Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 0007

 

Голомт банкны Хөвсгөл салбарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Хосбаяр, хариуцагч Я.Эрхэмбаяр нарыг оролцуулан хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 135 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Голомт банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Я.Эрхэмбаяр, Л.Дүүрэнжаргал нарт холбогдох

Үндсэн зээл 41.085.787 төгрөг, хүү 1.260.750 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.296 төгрөг, нийт 42.374.835 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л.Дүүрэнжаргал, хамтран зээлдэгч Я.Эрхэмбаяр нараас 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж, дугаар ЗГ4905100286 зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг 38 сарын хугацаатай, сарын 0.66 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул банк өөрийн санаачилагаар зээлийн гэрээний дагуу зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болон хариуцагчийн бусад хөрөнгөөс гаргуулах тухай шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага: 1. Үндсэн зээлийн төлбөр 41,085,787.63 төгрөг, 2. Үндсэн хүүгийн төлбөр 1,260,750.58 төгрөг, 3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 28,296.77 төгрөг, 4. Нийт төлбөр 42,374,835 /дөчин хоёр мянга гурван зуун далан дөрвөн мянга найман зуун гучин тав/ төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарын захирал П.Хосбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нар нь авсан зээлээ зээлийн графикийн дагуу төлж байгаад 2015 оны 05 дугаар сараас хойш төлөх чадвар нь байхгүй болж холбоо барихад утсаа салгах гэх мэт байдал гаргаж байсан. Ингээд 2015 оны 09 дүгээр сараас бид зээл эргэн төлөх графикт өөрчлөлт оруулж 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулж харилцагч нарын хүсэлтээр боломж олгосон байдаг ч үр дүнд хүрээгүй. Зээлдэгч нар нь манай банкнаас зээл авахаас өмнө хүлэмжийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн байсан. 90,000,000 төгрөгийн өртөгтэй төсөл гэж үзээд манай байгууллага 50,000,000 төгрөгийн зээл олгосон. Зээлдэгч нар нь буруу тооцоо гаргаж мөнгийг өөр зүйлд зарцуулсан байх үндэслэлтэй байгаа. Хариуцагч нарын тайлбарт орон сууц чөлөөлж өгнө үү гэсэн байдаг. Нэмэлтээр зээл авахдаа 10 га газар усалгааны төхөөрөмж, хүлэмж барьцаалсан. Мөн зээлийн батлан даалтын сангаас барьцаа хөрөнгө хүрэхгүй байсан учраас батлан даалтаар 20,000,000 төгрөг гаргасан байдаг. Эдгээр хөрөнгүүдийг зээлийн төлөлт хийгдсэн тохиолдолд суллах боломжтой байна. Ийм учраас зээлдэгч нар нь зээлээ зээл төлөх хуваарийн дагуу төлж барагдуулахгүй байгаа учир зээлийн төлбөр 42,374,835 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Дүүрэнжаргал, Я.Эрхэмбаяр нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Я.Эрхэмбаяр, Л.Дүүрэнжаргал бид энэхүү төслийн зээлийн хүрээнд санхүүжилт авч хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 50 сая төгрөгийн зээл авч Олны өтөгт хавар, намрын хүлэмж байгуулан ашиглалтад оруулан үйл ажиллагаа явуулан ажиллаж байсан. Зах зээлийн эдийн засгийн нөхцөл байдлаас болоод уг үйл ажиллагаа маань доголдож зээлээ эргүүлэн төлж чадахгүй байна. Иймд зээлийн барьцаанд байгаа эд хөрөнгөөс өөрийн орон сууцаа чөлөөлүүлж, Олны өтөгт байрлах 10 га газар, 6х60 харьцаатай 360 м2 хүлэмж, 4х4 хэмжээтэй 2 байшингийн хамт эд хөрөнгийг зээлийн барьцаанд оруулах хүсэлтэй байна. Манай гэр бүл хамтдаа энэ аж ахуйг хөгжүүлэхийн тулд их зүтгэл гарган ажилласан боловч цаашид үйл ажиллагаагаа явуулахад санхүүгийн хүндрэл учирч зээлээ төлж чадахгүй болсон тул өөрийн орон сууцаа чөлөөлж, бүтээн байгуулсан эд хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар авсан зээлээ төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул эдгээр хөрөнгүүдийг зээлийн барьцаанд бүртгүүлэн борлуулах шийдвэр гаргаж өгнө үү. Бид авсан санхүүжилтээр уг хүлэмжийн аж ахуйг барьж байгуулахад зарцуулсан, түүнийхээ хэрээр уг аж ахуй үүсэж бий болсон. Авсан хөрөнгөө зориулалтын дагуу зориулан бий болсон аж ахуй тул уг аж ахуйн хөрөнгийг худалдан борлуулж зээлээ төлөх боломжтой гэж бидний бие үзэж байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Л.Дүүрэнжаргал, Я.Эрхэмбаяр нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 42,374,835 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 369,825 /гурван зуун жаран есөн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Дүүрэнжаргал, Я.Эрхэмбаяр нараас 369,825 /гурван зуун жаран есөн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Я.Эрхэмбаяр давж заалдах гомдолдоо: ... Анх уг төслийн зээлийг авахаар 2014 оны 3 сараас эхлэн баримт материалаа бүрдүүлсэн боловч тус банкны ажилтны буруугаас хойшлогдож явсаар 10 сарын сүүлчээр буюу хүлэмжийн аж ахуй эрхлэх хугацаа дууссан, газар хөлдөж эхлэхтэй зэрэгцэн олгосон бөгөөд ямарч тарьж ургуулсан ногоогүй, газарт дараагийн жилийн тариалалт хийх хөрсний боловсруулалтгүй, үр бордоогүй нөхцөл үүссэн, хавар хүртэл зээл, зээлийн хүү төлөх эрсдэлийг бий болгосон нөхцөлд зээл олгогдсон. Уул нь зээлийн зориулалт нь энэ бүгдийг харгалзан эрт 3 сард олгож эхлэх байсан ч банк ингээгүй, ингэхийг хүсээгүй юм. Мөн гэрээг байгуулахдаа талуудын гэрээний чөлөөт байдлыг алдагдуулж өөрсдийн хийсэн гэрээг энэ гэрээн дээр зурвал зур үгүй бол боль гэсэн байдлаар хандаж нэг талын эрх ашгийг хөсөрдүүлснээс зээлийн гэрээний 4.1-д зааснаар барьцаа хөрөнгөд хийсэн засан сайжруулалтыг барьцаа хөрөнгийн нэгэн адил үзэж түүний үнийн дүнг банк хэрэгсэхгүй байхаар заасан нь Иргэний хуульд заасан засан сайжруулалтын дүнд бий болсон зүйлийг салган авах, эсхүл үнийг тооцон авах эрхийг хаасан, өөрөөр хэлбэл хуулиар эдлэх ёстой эрхийг гэрээгээр хориглосон гэрээ болсон. ... Миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагаас нэг сая төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Зээлийн эргэн төлөлт нь 39.887.006 төгрөг бөгөөд энэ нь зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, түүний эргэн төлөлтийн графикт баримтаар нотлогдох бөгөөд Банкны шүүхэд гаргаж өгсөн баримтад байхгүй байсан. Энэ баримтыг шүүхэд гаргаж өгөх байсан ч шүүх хуралдаанаараа шийдсэн байсан. Дээрх 39,887,006 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодоход 41,374,835 төгрөг болж байгаа ба энэ дүнгээр банк нэхэмжлэх байсан. Гэрээгээр үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх байсан ч биелүүлээгүй үүргийн үнийн дүнгээс бодсон тул нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн шүүх нэг талыг баримталж зохигч миний эрхийг зөрчсөн. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ мэтгэлцэх зарчмаар шийдэх, ингэхдээ нэг талын хүсэлтээр, нэг тал шүүх хуралдаанд оролцсоноор биш талуудыг аль болох оролцуулж мэтгэлцэх нөхцлийг хангах үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэлгүй яаран шийдвэрлэсэн. Ингэснээрээ шүүх хуралдаанд нотлох баримт гаргах, нөгөө талын нотлох баримттай танилцах, нотлох баримтаас хасуулах зэрэг эрхийг эдэлж чадаагүйгээс гадна шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэргийн материалтай танилцуулаагүй зэрэг ИХШХШТХ-д заасан зохигчийн эрхийг ноцтой зөрчсөн. Шүүх хуралдааны товыг миний бие болон хамтран зээлдэгч лавлах үүрэгтэй, мөн шүүх мэдээлэх үүрэгтэй байхад хамтран зээлдэгчид буюу надад мэдэгдээгүй бөгөөд шүүгчийн туслах гэх Хулангаас лавлахад утсаа аваагүйгээр хүндэтгэн үзэх шалтгаанаар ирэх боломжгүй байгаагаа дурьдан хойшлуулах хүсэлтийг гаргах байсан боловч ийм боломжийг шүүх олгоогүй, мэтгэлцэх боломжийг шүүх хангах байтал туслах нь ч шүүгч нь ч хүсээгүй. Миний бие учир байдлаа хэлж өмгөөлөгч авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулж хүсэлт гаргах байсан ч түүнийгээ шүүхэд хүргэж чадсангүй. Мөн туслах нь Банкны зээл нэхэмжилсэн дүнгээрээ шийдэгддэг, та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, банк бол бизнесийн байгууллага, тэгэхгүй бол 380,000 төгрөг төлнө, /шүүгч тэгж байна гэсэн ба үүнийг хажууд нь байсан туслах Манлайбаяр гэх залуу мэднэ/ гэх зэрэг хуульч хүнд баймгүй ааш гаргаж байсан нь хэргийг зөвхөн нэг талд шийдэх нь гэсэн бодлыг төрүүлж байсныг хэлье. Иймд дээрх бүх байдлыг харгалзан хэргийг хянан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: ... Л.Дүүрэнжаргал нь 2014 оны 03 сараас төслийн зээл авахаар манай банкинд хүсэлт гаргасан бөгөөд зээлийн шийдвэр гаргахад шаардагдах мэдээллүүд холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй, хойшлуулсан, өөрөөр хэлбэл зээл авахтай холбоотой холбогдох баримтуудыг дутуу бүрдүүлсэн, харилцагчаас өөрөөс нь шалтгаалж, зээлийн гэрээг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулж, зээл олголтыг 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хийсэн. Үүнд банкны ажилтны буруу байхгүй шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй юм.

... Л.Дүүрэнжаргал, Я.Эрхэмбаяр нар нь зээлийн гэрээний нөхцлийг бүрэн уншиж танилцсан, хүлээн зөвшөөрснийхөө үндсэн дээр банктай зээлийн гэрээ байгуулж зээлийн харилцаанд оролцож байгаа гэж ойлгож байна. Зээлийн гэрээний нөхцөл, болзол, журмыг зөвшөөрөхгүй бол зээл авахгүй байх эрх нь тэдэнд нээлттэй. Зээлийн гэрээг хуульд заасан шаардлагууд болох нотариатаар гэрчлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагуудыг хангуулсан гэрээ юм.

... Банкны нэхэмжлэх дүн нь банк өөрөө санаачилгаараа мөнгөн дүнг бодоод санаандаа тоо нийцүүлээд нэхэмжлээд байдаггүй, тусдаа тоо, тооцоолуур, программаар шалгасны үндсэн дээр үндсэн зээлийн үлдэгдэл хэдэн төгрөг болох, зээлийн үндсэн хүү хэдэн төгрөг болох, нэмэгдүүлсэн хүү хэдэн төгрөг болохыг тооцоолдог болно. Үндсэн зээлийн төлбөр 39,887,006 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодоход 41,374,835 төгрөг болж байгаа ба энэ дүнгээр банк нэхэмжлэх байсан. Гэрээгээр үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх байсан ч биелүүлээгүй үүргийн үнийн дүнгээс бодсон тул нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэх гомдлын тухайд зээлийн гэрээ болоод хуульд заасан үндэслэлийн дагуу нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй тул нэмэгдүүлсэн хүү хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үдэслэлтэй гэж үзэж байна.

Мөн хариуцагч нар нь үндсэн зээлийн төлбөр 41,085,787.63 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр - 1,260,750.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 28,296.77 төгрөг нийт 42,374,835 төгрөг болоод шүүх дээр хэргийг шалгаж байх явцад энэ талаар маргаж байгаагүй, харин барьцааны хөрөнгөөс орон сууц чөлөөлүүлэх тухай л тайлбар ирсэнтэй танилцаж байсан, барьцааны хөрөнгө чөлөөлөх өөрчлөх эсэх нь банк, харилцагч нарын хоорондын асуудал юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж  үзлээ.

Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Л.Дүүрэнжаргал, Я.Эрхэмбаяр нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 41,085,787 төгрөг, зээлийн хүү 1,260,750 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,296 төгрөг, нийт 42,374,835 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг дурдаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч тус банкнаас 50,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 38 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн барьцаанд Мөрөн сумын 8 дугаар багт байрлалтай 38 м/кв талбай бүхий орон сууц, Түнэл сумын Алтгана багт байрлалтай 100 м/кв талбай бүхий усжуулалтын систем, газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад  дээрх нэр бүхий хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргаагүй байхад шүүх Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг дурдаж шийдвэрлэсэн  нь буруу байна.

Шүүх хариуцагч Л.Дүүрэнжаргал, Я.Эрхэмбаяр нарт нэхэмжлэлийн хувийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан ба тухайн өдөр хэргийн материалыг танилцуулсан, шүүх хуралдааны үед нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг хариуцагч нарт  танилцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой  зөрчсөн гэж үзэхээр  байна.

Түүнчлэн шүүх хариуцагч Л.Дүүрэнжаргалд шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн ба хариуцагч нарыг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 –д “...зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад  тэгш эрхтэй оролцоно...” гэж заасныг зөрчиж хариуцагчийн эрхийг хязгаарласан  байна.

Дээрх алдаа зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлд хамаарч байх тул хариуцагч Я.Эрхэмбаярын гаргасан “... шүүх өмгөөлөгч авах, хүсэлт гаргах, нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчиж, нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн” гэх давж  заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 135 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,250 /хорин есөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.СОСОРБАРАМ

               ШҮҮГЧИД                               Б.ОЮУНЦЭЦЭГ

                                         Т.ГАНБАТ