Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 87

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

яллагдагч Э.Б,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1182 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Эрдэнэчимэгийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Э.Бд холбогдох 1705011170219 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Далх овгийн Эрдэнэ-Очирын Батсайхан, 1990 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Бугат-Алагхайрхан” ХХК-д борлуулагч ажилтай, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн 1 дүгээр гудамж, 4-87 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ДГ90010914/,

Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 25-23 тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч болох Д.Ттай маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Э.Бы үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан “...хохирогчтой эвлэрсэн эсэх...” нь тодорхойгүй энэ талаар баримт авагдаагүй, шүүгдэгч Э.Бд Баянгол дүүргийн прокурорын газраас 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн атал яллах дүгнэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлнэ” гэж заасныг зөрчсөн, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар санал бичсэн боловч энэ талаар хохирогчид мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хохирогчийн уг саналтай танилцаж гарын үсэг зурах эрх нь зөрчигдөж байх тул шүүгдэгч Э.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэх үндэслэлээр Э.Бд холбогдох 1705011170219 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Эрдэнэчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгч нь хуулийн агуулгыг буруугаар тайлбарлаж, хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 33.3 дугаар заалтуудыг тус тус зөрчсөн байх тул шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Шүүхийн захирамжид тодорхойлсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл нь мөн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарахгүй. Учир нь яллагдагч Э.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд “Тусгайлан” заасан гэмт хэрэг бөгөөд яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргах шаардлагагүй юм. Яллагдагч Э.Б нь “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруугаа үгүйсгээгүй, мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтанд мэдүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд яллагдагч Э.Бд хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээний талаар танилцуулж, гарын үсэг зуруулсан бөгөөд хохирогч Д.Т нь хүлээлгэх хариуцлагын талаар хүсэлт гаргаагүй учир түүнд танилцуулах шаардлагагүй гэж үзсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна” гэж заасан заалтыг зөрчсөн гэх шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хянан шийдэрлэх хүсэлт гаргасан хэрэгт хамаарах ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан ажиллагаа нь тухайлбал хүсэлт гаргаснаас хойш 14 хоног мөрдөн байцаалт явуулах, прокурор даруй буюу боломжит богино хугацаанд шүүхэд шилжүүлэх, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж зөвшөөрвөл яллах дүгнэлт үйлдэх, шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шууд тооцох, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хэргийг прокурорт буцаахаар хууль тогтоомжоор зохицуулсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн даруй, эсхүл мөрдэн байцаалтыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас хойш 14 хоногийн дотор явуулах, прокурор 24 цагийн дотор яллах дүгнэлт үйлдэх, прокурор яллах дүгнэлтэнд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичиж, яллагдагч зөвшөөрсөн эсэхээс хамаарахгүй шуүхэд шилжүүлэх, шүүх 72 цагийн дотор шийдэх, шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзах, шүүхийн тогтоол нь цагаатгах эсхүл шийтгэх 2 хэлбэртэй байхаар тус тус заасан байна.

2.Яллагдагч Э.Быг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан үндэслэлээр прокурор мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдсэн. Мөрдөгч тогтоолыг танилцуулан яллагдагчаар байцаан 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр прокурорт ирүүлснийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цаг 30 минутанд прокурор хэргийг хүлээн авч /хавтаст хэргийн ар талд дарсан прокурор хэргийг хүлээн авсан тухай тэмдэглэлд он сар тодорхой бичгдсэн/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр /24 цагийн дотор/ яллах дүгнэлт үйлдэн яллагдагчид эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналыг танилцуулан хэргийг шүүхэд хүргүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчөөгүй байна.

З.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар дээрх хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ шүүхээс шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл “Шийтгэх тогтоол”, гэм буруугүй гэж үзвэл “Цагаатгах тогтоол”-ын аль нэг эрх зүйн хэлбэрийг гаргахаар заажээ.

Гэтэл шүүхээс “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж гаргахдаа захирамжийн 4 дэх заалтад “Энэхүү захирамжид гомдол, гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүйг мэдэгдсүгэй” гэж улсын яллагч эсэргүүцэл бичих эрхийг хязгаарласан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” ...Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан олгогдсон эрхийнхээ дагуу...хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй, шүүхийн өмнө эрх тэгш байх боломжоор хангагдах үүрэгтэй” гэсэн заалтууд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийг тус тус ноцтой зөрчсөн байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дахь хэсэгт “...зөвхөн урьдчилсан хэлэлцүүлэгийн үед хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж хуульчилж өгсөн байхад мөн хуулийн 17.5 дахь хэсэгт заасан “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” хэргийг дээрх хуулийн заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан нь хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1182 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.

ХЯНАВАЛ:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Э.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж буруу дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тусгайлсан зохицуулалттай хэргийг шийдвэрлэхдээ тухайн зүйлд заагаагүй өөр шаардлага, нөхцлийг зааж /хохирогчтой эвлэрсэн эсэх нь тодорхойгүй/ хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газарт буцаасан нь үндэслэлгүй болжээ.   

Учир нь, яллагдагч Э.Б нь “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруугаа үгүйсгээгүй, мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн зэрэг нөхцөл байдал хэрэгт байна. Мөн прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүдэд заасан шаардлагуудыг хангаж 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн, мөн яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа түүнд даруй танилцуулж гарын үсэг зуруулан, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Э.Бд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх боломжтой байх тул прокурор Д.Эрдэнэчимэгийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1182 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1182 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

 ШҮҮГЧИД                                                      Н.БАТСАЙХАН

                                                                                               

Ц.ОЧ