Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 151

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч М.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б  овогт М.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015001180116 дугаартай, 163/2020/0140/Э индекстэй хэргийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Б  овогт М.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б  нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Сэлэнгэ сумын ... гэх газраас 4.1977 м3 хэмжээтэй шинэс төрлийн, хуурай, түлээний мод бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай Hyundai porter маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй Орхон аймгийн Баян-Өндөр сум руу тээвэрлэж байгаль экологид 251.862 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

2015001180116 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Иргэний нэхэмжлэгч С.Х ын өгсөн: “...Манай сумаас хууль бусаар мод тээвэрлэсэн гэдгийг сая мэдэж байна... би байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч А.Г гийн өгсөн: “... 2019 онд Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг И  гэх газарт мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдсэн... М.Б  нь надаас 2019 онд мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй... би өөрийн хариуцсан Сэлэнгэ сумын 3, 4 дүгээр багт түлээний модны эрхийн бичгийг ганцаараа бичдэг. Өөр бичдэг хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41дүгээр хуудас/,

Яллагдагчаар М.Б  өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг И  гэх газар луу ганцаараа **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй модонд явсан юм. Би ууланд очоод нийт 1.50 м урттай 30 гаран ширхэг шинэс төрлийн хуурай мод бэлтгээд тээврийн хэрэгсэл дээр ачаад Орхон аймар руу явсан. Би явсаар байгаад Орхон аймаг руу ороод Орхон аймгийн нутаг дэвсгэрт цагдаад баригдаж саатуулагдсан... мод бэлтгэхдээ цахилгаан хөрөө ашигласан, тухайн үед мод бэлтгэхдээ ямар нэг зөвшөөрлийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 5-6 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-29, 32-33 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, тогтоол /хх-ийн 22-25 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 57-58  дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой зааж тусгана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг шаарддаг.

  Шүүгдэгч М.Б  нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж “И ” гэх нэртэй газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 4.1977 м.куб хэмжээтэй шинэс төрлийн, хуурай, түлээний мод бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай Hyundai porter маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй Орхон аймгийн Баян-Өндөр сум руу тээвэрлэж болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр уг газраас хэрэгцээний мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй болох нь нотлогдсон.

Иймд шүүгдэгч М.Б гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүх шүүгдэгч М.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б гийн үйлдлийн улмаас ойн санд 251.862 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч С.Х ын мэдүүлэг зэргээр, мөн экологи эдийн засгийн үнэлгээгээр уг хохирлыг 3 дахин төлүүлдэг хууль журмыг баримтлан учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б  зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх үйлдлийн улмаас ойн санд нийт 251.862 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч энэхүү учруулсан хохирлоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 755586 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Б гээс 755.586 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь ******* тоот дансанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч М.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар М.Б  нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд тоног төхөөрөмж ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд гар цахилгаан хөрөө нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч М.Б д холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 72.000 төгрөгний үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Булган аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд битүүмжлэгдсэн 4.1977 м3  буюу 36 шинэс төрлийн, хуурай, түлээний мод, **-** БУЛ улсын дугаартай Hyundai porter маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийн үнэ 3.200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн **-** БУЛ улсын дугаартай Hyundai porter маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч М.Б  нь иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б  овогт М.Б г зохих зөвшөөрөлгүйгээрхууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч М.Б г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснааршүүгдэгч О.Батбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-дзааснаар шүүгдэгч М.Б гээс 755.586 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь ******* тоот дансанд шилжүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэдзааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 72.000 төгрөгний үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Булган аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд битүүмжлэгдсэн 4.1977 м3  буюу 36 шинэс төрлийн, хуурай, түлээний мод, **-** БУЛ улсын дугаартай Hyundai porter маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3.200.000 төгрөгийг шүүгдэгчээс тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  6. Шүүгдэгч М.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчинтөгөлдөр болтол шүүгдэгч М.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэдзааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-тзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН