Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 128

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

     Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2556375, Капитал банкны нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 9 дүгээр гудамжны 31 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, эмэгтэй, ОЭ65040703 регистртэй, Баатар бээс овогт Оршихын Цэцэгбалд холбогдох,

    Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2.362.310,25 төгрөг, зээлийн хүү 1.839.739,70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 367.947,94 төгрөг, нийт 4.569.997,89 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Капитал банк нь О.Цэцэгбалтай нартай 2013 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр №2030000407 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 5.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Увс аймаг, Улаангом сум, 4 дүгээр баг, 9 дүгээр гудамжны 31 тоотод байрлах 8 ханатай битүү шалтай бүрэн тавилгатай гэр болон ирээдүйн цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч О.Цэцэгбал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй ба 2015 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр дуусахад гэрээнээс үндсэн зээл 2.637.689,75 төгрөг, зээлийн хүү 1.152.829,97 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 2.362.310,25 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү 1.839.739,70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 367.947,94 төгрөг, нийт 4.569.997,89 төгрөгийг төлөөгүй байгаа тул иргэн О.Цэцэгбалаас 4.569.997,89 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад орлогоос банкинд гаргуулж өгнө үү” гэжээ.

      Хариуцагч О.Цэцэгбал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Орших овогтой Цэцэгбал миний бие Капитал банкинд зээлийн үлдэгдэл болон хүү нийт 4.569.997,89 төгрөгийг төлөх болно. Би “Увс монос” эмийн санд гэрээт ажилчин болсон тул сар бүр 70.000 төгрөгөөр барагдуулах хүсэлтэй байна. Хэрэв мөнгөө төлж чадаагүй тохиолдолд орлого болон барьцаа хөрөнгөөр төлж барагдуулна” гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч О.Цэцэгбалын гаргасан тайлбартай танилцлаа. Тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч О.Цэцэгбалд холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2.362.310,25 төгрөгийн, зээлийн хүү 1.839.739,70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 367.947,94 төгрөг, нийт 4.569.997,89 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Цэцэгбал нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2.362.310,25 төгрөг, зээлийн хүү 1.839.739,70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 367.947,94 төгрөг, нийт 4.569.997,89 төгрөгийг төлж барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

   Хариуцагч О.Цэцэгбал нь Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.569.997,89 төгрөгийг төлж барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

        Нэхэмжлэгч Капитал банк нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.070 төгрөг төлсөн ба тал хувь болох 44.035 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 44.035 төгрөг, хариуцагч О.Цэцэгбалаас 44.035 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Капитал банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй 4.569.997,89 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Цэцэгбал төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкнаас тэмдэгтийн хураамжид төлсөн 88.070 төгрөгөөс 44.035 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 44.035 төгрөг, хариуцагч О.Цэцэгбалаас 44.035 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.

    3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч О.Цэцэгбал шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР