Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 125

 

    Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын Суврага багт оршин суух, 1961 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, РД:ОО61071671, Борлууд овогт Цэвээний Жигдэнгомбын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бүргэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Ц.Жигдэнгомбо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1961 онд төрсөн, 55 настай, ам бүл 6. Би 1976 онд 8 дугаар анги төгсөөд тракторын курсэд сууж, 1978 оны 7 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллаж байгаад 1979 оны 7 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд “Таван Тэс” ХК-д тракторчноор тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж байгаа бөгөөд бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, тухайн үед ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1978 оны 7 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд “Таван Тэс” ХК-д тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бүргэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Жигдэнгомбо нь 1976 онд 8 дугаар анги төгсөөд тракторын курсэд сууж, 1978 оны 7 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллаж байгаад 1979 оны 7 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд “Таван Тэс” ХК-д тракторчноор тус тус ажилласан. Тэрээр хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон ажлаас гарсан тушаалуудаа үрэгдүүлсэн тул шүүхэд хандсан. Иймд Ц.Жигдэнгомбын 1978 оны 7 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд “Таван Тэс” ХК-д тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Ц.Жигдэнгомбо нь Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1978 оны 7 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал тракторчноор, Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор, “Таван Тэс” ХК-д 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:  

1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргаж ирүүлсэн цалингийн тодорхойлолтод: Цэвээний Жигдэнгомбын Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй, “Таван Тэс” ХК-иудад 1978 оны 7 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал, 1982 оны 7 дугаар сарааас 1994 оны 7 дугаар сарыг дуустал тракторчноор ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн бичжээ,

2. Итгэмжлэл,

3. 1982 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Ц.Жигдэнгомбод олгосон тракторч-машинчийн үнэмлэх, 

4. Ц.Жигдэнгомбын 1987 оны намар “Хадлангийн ажил дууссаны дараа Тэс сумын төв дээр тракторын өмнө авахуулсан фото зураг, 

5. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр гаргаж ирүүлсэн 2 тоот “Тэжээлийн аж ахуй” УҮГ нь 1991 оны 12 дугаар сарын 28-нд “Таван тэс” ХК болж өөрчлөгдөж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа,

6. Гэрч Ж.Гэндэнгийн шүүхэд өгсөн: “Би Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1977 оны 7 сараас 1992 он хүртэл ажиллаад, 1992 оноос 1994 оны зун 8 сар хүртэл “Таван Тэс” ХК-д тасралтгүй тракторчноор ажиллаж байсан. Ц.Жигдэнгомбо нь 1978 оноос эхлэн манай Тэжээлийн аж ахуйн тракторчнаар ажилд орж 1979 он хүртэл ажиллаад, 1979-1982 оны хооронд цэргийн алба хааж ирээд үргэжлүүлэн Тэжээлийн аж ахуйд 1991 оныг 12 дугаар  сарыг дуустал тракторчнаар, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал “Таван Тэс” ХК-д тус тус тракторчнаар ажиллаж байсан юм. Манай байгууллага нь 5 бригад, 3 тусгай салаанаас бүрддэг, 120 гаруй ажилчинтай байлаа. Би тухайн үед хадлангийн 1 дүгээр бригадад, Ц.Жигдэнгомбо Хөх арал хадлангийн 5 дугаар бригадад ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

7. Гэрч Р.Дамдинсүрэнгийн шүүхэд өгсөн: “Би 1974 оноос Увс Тэс сумын Тэжээлийн аж ахуйн 1 дүгээр бригадын тракторчноор 1992 оныг дуустал, 1993 оноос “Таван тэс” ХК-д тракторчноор 1994 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаад хувьдаа мал маллан тус байгууллагаас гарсан юм. Ц.Жигдэнгомбо 1978-1979 оны хооронд Тэс сумын Тэжээлийн аж ахуйн дунд бух бригадад тракторчноор ажиллаж байгаад 1979-1982 оны хооронд цэргийн алба хааж ирээд 1982 оноос Тэс сумын Тэжээлийн аж ахуйд үргэлжлүүлэн тракторноор 1992 оныг дуустал, 1993 оноос “Таван тэс” ХК-д тракторчноор 1994 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан нь үнэн юм” гэх мэдүүлэг,

8. Гэрч Ж.Гэндэнгийн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон “Таван Тэс” ХК-нд ажиллаж байсныг нотлох Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 578 дугаартай шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Р.Дамдинсүрэнгийн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсныг нотлох Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 790 дугаартай шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд болно.  

      Нэхэмжлэгч Ц.Жигдэнгомбо нь Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1978 оны 7 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал тракторчноор, Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор, “Таван Тэс” ХК-д 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас гаргасан Ц.Жигдэнгомбын цалингийн тодорхойлолт, 1982 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Ц.Жигдэнгомбод олгосон тракторч-машинчийн үнэмлэх, Ц.Жигдэнгомбын 1987 оны намар “Хадлангийн ажил дууссаны дараа Тэс сумын төв дээр тракторын өмнө авахуулсан фото зураг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр гаргаж ирүүлсэн 2 тоот “Тэжээлийн аж ахуй” УҮГ нь 1991 оны 12 дугаар сарын 28-нд “Таван тэс” ХК болж өөрчлөгдөж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа, гэрч Ж.Гэндэн, Р.Дамдинсүрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Ц.Жигдэнгомбын хүсэлтийг хангаж, Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1978 оны 7 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал 1 жил тракторчноор, Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал 9 жил, 6 сар тракторчноор, “Таван Тэс” ХК-д 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал 3 жил тракторчноор, нийт 13 жил, 6 сар тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.   

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Жигдэнгомбын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд  зааснаар Борлууд овогт Цэвээний Жигдэнгомбын Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1978 оны 7 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал 1 /нэг/ жил тракторчноор, Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1982 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал 9 /ес/ жил, 6 /зургаа/ сар тракторчноор, “Таван Тэс” ХК-д 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал 3 /гурав/ жил тракторчноор, нийт 13 /арван гурав/ жил, 6 /зургаа/ сар тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Жигдэнгомбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР