Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 14

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Төрийн банкны захирал Д.Сүхбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 22-08 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 31 настай, Тавхай гэлэн овгийн Ганбаатарын Мөнхсайхан

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 22-08 тоотод оршин суух, 1983 онд төрсөн, 33 настай, Олгонууд овгийн Цэдэндоржийн Наранчимэг нарт холбогдох

6665610,16 төгрөг гаргуулах-ыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхсайхан, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Төрийн банкны захирал Д.Сүхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Мөнхсайхан, Ц.Наранчимэг нар нь тус банкнаас 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 019/460 тоот зээлийн гэрээгээр 1300000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 33/722 тоот зээлийн гэрээгээр 4500000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 74/1068 тоот зээлийн гэрээгээр 1500000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 27/393 тоот зээлийн гэрээгээр 2200000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 85/687 тоот зээлийн гэрээгээр 1500000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02/18 тоот зээлийн гэрээгээр 1600000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 48/539 тоот зээлийн гэрээгээр 500000 төгрөгийг тус тус авсан. Г.Мөнхсайхан, Ц.Наранчимэг нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Г.Мөнхсайхан, Ц.Наранчимэг нараас зээлийн төлбөр 5884759,8 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 767689,36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4761 төгрөг, нотариатаар гэрчлүүлсэний төлбөр 8400 төгрөг, нийт 6665610,16 төгрөгийг Г.Мөнхсайхан, Ц.Наранчимэг нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай зүгээс 2017 онд зээлийг төлж барагдуулна гэдэг хүндрэлтэй байна. Шүүхийн шийдвэр гарахаар албадан гүйцэтгэлээр гаргуулж авна гэв.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Төрийн банкнаас цалингийн зээл авсан нь үнэн. Зээлийн үлдэгдэл 6665610,16 төгрөгийг 2017 онд багтаан төлж барагдуулна гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Өвөрхангай аймгийн Төрийн банкны захирал Д.Сүхбат нь хариуцагч Г.Мөнхсайханд холбогдуулж 6665610,16 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зээлдэгч Г.Мөнхсайхан, хамтран зээлдэгч Ц.Наранчимэг нар нь нэхэмжлэгч Төрийн банктай барьцаат зээлийн гэрээ байгуулан зээл авсан нь талуудын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 48/539 тоот гэрээ, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгтЗээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож болно, 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан байх тул хариуцагч Г.Мөнхсайхан, Ц.Наранчимэг нараас үндсэн зээлийн төлбөр 5884759.8 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 767689.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4761 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 8400 төгрөг, нийт 6665610,16 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Өвөрхангай салбарт олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Г.Мөнхсайхан, Ц.Наранчимэг нараас 6665610,16 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч 121599.76 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 121590.76 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА