Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 146

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн Б.Энхзул, улсын яллагч М.Сайнзаяа, хохирогч Д.Ж ,

шүүгдэгч С.А , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2020/0136/Э индекстэй, 2015001600077 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт ... оршин суух хаягтай, урьд өмнө 2 удаагийн ял шийтгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заснаар С.А д оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 13-ны өдрийн 545 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 50.000 төгрөг хурааж, 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, Д овгийн С.А.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А  нь 2020 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Булган аймгийн ... хашаанд байрлуулсан иргэн Я.Н ын эзэмшлийн **-** Дар улсын дугаартай цэнхэр өнгийн  Т.Портер загварын тээврийн хэрэгсэл дотроос Hankook маркийн хар өнгийн аккумлятор 1 ширхэг, бутлагч багаж болох молодок 1 ширхэг зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлж 441.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн ... байрлах иргэн Д.Ж ы байшингийн цонхыг хөшиж, грашийн цоожийг эвдэж  хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 831.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А ы өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ж ы өгсөн: Би залуу наснаа өдийг хүртэл улсад ажилласан. 1 жилийн өмнө энэ хүнтэй танилцсан. Хамтарч ажил хийсэн. Булган аймгийн төвд бүх айл өрхөд хогийн сав хийсэн. Тэгэхэд миний бүх эд хөрөнгийг мэдсэн. Эрдэнэтэд өвөлжих талаараа хэлж байсан. Итгэж байсан учир маш их гомдож байна. Би хэд хэдэн удаа таарсан. Хохирол төлнө гэсэн болохоор гэрт нь очиход ээж нь урдаас загнасан. Энэ хүн энэ хаваржин надад худлаа яриад байна. Сонгуулийн дараа өрийг барагдуулна гэсэн төлөөгүй. Итгэж байсан итгэлийг алдаад байна. Би хувиараа хөдөлмөр эрхэлж гагнуур хийдэг. Надад нэг ч багаж байхгүй болсон. Гагнуурын аппарат олдохгүй байна. Өнөөдрийн байдлаар хулхидуулаад байна. Алдсан зүйлийг маш доогуур үнэлсэн. Би 2 удаа мөнгө төлсөн. Хэрэглээгүй багажийг багаар үнэлсэн. Үнэлгээг зөвшөөрөхгүй гэдгээ би хэлсэн. Би анх үнэлгээний  газар очоод уулзахад үнэлгээчин нууц задруулахгүй гэсэн. Гэтэл захын ханшаар үнэлгээг хийсэн байсан. Гагнуурын аппарат 280 000 төгрөг болно. Гэрт ороод тамхи татаад миний хувцасыг өмсөөд явсан байсан. Итгэх итгэл алга байна. Одоо 1 500 000 төгрөг нэхэмжилж байна гэв.

2015001600077 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Я.Н ын өгсөн: ... 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Г  над руу залгаад таны машин дотор байсан молдок, аккумлятор алга болсон байна гэж хэлсэн. Миний алга болсон гэх молдок, аккумлятор нь манай блокны үйлдвэрт байдаг хашааны хажуу талын айл буюу Булган аймгийн ...д Г ын хашаанд байсан Портер маркийн **-** ДАР улсын дугаартай машинд байсан юм.  Би  Болдбаатар ахаас асуухад 2020 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө үл таних үүдэн шүд нь унасан 30 орчим насны хүн орж ирээд гарсан. Араас нь харахад Г ын хашаа руу орж байсан гэж хэлсэн.  Тухайн үед миний машин түгжээгүй онгорхой байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 93-94 дүгээр хуудас /,

Гэрч Б.Г ын өгсөн:  ... 2020 оны  03 дугаар сарын  08-ны  өдрийн  18  цагийн үед Я.Н  ахын цэнхэр өнгийн  Портер загварын автомашиныг гэрийн  гадаа тавьсан. Тэгээд тухайн үед молдок, аккумлятор хоёрыг машин дотор үлдээсэн байсан юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын  10-ны орой үзэхэд машин дотор байхгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 102 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч С.С ын өгсөн:  ... 100-тай хоёр аккумлятор алга   болсон гэж Ж  хэлсэн. Ж  манай компаний ачааны авто  машины жолооч хийдэг юм..., хоёр аккумлятороо авмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч Г.М ын өгсөн: 2020 он 04 дүгээр сарын 17-ны орой намайг гэртээ буюу ... байж байхад миний хуурай ах С.А  ах орж ирсэн. Орж ирэхдээ Кен маркийн улаан хөрөө, гагнуурын аппарат авч орж ирсэн. Тэгээд нэг нэгээр нь авч гараад эргэж авч ирээгүй. 2020 оны 04 сарын 19-ний өглөө гаднаас хоёр ширхэг 100-тай аккумлятор авч орж ирээд “ахын дүү энийг зараад өгөөч” гэхээр нь би наадах  чинь  янз  бүрийн  асуудалгүй  юмуу  гэхэд  асуудалгүй гэсэн. Тэгэхээр нь би С.А  ахтай хамт Мэргэжил сургалтын төвийн ард байдаг өрхийн эмнэлэгийн хажууд байдаг Ц  эгчийн төмрийн цэгт аваачиж хоёр аккумляторыг нийлүүлээд 12.000 төгрөгөөр зарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч Г.Ц гийн өгсөн:  ... А ыг цагдаа дагуулж ирээд өдөр өөр хүний надад худалдсан хоёр аккумляторыг хулгайлсан гээд аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Яллагдагчаар С.А ы өгсөн: ... би 2020 оны 03 сарын 09-ны орой ... Н  ахын блокны үйлдвэрийн манаач нэрийг нь сайн мэдэхгүй ахын блокны үйлдвэрийн манаач нэрийг нь сайн мэдэхгүй ахын гэрт ортол гэртээ ганцаараа нилээн согтуу 0.5 литрийн ерөөл  нэртэй  архи ууж байсан.  Тэр архийг нь хувааж уучихаад авч явсан  нэрийг нь мэдэхгүй архиа гаргатал уухгүй гэхээр нь би явлаа гээд гэрээс нь гартал хашаанд нь цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь хаалгыг нь таттал онгорхой байсан, дотор нь молдок байхаар нь аваад аккумляторыг нь бас аваад шууд гэр лүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 140-142 дугаар хуудас/,

... 04 сарын 17-ны 17 цагийн үед Д гийн гэрээс гарсан замаараа хуурай ах Ж аас архины мөнгө гуйя гэж бодоод гэрт нь очтол Ж  ах гэртээ байхгүй гэр нь цоожтой байхаар нь амбаарыг нь татаж онгойлгоод дотроос нь хоёр ширхэг аккумлятор, гагнуурын аппарат, түрдэг цахилгаан хөрөө зэрэг эд зүйлийг нь аваад... засмал зам руу гараад гар өргөтөл цагаан өнгийн суудлын автомашин зогсохоор нь цахилгаан хөрөө, гагнуурын аппарат хоёр зарах гэсэн юм авах уу гэтэл авья гэхээр нь 50.000 төгрөгөөр зарсан, 04 сарын 18-ны өдөр хоёр ширхэг аккумляторыг нь төмөр авдаг Ц  эгчид 12.000 төгрөгөөр худалдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 65-68 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас /, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/, “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний дүгнэлт /хх-ийн 36-41, 47-54, 105109 дүгээр хуудас / иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 151 дүгээр хуудас/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112 дугаар хуудас/ болон бусад хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.А  нь 2020 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Булган аймгийн ... хашаанд байрлуулсан иргэн Я.Н ын эзэмшлийн **-** ДАР улсын дугаартай цэнхэр өнгийн  Т.Портер загварын тээврийн хэрэгсэл дотроос Hankook маркийн хар өнгийн аккумлятор нэг ширхэг, бутлагч багаж болох молодок нэг ширхэг зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлж 441.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ... байрлах иргэн Д.Ж ы байшингийн цонхыг хөшиж, грашийн цоожийг эвдэж  хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 831.000 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг  нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн  хохирогч Я.Н , Д.Ж , иргэний нэхэмжлэгч С.С , гэрч Б.Г , Г.М , Г.Ц  нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний дүгнэлт, иргэний үнэмлэхний лавлагаа урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.А ы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ж нь 1500000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүгдэгч С.А аас 663.000 /зургаан зуун жаран гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ж д олгож, үлдэх 897.000 /найман зуун ерин долоон мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч С.А  нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

    Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.А ы үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.А д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Я.Н  гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д овгийн С.А ыг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.А д 2 /хоёр/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 /хоёр/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээллтэй байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-дзааснаар шүүгдэгч С.А аас 663.000 /зургаан зуун жаран гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ж д олгож, үлдэх 897.000 /найман зуун ерин долоон мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  5. Шүүгдэгч С.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Я.Н гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Delkor маркийн 2 ширхэг 100 амперийн аккумлятор, 1 ширхэг стартерыг, 1 ширхэг хар хөх өнгийн мөрөвчтэй өмдийг эзэмшигч нарт буцаан олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ж.ДЭЛГЭРМӨРӨН