуу хэрүүл маргаан хийгээд барилгаас гарч ирсэн. ...Б.О- ах тэр залууг гараараа хүчтэй цохисон, унах үед нь хоёр удаа өшиглөсөн...” /хх-ийн 98/ гэсэн, шүүгдэгч Б.О-ын “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагийн үед 12 давхар руу гарах гээд алхаж байх үед нэг үл таних залуу намайг яагаад шатан дээр гишгээд байгаа юм бэ, хүн ажил хийж байхад гэхээр нь тэгээд хаана гишгэх юм гэхэд голд нь гишгээд яв гээд бид хоёр маргаан хийсэн. Тэгээд бид хоёр заамдалцахад У.Батбаатар салгасан. Тэгээд тэр залуу хэл амаар доромжлоод байхаар нь хоёулаа одоо үзчих үү гэхэд манайхан гараад ир гээд нэг том биетэй бүдүүн залуу дагуулаад гараад ирсэн. Тэгээд би ажилчдын хамтаар доошоо бөөндөө буухад халзан газар дээр үзнэ гээд малгайгаа тайлаад нөгөө залуудаа өгөөд миний араас дагаад явж байхад нөгөө зүс таних залуу чи одоо яг яах гээд байгаа юм бэ гээд би эргэж хараад шанаанд нь цохисон, унах үед нь шууд өшиглөхөд дагаж гарч ирсэн бүдүүн залуу болон манай ажлынхан салгасан...” /хх-ийн 55-57, 100/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны  №14319 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт О.Б-ийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний алим, зүүн дээд, доод зовхи хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хээрг болсон гэх цаг хугацаанд үссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний зулгаралтаас бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 43-44/ гэсэн дүгнэлт, дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 6/, хохирлын баримтууд /хх-ийн 47/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч О.Б-ийн биед учирсан “...биед хамар ясны хугарал, зүүн нүдний алим, зүүн дээд, доод зовхи хүзүүнд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.О-ыг түүнийг цохих, өшиглөх зэргээр үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.О-ын хохирогч О.Б-ийн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.О- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Б-ийн эрүүл мэндэд биед хамар ясны хугарал, зүүн нүдний алим, зүүн дээд, доод зовхи хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид хохирол төлбөрт 130,000 төгрөгийг төлсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь маргахгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна. Хохирогч нь гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэж журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгч Б.О- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг баримтын хэмжээнд төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн 1910028220236 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.О-т цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Б- нь “...Намайг олон хүн зодсон, У.Батбаатар нь нүүрэнд цохисон, шалгуулмаар байна...” гэсэн санал гаргасан бөгөдө хохирогчийн ингэж хэлж байгаа нь гэрч С.Сайнтөрийн “...Манай ажилчдаас О.Б- гэх хүнийг Б.О- гэх хүн зодсон, тэрнээс өөр хүн гар хүрээгүй, бид нар тухайн зодооныг салгасан...” /хх-ийн 93/ гэсэн, гэрч Э.Сүхбатын “...О.Б- гэх хүнийг манай ажилчид болон бид нар зодсон асуудал байхгүй, харин салгах үед Б.О- О.Б-ийн нүүрэнд цохисон, тэр үед О.Б- унасан бөгөөд унах үед Б.О- хэд хэдэн удаа өшиглөсөн. Бид нар болон У.Батбаатар нар огт гар хүрээгүй, тэнд байсан ажилчдаас тэр хоёрыг салгах үйлдэл хийсэн, би болон тэр ажилчдаас гар хүрсэн зодсон асуудал огт байхгүй...” /хх-ийн 94/, гэрч Г.Оюунбаярын “...У.Батбаатар О.Б-ид огт гар хүрээгүй, зодоон болох үед хажуу талаас салгасан л байгаа, би хэлсэн шүү дээ, О.Б-ийг Б.О- зодсон. Би болсон явдлын талаар анхнаасаа үнэн зөв ярьж байсан шүү дээ...” /хх-ийн 95/ гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-ы О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ы О-ыг 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.О-т оногдуулсан 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1910028220236 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.О- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой болон ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР