| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1012/Э |
| Дугаар | 1024 |
| Огноо | 2020-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Батзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 1024
2020 06 03 2020/ШЦТ/1024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч М.Батзаяа,
Шүүгдэгч А.Э, Ц.А нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С овогт Ц.А, Д овогт А.Э нарт холбогдох эрүүгийн 2006 00000 1151 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Отгонтэнгэр дээд сургуулийн урд талын явган хүний зам дээр иргэн Ц.Аийг гар, хөлөөрөө зодож тархи доргилт, баруун талын ухархайн дотор хананы этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хий хугаралт, хамар ясны зүүн хажуу хананы зөрүүтэй хугарал, таславчний мурийлт, баруун нүд, баруун зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун зүүн өвдөг, тавхайд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ц.А 2020 оны 05 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Отгонтэнгэр дээд сургуулийн урд талын явган хүний зам дээр иргэн А.Эг гараараа зодож зүүн нүдний дээд, доод зовхи, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас иргэн Ц.Аөөс гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-1/, хохирогч Ц.Аийн мэдүүлэг /хх-6-8/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5319 дугаартай дүгнэлт /хх-23-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5382 дугаартай дүгнэлт /хх-28-29/, гэрч Д.Болорцэцэгийн мэдүүлэг /хх-13-14/, гэрч О.Ган-Эрдэнийн мэдүүлэг /хх-17-18/, гэрч Э.Үүрийнцолмонгийн мэдүүлэг /хх-19-20/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Отгонтэнгэр дээд сургуулийн урд талын явган хүний зам дээр иргэн Ц.Аийг гар, хөлөөрөө зодож тархи доргилт, баруун талын ухархайн дотор хананы этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хий хугаралт, хамар ясны зүүн хажуу хананы зөрүүтэй хугарал, таславчний мурийлт, баруун нүд, баруун зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун зүүн өвдөг, тавхайд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ц.А 2020 оны 05 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Отгонтэнгэр дээд сургуулийн урд талын явган хүний зам дээр иргэн А.Эг гараараа зодож зүүн нүдний дээд, доод зовхи, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Иргэн Ц.Аөөс гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-1/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Аийн өгсөн “...Би 2020 оны 05 дугаар сарын 02-ны шөнө 03 цагийн орчим гэрлүүгээ харих гээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Отгонтэнгэр их сургуулийн баруун талд зүүн тийшээ гудамжинд явж байхад урдаас 20-25 орчим насны 2 эмэгтэй хүн хажуугаар явж байхад араас 20-25 насны 2 залуу урдаас ирж яваад надтай зөрөхдөө нэг залуу нь намайг мөрлөхөөр яаж байна гэхэд үгний зөрүү байхгүй нүүр рүү цохихоор нь би зөрүүлээд цохьсон чинь хамт явж байсан нэг залуу нь намайг заамдаж аваад бариад авсан чинь нөгөө залуу миний нүүр рүү цохиод байсан. Тэгээд намайг татаж унагаад би доошоо харчихсан байхад гудамжаар урд нь явж байсан 2 охин ирж салгаад намайг зодож байсан 2 залуутай хамт явсан. Тэгээд надад тэр 2 охин манай 2 найз байгаа юм гэж хэлсэн...” /хх-6-8/ гэх мэдүүлэг
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5319 дугаартай дүгнэлтэд:
1.Ц.Аийн биед тархи доргилт, баруун талын ухархайн дотор хананы этмойд хөндийрүү цөмөрсөн хугарал, хий хугаралт, хамар ясны зүүн хажуу хананы зөрүүтэй хугарал, таславчний мурийлт, баруун нүд, баруун зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун зүүн өвдөг, тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх шинэ гэмтлүүд байна. /хх-23-24/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Эгийн өгсөн “...Өөдөөс нэг ах хүрч ирж байсан. Миний хажуугаар зөрөөд гарахад нь зүүн талын мөрийг нь санамсаргүй мөрөлчихсөн. Нөгөө ах руу эргээд харсан чинь үгийн зөрүүгүй миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь баруун гараараа шанаа хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр бие биенээ хэд хэдэн цохисон...” /хх-11-12/ гэх мэдүүлэг
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5382 дугаартай дүгнэлтэд:
1.А.Эгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, дагзны хуйханд цус хурал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний алимны салсал цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
5.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.
6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-28-29/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Болорцэцэгийн өгсөн “...Үүрийнцолмон бид хоёрын зүүн талаар нэг ах зөрөөд гарсан тэгсэн ард талд чимээ гарахаар нь эргээд харсан чинь Эрдэнэсүрэн бид хоёрын хажуугаар гарсан ахтай маргалдчихсан зогсож байсан. Тэгэхээр нь гялс очоод Эрдэнэсүрэн ахыг аваад холдуулсан...” /хх-13-14/ гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ган-Эрдэнийн өгсөн “...Эрдэнэсүрэнгийн зүүн талаар нэг залуу зөрсөн зөрөхдөө тухайн залуутай мөргөлдчихсөн тэгсэн Эрдэнэсүрэнтэй мөргөлдсөн залуу эргэж хараад нэг үг хэлсэн яг юу гэж хэлснийг мэдэхгүй байна. Нөгөө залуу Эрдэнэсүрэнгийн нүүрлүү нь гараараа цохисон зөрүүлээд Эрдэнэсүрэнгийн нүүрлүү нь цохисон. Тэгээд тэр хоёр бие биетэйгээ зодолдсон зууралдаад эхлэхээр нь нь би салгах гээд голоор нь ороод салгасан. Эрдэнэсүрэнг Болорцэцэгт өгөөд нөгөө залуугаас холдуулсан. Тэгсэн нөгөө залуу намайг шууд гараараа боогоод газар унагасан би доошоо ухаан балартаад уначихсан. Нэг мэдсэн чинь манай найз охин Үүрийнцолмон намайг сэрээж байсан...” /хх-17-18/ гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Үүрийнцолмонгийн өгсөн “... Тэгсэн ард хүмүүс маргалдах чимээ гарахаар нь бид хоёр алхаж байгаад эргээд харсан чинь бид хоёрын хажуугаар зөрж гарсан ах Эрдэнэсүрэнтэй бие биенээ заамдаад авчихсан Ган-Эрдэнэ нь хажууд нь хараад зогсож байсан. Бид хоёр очиж байх явцад Эрдэнэсүрэнг нөгөө ахын нүүр рүү нь цохисон. Тэгээд хоорондоо бие биенээ цохисон Болорцэцэг бид хоёр салгасан. Салгаж холдуулчихаад Болорцэцэгт Эрдэнэсүрэнг өгөөд цаашаа явуулсан. Эргээд харсан чинь нөгөө ах Ган-Эрдэнийн хоолойг боочихсон байсан. Ган-Эрдэнэ ухаан балартаад доошоо унасан би очоод Ган-Эрдэнийг алгадаж сэрээсэн. Энэ үед Эрдэнэсүрэн нөгөө ахтай буцаад зууралдчихсан байсан. Дахиад бие биенээ цохиод зодолдоод байсан. Хоёулаа газар өнхрөлдөөд унасан. Тухайн үед шорттой байсан учраас хоёр хөл нь шалбарчихсан байсан...” /хх-19-20/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөний 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Отгонтэнгэр дээд сургуулийн урд талын явган хүний зам дээр иргэн Ц.Аийг гар, хөлөөрөө зодож тархи доргилт, баруун талын ухархайн дотор хананы этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хий хугаралт, хамар ясны зүүн хажуу хананы зөрүүтэй хугарал, таславчний мурийлт, баруун нүд, баруун зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун зүүн өвдөг, тавхайд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ц.А 2020 оны 05 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөний 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Отгонтэнгэр дээд сургуулийн урд талын явган хүний зам дээр иргэн А.Эг гараараа зодож зүүн нүдний дээд, доод зовхи, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Э, Ц.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч А.Э, Ц.А нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч А.Э, Ц.А нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Э, Ц.А нар нэхэмжлэх зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч А.Э, Ц.А нарыг хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг тус бүр оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Э, Ц.А нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Ц.А, шүүгдэгч Д овогт А.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э, Ц.А нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар А.Э, Ц.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд тус тус 150.000, 150.000, 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Э, Ц.А нарыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, А.Э, Ц.А нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.Э, Ц.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Э, Ц.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА