Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 127

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багт оршин суух, 1958 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЗ58042018, Шаавай овогт Баянбатын Баасанжавын нас тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Б.Баасанжав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Шаавай овогт Баянбатын Баасанжав нь 1957 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын Мөнгөт гэх газар төрсөн боловч намайг сургуульд оруулахгүй гэж аав, ээж маань миний насыг дарж бүртгүүлснээс иргэний үнэмлэхний төрсөн он буруу бичигдэж 1958 онд төрснөөр олгогдсон байдаг. Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгох жинхэнэ нас болж байгаа учир 1957 онд төрсөн болохоо тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг 1957 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү”  гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Б.Баасанжав 1957 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд:

1. Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн “Баянбатын Баасанжав 1957 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Мөнгөт гэх газар төрснийг 1962 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов” гэжээ,

2. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн Төрөлт бүртгэл гараагзй тухай лавлагаа-Б-д: “Увс аймгийн Өмнөговь сумын 1962 онд Нацагдорж овогтой Хөхөө гэсэн төрөлт бүртгэгдээгүй” гэжээ,

3. Шаавай овогт Баянбатын Баасанжавын иргэний үнэмлэхний хуулбар,

4. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 1/18 тоот тодорхойлолт, төрөлтийн бүртгэлийн журналын хуулбар,  

5. Ш.Зундуй, Б.Жавзан, Б.Хөхөө, Г.Хожгор нарын иргэний үнэмлэхийн хуулбар,

6. Гэрч Г.Хожгорын шүүхэд өгсөн: “1957 онд Увс аймгийн Наранбулаг сумын Тогтохын шилийн “Мөнгөтийн овоо”-нд Б.Баасанжав төрсөн юм. Тухайн үед би 22 настай байсан бөгөөд манайх Баянбатынхтай айл хоршоо амьдарч байсан. Би Б.Баасанжавын ээжийнх нь төрсөн эгчтэй гэрлэсэн учраас тэднийхийг сайн таньж мэддэг юм. Миний санаж байгаагаар түүний ээж Ө.Биньеэ нь Б.Баасанжавыг гэртээ төрүүлж байсан юм. Ж.Баянбатынх 10 гаруй хүүхэдтэй бөгөөд Б.Баасанжав нь дороо нэг дүүтэй, дүү Б.Зундуй нь одоо 50 гарантай, дээд талын ах Б.Хөхөө нь 70 гаран настай хүмүүс байдаг юм. Ер 2-оос дээш насны зөрүүтэй санагдаж байна” гэх мэдүүлэг,

7. Гэрч Б.Хөхөөгийн шүүхэд өгсөн: “1957 онд Увс аймгийн Наранбулаг сумын Тогтохын шилийн “Мөнгөтын овоо”-нд Б.Баасанжав төрсөн юм. Тухайн үед би 19 настай байсан бөгөөд Улаангом сумын Барилга угсралтын трестэд ажиллаж байсан. Тухайн үед би дүүтэй болсон гэдгээ гэр бүлийнхнээсээ сонсож мэдсэн. Тэгээд би 1966 онд дүүгээ хажуудаа авч сургуульд оруулах гэхэд хөдөөний харьяалалтай хүүхэд авахгүй гэсэн учир би өөрийнхөө нэрээр овоглож 9 настайд нь 1 дүгээр ангид оруулж байсан баримт одоо надад байдаг юм. Би Б.Баасанжавын төрсөн ахынх хувьд түүнийг 1957 онд төрсөн болохыг баталж байна. Бид эцэг эхээс 12-уулаа юм. Одоо бидний 5 маань амьд сэрүүн амьдарч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

     Нэхэмжлэгч Б.Баасанжав нь Увс аймгийн Наранбулаг суманд Баянбатын гэр бүлд 1957 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний төрсний гэрчилгээний хуулбар, Г.Хожгор, Б.Хөхөө нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

    Иймд нэхэмжлэгч Шаавай овогт Баянбатын Баасанжавыг 1957 оны  4 дүгээр сарын 27-ны өдөр төрснөөр тогтоож  шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Баасанжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Шаавай овогт Баянбатын Баасанжавыг 1957 оны  4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Баасанжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      П.БОЛОР