Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 513

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 30-89  тоотод оршин суух, Эрэн овогт Дагванамжилын Буянтогтох /РД:ЧЛ50063017/-ын хүсэлттэй,

          Д.Болор-Эрдэнэ, М.Мөнхзул нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Д.Буянтогтох шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Буянтогтох би 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Дүгэржав овогтой Болор-Эрдэнэд 1,000,000 төгрөг зээлүүлэхээр харилцан тохирч 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Д.Болор-Эрдэнийн Хаан банкны 5024376107 тоот дансанд 360,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийг бэлэн бусаар /дансаар/ шилжүүлсэн. Үлдэгдэл 40,000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бэлнээр, 100,000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 07-ний өдөр мөн бэлнээр өгсөн. Мөн Д.Болор-Эрдэнэ зуучилсаны дагуу түүний найз, хамт ажилладаг Мижиддоржийн Мөнхзулд 500,000 төгрөг зээлүүлэхээр тохирч 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Дээрх зээлийн гэрээнүүдээр бид хугацаа тогтоогоогүй болно. Миний бие 2015 оны 11 сараас зээлийн төлбөрөө төлөхийг Д.Болор-Эрдэнэ, М.Мөнхзул нараас шаардсан боловч “удахгүй өгнө, боломжтой болохоороо өгнө” гэдэг байсан ба 2016 оны 11 сарын сүүлээс миний дуудлагыг авахаа больсон, М.Мөнхзулын утасны дугаар холбогдохоо больсон. Би анх амаар гэрээ байгуулж мөнгөө өгч байх үед “удахгүй өгнө, найдвартай өгнө” гэсэн тул хариуцагч нарын хаягийг бичүүлж аваагүй, амаар лавлаж асуугаагүй юм. Одоо Д.Болор-Эрдэнэ, М.Мөнхзул нар нь хуучин ажилдаа ажиллахаа больсон, байр түрээслүүлж байсан хүмүүс нь хаягийг мэдэхгүй гэсэн. Тэд кофе шоп түрээслэх гэрээндээ хаягаа бичээгүй байсан. Зээлийн төлбөрөө гаргуулахаар нэхэмжлэл гаргахад хариуцагч Д.Болор-Эрдэнэ, М.Мөнхзул нарын хаягийг тодруулах шаардлагатай байх тул Д.Болор-Эрдэнэ, М.Мөнхзул нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад      

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

    

      Хүсэлт гаргагч Д.Буянтогтох нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Болор-Эрдэнэ, М.Мөнхзул нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хүсэлт гаргагч Д.Буянтогтох нь “Д.Болор-Эрдэнэ, М.Мөнхзул нарыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж, тогтоосноор зээлийн гэрээний үүрэг шаардана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

       Д.Болор-Эрдэнэ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус тус ХААН банкны мөнгөн шилжүүлэг хийсэн баримт болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх ба түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй байна.  

Харин М.Мөнхзул нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

            Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Болор-Эрдэнийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул  хүсэлт гаргагч Д.Буянтогтохын  “Дүгэржавын Болор-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж, М.Мөнхзулыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Жич:Дүгэржавын Болор-Эрдэнэ нь ХААН банкны 5024376107 тоот дансыг эзэмшдэг,  99970780 тоот утасны дугаартай болохыг тэмдэглэв.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон  

                                                                                                                   ТОГТООХ нь:                                                                                                     

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Д.Буянтогтохын хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дүгэржавын Болор-Эрдэнийг эрэн сурвалжилж, М.Мөнхзулыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангахгүй орхисугай. 

             2. Дүгэржавын Болор-Эрдэнийг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст  үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан

 

 

 

аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА