Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1198

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

     2020        06         29                                  2020/ШЦТ/1198

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Г.Цэрэнжамц,   

нарийн бичгийн дарга Г.Хулан,

хохирогч Б.Гүрбадамын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б Бд холбогдох эрүүгийн 2006 00000 1397 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Скай Ресорт” цанын баазын Хүн театр төвийн дотор иргэн Б.Гүрбадамын нүүрэн тус газарт нэг удаа мөргөх үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/         

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 1397 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Б нь иргэн Б.Гүрбадамын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Гүрбадамын мөрдөн байцаалтад өгсөн:

“Би өөрөө нийтийн дуучин хүн буюу 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нийтийн дуучдын 15 жилийн ойн тоглолтын бичлэг Хүн төвд өглөө 09 цагаас эхэлсэн ба би 15 цагаас 18 цагийн хооронд бичлэгт  орсон. Б дотор заалнаас согтуу “ална” гээд орилоод гарч ирсэн. Тэр үед би тоогоогүй, гар утсаараа юм үзээд сууж байтал шууд гүйж ирээд үгийн зөрүүгүй миний хамар хэсэгт толгойгоороо мөргөсөн. Миний  хамраас цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,

 

Гэрч Э.Алтанхундагийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Гүрбадам бичлэгтээ ороод ивээн тэтгэгч компаниудын тарааж байсан гарын бэлгээ авах гээд үүдний хүлээлгийн танхимд буйдан дээр сууж байтал театр дотроос Болд ууртай орилж, уйлсан байдалтай гарч ирээд Гүрбадамыг буйдан дээр сууж байх үед нүүрэн тус газарт нь ямар нэгэн үгийн зөрүүгүй толгойгоороо нэг удаа мөргөсөн. Гүрбадам ёолоод нүүрээ дараад доошоо суусан. Дуучин Оюунбат ах хүрч ирээд Болдыг театрын өрөөний үүднээс аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/,

 

Гэрч Б.Оюунбатын мөрдөн байцаалтад өгсөн:

“Үүдний хэсэг рүү аваад гараад явж байх үед замдаа Гүрбадамтай таарахад Б Гүрбадам руу дайрч, уурлаж “Гүрээ чи муу босоод ир” гээд орилоод байсан. Би тухайн үед Болдын араас тэвэрчихсэн явж байсан учир Болд толгойгоороо Гүрбадамын хамран тус газарт 1 удаа мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 5855 дугаартай:

Б.Гүрбадамын биед хамрын ясны баруун хажуу хана болон хянга хэсгийн хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15/,

 

Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн арга хэмжээний үеэр манай дуучид бага зэрэг ууцгаасан юм. Энэ үеэр театрын ар талын өрөөнд байсан эмэгтэй дуучид манай эхнэр Мөнгөнцэцэгийг хүний нөхөр салгаж суусан гэх мэтчилэн элдэв үгээр дайрч, хэл амаар доромжилсон. Би эхнэрээ өмөөрч тэр дуучидтай маргалдсан. Тэр уурандаа театрын үүдний хэсэгт сууж байсан Гүрбадамын нүүрэн тус газар нь толгойгоороо 1 удаа мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 92-95/,

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 01-02/,

- Эд зүйл, баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04/,

- Хохирлын талаарх баримт /хх-ийн 86-87/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/, хувийн байдалыг тодорхойлох бусад баримт /хх-ийн 31-33/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Б нь иргэн Б.Гүрбадамын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 1.496.000 төгрөг төлсөн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн бөгөөд хохирогчийн өмгөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан.

Иймд шүүгдэгчийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй бөгөөд хохирогчийг гэмт хэргийн улмаас учирсан зардлын нотлох баримтыг бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хн Г овогт Баяраагийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг зургаан зуун далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун далан таван мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 675 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 675.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эртэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ