| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1013/Э |
| Дугаар | 1055 |
| Огноо | 2020-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 1055
2020 06 04 2020/ШЦТ/1055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Шүүгдэгч З.Х, түүний өмгөөлөгч н.Батсүх нарыг оролцуулан шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С овогт З.Х холбогдох эрүүгийн 2006 01849 1210 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч З.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СОТ-ын 3/11-6 тоот гэртээ байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Мөнхцэцэгтэй маргалдаж улмаар биед нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Х мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгийн мэдүүлэг /хх-49-51/, гэрч М.Отгончимэгийн мэдүүлэг /хх-24-25, 93-94/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3713 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-55-56/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч З.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СОТ-ын 3/11-6 тоот гэртээ байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Мөнхцэцэгтэй маргалдаж улмаар биед нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгийн “...2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хүрэлбаатар архи ууж, агсам тавьж хэл амаар доромжилж маргалдаж байгаад хутга аваад “Ална” гэж дайрч үснээс зулгайсан. Энэ үед хутгыг нь салгаж авахаар булаацалдаж байгаад баруун шууныхаа хэсэгт зүсэгдэж цус гарсан чинь ханан зуухан дээгүүр давж байгаад жижиг сандлаар нуруу, зүүн шуу, бугалга хэсэг рүү 3 удаа цохьсон чинь нуруу, шуу, хөхөрсөн байсан.” /хх-49-51/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Отгончимэгийн “...2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр манай аав Хүрэлбаатар 18 цаг өнгөрч байхад гаднаас согтуу орж ирсэн. Би нөгөө өрөөнд байсан. Тэр үед аав ээжтэй хэрүүл хийгээд байсан. Сонсож байхад аав ээжийг “Зайл янхан минь” гээд үглээд байсан. Аав ээжтэй хэрэлдэж байгаад ээжийг үснээс нь зулгаагаад үстэж дарсан. Тэгэхээр нь би босож очоод “Та боль” гээд салгасан. Би аав ээж хоёрыг салгачихаад гэрээс гарч өөрийн гар утсаар цагдаа дуудаж 102-т дуудлага өгчихөөд эргээд ороход ээжийн толгой хэсгээс нь цус гарсан байдалтай , миний байсан өрөөний буйдан дээр сууж байсан. Намайг ороход манай аав гартаа аяны эвхэгддэг төмөр сандал барьчихсан ээж рүү “Ална шүү” гээд дайрах гээд байж байгаад сандлаа гаргааад шидчихсэн...” /хх-24-25, 93-94/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3713 дугаартай:
1.Ц.Мөнхцэцэгийн биед баруун шуунд шарх, зүүн бугалга, зүүн шуу, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх шарх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн хэрэгт хамаарна.
4.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. /хх-55-56/ гэх дүгнэлт зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч З.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СОТ-ын 3/11-6 тоот гэртээ байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Мөнхцэцэгтэй маргалдаж улмаар биед нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрх байдлаар шүүгдэгч З.Х ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч З.Х нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч З.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч З.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт З.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Хыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг З.Хт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, З.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба З.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл З.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА