Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 463

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Ганчимэг, шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М овогт Г-гийн  Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010000000612 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 64 дүгээр байрны 61 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, М овогт Г-гийн Э- /РД: ЖЮ76090971/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Э- нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 29-11 УАЕ улсын дугаартай автомашинаар таксинд явж байхдаа 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд талын замаас иргэн Т.Т-ыг суулгаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү Вилла хотхонд хүргэж өгөхдөө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг далимдуулж, түрийвчнээс нь бэлэн 380,000 төгрөг хулгайлан авч, бусдад 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Г.Э-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг гаргасан учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Т.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн үед ...найз Э.Цэцэгбалтай уулзаад 3 ширхэг 0,5 литрийн пиво уучихаад 21 цаг 40 минутын үед пабаас гарч, найз Э.Цэцэгбал намайг таксинд суулгаж өгсөн. Тухайн үед согтолттой байсан, яаж байрны гадаа ирснээ санахгүй байна, нэг мэдэхэд таксинаас бууж байсан. Таксинаас буугаад байрны гадна хэсэг сууж байгаад гэр рүү орж, түрийвчээ шалгахад дотор нь байсан 380,000 төгрөг байхгүй байхаар нь найз Э.Цэцэгбал руу залгаж хэлэхэд 29-11 УАЕ улсын дугаартай Тоёота Приус маркийн машинд суулгаж явуулсан гэж хэлсэн...” /хх-ийн 8-9/ гэсэн,

 

Гэрч Э.Цэцэгбал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд байрлах Тото паб-д Т.Т- эгчтэй уулзсан. ...21 цаг 40 минутын үед Тото паб хаалаа гэж хэлэхэд бид хоёр гараад Т.Т- эгчийг 29-11 УАЕ улсын дугаартай Тоёота Приус маркийн машинд суулгаад “Яармагийн тийшээ гэр нь байдаг” гэж хэлээд явуулсан. ...Би гэртээ 22 цаг 40 минутын үед Т.Т- эгч залгаад “гэртээ орж байна” гэж хэлчихээд удалгүй дахин залгаад цүнхэнд байсан 380,000 төгрөг алдагдсан байна гэж хэлсэн...”/хх-ийн 13/  гэсэн,

 

Шүүгдэгч Г.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21 цаг 30 минутын үед ...гэрээсээ гараад 25 дугаар эмийн сангийн ойролцоо явж байхад хоёр эмэгтэй гар өргөөд нэгийгээ суулгаад “Нисэх рүү хүргэж өгөөрэй” гэсэн. ...Алтай хотхоны ойролцоо явж байхад тэр эмэгтэй хаана явж байна гэж асуухаар нь “Алтай хотхон” гэхэд “Хүннү молл” худалдааны төв орно гэсэн. Хүннү молл дээр очиход буцаж эргээд замын урд талын байр гээд шинэ баригдсан хотхон руу орж байрнуудын голд зогссон. Тус эмэгтэй хэдэн төгрөг болсон бэ гэхээр нь 9,000 төгрөг гэхэд 10,000 төгрөг өгч, би 1000 төгрөг хариулж өгсөн. Тэр эмэгтэй цүнхээ машины голд тавиад утсаар нэг хүн рүү залгаж байх хооронд нь би гараа цүнхэн дотор нь оруулж, түрийвчэнд байсан мөнгийг авсан. ...Би авсан мөнгөө тоолж үзэхэд 20,000 дэвсгэрт 6 ширхэг, 10,000 дэвсгэрт 26 ширхэг, 1 долларын дэвсгэрт 1 ширхэг байсан...” /15-17/ гэсэн мэдүүлгүүд,

- Дуудлагын лавлгааны хуудас /хх-ийн 3/,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15-16/,

- Шүүгдэгч Г.Э-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Г.Энхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 12/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 19/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                           

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Г.Э- нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны орой 19 цагийн орчим өөрийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 29-11 УАЕ улсын дугаартай автомашинаар таксинд явж байхдаа 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд талын замаас иргэн Т.Т-ыг суулгаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү Вилла хотхонд хүргэж өгөхдөө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг далимдуулж, түрийвчнээс нь бэлэн 380,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Т-ын “...2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн үед ...найз Э.Цэцэгбалтай уулзаад пиво уусан, ингээд орой 21 цаг 40 минутын үед пабаас гарч, найз Э.Цэцэгбал намайг таксинд суулгаж өгсөн. Тухайн үед согтолттой байсан, яаж байрны гадаа ирснээ санахгүй байна, нэг мэдэхэд таксинаас бууж байсан. Таксинаас буугаад байрны гадна хэсэг сууж байгаад гэртээ орж, түрийвчээ шалгахад дотор нь байсан 380,000 төгрөг байхгүй байхаар нь найз Э.Цэцэгбал руу залгаж хэлэхэд 29-11 УАЕ улсын дугаартай Тоёота Приус маркийн машинд суулгаж явуулсан гэж хэлсэн...” /хх-ийн 8-9/ гэсэн, гэрч Э.Цэцэгбалын: “...2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд байрлах Тото паб-д Т.Т- эгчтэй уулзсан. ...21 цаг 40 минутын үед Тото паб хаалаа гэж хэлэхэд бид хоёр гараад Т.Т- эгчийг 29-11 УАЕ улсын дугаартай Тоёота Приус маркийн машинд “Яармагийн тийшээ гэр нь байдаг” гэж хэлээд суулгаад явуулсан. ...Би гэртээ 22 цаг 40 минутын үед ирэхэд Т.Т- эгч залгахаар нь “би гэртээ орж байна” гэж хэлчихээд байж байхад удалгүй дахин залгаад цүнхэнд байсан 380,000 төгрөг алдагдсан байна гэж хэлсэн...”/хх-ийн 13/  гэсэн, шүүгдэгч Г.Э-гийн “...2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21 цаг 30 минутын үед ...гэрээсээ гараад 25 дугаар эмийн сангийн ойролцоо явж байхад хоёр эмэгтэй гар өргөөд нэгийгээ суулгаад “Нисэх рүү хүргэж өгөөрэй” гэсэн. ...Тэр эмэгтэй цүнхээ машины голд тавиад утсаараа нэг хүн рүү залгаж байх хооронд нь би гараа цүнхэн дотор нь оруулж, түрийвчэнд байсан мөнгийг авсан. ...Би авсан мөнгөө тоолж үзэхэд 20,000 дэвсгэрт 6 ширхэг, 10,000 дэвсгэрт 26 ширхэг, 1 долларын дэвсгэрт 1 ширхэг байсан...” /15-17/ гэсэн мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15-16/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд шүүгдэгч Г.Э-гийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Т-ын эд хөрөнгөд 380,000 төгрөгийн хохирол учирсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчид буцаан өгсөн /хх-ийн 16/, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч  Г.Э- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлж, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй байдал, ажил эрхлэлт, ар гэрийн нөхцөл, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2010000000612 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Э- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.Т- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:            

 

1. Шүүгдэгч М овогт Г-гийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-гийн Э-г хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгч Г.Э-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.Э- нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2010000000612 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Э- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.Т- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР