Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0003

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Ч-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч С.Ч, түүний өмгөөлөгч Т.Д нар

Нэхэмжлэлийн шаардлага: “Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “С.Ч-ийг ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр  

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш

Хэргийн индекс: 126/2021/0026/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Ч нь Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан “Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “С.Ч-ийг ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулах”-аар маргасан байна.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр шийдвэрээр: “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.10.5-д заасныг баримтлан иргэн С.Ч-ийн гаргасан Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн С.Ч-ийг ажлаас чөлөөлөх тухай 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч С.Ч, түүний өмгөөлөгч Т.Д нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгчээс “Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “С.Ч-ийг чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн ажлаас томилуулах тухай” шаардлага гаргасныг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд гаргасныг хэрэгсэхгүй болгож хангаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүх хоорондох маргасан асуудалд нэг бүрчлэн хариу өгөөгүй байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, энэ хуулийн 16.10-т заасан суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ.”, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ гэсэн заалт байгаатай бид маргаагүй. Дээрх хуулийг амьдралд хэрэгжүүлэх нь эрүүл мэндийн салбарт тодорхой өөрчлөлт оруулах учраас төсөв орон тоог шат дараатайгаар нэмэгдүүлэн батлуулах шаардлагын улмаас Эрүүл мэндийн яамнаас “Эмнэлгүүдийн хараат бусаар ажиллах, бие даасан байдлыг хэрэгжүүлэх тухай” сайдын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/334 тоот тушаал гарган хэрэгжүүлж эхэлсэн. Эхний ээлжинд Улаанбаатар хотын мэргэшсэн том эмнэлгүүдэд Төлөөлөн удирдах зөвлөл байгуулах, дараагийн шатанд яамны харьяа эмнэлгүүдэд шат дараатайгаар Төлөөлөн удирдах зөвлөлийн төсөв, орон тоог яамны болон тухайн эмнэлгийн төсөвт суулгасны дараа төлөөлөн удирдах зөвлөл байгуулах гэсэн чиглэлийн дагуу Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2022 онд Төлөөлөн удирдах зөвлөл байгуулна гэсэн бодлого барьж байсан болох нь Эрүүл мэндийн яамны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1а/2574 тоот албан бичгээр нотлогдож байна.

3.2.Гол маргаан нь нэхэмжлэгч Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулах, хариуцагч тал уг албан тушаал буюу нэгдсэн эмнэлгийн дарга гэсэн албан тушаал байхгүй болсон, одоо харин гүйцэтгэх удирдлага гэсэн албан тушаал байгаа гэсэн маргаан талуудын дунд үргэлжилсэн, гэтэл шүүх Нэгдсэн эмнэлгийн 2021 оны төсөв, орон тоог баталсан албан ёсны баримтыг нотлох баримтаар аваагуй, хариуцагчийн өмгөөлөгчийн Эрүүл мэндийн яам нь хууль хэрэгжүүлдэг байгууллага биш, тиймээс хууль хэрэгжүүлэгч нь аймгийн Засаг дарга юм гэсэн тайлбарт хөтлөгдөн шүүх хуралдаанаа явуулсан.

3.3. Маргааны гол шаардлага бол нэхэмжлэгч С.Ч нь “ажилтныг ажлаас чөлөөлөх , халахад тодорхой хууль зүйн үндэслэл байх ёстой” гэтэл намайг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийг захиргааны алтанд үндэслээгүй, зөвхөн Г.О-ыг томилох болсон үндэслэлийг заасан гэж маргаж байхад шүүхийн шийдвэр энэ талаар үнэлэлт өгөөгүй.

3.4. Шүүх хуралдаан дээр төлөөлөн удирдах зөвлөл байгуулсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хүчингүй болгосон, Засаг даргын захирамжаар шинээр төлөөлөн удирдах зөвлөл байгуулсан, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь үндэслэл бүхий байх шаардлагыг хуралдаан дээр болсон талуудын Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхдаа хөдөлмөрийн сахилга бат алдан миний тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс байгаа учраас эдгээр гишүүд нь хувийн сонирхлоор надаас өш авах зорилгоор ажиллана гэдгийг мэдэж байсан учраас төлөөлөн удирдах зөвлөлөөс зарлаж буй сонгон шалгаруулалтыг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч төлөөлөн удирдах зөвлөл байгуулж байгаа асуудалд болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн болон сонгон шалгаруулалтын талаар та маргах эрхгүй гэсэн хариу өгсөн, улмаар энэ талаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн боловч шүүх энэ нэхэмжлэлтэй хамааралгүй бөгөөд та төлөөлөн удирдах зөвлөл байгуулж байгаа шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж татгалзсан болно.

3.5. Анх Ш.И Засаг дарга болонгуутаа намайг дуудан ажлаа өгөхийг шаардсан боловч би энэ жил манай байгууллагын 90 жилийн ой болно, 8 жил нэгдсэн эмнэлгийн дарга хийсний хувьд ажлын үр дүнгийн тайлангаа тавиад 10 дугаар сард ажлаа өгье гэхэд Ардчилсан намын гишүүн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч гишүүн Г.О-д өгөхийн тулд өөрийн хэлснээр чаддаг бүх аргаа хэрэглэн таниас наад ажлыг чинь авна гэж хэлсэн ёсоороо Нэгдсэн эмнэлгийн даргын ажлыг хүчээр авахын тулд өөрт байгаа эрх хэмжээгээ эдлэн Эрүүл мэндийн яамны бодлогыг үл хайхран дураараа авирлаж байгаад гомдолтой байна, би ажлаа өгөхгүй гэж маргаагүй юм.

3.6. Гуравдагч этгээд Г.О-ын тайлбарт “шүүхийн шийдвэрээр намайг Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эргүүлэн томилсон байхад одоо хир нь томилоогүй” гэжээ. Тэгвэл Г.О нь тухайн үедээ шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаагүй боловч одоо хир нь уг ажлыг би хийх ёстой, намайг эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр байхад С.Ч өгөхгүй байгаа мэтээр ойлгон Засаг даргад ч мөн тэгж ойлгуулж хүчлүүлж байгаа бололтой Тэгвэл нэгдсэн эмнэлгийн даргыг Эрүүл мэндийн газрын дарга томилдог шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой хун нь би биш Эрүүл мэндийн газрын дарга байхад надад хамааруулж байгаад гомдолтой байна.

3.7. Шүүхээс намайг ажлаас чөлөөлсөн актанд ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийн талаар ямар хуулийн заалт барьсныг зөв гэж үзсэн талаараа дүгнэлт хийлгүйгээр зөвхөн Г.О-ыг томилсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан байхад хариуцагч талын өмгөөлөгч, төлөөлөгч гэх залуучууд шүүх хуралдаан дээр иргэний хэргийн маргаан гэж над руу харан дайрч доромжлон таны үе өнгөрсөн гэж загнаж байхад шүүгч таслан зогсоогоогүй, харин манай өмгөөлөгч тэд нарыг бид нар луу биш шүүх рүү ханд, шүүгч руугээ хар гэж хэлснээр шүүх хуралдаан даргалагч нь хариуцагч талыг наашаа харж ярь гэж санал болгосон. Иймээс би хардах эрхийнхээ дагуу шүүгчийг хэт нэг талыг барьсан, хариуцагч талд хэт автсан, хууль бус үйлдлүүдийг байх ёстой зүйл мэтээр таслан зогсоохгүй байгаа үйлдлээс дүгнэсэн.

Би уул нь хүн ёсоор л ажлаа өгье гэж бодсон. Надад дээрх албан тушаалтай зууралдаад байх сонирхол алга, харин шударга бусаар, хүчээр эрх мэдлээрээ далайлган сүрдүүлж, ажлаас чөлөөлж байгааг үндэслэлгүй, намайг ажлаас чөлөөлөх талаар сонсох ажиллагаа явуулаагүйд гомдолтой байна.

Ийм учраас Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангалаа.

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 04 тоот тогтоолыг, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг батламжлах тухай А/197 дугаар захирамжийг, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Г.О-ыг ажилд томилох тухай 07 тоот тогтоолууд нь тус тус илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01–ний өдрийн шүүх хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасан үндэслэл тогтоогдсон тул 54.2-т “Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж тус тус зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн... 54.2 ... тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.” гэж зааснаар хэргийн оролцогч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй.

2.3. Гэтэл анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01–ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 12 дахь талд “...Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж...” гэж тусгаснаас үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна.

2.4. Зүй нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар гомдол гаргах эрхээр хангах ёстой байжээ.

2.5. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг үнэлж, дүгнэн захиргааны актын үндэслэл болгосон хэм хэмжээ, хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эсэх тухай дүгнэх замаар хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй.

2.6. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагаа, маргаан бүхий дүгнэлт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар нотлох баримтыг хуульд заасан арга хэрэгслээр олж авч, цуглуулах бөгөөд тухайн баримтуудад үндэслэн, хууль тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэнэ.

2.7. Энэхүү маргааны хувьд Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “С.Ч-ийг ажлаас чөлөөлөх тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулахаар маргаж байх боловч нэхэмжлэл, түүний үндэслэлийг нотлоход шаардлагатай баримтууд болох Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 80 дугаар тогтоол, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 7/808 албан бичиг, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг батламжлах тухай” А/197 дугаар захирамжууд нотлох баримтыг шаардлага хангаагүй байгаа нь үнэлэх боломжгүй учир анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг дутуу бүрдүүлсэн байна гэж үзлээ.

Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаануудыг давж заалдах шатны шүүх засах боломжгүй учир шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.1.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.Лхагвасүрэн

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА