Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 1292

 

 

 

 

 

 

 

 

    2020        07          10                                   2020/ШЦТ/1292

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Я.Сансар,

шүүгдэгч Б.Т, Т.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Багш овогт Баасанжавын Т, Багш овогт Тын О нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04142 0466 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1964 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёл судлаач мэргэжилтэй, “Монгол их төр” төрийн бус байгууллагын тэргүүн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 хороолол, 5 дугаар байрны 148 тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 637.500 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1088 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, нб64010515 регистрийн дугаартай, Б овогт Бын Т.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсрлтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Тамирчин 7а дугаар гудамжны 51 тоотод оршин суух, 

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, нб90033011 регистрийн дугаартай, Б овогт Тын О.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төрсөн хүү Т.Отай таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хүзүүг нь боож, гарыг нь багц түлхүүрээр цохиж, урж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Т.О нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт төрсөн аав болох Б.Ттой таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т, Т.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Т, Т.О нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Т.О нь над руу дайрч энгэрээс заамдахаар нь би түлхэж салгасан. Тэгэхэд 10 минутын дараа маргалдаж байгаад дахин дайрч хоолой боохоор нь би халааснаасаа багц түлхүүр гаргаж Огийн гарыг түлхүүрээр урж гарыг нь тавиулсан. Гэтэл хэсэг хугацааны дараа над руу 32 милометрийн диаметртэй 1,30-1,50 сантиметрийн урттай төмөр барьж дайраад ирэхээр нь би айсандаа өөрийгөө хамгаалах гэж урдаас нь олон түлхүүрийг шидэх үед Огийн хоолой хэсэгт оносон ба гартаа байсан төмрөөр миний зүүн дал руу цохисон. Тэгээд бид хоёрыг ноцолдож байх үед том хүү Гантүшээ ирж салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

Хохирогч Т.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тухайн өдрийн өглөө би аав Тын машинтай хөдөө яваад өдөр ирж аавын гэрт очсон. Тэгэхэд аав танай гэр рүү явъя гээд бид хоёр манай гэрт очиход ах Гантүшээ ганцаараа бага насны хоёр хүүхдийн хамт байсан. Аав Т нь одоо амьдарч байгаа байр банкны барьцаанд хураагдах гэж байгаа талаар ярьж, өмнө нь шатаж байсан байрыг надаас болсон гэж хэлээд намайг хэл амаар доромжилсон. Тэгээд бид хоёр маргалдаж над руу хуруугаа чичээд дайраад байхаар нь би цохих гэж байна гэж бодоод энгэрээс нь бариад авсан. Тэгэхэд баруун гартаа барьсан олон багц түлхүүрээр миний хоёр гарыг урж арьсыг шалбалсан. Би урьтаж хоёр гарыг бариагүй бол намайг багц түлхүүрээр цохих байсан. Бид хоёр салсан ба хэсэг хэрэлдэж байгаад дахин нэгнийхээ энгэрээс заамдаж авах үед аав миний хоёр гарыг дахин багц түлхүүрээр зураад байсан. Энэ явдал гурван удаа давтагдсан ба энэ үед гэрт ах Гантүшээ байсан. Би гаднаас урт никель төмөр авч байшингийн таазанд тогтоох гээд явж байх үед аавтай хаалга дээр таарахад чи намайг цохих гэлээ гэхэд би таныг цохихгүй гэхэд хажуугаар гараад явсан. Миний баруун гарын сарвуу, зүүн гарын шуунд багц түлхүүрээр зурж шалбалж цус гарсан ба хоолой боосон... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8071 дугаартай:

Б.Тын биед зүүн далны дотор доод хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн шуунд цус хуралт, хүзүү, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.  Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 22/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 8069 дугаартай:

Т.Огийн биед баруун хөмсөгийн дотор гадаргуу, хамрын уг, хүзүү, баруун, зүүн бугалга, баруун сарвуу, бугуй, зүүн шуу, бугуйн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 26/,

 

Шүүгдэгч Б.Тын шүүх хуралдаанд өгсөн:

Т.О нь миний хүүхэд байж миний хүүхдээс гарамгүй зан гаргасан. Хэрэг учрал болсон өдөр 176.000.000 төгрөг хулгайлсан этгээдийг олж мэдүүлсэн тухай ярьж байгаад Отай бага зэрэг маргалдаж би “чиний бодож байгаа чинь буруу шүү” гээд гараараа чичихэд намайг багалзуурдаж авсан ба дахиад багалзуурдаж авахаар нь би амь тэмцэхдээ халаасанд байсан түлхүүрээр гарыг нь зурж өөрөөсөө холдуулсан. Тэгээд гэрээс гараад явж байх үед 22 килограмм жинтэй арматурын төмөр барьж ирээд миний нуруу руу цохьсон. Дандаа ах, ээж, охин дүүгээ айлгаж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Та нарын нүдийг сохолно шүү гэдэг. Бас манай 15 тонн төмөрийг хулгайлаад авчихсан. Мөн энэ хүнээр байшингаа шатаалгасан. 176.000.000 төгрөгийн хулгайчийг барьж өгсөн. Прокурор энэнд мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Т.Огийн шүүх хуралдаанд өгсөн:

Тухайн өдөр 3 цагийн орчимд аав ах бид 3 манайд эд хөрөнгийн талаар ярилцаж байтал тийм юм ярихгүй гэсэн. Нэг нь хөрөнгөө аваад нэг тийш болъё гэсэн саналтай байхад нөгөөх нь энэ байдал надад ашиггүй гэсэн үүднээс хандсан. Тэгэхээр нь би бухимдаж, хэрүүл болсон. Аав над руу салаавч гаргаад нулимаад чамаас болж байшин шатсан гэж хэлсэн. Би энэ хэргийг илчлээд өгөөч гэж ааваас  гуйгаагүй. Өөр хүмүүс өс хонзон санаад байшинг шатаасан. Над руу салаавч гаргаад нулимхаар нь би уурлаад багалзуурдаад авсан. Багц түлхүүр байсан эсэхийг анзаараагүй. Ямар ч байсан дараа нь гарыг маань нэлээн урчихсан байхаар нь уурлаад төмөр авч ирсэн. Гэхдээ төмрөөр цохиогүй. Зөөлөн эдийн гэмтэл яаж үүссэн талаар бодсон. Буланд түлхэж шахах үед нуруунд нь гэмтэл үүссэн байх гэж бодож байна. Тухайн үед заамдаж авах болсон шалтгаан нь өөрт болохгүй байгаа асуудлаа илэрхийлж, ойлгуулах гэснээс гэмтэл учруулах гэж тэгээгүй гэх мэдүүлэг,

 

Зөрчлийн талаар бичгээр болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Т.Огийн цагдаагийн газарт бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 08-09/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Тын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/, жолоочийн лавлагаа /хх-ийн 42/, нийгмийн даалтгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 43/,

Шүүгдэгч Т.Огийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 73/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.  

 

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төрсөн хүү Т.Отай таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар гарыг нь багц түлхүүрээр цохиж, урж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Т.О нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт төрсөн аав болох Б.Ттой таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар цохиж, хоолойг нь боож, далны хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт хүзүү, зүүн шуу булгалганд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч Б.Т, Т.О нар нь өөрсдийн бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсантай маргахгүй, хүлээн зөвшөөрсөн, тэдний гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцалга хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, шүүгдэгч Б.Т, Т.О нар нь хэрэгт нотлох баримтаар хохирлын баримт гаргаж өгөөгүй учир шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, холбогдсон гэмт хэргийн талаар илэрхийлж байгаа байр суурь, хийсэн үйлдэлдээ өгч байгаа дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт, ажил эрхлэлт, орлогын байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, нийтэд тустай ажил хийлгэх ялыг тодорхой хугацаа тогтоож эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч, шүүгдэгч нарын бие биенээ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашигийг тэргүүн ээлжинд тавьж хүлээцгүй хандсан үйлдэл, өрөөлийг давж даран авах, өрөөлд дийлдэхгүй гэсэн байр суурьнаас хандсан хандалга, бусдад түрэмгий дээрэнгүй байдлаар хандах гэсэн байдал нөлөөлсөн байна. Цаашид оролцогч нар нь дээрх дутагдалыг анхаарч хэн хэнээсээ уучлал гуйн эвлэрэх нь боломжтой, тэдний хувьд нээлттэй асуудал хэвээр үлдэж байна. 

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхээс гадна. Зан заншлын хэм хэмжээгээр тогтоогдсон Монгол өв уламжлалыг харгалзах нь зүйтэй.

Монголчуудын тогтоосон зан заншилд эцэг хүүгийн хоорондын харилцаа гэдэгт эцэг нь хүүхдээ асран халамжлах, хайрлан энэрэх, зааж сургах, хүүхэд нь эцэг эхээ хайрлан хүндлэх, үг сургаалыг дагах, ахмад хүнээс айж эмээх гэх утга агуулга бүхий заншилаас хэтэрсэн үйлдэл хийсэн нь зохимжгүй юм.

 

Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдоогүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бын Т, Б овогт Тын О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Т.Ог гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр  тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Од оногдуулсан гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Тт мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Од мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ