| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Батчимэг |
| Хэргийн индекс | 121/2014/0034/З |
| Дугаар | 08 |
| Огноо | 2018-09-11 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 08
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Боржигин овогт Д.Д-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын улсын бүртгэгчид холбогдох
“Улсын бүртгэлд өөрийн овог, нэр, төрсөн он, сар, өдрийг буруу бүртгэснийг зөвтгөж, залруулахыг Уянга сумын улсын бүртгэгчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын улсын бүртгэгч П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1965 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн төрөх тасагт төрсөн болохыг 1965 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын төрөлтийн бүртгэлийн 132 дугаарт бүртгэсэн болохыг лавлагаагаар тогтоожээ. Мөн тухайн үеийн төрсний гэрчилгээн дээр бичилт хийж олгож байсан хүмүүсийн хариуцлагагүйн улмаас миний нэрийг Х овогтой Д гэж бичжээ. Мөн миний төрсөн оныг 1968 оны 11 дүгээр сарын 21 гэж буруу бичсэн. Ингээд миний овог нэр болон төрсөн он, сар, өдрийг буруу андуурагдан бүртгэгдсэн байгааг 1965 оны 09 дүгээр сарын 15-нд төрсөн, мөн Х-ын Д гэж андуурсныг Д овогтой Д болгон залруулж өгнө үү. 1965 онд төрснөөр он сарыг нь гаргуулмаар байна. Би эхээс бага өнчин хоцорсон. Эгч нар л намайг төрснөөс хойш гэрчилгээ, бичиг баримт хөөцөлдөж авсан байсан. Би 1965 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын Ихэр гэх газар төрсөн гэдэг. Надтай 1, 2 сарын зөрүүтэй төрсөн хүмүүсийн бичиг баримт байгаад байдаг. Ээжийгээ өнгөрч байсныг сайн санадаггүй. Аав 1982 онд л өнгөрсөн. Бид эхээс 2-уул. Миний төрсөн дүү Д, ээжийн минь төрсөн дүү 2 намайг Д гэж дууддаг байсныг мэднэ. Дүгэрсүрэн 1969 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн гэдэг. Эмэгтэй. Надад энэ 2-оос өөр таньж мэдэх, ярьсан хүн байхгүй. Тэтгэвэрт орох гэсэн чинь ажилласан жил хүрэхгүй байгаа. Д нэрээр бол ажиллаж байсан жил гараад ирсэн. Харин Д нэрээр цөөхөн хэдэн баримт гарч байгаа. Манай нөхөр тэтгэвэрт орох гээд архиваас бичиг баримт цуглуулж өгсөн юм. Тэгэхэд л Д болгосон байна гэсэн. Мөн миний төрсний гэрчилгээнд Д-г Д гэж өөрчлөх ёстой гэж бичсэн байдаг” гэв.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын улсын бүртгэгч П.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”... Тус сумын 6 дугаар багийн иргэн Д-н Д гэгчийн улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн архивт хадгалагдаж буй хувийн хэрэг, төрсний бүртгэлийн дэвтэрт Д-н Д 1965 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрснийг 132-рт бүртгэгдсэн. Мөн Д-н Д 1968 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрснийг 1968 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 182-рт бүртгэгдсэн гэх хоёр мэдээлэл бичигдсэн ба сүүлд Д-н эцгийн мэдээлэлд Шийрэв Хөшиг Уул гэж нэмж бичигдсэн. Түүний хувийн хэрэгт Х Д 1968 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 3 дугаар бригадад үхэрчин гэж тэмдэглэгдсэн байна. Мөн иргэний үнэмлэх авах өргөдөлд Д-н Д 1968 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн гэсэн регистрийн дугаартай гэж бичигдсэн байна. Миний бие хоёр хүний мэдээлэл архивт дээрх байдлаар бичигдсэнийг гэрчилж байгаа боловч Х-н Д-г 1965 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн гэдгийг нотлож, гэрчилж чадахгүй байна. Иймд энэ иргэний асуудлыг танай байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэл гаргагчийн хувьд Т-н Д-н Д нь 1965 оны 10 дугаар сарын 15-нд төрсөн гэдэг. Гэтэл 1968 оны 10 дугаар сарын 25-ны төрсөн, регистрийн дугаартай бүртгэгдсэн байдаг. Мөн архивын лавлагаанд мөн адил гарсан байдаг. Энэ Д гэх Д гэдэг эгч нь 1985 онд 18 нас хүрсэн. Улаан паспорт авсан л байгаа. Тухайн үед нэр төрсөн он сар өдөр зөрүүтэйг мэдэх боломжтой байсан. Нэг удаа ч гэсэн ийм зөрчилтэй байгаа талаараа ирж надтай уулзаж байгаагүй. 2018 оны 3, 4 дүгээр сард билүү над дээр ирж байсан. Тэгэхээр нь ийм зөрчилтэй байна. Хүсэлтийг хангах боломжгүй. Та шүүхэд ханд гэж зөвлөгөө өгөөд явуулсан. 1965 оны 9 дүгээр сард төрснийг Улаанбаатар хотын төв архиваас нотолсон баримт авсан гээд байна. Тухайн лавлагаа нь манай байгууллагаас гаргасан баримттай адил гэж бодож байна. 18 насанд хүрээд паспорт авдаг өдий 55 нас хүртлээ энэ зөрчлөө мэдээгүй гэдэг нь их сонин байна. Өмнө эрт мэдсэн бол манайхаас засвар залруулга хийх боломжтой байсан. Энэ хүн эмнэлэгт төрсөн гээд байна. Аймгийн архиваас авсан лавлагаа, хүн амын бүртгэлд гэртээ төрсөн гэж бичсэн байдаг. Иргэний үнэмлэх дээр Х-н Д гэж байдаг. Иргэний бүртгэл мэдээлэл дээр Ш-ийн Х гэсэн байдаг. 1965 он гэдгийг нотлож чадахгүй болохоор эрх бүхий байгууллага шийдэх ёстой гэж үзэж байна. Тухайн иргэний 1965 онд төрсөн гэх хангалттай нотлох баримт байхгүй байгаа. 2 Д гэж байсан юм байна. 1965 он, 1968 он гэж гараад байна. 1968 онд төрсөн дүү нь эндээд тэгээд тэр дүүгийнхээ он сартай нь солигдсон зөрчил гараад байна гэж ойлгож байна. Сая нотлох баримт шинжлэн судлахад гэрчийн мэдүүлгийг сонсоод ийм ойлголттой боллоо. Гэхдээ миний санаж байгаагаар Д-ийн дүү Д-н нь манай дээд талын ангид сурдаг байсан. Би 1970 онд төрсөн. Тэгэхээр Д нь 1969 онд төрсөн байх. Дүүг чинь бол таниад байна. Харин нэхэмжлэгч Д.Д-г харж байгаагүй юм байна” гэв.
Гэрч Т.Д шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...Д-н ээж Д нь манай том эгч байгаа юм. Би Д нь удаах нь Л гэж эмэгтэй дүү байж байгаад өнгөрсөн. Дараагийнх нь Б гэж эрэгтэй дүү. Эхээс дөрвүүл. Миний эгч Д нь нийт 4 удаа төрсөн. Үүнээс хамгийн том нь Д 1965 онд төрсөн. Удаах хүүхэд нь 1968 онд төрсөн охин Д. 3 дахь хүүхэд нь 1969 онд төрсөн охин Д. 4 дэх төрөлт нь 1972 онд дутуу төрж, ээж нь ч мөн эндсэн юм. Том Д-г багад нь Д гэж, гэхдээ гэрийнхэн нь Бор гэж дууддаг байсан. Бага Д нь төрөөд ой хүрээгүй нас барсан. Д-г бол тэр нэрээр нь дууддаг байсан. Д Х гэж хүнтэй суухаас өмнө төрүүлсэн хүүхэд юм. Харин нөгөө 3 хүүхэд нь Х гэж хүний хүүхэд байгаа юм. Миний эгч Д нь Х гэх хүнтэй суухаас өмнө хүнтэй амьдарч байгаагүй. ...Том Д нь 1965 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн. Тухайн үед би 4-р анги төгсөөд 5-р ангид суралцах байсан боловч эгч төрснөөс болж ...сургуульд явуулаагүй. Жижиг Д нь 1968 оны намар өвөлжөөнд буусан байхад төрж байсан санагдаж байна. Д нь 1969 оны 12 сард төрсөн. манай 2 гэр айл саахалт нэг дороо нутагладаг байсан. Тийм учраас мэдээд байна... Д-н нэрийг Д болгоод өөрчилснийг сайн мэдэхгүй байна. Ээж нь өнгөрөөд аав нь сумын төв дээр бид хөдөө байдаг байсан болохоор би сайн мэдэхгүй байна. Том Д гээд байгаа Д нь хөдөө аавынхаа /ээжийнхээ аавын/ гэрт төрж байсан. Харин дараагийн хүүхдүүд нь сумынхаа эмнэлэгт төрдөг байсан. Бага дүү Д-г одоо Д гэж дуудах болсон байна лээ. Дээдэх эгч нь эндээд Д-г ойрхон гарлаа гэж тухайн үед ярьж байсан... Жижиг Д нь намар өвөлжөөнд бууснаас хойш төрөөд цагаан сар болохоос өмнө эндэж байсан санагдаж байна ...” гэжээ.
Гэрч Ц.Ц шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...1978 оноос 2003 он хүртэл 3 бригадын даргаар болон багийн Засаг даргаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Д гээд байгаа Д үнээ саадаг саальчнаар ажиллаж байсан. Аав, ээжийг нь сайн санахгүй байна. Өнчин шахуу л өссөн хүн байгаа юм. Энэ хүнийг яах аргагүй Д л гэдэг байсан юм...” гэжээ.
Хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан “Улсын бүртгэлд өөрийн овог, нэр, төрсөн он, сар, өдрийг буруу бүртгэснийг зөвтгөж, залруулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Гэвч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг “Улсын бүртгэлд өөрийн овог, нэр, төрсөн он, сар, өдрийг буруу бүртгэснийг зөвтгөж, залруулахыг Уянга сумын улсын бүртгэгчид даалгах” хэмээн тодруулсан.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-3.1.6-д зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв, бодитой бөгөөд нотлох баримтанд үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх бөгөөд энэ нь иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимтай.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: Нэг. Тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 00/002419 дугаарын төрсний лавлагаа[1]-нд: “Эцгийн нэр: Ш-н Х, Эхийн нэр: Т.Д нарын гэр бүлд 1968 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Уянга төрөхөд төрүүлсэн Х.Д-г 1968 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 182-т бүртгэсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гээд гэсэн регистрийн дугаарыг тусгасан нь тус байгууллагын архивт хадгалагдаж буй Уянга сумын 1965-1969 онуудын төрөлтийн бүртгэлтэй тохирч байна. Гэхдээ Х.Д-н регистрийн дугаарт оруулсан төрсөн сар нь төрсний бүртгэлд бүртгэгдсэн төрсөн сараас өөр байна. Өөрөөр хэлбэл төрсний бүртгэлд бичигдсэн сар “10” дугаар сар, регистрийн дугаарт оруулсан сар нь “11” байна.
Хоёр. Мөн хэлтсийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 00/001769 дугаарын лавлагаа[2]-нд: Эцгийн нэр бүртгэлгүй бөгөөд “/эхийн нэр/ Т-н Д-н гэр бүлд 1965 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн Д-н Д-г 1965 оны 10 дугаар сарын 04-нд төрөхөд төрснийг Өвөрхангай аймгийн Уянга сумын 132 дугаарт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэжээ. Тус лавлагаанд тухайн иргэний “Регистрийн дугаар” хэсэгт “1965/09/15” гэж тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл тухайн иргэнд регистрийн дугаар олгогдоогүй гэж үзэхээр байна. Харин төрөлтийн бүртгэлийн эх хувьд “Т-н Д, Д, эм, 1965 оны 9 дүгээр сарын 15-нд гэртээ төрснийг 1965 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэсэн” гэсэн бүртгэл байх ба 00/001769 дугаарын лавлагаанд Д.Д-г улсын бүртгэлд бүртгэсэн сар болон гэртээ төрснийг эмнэлэгт төрсөн мэтээр зөрүүтэй тусгасан байна. Тодруулбал: Улсын бүртгэлийн эх хувьд Д.Д-н төрсөн өдөр болон түүнийг иргэний бүртгэлд бүртгэсэн сар, өдөр хоёрын аль нэгнийг буруу бүртгэсэн гэж ойлгохоор бичжээ.
Нөгөө талаар: Хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн: Д-н Д-н:
- Монгол Улсын иргэний паспортын бүртгэлд “1968 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн” гэж,
- Биеийн давхцалгүй өгөгдлийн бүртгэлд “1968 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрснийг 182 дугаарт бүртгэсэн” гэж тус тус тэмдэглэсэн байна.
Нэхэмжлэгч Д-н Д-н төрсөн дүү гэх Х-н Д нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 295 дугаарын захирамжаар “баримт бичигт нэр зөрсөн” гэх үндэслэлээр “Боржигин овгийн Х.Д” гэх нэрээ “Д” гэж өөрчлүүлсэн болох нь түүний овог, нэр өөрчилснийг мэдэгдэх хуудас[3]-аар нотлогдож байна. Монгол Улсын иргэний улсын бүртгэлд түүний төрсөн огноог хэрхэн бүртгэгдсэнийг хянаж үзэхэд:
- 2001 онд бүртгэсэн Монгол Улсын иргэний үнэмлэхийн бүртгэлд “1968 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын төрөх[4]-д төрсөн, дугаарын регистртэй, Боржигин овгийн Х.Д” гэж,
- Биеийн давхцалгүй өгөгдлийн 2011, 2014 онуудад бүртгүүлсэн бүртгэлүүдэд мөн л “1968 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, дугаарын регистртэй, Боржигин овгийн Х. Д” хэмээн бүртгэсэн байх ба уг бүртгэлд Х.Д-н төрсний гэрчилгээний дугаарыг “182” гэж бүртгэжээ.
Дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд: - Өвөрхангай аймгийн Уянга сумын 1968 оны төрөлтийн бүртгэлийн “182” дугаар бүртгэлийг үндэслэж Д. Д, Х.Д нарт төрсний гэрчилгээний дугаар олгосон.
- Д.Д 1968 оны “10 дугаар сарын 25” болон мөн оны “11 дүгээр сарын 25”-ны өдөр төрсөн гэх бүртгэлтэй. Эдгээр бүртгэлийн алинд нь түүний төрсөн огноог зөв бүртгэсэн нь ойлгомжгүй,
- Д.Д, Х.Д /хуучин нэрээр/ хоёрын төрсөн огнооны хооронд дахь хугацааг тооцож үзэхэд нэг /10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн гэх огнооноос хөөвөл хоёр/ сарын зөрүүтэй төрсөн байдлаар улсын бүртгэлд тусгагдсан нь ойлгомжгүй байна. Улмаар нэхэмжлэгч Д.Д болон түүний төрсөн дүү гэх Х.Д нарын улсын бүртгэлд хадгалагдаж байгаа бүртгэлүүдэд бичигдсэн төрсөн огноо нь Уянга сумын 1965-1969 онуудад төрсний бүртгэлд байхгүй байгаа нь улсын бүртгэл үнэн, зөв хийгдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Тодруулбал: 1965-1969 онуудад Уянга суманд төрсөн иргэдийн бүртгэлийн дэвтрээс Д, эсхүл Х овогтой “Д, Д, Д” гэх иргэдийн бүртгэл байгаа эсэхийг шүүж үзэхэд 1965 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн Д-н Д, 1968 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Х-н Д гэх иргэдийн бүртгэлүүд байх ба харин 1968 оны 11 /эсхүл 10/ дүгээр сарын 25-ны өдөр төрсөн Д-н Д болон 1968 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Х-н Д, Д болон Х гэх нэрсийн аль нэгнээр нь овоглосон Д гэх иргэд бүртгэгдээгүй байдаг.
Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Д-н нагац эгч гэх Т.Д нь “...миний эгч Д нийт 4 удаа төрсөн. Үүнээс хамгийн том нь Д 1965 онд төрсөн. Удаах хүүхэд нь 1968 онд төрсөн охин Д. 3 дахь хүүхэд нь 1969 онд төрсөн охин Д. 4 дэх төрөлт нь 1972 онд дутуу төрж ээж нь ч мөн эндсэн юм... Том Д-г Д гэдэг. Гэхдээ гэрийнхэн нь Бор гэж дууддаг байсан. Бага Д нь төрөөд ой хүрээгүй нас барсан. Д нь Х гэх хүнтэй суухаас өмнө төрүүлсэн хүүхэд. Харин нөгөө гурав нь Х гэх хүний хүүхэд... Жижиг Д нь 1968 оны намар өвөлжөөнд буусан байхад төрж байсан санагдаж байна. Д нь 1969 оны 12 сард төрж байсан... Том Д гээд байгаа Д нь хөдөө аавынхаа /ээжийнхээ аавын/ гэрт, ...дараагийн хүүхдүүд нь эмнэлэгт төрж байсан. Бага дүү Д-г одоо Д гэж дуудах болсон байна лээ... Дээдэх эгч нь эндээд Д-г ойрхон гарлаа гэж тухайн үедээ ярьж байсан...” гэж мэдүүл[5]-жээ.
Улсын бүртгэлийн дээрх зөрүүтэй бүртгэлүүдийг гэрчийн энэхүү мэдүүлэг болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...Д-н дүү Д нь манай дээд талын ангид сурдаг байсан. Би 1970 онд төрсөн. Тэгэхээр Д нь 1969 онд төрсөн байх...” гэх тайлбар зэрэгтэй харьцуулан судлавал: Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 00/001769 дугаарын лавлагаанд тусгасан Т-н Д-н Д нь энэхүү хэргийн нэхэмжлэгч Д-н Д, харин 1968 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн гэх төрсний бүртгэлтэй Х-н Д нь гэрч Т.Д-н мэдүүлснээр нас барсан бөгөөд түүний төрсний бүртгэлээр одоогийн ЙО68122507 дугаарын регистртэй Х-н Д-г бүртгэсэн байх магадлал хамгийн ойрхон байна. Тодруулбал: Эгч Х-н Д эхээс төрөөд удалгүй эндсэн бөгөөд түүнийг нас барсны бүртгэлийг хийлгэлгүй байж байтал дараагийн дүү буюу Х-н Д төрсөн боловч түүний төрснийг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй эгчийнх нь бүртгэлээр бичиг баримтыг авсан байх бооломжтой байна. Мөн нэхэмжлэгч Д.Д-н “...намайг Д гэж дууддаг байсан... паспорт дээр Д гээд биччихсэн байсан тул Д гэх нэрээрээ явах болсон...” гэх тайлбарыг гэрч Т.Д болон Ц.Ц нарын шүүхэд өгсөн “...Д-г Д гэж дууддаг байсан...” гэх мэдүүлгээр гэрчилж байна.
Нэхэмжлэгч Д.Д-г “Д” гэж дууддаг байсан, гэртээ төрсөн, Х нь Д.Д-н хойд эцэг бөгөөд түүний дүү Х.Д-н төрсөн эцэг, Х.Д-г “Д” гэж дууддаг байсан талаар гэрч болон нэхэмжлэгч, хариуцагч нар мэдүүлж байгаа, эдгээр эгч, дүүсийн төрсөн он, сар, өдрүүд улсын бүртгэлд олон янзаар бичигдсэн, дүү Д нь өөрийн нэрийг “Д” байсныг “баримт бичиг зөрүүтэй” гэх үндэслэлээр “Д” болгон өөрчлүүлсэн, энэхүү эгч, дүүсийн дунд өөр нэгэн “Д” төрж, нас барсан талаар гэрч Т.Д мэдүүлж байгаа зэргээс цаг хугацааны хувьд Т-н Д нь 1965 онд Д[6], 1968 онд Д[7], 1969 онд Д гэх гурван охиныг төрүүлсэн, дунд охин Д 1969 оны эхээр нас барж, бага охин Д-г 1969 оны 12 дугаар сард төрүүлсэн байх боломжтой байна. Нэхэмжлэгч Д.Д болон түүний дүү Х.Д нарыг бага настай байхад нь эх Т.Дтөрөхийн хүндэрлээс болж нас барсан болох нь гэрч Т.Д болон Ц.Ц нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дээрх нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрч нарын мэдүүлэг зэргээс эцсийн дүгнэлт хийхэд Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багт оршин сууж байсан иргэн Т-н Д-н 1965 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрүүлсэн охин Д.Д нь энэхүү хэргийн нэхэмжлэгч Д-н Д, харин 1968 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн бүртгэлтэй Х-н Д нь нас барсан, 1968 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн гэх бүртгэлтэй Х-н Д нь бодит байдал дээр 1969 оны сүүлээр төрсөн бөгөөд нас барсан /төрсөн эгч/ Д-н төрсний бүртгэлээр бүртгүүлсэнд тооцогдон, нэршиж яваад 2010 онд нэрээ “Д” болгон өөрчилсөн болох нь тогтоогдож байна.
Улсын бүртгэл зөрчилтэй болсон эхлэл нь Х-н Д-н нас барсны, Х-н Д /гэрч нарын мэдүүлгээр Д/-гийн төрсний бүртгэлийг хийлгээгүйгээс үүссэн байх үйл баримт тогтоогдож байна. Энэхүү улсын бүртгэл зөрчилтэй бүртгэгдэх болсон үйл баримтыг мэдэх гол гэрч болох нэхэмжлэгчийн төрсөн эх Д түүнийг бага насанд нас барсан, өсгөсөн хойд эцэг Х 1982 онд нас барсан[8], Т.Д-н гэр бүлийн амьдралыг гэрч Т.Д-с өөр сайн мэдэх хүнгүй болсон, нэхэмжлэгч болон түүний дүү Х.Д нар нь тухайн үед бага насны хүүхэд байсан тул үйл баримтыг тодорхой мэдэхгүй, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газрын архив шатаж 1975 оноос өмнөх үеийн баримт устсан, Эрүүл мэндийн төв /Хүн эмнэлэг/-ийн архив 1995 онд шатаж тухайн оноос өмнөх үеийн баримтууд мөн устсан зэрэг цаг хугацааны хувьд бодит байдлыг нөхөн тогтоох нотлох баримтуудыг бүрдүүлэх боломжгүй байна.
Шүүх нь “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” эрхэм зорилготой[9] бөгөөд иргэний бүртгэлтэй холбоотой үүссэн маргааныг шүүх харъяалан шийдвэрлэх[10] ба Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5-д зааснаар улсын бүртгэлийн талаар шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж баяжилт хийх эрхийг улсын бүртгэгч эдлэнэ.
Харин Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д зааснаар “төрсний”, 11.2.7-д зааснаар “овог, эцгийн нэр, нэр өөрчилсний” бүртгэл нь тус тус иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн нэг төрөл байна. Нөгөө талаар Иргэний бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.1.5-д зааснаар Монгол улсын иргэний “төрсний”, “овог, эцгийн нэр, нэр өөрчилсний” талаарх мэдээлэл нь Иргэний бүртгэл, мэдээллийн сангийн агуулгад хамаарч байна.
Тус шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтаас харахад нэхэмжлэгч нь төрсний болон өөрийн эцэг, эхийн нэрийг өөрчлүүлсэн талаарх мэдээлэл агуулагдаагүй байна.
Хэдийгээр улсын бүртгэлийн байгууллагаас нэхэмжлэгчид Монгол Улсын иргэний улаан паспорт, цэнхэр иргэний үнэмлэх болон одоогийн иргэний үнэмлэхүүдийг олгохдоо түүний эхийн нэрийг “Д”, төрсөн огноог 1968 оны “10 дугаар сарын 25”, “11 дүгээр сарын 25” хэмээн бүртгэсэн ч түүний үндсэн бүртгэл буюу төрсний бүртгэлд “Т Д-н Д-1965 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ төрсөн” хэмээх бүртгэлийг хуульд нийцүүлэн хийсэн бүртгэл болох нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 00/001769 дугаарын лавлагаа, гэрч Т.Д-н “...том Д 1965 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн...том Д-г Д, гэрийнхэн нь Бор гэж дууддаг байсан...” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар иргэний бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэхээр зохицуулсан.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн “Улсын бүртгэлд өөрийн овог, нэр, төрсөн он, сар, өдрийг буруу бүртгэснийг зөвтгөж, залруулахыг Уянга сумын улсын бүртгэгчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Монгол Улсын иргэний бүртгэлийн санд дугаарын регистртэй, 1968 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн[11], Монгол Улсын иргэн Боржигин овогт Д.н Д” гэж бүртгэсэн бүртгэлийг “1965 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, Боржигин овогт Д-н Д” болгон өөрчилж, залруулга хийхийг Өвөрхангай аймгийн Уянга сумын улсын бүртгэгчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.7, 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Д-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын иргэний бүртгэлийн санд “дугаарын регистртэй, 1968 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн[12], Монгол Улсын иргэн Боржигин овогт Д-н Д” гэж бүртгэсэн бүртгэлийг “1965 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, Боржигин овогт Д-н Д” болгон өөрчилж, залруулга хийхийг Өвөрхангай аймгийн Уянга сумын улсын бүртгэгчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдсугай.