Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 126

 

    Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 8-09 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, РД:ОЮ64082025, Тугтан овогт Жийпрэлийн Оюунцэцэгийн хүү Ц.Наранбаатарыг нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хүү Ц.Наранбаатар 1985 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрөөд 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хархираа сумын хүн эмнэлэгт “Цахилгаан мэнэнгийт” өвчний улмаас нас барсан. Тухайн үед хасалт хийсэн эсэхийг сайн санахгүй байна. Ингээд би өөрөө өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход хүүхдийн нас барсны гэрчилгээ олдохгүй байгаа, архиваас шүүлгэхэд Тариалан сумын тухайн үеийн архив шатсан гэсэн учир шүүхэд хандаж байна. Мөн тухайн үедээ хүүгээ нас барсны бүртгэлд бүртгүүлээгүй юм шиг байна лээ. Иймд миний хүү Ц.Наранбаатарыг 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нас барсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нь  хүү Ц.Наранбаатарыг 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Увс аймгийн Улсын бүртглийн хэлтсээс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10/002468 тоот лавлагаагаар иргэн И.Цэнд-Аюуш, Ж.Оюунцэцэг нарын гэр бүлд 1985 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүү Наранбаатар төрсөн болох нь тогтоогдож байна.

     Мөн гэрч Ц.Баттогтохын “1991 оны өвөл 12 дугаар сард манайх Улаангом суманд өвөлжиж байхад Цэнд-Аюушийнх Хар толгойд өвөлжиж байсан юм. Тэгэхэд “Хүүхдийн бие муудлаа” гээд хамаатан садангуудаа дуудаад би нөхрийн хамт очиход хүү болох Ц.Наранбаатар нь ухаангүй байсан. Би 103-д дуудлагын эмчээр ажиллаж байсан учраас хамгийн түрүүнд хүүхдийн биеийн байдлыг үзэхэд хатгаа хүндэрсэн, цахилгаан мэнэнгит болсон байсан юм. Тэгээд тэр оройдоо нас барсан. Тухайн үед би ажил явдалд нь өөрөө оролцож байсны хувьд Ц.Наранбаатарыг 1991 оны өвөл нас барсан болохыг баталж байна” гэх, гэрч Д.Дариймаагийн “1991 оны 12 дугаар сарын шинэ жилийн өмнөхөн санагдаж байна, манай нөхөр Баттулга нь “И.Цэнд-Аюушийн хүү нь нас барсан гэнэ” гээд намайг дагуулаад тэднийд очиж байсан юм. Тэгэхэд манайх Улаангом сумын 10 дугаар багт, И.Цэнд-Аюушийнх Тариалан сумын Хартолгойд өвөлжиж байсан юм. Нөхөр бид хоёр хүүг нь эрүүл саруул байхад тэднийд орж гараад явж байлаа. Тухайн үед бид гэр бүлийн найзууд байсан учраас хүүгийнх нь ажил явдалд оролцож байсан учраас 1991 оны 12 дугаар сарын сүүлээр Ц.Наранбаатарыг нас барсан болохыг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг хэрэгт авагджээ.

     Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгийн хүү Ц.Наранбаатар 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын нутагт өвчний улмаас нас барсан, түүний нас барсныг улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, тэмдэглүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. 

      Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Цэнд-Аюушийн Наранбаатарыг 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нас барсан болохыг тогтоож шийдвэрлэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Цэнд-Аюушийн Наранбаатарыг 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлснийг дурдсугай.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.БОЛОР