Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 595

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн  хүсэлттэй Цэгмидийн Батсүх /РД:ЧН66080119/-ийг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийг төлөөлж, цагдаагийн ахмад Б.Дэлгэрхангай, гуравдагч этгээд Ц.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн ахмад Б.Дэлгэрхангай нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 17-р хороо, 36а байрны 96 тоотод оршин суугч Цэгмидийн Батсүх нь байнгын архидан согтуурч удаа дараа тус хэлтсийн саатуулах байранд саатуулагдаж байсан ба гэр орондоо агсам согтуу тавьж түгшүүр төрүүлдэг хүмүүсийн бүртгэлд байдаг бөгөөд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрдаг тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архины албадан эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй гэв.

      ҮНДЭСЛЭХ нь:

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь Ц.Батсүхийг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргажээ.

Ц.Батсүх нь архины шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэг өвчтэй буюу согтуурах, мансуурах донтой өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, байнга архидан согтуурч, нийгмийн хэв журмыг удаа дараа зөрчсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлтийг хүлээн авч, гуравдагч этгээд Ц.Батсүх архины албадан эмчилгээнд явах хүсэлт, Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Ц.Батсүхийг  архины албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар Цэгмидийн Батсүх /РД:ЧН66080119/-ийг архины албадан эмчилгээнд явуулсугай.

2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д зааснаар албадан эмчилгээний хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.

4. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Ц.Батсүхийг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Баянгол  дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ                                        Х.ЭНХЗАЯА