Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 507

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 22-30 тоотод оршин суух, Элдэн овогт Болдын Сарантуяа /РД:ГГ84050805/-гийн хүсэлттэй,

          К.Ахсунхарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Б.Сарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Сарантуяа би К.Ахсунхартай 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж, мөнгийг бэлнээр өгсөн. Зээлийн гэрээний хугацаа дуусч мөнгөө нэхэхэд К.Ахсунхар өгнө гэж худал хэлсээр байгаад хоёр сарын дараа 3,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 2,000,000 төгрөгийг хүүгийн хамт авч чадахгүй өнөөдрийг хүрч байна. К.Ахсунхараас зээл болон барьцааны гэрээний дагуу 5,700,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан авах хүсэлтэй байна. Хариуцагч К.Ахсунхар одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч К.Ахсунхарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Б.Сарантуяа нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох К.Ахсунхарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хүсэлт гаргагч Б.Сарантуяа нь “К.Ахсунхарыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж, тогтоосноор зээлийн гэрээний үүрэгт 5,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

К.Ахсунхар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба К.Ахсунхар нь  албан ёсны бүртгэлтэй хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар   хороо, Залуус хороолол, 48/б-186 тоот хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны  өдрийн 102/ШЗ2016/00202 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

        Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох К.Ахсунхарын оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул  хүсэлт гаргагч Б.Сарантуяагийн “К.Ахсунхарыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Б.Сарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат нь өөрийнх нь эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг ирүүлсэн байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон  

                                                                                                                     ТОГТООХ нь:                                                                                                      

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б.Сарантуяагийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Молхы машан овогт Көнбайн Ахсунхар /РД:БЮ89010524/-ыг эрэн сурвалжилсугай.

             2. Молхы машан овогт Көнбайн Ахсунхар /РД:БЮ89010524/-ыг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст  үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

                                    ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА