Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 148

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Иргэний нэхэмжлэгч Б.Б ,

Шүүгдэгч Д.Ш , Ш.Н , Ш.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ш , Ш.Н , Ш.Д  нарт холбогдох эрүүгийн 2015000000111 дугаартай, 163/2020/0138/Э индекстэй хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, О  овогт Д.Ш,

Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, О  овогт Ш ын Н ,

Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Орхон аймгийн ... цахилгаанчин ажилтай, О  овогт Ш ын Д.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ш , Ш.Н , Ш.Д  нарыг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Баян-Агт сумын “Х” ард “И ” гэх газраас Н.М ийн 2 тооны адууг хулгайлж 2.400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ш ын өгсөн: Энэ хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохиролд 2.400.000 төгрөг төлсөн. Дахин ийм хэрэг хийхгүй. Хураагдсан эд зүйлүүдийг маань буцаан олгож өгнө үү гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Н ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Д ийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Б ын өгсөн: Ш.Н  нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр унаж явах нөхцөлтэйгөөр “Sonata 6” загварын тээврийн хэрэгслийг барьцаалж 1.800.000 төгрөгийн зээл авсан. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 191000 төгрөг төлсөн. 4 сарын төлбөрөө төлөөгүй. 100 гаруй хоногийн хугацаа хэтрэлттэй. Зээлийн гэрээний 2.13-т заасны дагуу барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг авах хүсэлтэй байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015000000111 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Ш , Ш.Н , Ш.Д  нар нь ашиг хонжоо олох зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр  иргэн Н.М ийн Булган аймгийн Баян-Агт сумын сумын Х урд хэсэгт буюу “И ” гэх газар бэлчээрт байсан адуунаас халтар зүсмийн том, жижиг хоёр адууг өмчлөгчид нь мэдэгдэхгүй, нууц, далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулсан үйлдлээрээ 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан адуу болон нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-6 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмлэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9 тал/,

Хохирогч Н.М ийн өгсөн: “Би 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн нутаг “И ” гэх нэртэй газарт байсан зурвас халзан хүрэн азаргатай адуугаа бүртгэж үзэхэд миний халтар зүсмийн 2 тооны морь байхгүй байсан. Тэгээд би уг хоёр адуугаа олон удаа хайж үзсэн боловч олдохгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний морь хоёулаа халтар зүстэй ах, дүү  хоёр байгаа юм. Хоёулаа адилхан буруу талын гуян дээрээ сэрээтэй дөл тамгатай, багийн засаг тамга болох 0401 гэсэн тамгатай, ах халтар нь 14 настай бүдүүн морь, буруу чих нь үл ялим догол имтэй, жижиг халтар нь им байхгүй, хоёулаа хөхөлтэй, хуучин дэлтэй. Манай адуу Баян-Агт сумын Халтар багийн нутгаар ихэвчлэн бэлчдэг, заримдаа Дулаанхаан багийн нутгаар бэлчдэг” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,

“...Миний хоёр адууг хулгайлсан хүнийг цагдаагийн байгууллага олж өгсөн. Уг хүмүүс нь Баян-Агт сумын Шарга багийн иргэн Ш  болон түүний хоёр хүү байсан байна лээ. 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр цагдаа дээр надтай уулзаад уучлалт гуйж, хохирол 2400000 төгрөгийг төлж хохирлыг бүрэн барагдуулсан. Адууг туухдаа морьтой явсан гэж хэлсэн. Гэхдээ ямар зүсмийн морь унасныг би мэдээгүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-23-24 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б ын өгсөн: “...Манай байгууллагын эзэмшилд буюу барьцаанд тавьсан байсан **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх шалтгаанаар Цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн байсан. Уг тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын эзэмшлийнх тул улсын орлого болголгүй байгууллагадаа авч үлдэх хүсэлтэй байна. Өнөөдрийн байдлаар 1.960.080 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. ... гэх мэдүүлэг /хх-29 тал/,

 “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28ны өдрийн №210055 дугаартай: “**-** ОРХ улсын дугаартай 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2015 онд Монгол улсад орж ирсэн “Hyundai Sonota-6” тээврийн хэрэгслийн үнэ 5 981 667 төгрөг” гэх дүгнэлт /хх-43-48 тал/,

Алдагдсан малын зах зээлийн үнэлгээ тогтоосон 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн: “6 настай, хоёр тооны бүдүүн морь нэг нь 1200 000 төгрөг, нийт 2400000 төгрөг” гэх дүгнэлт /хх-61-66 тал/,

“Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 12ны өдрийн №210074 дугаартай: “4 настай, бор, хул зүсмийн 2 тооны морь нэг бүр нь 900000 төгрөг, нийт 1800000 төгрөг” гэх дүгнэлт /хх-43-48 тал/,

Шүүгдэгч Д.Ш ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Прокурорын тогтоолтой танилцлаа. Ямар нэг санал хүсэлт байхгүй. Яллагдагчаар татсан тогтоолтой санал нийлж байна. ...20 цагийн орчимд том хүү Н , дунд хүү Д  нар нь миний зааж өгсөн Х урд талд байсан 20 гаран тооны адууг тууж гэрт авчирсан. Тэгээд дунд хүү Д  хоолоо идчихээд унтаад өгсөн. Үүнээс хойш Н  бид хоёр адууг хашиж барьж аваад гэрийнхээ баруун талын мал гаргадаг газарт хоёр адууг төхөөрч янзалсан. Маргааш өглөө нь хоёр адууныхаа махыг том хүү Н тай хамт “Sonata 6” загварын тээврийн хэрэгсэлд ачаад Баян-Агт сумын төв рүү явсан.

Харин дунд хүү Д  гэртээ малаа хараад үлдсэн. Тэгээд би том хүү Н тай цуг Баян-Агт сумын төвөөс малын гарал үүслийн гэрчилгээ аваад хэсгийн төлөөлөгч дээр хянуулчихаад Орхон аймагт очиж хоёр адууныхаа махыг зарсан. Одоо хаана ямар ченжид өгснөө санахгүй байна. Том хүү Н  нь адуу тууж ирсэн. Би адуу байгаа газрыг зааж өгсөн. Мөн адууг хашиж улмаар төхөөрч Орхон аймагт оруулж зарсан. Харин манай дунд хүү Д  нь болохоор адуу туулцаж ирсэн. Ирээд шууд гэртээ ороод хоол идчихээд унтаад өгсөн. Учир нь тухайн өдөр ээлжнээс буусан гэж байсан. Адуу туухад хул, бор морьдыг унаж явсан. Мөн тухайн үед нэг нь хазаартай, нөгөө нь ирмэнээр хийсэн ногттой байсан. Мөн мал гаргаж төхөөрөхдөө хөх иштэй хутгыг ашигласан. ...” гэх мэдүүлэг /хх-95-96 тал/,

Шүүгдэгч Ш.Н ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймагт гэртээ байж байгаад өөрийн төрсөн дүү болох Д ийн хамтаар Булган аймгийн Баян-Агт суманд байрлах өөрийн төрсөн аав Ш ынх руу явахаар болсон. Тэгээд өөрийн эзэмшлийн **-** ОРХ улсын дугаартай “Sonata 6” загварын тээврийн хэрэгслээр өөрийн дүү Д ийн хамтаар хоёулаа 12 цагийн орчимд Орхон аймгаас хөдөлсөн. Тэгээд би ойролцоогоор Баян-Агт суманд аав Ш ынд 15 цагийн орчимд очсон. Би аавтай мөнгөний хэрэг байгаа талаар ярьсан. Тэгээд мөнгө олдохгүй байгаа талаар хэлээд адуу хулгай хийхээр ярьж тохирсон. Би өөрийн дүү Д ийг дагуулаад 21 цагийн үед аав Ш ын зааж өгсөн буюу Х урд талд байрлах 20 гаран тооны адууг тууж гэртээ авчирсан. Тэгээд тухайн адуунаас харж байгаад 2 тооны морь байхаар нь аав Ш ын хамтаар барьж аваад төхөөрч  00  цагийн  орчимд дууссан. Тэгээд маргааш өглөө нь өөрийн **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2 тооны адууны мах ачаад Баян-Агт сумын төв орж гарал үүслийн бичиг авсан. Тэгээд захиргаа орж гарал үүслийн бичгээ баталгаажуулах гээд явж байтал хэсгийн төлөөлөгч Ш.М тай таарсан. Надад хэлэхдээ гарал үүслийн бичиг болон зургийг нь харуулаад яваарай гэхээр нь Баян-Агт сумаас гарахдаа шалгуулчихаад гарсан. Тэгээд Орхон аймагт ирээд адууны махаа нэг ченжид зарсан. ...” гэх мэдүүлэг /хх-102-103 тал/,

Шүүгдэгч Ш.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би ажлаасаа буугаад гэртээ буюу Орхон аймаг дахь гэртээ ирэхэд манай төрсөн дүү Н  утсаар залгаад “хөдөө аавынх руу явчихаад ирье, аав мал хараад өг гээд байна” гэж хэлсэн. Ах Н  бид хоёр Орхон аймгаас ойролцоогоор өдрийн 12 цагийн орчимд ахын машинтай хөдөлсөн. Тэгээд Булган аймгийн Баян-Агт сумын 1 дүгээр багийн “Шарга” гэх газарт оршин суух аав Ш ынд 15 цагийн орчимд очсон. Аав Ш  гэртээ ганцаараа байсан. Тухайн үед манай ээж Саранцэцэгийн бие нь өвдөөд Орхон аймагт хэвтэж эмчилгээ хийлгэж байсан юм. Тэгээд мал хараад байж байгаад орой 21 цагийн орчимд манай ах Н  намайг “хамт адуунд явчихаад ирье” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч хул морийг унаад хамт явсан. Н  нь бор морь унаад явсан. Тэгээд аав Ш ын гэрээс ертөнцийн зүгээр баруун урд хойд зүгт Хануй гол гараад ойролцоогоор 3 киломер яваад 20 гаруй тооны бараан зүсмийн адуунууд байсан. Тэгээд ах Н ын хамтаар тухайн адуунуудыг тууж гэрийн гадаа авчирч гэртээ орж хоолоо идчихээд унтаж амарсан. Харин аав Ш , ах Н  нар нь тухайн адуунуудыг хашиж байгаад 2 тооны адуу барьж аваад төхөөрч янзалсан гэж маргааш өглөө нь надад хэлсэн. Тэгээд аав, ах хоёр Баян-Агт сумын төв орж гарал үүслийн бичиг аваад шууд Орхон аймаг явна гэж хэлж байсан. Тухайн үед би гэртээ ганцаараа малаа хараад үлдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-109-110 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг бөгөөд “мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч нарын бусдын малыг бэлчээрээс, гэртээ авчирч өөрийн үзэмжээр захиран зарцуулж буй үйлдэл идэвхтэй, өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн иргэн Н.М өд хоёр тооны морь буюу 2400000 төгрөгийн хохирол учирсан нь “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №210055 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх ба хохирогчийн “...2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Н  надад 2400000 төгрөгийг өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр хохирлыг бүрэн төлсөн, мөн шүүхийн шатанд хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Д.Ш , Ш.Н , Ш.Д  нарын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бусдын 2 тооны адуу хулгайлсан энэ үйлдэл бусдын мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд энэ гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдсэн байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 16ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн зарчимд нийцсэн байна.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Ш , Ш.Н , Ш.Д  нарын бусдын мал хулгайлсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Ш , Ш.Н , Ш.Д  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ш , Ш.Н , Ш.Д  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Ш , Ш.Н , Ш.Д  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-116, 119, 123/ болон бусад хувийн байдлын талаарх нотлох баримтуудад дүгнэлт хийж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн зэрэг шүүгдэгч нарын хувийн болон  хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Мөрдөгчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга бор болон хул зүсмийн хоёр морь, түүний дагалдах хэрэгсэл болох төмөр дөрөөтэй, энгийн элэгдэж хуучирсан модон эмээл, эсгий тохом, суран хазаар, мяндсан хазаар, сур болон даавуун материалаар хийсэн ногт тус бүр нэг ширхэгийг шүүгдэгч Д.Ш аас хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Харин **-** ОРХ улсын дугаартай, “Sonata 6” загварын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй, хулгайн эд зүйлийг зарж борлуулах явцад уг тээврийн хэрэгслээр зөөж тээвэрлэсэн нь нотлогдож байх тул Булган аймгийн Автотээврийн төвийн тодорхойлолт /хх-129/, зээлийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-131-134/ зэрэг нотлох баримтад үндэслэн битүүмжлэлийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг “Авто Прайм” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын эзэмшилд үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хөх өнгийн иштэй элэгдэж хуучирсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ш , Ш.Н , Ш.Д  нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О  овогт Д.Ш , О  овогт Ш ынН , О  овогт Ш ын Д  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Ш , Ш.Н , Ш.Д  нарыг тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш , Ш.Н , Ш.Д  нарт зан үйлээ засах; оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Ш , Ш.Н , Ш.Д  нарт сануулсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгтзаасныг журамлан мөрдөгчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн бор, хул зүсмийн хоёр морь, төмөр дөрөөтэй, энгийн элэгдэж хуучирсан модон эмээл, эсгий тохом, суран хазаар, мяндсан хазаар, сур болон даавуун материалаар хийсэн ногт тус бүр нэг ширхэгийг шүүгдэгч Д.Ш аас хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн иштэй, элэгдэж хуучирсан хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.
  7. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ш , Ш.Н , Ш.Д  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ш , Ш.Н , Ш.Д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ЦЭРЭНХАНД