Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 129

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

     Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2556375, Капитал банкны нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 3 дугаар гудамжны 31 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, эмэгтэй, ОЭ68032368 регистртэй, Чорос овогт Бямбадоржийн Өлзий,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 3 дугаар гудамжны 31 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй, ОО62111671 регистртэй, Тайжууд овогт Санжийн Самбуу нарт холбогдох,

         Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 703.401,19 төгрөг, зээлийн хүү 262.004,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52.400,95 төгрөг, нийт 1.017.806,86 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Капитал банк нь Б.Өлзий болон С.Самбуу нартай 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр №2030000600 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 2.400.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 27.60 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Увс аймаг, Түргэн сум, Хар усанд байрлах ГД:0175023, ТД:191400272 дугаартай 2.000 м.кв фермерийн аж ахуйн зориулалттай газар,  Увс аймаг, Улаангом сумын 1 дүгээр баг, Хар усанд байрлах улсын бүртгэлийн ГД:000200355, Ү-1520003812 дугаартай 9х6 м.кв хэмжээтэй Фермерийн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө тус тус барьцаалсан. Зээлдэгч Б.Өлзий болон С.Самбуу нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй ба зээлийн хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дуусахад гэрээнээс үндсэн зээл 1.696.598,81 төгрөг, зээлийн хүү 956.957,79 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 703.401,19 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү 262.004,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52.400,95 төгрөг, нийт 1.017.806,86 төгрөгийг төлөөгүй байгаа тул иргэн Б.Өлзий болон С.Самбуу нараас 1.017.806,86 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад орлогоос банкинд гаргуулж өгнө үү” гэжээ.

      Хариуцагч Б.Өлзий С.Самбуу нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Улаангом сумын 6 дугаар багийн иргэн Бямбадорж овогтой Өлзий, Санжийн Самбуу бид Капитал банкнаас нэхэжилж байгаа 1.017.806 төгрөгийг төлж барагдуулна. Төлж чадаагүй тохиолдолд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө, бусад орлогоороо төлж барагдуулна” гэжээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Б.Өлзий С.Самбуу нарын гаргасан тайлбартай танилцлаа. Нэхэмжилсэн 1.017.806 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоороо барагдуулна гэж тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Б.Өлзий С.Самбуу нарт холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 703.401,19 төгрөг, зээлийн хүү 262.004,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52.400,95 төгрөг, нийт 1.017.806,86 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Өлзий С.Самбуу нар нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 703.401,19 төгрөг, зээлийн хүү 262.004,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52.400,95 төгрөг, нийт 1.017.806,86 төгрөгийг төлж барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Хариуцагч Б.Өлзий С.Самбуу нар нь Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.017.806,86 төгрөгийг төлж барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

         Нэхэмжлэгч Капитал банк нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.977 төгрөг төлсөн ба тал хувь болох 14.489 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 14.489 төгрөг, хариуцагч Б.Өлзий С.Самбуу нараас 14.489 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Капитал банкны үндсэн зээл 703.401,19 төгрөг, зээлийн хүү 262.004,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52.400,95 төгрөг, нийт 1.017.806,86 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Өлзий, С.Самбуу нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкнаас тэмдэгтийн хураамжид төлсөн 28.977 төгрөгөөс 14.489 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 14.489 төгрөг, хариуцагч Б.Өлзий С.Самбуу нараас 14.489 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.

     3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Б.Өлзий С.Самбуу нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР