Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00995

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 566 дугаар шийдвэр

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар магадлалтай

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

П.Э-, Д.Б- нарт холбогдох

Гэм хорын хохирол 5 810 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Гэм хорын хохирол 2 305 600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 02 дугаар сарын 17-ны оройн 21 цаг 3 минутад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт 82-18 ОРХ улсын дугаартай өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад нэг урсгал тэр чигээр нь хаагаад зогссон байсан Хено FR-2 маркийн 83-48 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Ингээд энэ хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн тасгийн замын цагдаагийн дэслэгч, шинжээч Х.Мянганбаяр дүгнэлт гаргаж 4 дүгээр асуулт болох ослын шалтгааныг тогтоож өгнө үү гэсэн асуултын хариу 2 дугаар асуултаар хариулагдана гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ 4 дүгээр асуултын хариу болох 2 нь жолооч Бат-Эрдэнийн буруугаас болж зам тээврийн осол гарсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Д.Б- нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй, 15-30 метрийн зайд ослын гурвалжин тэмдгээ тавиагүй байсан. Нэг урсгалыг тэр чигт нь хааж зогсоод нөгөө урсгалын цагаан шугаманд бараг хүрсэн байсан. Тэр зогссон газар нь өндөрлөг газар байсан ба маш өндөр банз ачсан байсан тул цаад урсгалаас ирж байгаа машин харагдах боломжгүй байсан. Мөн машиндаа ямар нэгэн гэрэлтүүлэг оварын дохио цацруулагч наалт нааж аюулгүй байдлаа хангасан байсан бол би тэр бүгдийг нь харах боломжтой байсан. Хариуцагч Д.Б- нь П.Э гэх хүний тээврийн хэрэгслийг барьж явсан. Б.Г- миний бие ам бүл 5, өрх толгойлсон эмэгтэй. Оросын холбооны улсаас жимс оруулж ирэн зарж гэр бүлээ тэжээдэг. Би машинаа аваад жил ч болоогүй, банкны өрөө төлж дуусаагүй байгаа. Мөн 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ямар ч ажил хөдөлмөр эрхэлсэнгүй. Жимс хүнсний борлуулалт баяр ёслолоор их байдаг. Осол болсноос хойш 2-3 баяр болж өнгөрсөн. Энэ үеэр орлогынхоо 60-80 хувийг олдог. Энэ хүний буруутай үйлдлээс болж орлогоо алдаж, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон. Машины зах зээлийн үнэлгээ 8 500 000-10 000 000 төгрөгийн хооронд байна. Гэтэл одоо машиныг маань засах боломжгүй задаргаанд 1 000 000 төгрөгөөр авна гэж байна. Иймд хариуцагч Д.Б-, П.Эрдэнэбаатараас Дархан-Уул аймгийн Бан-хас ХХК-ийн хөрөнгө даатгалын үнэлгээ 5 099 000 төгрөг, үнэлгээний төлбөр 235 000 төгрөг, машин ачуулсан хөлс 250 000 төгрөг, толгойн зураг авахуулсан төлбөр 30000 төгрөг, ослын зураг угаалгасан хөлс 7 000 төгрөг, Хөтөл рүү байцаалт өгөхөөр явсан замын зардал 177 000 төгрөг, бичиг баримт нотариатаар батлуулсан 4 000 төгрөг, эрүүгийн хэргийн төв архиваас бичиг баримт хуулбарлан авсан 7 100 төгрөг, нийт 5 810 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоноос Хино маркийн 83-48 УБТ улсын дугаартай авто машинд банз ачин Улаанбаатар хот орохоор явсан юм. Гэтэл Сэлэнгэ аймгийн Хөтөлд ирэх үед машин маань эвдрээд тэндээ хэд хоног машинаа засаж янзлаад 2017 оны 02 дугаар сарын 17-ны орой Хөтөлөөс яваад удаагүй машины мотор дуугараад болохоо байхаар нь түр зогсолт хийж зогссон. Би зогссон даруйдаа ослын зогсолтын гурвалжингаа машиныхаа хойно болон урд талд 2 газар тавиад Хөтөлөөс Цэнддоо гэдэг машин засч өгсөн хүнийг дуудан машин болохоо байлаа, тросс аваад ир чирье гэж хэлсэн. 

Цэнддоо ч удалгүй тросс аваад машинтай ирсэн, гэтэл машины хойно тавьсан зогсолтын гурвалжин унаад хагарсан байсан, зөрж өнгөрсөн машин дайрсан байсан тул би Цэнддоог гар чийдэн тусгаад зогсож бай гэж хэлээд кабинаас скоч авах гээд явсан ингээд л машинд мөргүүлээд машиныхаа эсрэг урсгалд шидэгдсэн байсан гэсэн. Би ухаан алдаад Хөтөлийн эмнэлэг дээр ухаан орсон. Дараа нь Цэнддоо ярихдаа юу юугүй нэг машин хурдтай ороод ирэхээр нь тэр машин руу гэрлээ тусгаад "болохоо байлаа гэж хашгираад " өөрөө замын хажуу руу үсэрсэн. Тэгээд л так гээд л явчихсан. Тэр машин тормоз ер гишгээгүй гэж хэлсэн. 

Би тэр өдөртөө Хөтөлийн эмнэлэгт хэвтэж байгаад Улаанбаатар хотын ГССҮТ-д очиж үзүүлээд гэртээ ирж хэвтсэн. Би ослын тэмдэг хойно урдаа тавьсан боловч хойд талын тэмдгийг машин дайрсан байсан. Осол болохоос өмнө зөндөө машин явсан тэд машиныг хараад л өнгөрөөд байсан. Б.Г- жолооч машины гэрлийн гялбаанд орсон гээд байгаа тэгвэл би эсрэг урсгалд шидэгдсэн байсан, яагаад машинд дайруулчхаагүй юм бол. Цэнддоо ард зогсож байсан хүн бүгдийг мэдэж байгаа, эсрэг урсгалаас машин ирээгүй гэж хэлсэн. 

Хэрвээ Б.Г- хурд хэтрүүлээгүй, хурд багатай явсан бол бүхэл бүтэн хүн гар чийдэн тусгаад зогсож байгааг, урд нь өндөр ачаатай том оврын машин байгаа зэргийг харах байсан. Гэрэл тусгасан хүн, том оврын машин хараад самбаачлан тормоз гишгэсэн бол, хурд багатай явсан бол түүний машин бага эвдрэх байсан болов уу. Ер нь авто ослын үед хурдтай явсан машин нь илүү их гэмтэлд өртдөгийг бүгд мэддэг. Жолооч Б.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Д.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ослоос хойш миний бие тааруу нилээн хугацаанд хэвтсэн. Гэтэл Шинжээчийн дүгнэлтээр намайг буруутгахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 ослын зогсолтын тэмдгийг байрлуулаагүй гэх юм. Тавьсан тэмдгийг өмнөх машин дайрсан, тэмдгийн оронд гар чийдэнтэй хүн зогсож байхад энэ заалтаар буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, мөн дүрмийн 7.17 заалтыг зөрчсөн гэсэн нь буруу би ямар ч үйлдэл хийгээгүй, ухрах гэж байгаа гэх энэ заалтаар буруутгасныг ойлгохгүй байна. Миний жолоодож явсан машины тэвш нь 8 м, кабинтайгаа нийлээд урт нь 13 м, өргөн нь 2.50 м учраас замын хажууд шахаж зогсоод ч урсгалыг бүрэн чөлөөлөх боломжгүй, зам чөлөөлж байна гэж замын хажуугийн хонхор руу орж зогсолтой нь биш. Манай зам хэдэн метр өргөнтэй билээ дээ. Шинжээчийн дүгнэлтээр жолооч Б.Г-ийг замын хөдөлгөөний дүрмийн 9.2-г зөрчсөн гэж үзсэн. Иймд надад учирсан дараах хохирлыг Б.Г-ээс нэхэмжилнэ. Үүнд: автомашинд учирсан хохирол үнэлгээгээр 960 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 75 000 төгрөг, машины ачааг шилжүүлэн ачиж Улаанбаатарт хүргүүлсэн машины тээврийн хөлс 600 000 төгрөг, банзыг зөөвөрлөн ачсан 4 хүнд өгсөн хөлс 80 000 төгрөг, осол болоход ирсэн машины түлш 80 000 төгрөг, машины банз задарч түлш асгарсан 150 литр түлшний үнэ 225 000 төгрөг, эмчилгээний нийт зардал 120 000 төгрөг, рентгэн зураг 40 000 төгрөг, эмний үнэ 61 100 төгрөг, 31 500 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 3 000 төгрөг, нийт 2 305 600 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүнээс өөрөөс нь болсон. Түлш асгарсны 250 000 төгрөг нэхэмжлээд байна. Машин нь эвдрээд Хөтөлд нэлээд хэд хоносон. Банкинд хэдэн төгрөгийн түлш байсныг хэн ч мэдэхгүй. Намайг өөрийг нь мөргөсөн гэж байна. Би энэ хүнийг мөргөсөн бол өнөөдөр ийм байдалтай байхгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч П.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б.Г- нь П.Э-ыг хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа. Хено FR-2 маркийн 83-48 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь П.Э-ын нэр дээр байгаа боловч тухайн тээврийн хэрэгсэл Д.Б-ийн өмчлөлд байдаг. Түүний ах Таванжин машиныг худалдан аваад Д.Б- ачаа ачиж авсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 566 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Б-эс 4 596 800 /дөрвөн сая таван зуун ерэн зургаан мянга найман зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 213 200 /нэг сая хоёр зуун арван гурван мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч П.Э-ад холбогдуулан гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.Г-ээс 2 305 600 /хоёр сая гурван зуун таван мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Б-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 910 /нэг зуун долоон мянга есөн зуун арав/ төгрөг, хариуцагч Д.Б-ийн төлсөн 51 840 /тавин нэгэн мянга найман зуун дөч/ төгрөгийг Төрийн санд тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-эс 88 498 /наян найман мянга дөрвөн зуун ерэн найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б.Г-т олгож шийдвэрлэжээ.

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар магадлалаар: Хариуцагч Д.Б-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 566 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,

Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 403 00 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 03 магадлалын хяналтын хэсэгт Д.Б- нь Замын хөдөлгөөний дүрмийн 6.2-т “... ослын дохионы гэрэл хэрэглэх”, 7.17 “...бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон гэж үзсэн.

Д.Б- нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоноос “Хено” маркийн 83-48 УБТ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэлд банз ачин Улаанбаатар орохоор гарсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хөтөлөөс гараад удаагүй байтал машины мотор эвдэрсэн учир замаа боломжит бүх байдлыг хангаж хамгийн боломжит түр зогсолтыг үйлдсэн байдаг. Тус зогсолтыг үйлдсэний дараа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.2-т заасны дагуу ослын зогсолтын тэмдгийг байрлуулсан бөгөөд давхар ослын дохионы гэрлийг асаасан боловч аккумулятор суусан бөгөөд үргэлжлүүлж асах боломжгүй болсон.

Мөн дүрмийн 7.17-д Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдлийг хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасныг баримталсан нь учир дутагдалтай зүйл юм. Учир нь Д.Б- нь дээр дурдагдсан үйлдлийг хийгээгүй.

Үүнээс үзвэл Булган аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасныг шинжлэн судалж үзээгүйн дээр хэт нэг талыг баримталж байна.

Д.Б- нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж заасны дагуу тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдохын хүрээнд “Хено” маркийн 83-48 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол мөн өөрт учирсан хохирлыг тооцон нотлох баримтын хэмжээнд сөрөг нэхэмжлэл гаргасан.

Тухайн зам тээврийн осол нь Д.Б-ийн буруугаас болж гарсан гэж үзсэн. Гэтэл Сайхан сум дахь Цагдаагийн тасгийн замын цагдаагийн дэслэгч, шинжээч Х.Мянганбаяр 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт №01 гаргасан байдаг. Тус дүгнэлтийн 1-д Б.Г- нь Монгол Улсын Зам тээврийн дүрмийн 9.2-ийг зөрчсөн болох нь тогтоогддог. Гэтэл Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь үүнийг харгалзаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зов, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл Б.Г-ийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн дээрх үйлдэл нь осол гарахад хүргэсэн талаар шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр хариуцагчийн буруутай үйлдлээс гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэт нэг талыг баримталж иргэн Д.Б-ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх...” гэсэн үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэснийг зөрчиж байна.

Иймд Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 03 магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний талаар нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Г- нь П.Э-, Д.Б- нарт холбогдуулан гэм хорын хохиролд 5 810 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Д.Б- 2 305 600 төгрөгийг нэхэмжлэгч Б.Г-ээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2017 оны 02 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт Б.Г-ийн жолоодож явсан 82-18 ОРХ улсын дугаартай Приус-20 маркийн авто машин Д.Б-ийн эзэмшлийн Хено FR-2 маркийн 83-48 УБТ дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарч, ослын улмаас Б.Г-т 5 810 000 төгрөгийн, Д.Б-д 2 305 600 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.

Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Б.Г- нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2.-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн, хариуцагч Д.Б- Замын хөдөлгөөний дүрмийн 6.2.-ын “в”-д заасан “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгслийг зогсоосон үед, “е”-д заасан “тээврийн хэрэгсэл нь аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй бусад тохиолдолд ослын дохионы гэрлийг хэрэглэнэ” гэсэн заалтыг, мөн 6.3.-т заасан “ослын зогсолтын тэмдгийг хэрэглэх” заалтыг, 7.17.-д заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдлийг хийхийг зөвшөөрнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэжээ.

 

Анхан шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр нотлох баримтаар тогтоогдсон хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1., дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хариуцагч П.Э-ад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Осол гарахад нэхэмжлэгчийн буруутай үйлдэл зохих хэмжээгээр нөлөөлсөн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 20 хувийг хасч тооцохдоо хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд энэ үндэслэлээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар магадлалын 1 дэх заалт, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 566 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1., 2. дахь заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1., 514 дүгээр зүйлийн 514.1.-д зааснаар хариуцагч Д.Б-эс 4 596 800 төгрөгийг гаргуулан Б.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон Д.Э-ад холбогдох нэхэмжлэлийг, хариуцагч Д.Б-ийг сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 3., 4., 5. дахь заалтын дугаарыг 2., 3., 4. гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Б-эс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88 403 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД