Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 506

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 27-30 тоотод оршин суух, Шүдгүй овогт Хүрэлбаатарын Баярбаатар /РД:ЧИ74112810/-ын хүсэлттэй,

Д.Батбаярыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Б.Баярбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр цуг ажилладаг байсан Боржигон овгийн Догсронжавын Батбаяр нь машин авах гэсэн юм мөнгө хэрэгтэй байна мөнгө зээлдүүлээч гэхээр нь зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаагаар зээлдүүлсэн юм. Д.Батбаяр нь гэрээний дагуу зээлийн хүүгээ төлж явсан ба гэрээний хугацаа дуусах үед бид 2 амаар гэрээгээ сунгаад яваад байсан. Гэтэл 2014 оны 01 дүгээр сараас хүүгээ өгөхөө больсон ба түүнээс хойш чимээгүй байж байгаад 2016 оны 08 дугаар сарын 12-нд 1,000,000 төгрөгийг миний данс руу өөрийн нэрээр шилжүүлсэн, түүнээс хойш ямар нэгэн сураг чимээгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Д.Батбаярыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Б.Баярбаатар нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Батбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хүсэлт гаргагч Б.Баярбаатар нь “Д.Батбаярыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж, тогтоосноор зээлийн гэрээний үүрэгт 11,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Д.Батбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба Д.Батбаяр нь  албан ёсны бүртгэлтэй хаяг болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 61-50 тоот хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны  өдрийн 102/ШЗ2016/00469 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

             Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Батбаярын оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул  хүсэлт гаргагч Б.Баярбаатарын “Д.Батбаярыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. .

Хүсэлт гаргагч Б.Баярбаатар нь шүүх хуралдааныг өөрийнх нь эзгүйд хийлгүүлэх талаар хүсэлт ирүүлсэн байх тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон  

                                                                                                                     ТОГТООХ нь:                                                                                                      

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б.Баярбаатарын хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Догсронжавын Батбаяр /РД:УЮ69070932/-ыг эрэн сурвалжилсугай.

             2. Боржигон овогт Догсронжавын Батбаяр /РД:УЮ69070932/-ыг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст  үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА