| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/1276/Э |
| Дугаар | 1304 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 1304
2020 07 17 2020/ШЦТ/1304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Б.Тулга,
нарийн бичгийн дарга Г.Хулан,
шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Б.Гэрэлт-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эх шунагар овогт Нэргүйн Гд холбогдох эрүүгийн 2006 00000 1299 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цалин мөнгөний асуудлаас болж маргалдан иргэн Ч.Батмөнхийн толгой, гар хэсэгт нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 1299 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Н.Г нь иргэн Ч.Батмөнхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Ч.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн:
“...Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хоосон хашаан дотор урьд нь хамт ажилладаг байсан Г гэгчийн машин нь зогсож байхаар нь Ггээс өмнө нь ажиллаж байсан ажлынхаа хөлсийг авахаар хоёр хүний хамт очсон. Гд цалингаа авъя гэж хэлээд бид нарын дунд хэрүүл маргаан үүссэн ба Г надад хандаж чи хүний машин байдаг эзэнгүй хашааг хүнд зааж өглөө гэж хэлээд над руу шургааг мод барин дайрч миний хоёр гарын шуу болон толгойн тус газарт өнөөх модоороо цохих үед миний толгой хагарч, миний толгойноос цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/,
Гэрч Г.Өлзийжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:
“...бид нар захиралтай уулзаад цалингаа асуухад ямар ч боломж байхгүй, мөнгө хөөцөлдөж байгаа гэж хэлээд бид нарын дунд үл ойлголцол болж маргаан гараад Ггийн эхнэр бид нарыг зайл, та нар муу сайн гуйлгачид гэж хэлээд дайрч байсан. Гэтэл захирал хашааны урд хэсэгт байсан мод аваад хамт явж байсан Батмөнхийг чи байх ёстой газраа мэдэхгүй байна уу гэж хэлээд толгой, гар, мөр хэсэгт нь нэлээн олон удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4073 дугаартай:
Ч.Батмөнхийн биед зүүн зулайд шарх, зүүн шуунд сорви тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/,
Шүүгдэгч Н.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн:
“...Үдийн 12 цагийн орчим манай компанийн жолооч Ганбаатар, засварчин Батмөнх, орчуулагч Өлзийжаргал нар согтуу ирээд цалин мөнгөө нэхэж ирээд хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Би өглөө эрүүлдээ ир, согтуу улстай ярих юм байхгүй явцгаа гэж хэлэхэд Батмөнх намайг заамдан авч хоолой боохоор нь би өшиглөж гарыг нь тавиулсан ба эхнэр тухайн үед цагдаад дуудлага өгсөн. Тэр үед Батмөнх Балжиннямын толгой хуйхалж байсан паяльникийг авч, хураалттай бараа руу ингээд шат гэж хэлээд авч шидсэн. Тэр үед би замд таарсан банзны хугархайг авч дал мөр руу нь нэлээн хэдэн удаа цохисон. Тэгж байтал Батмөнх ахаа би буруу юм хийлээ, уучлаарай гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/,
- Хэсгийн байцаагчийн илтгэх хуудас /хх-ийн 07-11/
- Эд зүйл, баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12/,
- Хохирлын талаарх баримт /хх-ийн 56/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Н.Ггийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/, гадаад паспортын хуулбар /хх-ийн 46/ зэрэг нотлох баримтыг судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Н.Ггийн иргэн Ч.Батмөнхийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Ч.Батмөнх нь нотлох баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрөө барагдуулж авсан байх ба шүүх хурлын тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Г нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Тухайн гэмт хэрэг болоход хохирогч У.Батмөнхийн паялник авч шидсэн зүй бус үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Нн Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Н.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ