Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2017/00012/И |
Дугаар | 13 |
Огноо | 2017-01-11 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 13
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Бэрс Капитал ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Отгонбатын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 191 дүгээр байр, 2-31 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, 38 настай, Оточ овгийн Цэрэнчимэдийн Сумъяабазарт холбогдох 2614886 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Бэрс Капитал ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Отгонбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Сумъяабазар нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Бэрс Капитал ХХК-иас 3500000 төгрөгийг 6%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлсэн. Уг зээлийн гэрээний хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дууссан. Хугацаа дууссанаас хойш ямар ч төлөлт хийгээгүй, компанийн зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Ц.Сумъяабазараас 2614886 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямба болон хариуцагч Ц.Сумъяабазар нар шүүхэдгаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Бэрс Капитал ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Отгонбат нь Ц.Сумъяабазараас 2614886 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ц.Сумъяабазартай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2614886 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаа багасган 2389000 төгрөг болгосныг Ц.Сумъяабазар хүлээн зөвшөөрч бид хоорондоо эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй гэдгээ ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бэрс Капитал ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Отгонбат нь хариуцагч Ц.Сумъяабазартхолбогдуулан 2614886 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямба нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2389000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ц.Сумъяабазар зөвшөөрч, талууд эвлэрсэн нь зохигчдийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Бэрс Капитал ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Отгонбат нь хариуцагч Ц.Сумъяабазараас 2614886 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2389000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хүрээнд зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгтзааснаар хариуцагч Ц.Сумъябазараас 28395 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бэрс Капитал ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56790 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА