Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 147

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Э.Ж  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ж д холбогдох эрүүгийн 2015000000133 дугаартай, 163/2020/0137/Э индекстэй хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогтой Э.Ж.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ж ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ж ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохиролд 1600000 төгрөг бэлнээр өгсөн. Миний буруу, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг, эрүүгийн 2015000000133 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ж  нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын 1 дүгээр багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хохирогч Э.Э тай хувийн тааламжгүй харилцаа үүсгэн маргах явцдаа түүний цээжин тус газарт хутгаар хатгаж цээжний зүүн дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний арьс, өөхөн эд, булчин завсрын хий хуралт, зүүн 2 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Э.Э ын өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Ж той тааралдаад “Баяннуур сум орж бензин авах гэж байна” гэж хэлэхэд Ж  “цуг явна” гээд суугаад явсан. Бид хоёр Баяннуур сум ороод колонкоос бензин аваад дэлгүүр орж 1 шил “Алтан түрүү” нэртэй архи, 2 ширхэг том “Нийслэл” пиво аваад сумаас гараад “Борогчингийн гүүр” дээр ирээд нэг том пивоо задлаад хувааж уусан. Дахин нэг пивоо задлаад талд нь оруулаад цаашаа хөдлөөд “Ж ” гэх газар байсан гэрийнхээ ойролцоо байдаг Ө  гэдэг айлд очоод үлдсэн архи, пивоо уугаад дууссан. Тэгээд манай эхнэр М  ирээд загнаад байсан ба би шээх гээд гадаа гарсан. Тэгэхэд гэр дотроос Ж  хэрүүл хийж гарч ирээд намайг эргэхэд хутгаар хатгасан” гэх мэдүүлэг /хх-14 тал/,

Гэрч М.Ө ын өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байхад манай ойролцоо байдаг Э  гэх залуу, Ц  гэх залуугийн хамт их согтсон байдалтай манайд орж ирээд байж байхад Э ын эхнэр араас нь удахгүй ирээд “чи намайг хонин дээр явган үлдээгээд архи уугаад явчихлаа” гэж загнаад байсан. Манай хонь айлын хоньтой нийлсэн болохоор би ялгах гээд явсан. Нэлээн байж байгаад ирэхэд Э  цээжээ дараад байж байсан” гэх мэдүүлэг /хх-16 тал/,

Гэрч Ж.Б ын өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 26-ны оройхон эмнэлэг дээр “хутгаар хатгуулсан хүн ирсэн байна” гэхээр нь ирээд үзэхэд манай сумын Хараат багийн малчин Э гийн Э  гэдэг залуу зүүн эгэмнийхээ доор зүсэгдсэн шархтай байсан. Уг шарх нь 4 см өргөнтэй, гүн нь мэдэгдэхгүй байхаар нь биед үзлэг хийгээд дээд шатлалын эмнэлэгт онош тодруулах шаардлагатай гээд Улаанбаатар хот руу явуулсан” гэх мэдүүлэг /хх-17 тал/,

Гэрч Б.М гийн өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн үед Э  бид хоёр Б  ахынд байж байгаад Э  сумын төв рүү орж “бензин аваад ирье” гэж яваад ирэхгүй байсан ба урд талын айл болох Ө  гэдэг ахын гадаа Э ын мотоцикль харагдахаар нь очсон чинь Э , Ж  хоёр нилээн согтсон байдалтай байж байсан. Тэгэхээр нь “би яагаад архи уугаад байгаа юм” гэхэд дуугараагүй. Удалгүй Э ыг “бие засаад ирье” гээд гарсан хойгуур Ж  хутга барихаар нь би айгаад гараад гүйсэн. Тэгээд гадаа бие засаж байсан Э ын зүүн хөхний дээхэн талд хатгачих шиг болсон. “Ойртвол ална шүү” гэж хэлсэн. Би их айсан ба хониндоо явсан айлын ах, эгч хоёр руу гүйгээд хашгирсан. Тэгэхэд Ж  мотоциклио унаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон: “Э.Э ын цээжний зүүн дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний арьс, өөхөн эд, булчин завсрын хий хуралт, зүүн 2 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6527 дугаартай дүгнэлт /хх-24-25 тал/,

Шүүгдэгч Э.Ж ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн:

“....Э  бид хоёр Ө ынд очих замдаа “Боргочины гүүр” дээр зогсоод Нийслэл нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво хувааж уугаад очсон. Э  надтай эхнэрээ хардахаар нь бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Э  бие засах гээд гарсан. Би ширээн дээрээс бор өнгийн модон иштэй хутга аваад Э ын араас гарсан. Э  бие засчихаад эргээд харахаар нь би гартаа барьсан хутгаараа Э ыг хатгасан. Яг хаана нь хатгасанаа санахгүй байна. Би тасарсан байсан. Э , Ө ынх руу гүйгээд орохоор нь би мотоциклио унаад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-45-46 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Э ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.Ж ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Э , гэрч Б.М , М.Ө , Ж.Б  нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Э.Ж ын үйлдэл идэвхтэй, хохирогч Э.Э ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Э.Ж  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Э.Э  нь гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.Ж  нь хохирогч Э.Э ын гэм хорын хохиролд 1.600.000 төгрөгийг төлснөөр санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Ж ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Э.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Ж ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Ж  нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 29-40 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.Ж  нь урьд ял шийтгүүлж байгаагүй, Булган аймгийн Дашинчилэн сумын ...  аав, ээж, дүүгийн хамт амьдардаг зэрэг түүний хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсгийн урт 15.5 см, бариул хэсэг 11 см, нийт 26.5 см урттай, хүрэн өнгийн модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгаж, түүнд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогтой Э.Ж ыг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Э.Ж ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсгийн урт 15.5 см, бариул хэсэг 11 см, нийт 26.5 см урттай, хүрэн өнгийн модон иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.
  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ЦЭРЭНХАНД