Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 1293

 

 

 

 

 

 

 

 

   2020        07          10                                   2020/ШЦТ/1293  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Я.Сансар,

нарийн бичгийн дарга Г.Хулан,

шүүгдэгч Б.Г, Ж.Н, тэдгээрийн өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г, Ж.Н нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01618 1003  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.      

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь Ж.Нтой бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Лхагвасүрэнгийн гар утас, түрийвчтэй мөнгө зэрэг эд зүйлийг илээр, хүч хэрэглэн, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.      

                                                                         /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г, Ж.Н нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Б.Г, Ж.Н нар нь бүлэглэн хохирогч С.Лхагвасүрэнгийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч С.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн эмнэлгийн хойд талын баригдаж буй барилгад зогсож байхад үл таних 40 гаруй насны өндөр, бор саарал өнгийн куртиктэй, барзгар нүүртэй, залуу ирээд зүүн гарын куртикнээс татаж урсан. Тэгэхээр нь би яагаад куртикнаас татаад урж байгаа юм бэ гэж хэлэхэд тэр залуу эргэж хараад намайг боож унагаад “ахаа” гэж дуудахад цаанаас үл таних залуу ирээд нөгөө залуутай нийлж миний хоолойг хамт боож, куртик, өмд зэргийн халаасыг ухаж байгаад өмдний баруун халаасанд байсан Нөт 4 маркийн гар утас, өмдний зүүн халаасанд байсан бор өнгийн хэтэвч зэргийг авсан. Хэтэвчинд 86.000 төгрөг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

“Дамно” үнэлгээний компанийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн БЗ1-20-562 дугаартай:

Самсунг Нөт 4 маркийн, 2019 онд худалдаж авч байсан хөрөнгө нь зах зээлийн үнэлгээгээр 100.000 төгрөгөөр үнэлэгдэв гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/,

 

 - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ний 04/,

 - Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, схем зураг /хх-ийн 06-07, 10/,

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16/,

 

Шүүгдэгч Б.Гийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Улаан өнгийн функерийн хажууд нүдний шилтэй 50 орчим насны эрэгтэй хүн сууж байхаар нь ойролцоох газарт нь очиж суугаад Очироо, бид хоёр 0.75 литрийн худалдаж авсан Хандгай нэртэй архиа ууж дуусгаад нөгөө сууж байсан ахад хандаж надад 2.000 төгрөг байна, танд хэдэн төгрөг байна вэ, мөнгө байвал нэмээд нэг шил архи авъя гэхэд нөгөө ах байсан мөнгөөрөө сая архи аваад дуусчихлаа гэж хэлээд томроод байсан. Би нөгөө ахад “мөнгө байгаа шүү дээ” гэж хэлээд куртикны зүүн талын мөрний хэсгээс барихад нөгөө ах цаашаа болоход куртик нь урагдсан. Нүүрэнд нь гараараа түлхэж унагаад халаасанд нь байсан гар утас, түрийвчийг нь авсан. Тухайн үед манай найз улаан өнгийн функер дотор хоёрдогч түүхий эд түүгээд явж байсан. Би бор өнгийн түрийвчийг онгойлгож үзэхэд 40.000 төгрөг байхаар аваад түрийвчийг хонгийн функерт хаясан... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,

 

Шүүгдэгч Ж.Нийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Г бид хоёр дэлгүүрээс Хандгай нэртэй 0.75 литрийн архи худалдаж аваад улаан өнгийн функерийн хажууд очиж суугаад хувааж уусан. Тухайн функерийн  хажууд 50 орчим насны эрэгтэй хүн согтуу сууж байсан ба би функер рүү ороод лааз, шил хайсан. Энэ үед манай найз Г функерийн хажуугаар тойроод явсан. Удалгүй тойрч ирээд намайг явъя гэж хэлэхээр нь би яваад очиход Гийн гарт хар өнгийн гэртэй том оврын гар утас байсан. Миний хөл өвдөж байсан учир Г бид хоёр такси бариад явсан. Г надад гар утас, мөнгийг хүнээс булаагаад авсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: шүүгдэгч Б.Г, Ж.Н нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75, 80/, эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40, 44, / зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нар нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Г, Ж.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Г, Ж.Н нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Г, Ж.Н нарын хохирогч Б.Лхагвасүрэнгийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч нь эд зүйл болон хохирлоо буцааж аваагүй ба шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч нараас 186.000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Г, Ж.Н нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчимыг баримтлан шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын тус бүр цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д овогт Бын Г, Т овогт Жийн Н нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Г, Ж.Н нарыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Ж.Н нарын цагдан хоригдсон ес хоногийг эдлэх ялд нь тус бүр оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Ж.Н нараас 186.000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 93.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Лхагвасүрэн /дм67090411/-д олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Ж.Н нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ