Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.М, Н.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал, Д.Галбадрах,

яллагдагч Г.М, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

яллагдагч Н.Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1462 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Оюунжаргалын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Г.М, Н.Б нарт холбогдох 201724000045 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ............... овогт ...............ын ..............., 1973 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын зам барилгын машин механизмын ашиглалтын инженер мэргэжилтэй, Зам засвар машинт станцын “ВПО-3000” машины оператор ажилтай, ............... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .............../,

2. ............... овогт ...............ын ..............., 1980 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дотоод шатлалт хөдөлгүүрийн инженер мэргэжилтэй, Зам засварын машинт станцын “ДКГУ”-н туслах машинч ажилтай, ............... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .............../,

1. Г.М нь Улаанбаатар төмөр замын Зам засварын машинт станцын “ДГКУ” мотовозны машинчаар ажиллаж байхдаа Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журам болох Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34 Б-д заасан “Өгөгдөж байгаа дохиог анхааралтай ажиглаж дохионы заалтыг тухай бүр биелүүлж байх”, 10.34В-Д заасан “зам дээр байгаа хүмүүс, сумны байдал, хөдлөх бүрэлдээхүүний байрлалыг анхааралтай ажиглаж байх” мөн журмын 10.35-д заасан “машинч зүтгүүр хөдөлгөөнд оруулахын өмнө өгөгдөж байгаа, дохио, радио, холбоо, паркийн хоёр талын яригчийн холбоогоор хүлээн авсан захирамжийг зүтгүүрийн шүглээр, радио холбоогоор товч, давтан батална. Хэрэв машинч дохио ба захирамж зөв эсэхэд эргэлзсэн сэлгээний ажлын төлөвлөгөөг мэдээгүй байгаа бол бүрэн тодруулж, магадласны дараа хөдөлгөөнд орно. Машинч сэлгээний ажил удирдагчийн тушаалыг радио холбоо паркийн хоёр талын чанга яригчийн холбоогоор аваагүй, гар дохионы хэрэгслээр өгч байгаа дохио харагдаагүй нөхцөлд зүтгүүрийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 13 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын аж ахуйн цехийнхээ хашаанд байх 2 дугаар зам дээрээс ДГКУ4250 дугаартай хөдлөх бүрэлдэхүүн дризенээр /мотовоз/ вагон залгаж авах үйлдэл хйиж байхад нь холбогч найруулагч Д.Л нь сүлдний хатуу 98 болон 949 дугаартай вагонуудад хавчуулагдаж амь нас нь хохирсон,

2. Н.Б нь Улаанбаатар төмөр замын Зам засварын машинт станцад Дрезний туслах машинчаар ажиллаж байхдаа Төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журам болох Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34Б-Д заасан “Өгөгдөж байгаа дохиог анхааралтай ажиглаж дохионы заалтыг тухай бүр биелүүлж байх”, 10.34В-Д заасан “зам дээр байгаа хүмүүс, сумны байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглаж байх” мөн журмын 10.35-д заасан “машинч зүтгүүр хөдөлгөөнд оруулахын өмнө өгөгдөж байгаа, дохио, радио, холбоо, паркийн хоёр талын яригчийн холбоогоор хүлээн авсан захирамжийг зүтгүүрийн шүглээр, радио холбоогоор товч, давтан батална. Хэрэв машинч дохио ба захирамж зөв эсэхэд эргэлзсэн сэлгээний ажлын төлөвлөгөөг мэдээгүй байгаа бол бүрэн тодруулж, магадласны дараа хөдөлгөөнд орно. Машинч сэлгээний ажил удирдагчийн тушаалыг радио холбоо паркийн хоёр талын чанга яригчийн холбоогоор аваагүй, гар дохионы хэрэгслээр өгч байгаа дохио харагдаагүй нөхцөлд зүтгүүрийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 13 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын аж ахуйн цехийнхээ хашаанд байх 2 дугаар зам дээрээс ДГКУ4250 дугаартай хөдлөх бүрэлдэхүүн дризенээр /мотовоз/ вагон залгаж авах үйлдэл хийж байхад нь холбогч найруулагч Д.Л нь сүлдний хатуу 98 болон 949 дугаартай вагонуудад хавчуулагдаж амь нас нь хохирсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Г.М, Н.Б нарын үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын шинжээч дахин томилуулж дүгнэлт гаргуулах, туршилт хийлгэх тухай, иргэний хариуцагчийг тогтоолгох тухай хүсэлтүүдийг хүлээн авах үндэстэй байна гэж үзэв.

1. 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын Зам засварын хашаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан Д.Л нь вагонд хавчигдан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Хавтаст хэрэгт ажил олгогч байгууллагыг иргэний хариуцагчаар татах ажиллагаа хийгээгдээгүй байгаа нь шүүх гэмт хэргийн улмаас учирсан хор, хохирлыг хэн хариуцахыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байдалд хүрч байна. Иймд иргэний хариуцагчаар татах ажиллагаа хийж, хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан хохирол нөхөн төлөгдсөн эсэхийг тодруулж, хохирол төлсөн баримтыг, мөн талийгаач Д.Лгийн авч байсан цалин орлогын баримтыг хэрэгт хавсарган ирүүлэх,

2. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь 2 найруулагч ажиллах ёстой ажлын байранд нэг хүн ажиллаж байгаад амь насаа алдаж хүнд хохирол учирсан байна. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.22 “Сэлгээний хэсэг ажлыг найруулагч буюу туслах найруулагч гүйцэтгэнэ. ...Сэлгээний үед туслах найруулагч нь хөдлөх бүрэлдэхүүний дунд хэсэгт, найруулагч зүтгүүрийн бригадад харагдахаар байрлаж зүтгүүрээс өгч байгаа дохиог дамжуулж байна” гэж заасан байна. Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтэнд “...ПДМС-ын дарга Х.Чинбат, хүний нөөцийн дарга Д.Гантөмөр нар Замын даргын 2016, 2017 оны батласан 2 найруулагчийн орон тооны дагуу галт тэрэгний хоёр найруулагч байхаас нэг найруулагч томилоогүй” гэсэн дүгнэлтийг гаргасан байна. 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн шинжээч нарын дүгнэлтэнд “...Улаанбаатар Төмөр Замын Зам засварын машинт станцын дарга X.Чинбат нь Төмөр замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчөөгүй байна. Улаанбаатар Төмөр Замын Зам засварын машинт станцын хүний нөөцийн менежер ажилтай Д.Гантөмөр нь Төмөр замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчөөгүй байна.” гэснээс үзэхэд дүгнэлтээс байцаагчийн акт, шинжээчийн дүгнэлт хоёр зөрүүтэй, тал бүрээс нь бодиттой хийгээгүй байна гэж үзэхээр байна. Иймд өмгөөлөгчийн дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлтийг хүлээн авах үндэстэй байна. Дахин шинжээч томилохдоо өмгөөлөгч нарын гаргаж байгаа хүсэлтүүдийг анхааран үзэх нь зүйтэй.

Мөн ажлын байрны чиг үүргийн дагуу албан ажилдаа хариуцлагагүй хандаж найруулагчийн ажилд хүн томилж ажиллуулаагүйгээс 2 хүн ажиллах ажлын байранд нэг хүн ажиллуулж хүний амь нас хохирч хүнд хохирол учирсан байхад захиргааны арга хэмжээ авах, эсвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байна уу гэдэгт хэргийг мөрдөж буй мөрдөгч, хэрэгт хяналт тавьж буй прокурор хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна. Яллагдагч Н.Бын өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан туршилт хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу яллагдагч нар, түүний өмгөөлөгч нар, мэргэжлийн хүмүүсийг оролцуулан хийх нь зүйтэй байна. Мөн машинч Х.Мөнхбаатарт үзэгдэх орчин ямар байсан, туршилтыг хийхдээ найруулагч Д.Л харагдаж байсан эсэх, мөн гар дохио өгч байсан эсэхийг Н.Б туслах машинч мэдэх боломжтой байсан эсэх, Н.Б дрезний баруун хэсэг нь машинчийн баруун гар талд сууж, сэлгээний вагонуудын баруун хэсгийн аюулгүй байдлыг хянаж, харж ажил үүргээ дүрмийн дагуу гүйцэтгэж байсан эсэхийг тодруулах нь зүйтэй байна.

Хоёр дугаар хавтаст хэргийн 111-112 дугаар талд авагдсан Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтийн 5 дахь хэсэгт “...Осолдогч нь тухайн үед ДГКу-гийн машинч, туслах машинч  нарт үзэгдэлгүй байр эзэлсэн байна.” гэх дүгнэлт, мөн хоёр дугаар хавтаст хэргийн 26-27 дугаар талд авагдсан 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актад “Сэлгээний бүрэлдэхүүн дутуу, туслах найруулагчгүй ажилд гаргасан, Осолдогч нь 2 вагоны хооронд байрлаж ажлын байрлал буруу эзэлсэн, Үзэгдэлт муу сумын арын тахир дээр гар дарцгаар гар дохио өгөөгүй” гэх дүгнэлт, нэгдүгээр хавтаст хэрэгт хавсарган ирүүлсэн фото зураг зэргээс дүгнэхэд зам тахийлт мурийлттай байсан эсэх, үзэгдэх орчин ямар байсан, осолдогч аль талаас дохиогоо өгч байсан эсэхийг тодруулах ажиллагааг хийх нь зүйтэй байна. Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзлээ гэх үндэслэлээр Г.М, Н.Б нарт холбогдох 201724000045 дугаартай эрүүгийн хэргийг Тээврийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор С.Оюунжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг  дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй, тодорхой, ойлгомжтой, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүй, яллагдагч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжаас тодорхой харагдаж байна.

1. Шүүгчийн захирамжийн 1 дэх заалт нь нас барагч Д.Лгийн 2008 оноос хойшхи Д.Лгийн ажилд орсон, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, цуцалсан, ажилд томилсон, сахилгын шийтгэл оногдуулсан тушаал, ажлын тодорхойлолт, цалин орлогын баримт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байхад уг нотлох баримтыг яагаад нотлох баримтын хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй талаар дурьдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль бусаар хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татахаар” заасан, Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар “...бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажлуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу мөрдөн байцаалтын явцад оршуулгын зардал, 37 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 53.652.621 төгрөгийг Улаанбаатар төмөр замын Зам засварын машинт станцаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нарантуяад төлсөн, хохирлын талаар маргаангүй, нэхэмжлэх зүйлгүй байхад ажил олгогч байгууллагыг иргэний хариуцагчаар татах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй, хэрэв шүүх дээрх хуулийн заалтуудыг заавал хангуулах шаардлагатай гэж үзэж байгаа болвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүхийн шатанд захирамжаар иргэний хариуцагчаар тогтоож болно.

2. Шүүгчийн захирамжийн 2 дахь заалт нь өмгөөлөгчийн гаргасан хүсэлтэд дурдагдсан хэрэгт нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй нотлох баримт болох сэжигтэн, яллагдагчаар шалгагдаж байсан М.Батхишиг, Д.Чулуунбаатар, С.Гантөмөр, Х.Чинбат нарын мэдүүлгийг иш татаж шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2 дугаартай дүгнэлтийг үгүйсгэж, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар заасан үндэслэлгүй байна. Захирамжинд 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2 дугаартай шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр эргэлзээтэй байгааг тодорхой дурдаагүй, Төмөр замын нийгэмлэгийн улсын байцаагч В.Сарангуагийн “Ослын материал судалсан   тухай” улсын  байцаагчийн  дүгнэлтийг  нотлох  баримтын хэмжээнд үнэлж 2 дүгнэлт зөрүүтэй байна гэжээ. Улсын байцаагчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримт биш бөгөөд түүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй, улсын байцаагч В.Сарангуаг шинжээчээр томилон, дүгнэлт гаргуулахаар мөрдөгчийн тогтоолыг хүргүүлэхэд Улаанбаатар төмөр замын Хөдөлмөр хамгааллын хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2/36 дугаартай албан бичгийг “хяналтын улсын байцаагч В.Сарангуа нь Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар томилогдсон, нэгдмэл сонирхолтой этгээд, хараат бус, дүгнэлт гаргах нөхцөл бүрдээгүй байгаа талаар” ирүүлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд заасан “...шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх” гэсэн заалтыг үндэслэн Зам тээврийн Хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын Зам тэвэрийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагч Х.Итгэлт, Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн хөдөлгөөн зуурмагийн ахлах шинжээч Б.Батнасан, Галт тэрэгний хөдөлгөөн зохциуулалтын нэгдсэн төвийн тээврийн хөгжлийн мэргэжилтэн Х.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэйгээр Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар шинжээч нарыг урьдчилан тусгай мэдлэг, мэргэжил, ур чадварыг нь нотлож, мэргэшсэн мэргэжилтнээр дүгнэлтийг гаргуулсан. Иймд шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт нь хууль ёсны үндэслэлтэй, хуульд нийцэн гарсан нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон. Шүүх хэрэв шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, үнэлэх боломжгүй гэж үзэж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлах, шинжээчээс мэдүүлэг авах, нэмэлт шинжилгээ хийлгэх” зэрэг ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжийг хуулиар зохицуулж өгсөн.

Мөн захирамжид ажлын байрны чиг үүргийн дагуу албан ажилдаа хариуцлагагүй хандаж, найруулагчийн ажилд хүн томилж ажлуулаагүйгээс 2 хүн ажиллах ажлын байранд 1 хүн ажилуулж, хүний амь нас хохирч хохирол учирсан байхад захиргааны арга хэмжээ авах, эсвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байна гэдэгт хэргийг мөрдөж буй мөрдөгч, хэрэгт хяналт тавьж буй прокурор хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна гэжээ. Хэрэгт авагдсан гэрч А.Анхбаярын мэдүүлэг, түүнийг туслах найруулагчаар ажилд томилсон Х.Чинбатын тушаал, ажлын байрны тодорхойлолт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Ж.Баттулга, Р.Семсер, В.Сарангуа, Н.Алтанхуяг, Ц.Лувсан, Г.Чулуунбаатар, М.Батхишиг нарын мэдүүлэг, 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар Улаанбаатар төмөр замын Зам засварын машинт станцын дарга Х.Чинбат, Хүний нөөцийн менежер Д.Гантөмөр, Хөдөлмөр хамгааллын инженер Д.Чулуунбаатар нар нь төмөр замын, тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчөөгүй нь тогтоогдсон. Уг осол, хэрэгтэй холбогдуулан Улаанбаатар төмөр замын Зам засварын машинт станцын дарга Х.Чинбат, Хүний нөөцийн менежер Д.Гантөмөр, Хөдөлмөр хамгааллын инженер Д.Чулуунбаатар нарыг эрхэлж байсан ажлын байрыг өөрчлөн албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан баримтууд хэрэгт авагдсан болно.

Хэрэгт өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар туршилт хийлгэхээр заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд “Хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах туршилт хийж болно” гэж заасан. Гэвч эрүүгийн хэрэгт гэмт хэрэг гарсан байдал, хэргийн нөхцөл байдлыг тогтоосон баримтууд хэрэгт хангалттай авагдсан. Тухайлбал: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол болох үед хийгдсэн сэлгээний ажлын зураг, Зам засварын машинт станцын аж ахуйн цех ослын дэвсгэр зураг, ослын фото зураг, Амгалан өртөөний албан яриа баримтжуулан бичих төхөөрөмжийн бичлэгийг сонссон тухай акт, ДГКу-4250 мотовозын тухай техникийн дүгнэлт, актууд, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг /осол/ гарсан цаг үеийн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон. Одоо мөрдөн шалгах ажиллагааны туршилтаар тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх боломжгүй. Учир нь галт тэрэгний найруулагч /нас барагч/ Д.Л, туслах машинч Н.Б, машинч Г.М нар нь хэрэг явдал гарах үед галт тэрэгний хаана зогсож, сууж үйл ажиллагаа явагдсныг туршилтаар бодит байдлыг тогтоох боломжгүй юм.

Анхан шатны шүүхийн захирамжинд дурдсан ажиллагаануудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр бол” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ. Гэтэл шүүхийн захирамжинд заагдсан ажиллагаануудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 35.21 дүгээр зүйл, 35.23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаанууд юм. Иймд Г.М, Н.Б нарт холбогдох, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1462 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр, шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Галбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс туршилт хийлгэх, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол нэхэмжлэл дээр иргэний хариуцагчаар Улаанбаатар төмөр замыг татах гэсэн гурван үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаасан. Буцаасан үндэслэлийг прокурорын зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гаргасан гэж үзэж байна. Зам тээврийн яамны Улсын байцаагч нар болон түүний харьяа галт тэрэгний удирдлагын төвөөс гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй нэгдсэн шинжээч нарыг оролцуулж, тухайн шинжээч нарын мэдлэг боловсролыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.2 дугаар зүйлд зааснаар тогтоож шинжээчийн дүгнэлт гаргасан. Шинжээчийн давтан дүгнэлт гаргаснаар энэ хэрэг өөрчлөгдөх нөхцөл байдал байхгүй. Туршилт хийхээр галт тэрэгний найруулагчийн ажил хийж байгаа, холбох сэлгээний ажил хийж байгаа энэ асуудал дээр туршилт хийж талийгаач Лхагвасүрэн тухайн галт тэргийг холбож тэр үйлдлийг хийхдээ дарцгаа өргөж хаана зогсож нүдэнд харагдах газар буюу туслах машинч нарт харагдах боломжтой нөхцөл байдлууд тогтоо гэж туршилт хийлгэх гэж байдаг. Тухайн туршилтыг хийхийн тулд тухайн нөхцөл байдалд таарсан бодит байдалтай тулгуурлаж хийх ёстой. Одоо туршилт хийх гэхээр шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэж туршилт хийх гээд байгаа. Тэгэхээр хэргийн бодит байдлыг тогтооход бодит байдлыг тогтоох үндэслэл биш. Хэрэв туршилт хийж тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа бол анхан шатны шүүх хуралдааны явцад шүүх хуралдааны дундуур хийх бүрэн боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулагдсан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс хохирол нэхэмжлэлийн асуудлыг баримтын хүрээнд төлж барагдуулсан. Сахин хангуулах үүрэг бүхий этгээд үүргээ яагаад биелүүлээгүй гэдэг дээр туслах машинч, машинч нар орж ирж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны инженер, тухайн байгууллагын дарга нар яагаад татагдаагүй юм. Тэгвэл Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэгт хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гэж үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж заасан. Энэ албан тушаалтны хэрэг юм уу, эсхүл хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг юм уу, хүнийг болгоомжгүйгээр алсан юм уу гэдэг асуудал яригдана. Тэгвэл энэ гэмт хэргийн субъект нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлд тодорхой заасан. Яагаад түүнийг үзнэ гэхээр туслах машинч, машинч нар өөрөө ажил байдлын тодорхойлтод бүрэн бүрэлдэхүүнтэйгээр ажил хийж гүйцэтгэх үүрэг нь туслах машинч, машинч, талийгаач, найруулагч нарт байх ёстой. Гэтэл туслах найруулагч байхгүйгээр энэ ажил үүргийг гүйцэтгэж байгаа нь машинч нар болон туслах найруулагч нар галт тэрэгний журмыг 10.34б, 10.34в, 1035 дахь заалтуудыг зөрчсөний улмаас энэ осол гарсан гэж үзэж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.

Яллагдагч Г.Мын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Мын өмгөөлөгчөөр хэргийг прокурорт шилжих үеээс уг хэрэгт орсон байдаг. Прокурорт урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж байсан хүсэлтүүдийг хавтаст хэргийн материалтай танилцаад дээрх нөхцөл байдлуудыг дутуу шалгасан байдлууд байгаа учраас хэргийг дахин шинжээч томилж уг асуудлын нөхцөл байдлыг нарийвчлан тогтоох шаардлагатай байна гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Прокуророос хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг үндэслэлээр хэргийг шүүхэд шилжүүлсэн учраас хуульд заасан эрхийн хүрээнд хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг хийлгээд дутуу хийгдсэн ажиллагаа байгаа бол түүнийг дахин хийлгүүлэхээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хүсэлт гаргасан. Хавтаст хэргийн материалтай танилцахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар шударга ёсны зарчим алдагдсан гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтээр прокурорууд гол нотлох баримтаа болгож уг асуудлыг шийдвэрлүүлэхээр орж ирсэн байдаг. Гэтэл уг шинжээчийн дүгнэлтүүд хэт нэг талыг барьж, хэргийг бодит байдлаас гадуур дүгнэлт гарсан гэж үзэж байна. Өнөөдөр амь хохирогч болон тухайн үед ажиллаж байсан машинч болон туслах машинч хоёрыг буруутгасан уг асуудал шийдвэрлэгдэх нөхцөл байдалтайгаар дүгнэлтүүд гарсан. Гэтэл нөгөө нэг талаасаа хяналтын байцаагчийн мэрэгжилийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр ямар хүмүүс хэрхэн үйл ажиллагаагаа зөрчсөн талаар дүгнэлтүүдээ тодорхой дурдагдсан. Мэргэжлийн байцаагчийн дүгнэлт тухайн мэргэжилтэй холбоотой нөхцөл байдлын талаар дүгнэлтүүдэд гарч ирж байгаа. Энэ хэний буруу хэнээс хамаарсан гэдэг байдлаар. Шинжээчийн дүгнэлт нь эдгээр хүмүүсийг буруугүй гэдэг үндэслэл нь  сэжигтнээр татагдсан хүмүүсийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэл болсон. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэдэг нь юу байсан бэ гэдгийг заавал ярих ёстой. Өнөөдөр эдгээр хүмүүсийн гол нөхцөл байдлуудыг хавтаст хэргийн нөхцөл байдлын хүрээнд үзэж байгаа зүйл нь сэлгээний нөхцөл байдал дутуу байсан нөхцөл байдал нэгдүгээрт нөлөөлж байна гэж үзсэн. Хоёрдугаар замын нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар “тахир шулуун, үзэгдэх орчин хязгаарлагдмал байдлын хүрээнд хамаарч” байгаа зүйлүүд байгаа учраас дахин шинжээчийн дүгнэлт гаргуулъя, яагаад сэлгээний бүрэлдэхүүн байж байхад үүнийг гаргуулаагүй албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхгүйгээр өнгөрсөн нөхцөл байдал байж болохгүй гэдэг үндэслэлээр хэргийг үнэн зөвөөр, шударгаар шийдвэрлүүлэхээр уг гомдлыг гаргасан байдаг. Тийм учраас дахин шинжээчийн дүгнэлт гаргаснаар ялангуяа амь хохирогч болон эдгээр яллагдагч нарын гэм буруугийн асуудал, ямар ажлын зааварчилгаа юу зөрчсөн гэдгийг нөхцөл байдал шинээр гарч ирэх боломжууд байгаа гэж үзэж урьдчилсан шийдүүлэх хүсэлт гаргасан байсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Яллагдагч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.

Яллагдагч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь зөв гэж үзэж байна.” гэв

ХЯНАВАЛ:

Г.М, Н.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарчээ.

Мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад “гэмт хэрэг гарсан байдал” буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, мөн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг нотлож байх ёстой талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилжээ.

Уг осол нь ажилтан ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх явцад гарсан учраас ажил олгогч байгууллага хохирогчид тэтгэмж төлсөн, хохирол төлбөрийн талаар маргаан, нэхэмжлэх зүйл байгаа эсэхээс үл хамаарч ажил олгогч байгууллагыг иргэний хариуцагчаар татаж гэмт хэргийн улмаас учирсан хор, хохирлыг хариуцах зэрэг бусад асуудлыг шийдвэрлэх ёстой.

Мөн мөрдөн байцаалтын шатанд гаргасан шинжээчийн дүгнэлт хангалтгүй тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулан эргэлзээ бүхий нөхцөл байдлыг арилгах шаардлагатай байна.

Учир нь энэ хэрэгт мөрдөн байцаагчийн тогтоолыг үндэслэн, энэхүү тогтоолоор асуусан асуултад хариулт өгөх байдлаар гаргасан 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн №2 дугаартай шинжээчийн дүгнэлтээр энэ хэрэгт холбогдон шалгагдаж байсан Х.Чинбат, Д.Гантөмөр, Д.Чулуунбаатар, М.Батхишиг нарыг “Төмөр замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам”-ыг зөрчөөгүй, харин Г.М, Н.Б нарыг уг журмын заалтуудыг зөрчсөн гэж дүгнэснийг үндэслэн Г.М, Н.Б нарыг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэж Зам засварын машинт станцын даргаар ажиллаж байсан Х.Чинбат, хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан Д.Гантөмөр, хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байсан Д.Чулуунбаатар, механик цехийн мастераар ажиллаж байсан М.Батхишиг нар нь ажил үүргээ гүйцэтгэхэд ямар журам, зааврыг баримтлах ёстой талаар, тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан ямар үүргийг хэрхэн ямар байдлаар зөрчсөн эсэх талаар мөрдөн байцаалтын шатанд тодруулж бүрэн шалгаагүй байна.    

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1462 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Оюунжаргалын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд зааснаар хэргийг прокурорт хүргүүлэх хүртэл Г.М, Н.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 ШҮҮГЧИД                                                      Н.БАТСАЙХАН

                                                                                                Ц.ОЧ