| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00864/И |
| Дугаар | 119 |
| Огноо | 2017-01-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 119
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1 дүгээр 64 айлын орон сууцны 07 тоотод оршин суух, 1952 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЮ52070117, Ургаа овогт Санжийн Даваажавын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Бадрахын гудамж, 4 айлын орон сууцны 04 тоотод оршин суух, Хасгаа овогтой Сүхбаатарт холбогдох,
3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Даваажав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2012 оны 5 дугаар сард иргэн Ц.Гантөмөр нь манайд ирж “Би Архангай аймаг явж адуу худалдан авч зарахаар явж байна. Та мөнгөтэй бол надтай адууны наймаа хийж ашиг олж аваач” гэж хэлсэн. Би тухайн үед мөнгөтэй, мөн завтай байсан тул Ц.Гантөмөрийг дагаж Архангай аймаг адуу авахаар явсан. Бид хамт яваад Архангай аймгийн Их тамир суманд очоод “Адуугаа цуглуулъя, та адуу авах мөнгөө надад өг” гэхээр нь би эхнэр Басантай ярьж Ц.Гантөмөрийн дансанд 9.000.000 төгрөг шилжүүлж өгсөн юм. Тэгээд адуугаа аваад Увс аймагт ирсний дараа таны 3.000.000 төгрөгт 7 адуу авсан. 6.000.000 төгрөгийг адуу авахаар хүнд өгсөн гэж хэлсэн. Удалгүй худалдаж авсан адуу нь хулгайн адуу байсан нь илэрч, цагдаагийн байгууллагаар Ц.Гантөмөр нарын хүмүүс шалгагдаад явж байгаад хэрэгсэхгүй болсон. Тухайн үед би Ц.Гантөмөрт адуу авахаар 9.000.000 төгрөг өгсөн талаар хэлж, мөнгөө буцааж авахаар нэхэж байсан боловч Ц.Гантөмөр нь миний мөнгийг буцааж өгөөгүй. Харин “Таны мөнгөнөөс 3.000.000 төгрөгт адуу авсан, 6.000.000 төгрөгийг нь адуу авахаар хүнд өгсөн” гэж хэлсэн. Ингээд би адуу ч үгүй, мөнгө ч үгүй болчихоод Ц.Гантөмөрөөс удаа дараа 9.000.000 төгрөгөө шаардаж байсан. Тухайн үед миний 3.000.000 төгрөгөөр авсан 7 адууг хэн авсныг би мэдээгүй бөгөөд Архангай аймгаас авч ирсэн 40-өөд тооны адууг “Арвижих Увс” ХХК-ийн захирал Х.Сүхбаатар гэдэг хүн өөрийнхөө адуу авахаар өгсөн мөнгөнд авсан талаар сонсож байсан. 2016 оны 8 дугаар сард би Ц.Гантөмөрөөс 9.000.000 төгрөгөө нэхэмжилж, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад Ц.Гантөмөр нь “Би танд 6.000.000 төгрөг өгнө, харин таны 3.000.000 төгрөгөөр авсан 7 адууг “Арвижих Увс ХХК-ийн захирал Х.Сүхбаатар авсан болохыг би баталж байна, та тэр хүнээс 3.000.000 төгрөгөө нэхэмжилж ав” гэсний дагуу би Ц.Гантөмөрөөс авах ёстой 9.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг хасаж, 6.000.000 төгрөг гаргуулж авахаар шүүгчийн захирамж гарсан юм. Иймд “Арвижих Увс” ХХК-ийн захирал Х.Сүхбаатараас 3.000.000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Х.Сүхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Х.Сүхбаатар миний бие Ц.Гантөмөрөөр адуу авахуулсан. Би С.Даваажавтай худалдаа хийсэн бол шүүх гэхгүйгээр мөнгийг нь тэр дор нь барагдуулж чадах байсан. Гэвч худалдаа хийгээгүй учир Ц.Гантөмөр уг хохирлыг нь барагдуулж өгөх байх” гэжээ.
Нэхэмжлэгч С.Даваажав шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Х.Сүхбаатараас 3.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Даваажав нь хариуцагч Х.Сүхбаатарт холбогдуулан 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Даваажав нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч С.Даваажавын 2011 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч С.Даваажав нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөг төлсөн ба тал хувь болох 31.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 31.475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Даваажавд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.Даваажав нь хариуцагч Х.Сүхбаатарт холбогдуулан 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 31.475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Даваажавд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР