Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 159/ШШ2018/0016

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ  аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдох,

“Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* ХХК-д 300 га газар шилжүүлэн эзэмшүүлсэн захирамжийг хууль бусад тооцон хүчингүй болгон өмнөх захирамжийг сэргээх”-ийг хүссэн хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: *******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Гуравдагч этгээд: *******

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 515.28 га тариалангийн газар эзэмшдэг бөгөөд жил бүр тухайн газраа зохих хуулийн дагуу тариа тарьж эзэмшиж байсан.

Гэтэл манай компаний хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гараагүй, зарим хувьцаа эзэмшигчдэд огт мэдэгдэлгүй, компаний тамгыг техник ашиглан хуурамч бичиг баримт үйлдэн, компаний өмч хөрөнгийг компаний тухай хууль, газрын тухай хууль, бүртгэлийн тухай хуулиудыг ноцтойгоор зөрчин бусдад хуйвалдааны шинжтэйгээр 300 га газрыг 2015.01.16-ны өдөр Алтанбулаг сумын Засаг дарга захирамж гарган шилжүүлсэн болохыг 2018.03.15-ны өдрийн 22 тоот прокурорын тогтоолоос олж мэдлээ.

Энэ талаар Алтанбулаг сумын Засаг даргад 2017 оны 12 дугаар сарын 01-нд албан тоотоор өргөдөл гаргасан боловч одоог хүртэл хариуг өгөөгүй, өргөдөл гомдолд хариу өгөх хуулийн хугацаа өнгөрсөн тул шүүхээр нотлох баримтууд болон өргөдлийн хариуг албадан гаргуулж асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан болно гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаад өгсөн тайлбартаа: “*******” ХХК-“ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдох “Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаартай Баян-Ундарга ХХК-д 300 га газар шилжүүлэн эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч шүүхийн шатанд “*******” ХХК нь Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 тоот “Баян-Ундарга” ХХК-д 300 га газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг залруулж “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн саналыг оруулж байна.

“*******” ХХК нь Алтанбулаг сумын Засаг даргын захирамжаар тус нутагт 515 га газрыг эзэмших гэрээ байгуулж, уг гэрээний дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Уг компани нь Дашдорж овогтой Гансүх, Самбуу овогтой Баяраа гэсэн хоёр үүсгэн байгуулагчтай. Эдгээр хүмүүс нь компанийн хөрөнгийг 50,50 хувиар эзэмшдэг юм. Уг  компанийн хурлын шийдвэрээр Самбуу овогтой Баярааг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Уг компани нь өөрийн эзэмшлийн газар дээр тариалалт эрхлэх боломжгүй болсон үедээ үүсгэн байгуулагчийн нэг болох ******* газрыг бусдад тариалалтын чиглэлээр түрээслүүлж болно гэсэн тодорхойлолтыг хийж өгсөн байдаг. Дээрх тодорхойлолтын дагуу ******* нь газар эзэмших эрхээ бусдад түрээслүүлэх эрхтэй байсан атлаа компанийн тамга тэмдгийг урвуулан ашиглаж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад  өргөдөл гаргасан байдаг. Тухайн өргөдлийг үндэслэж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын А/07 тоот захирамж гарсан байдаг. Дээрх захирамжийг “*******” ХХК-ийн захирал Самбуу овогтой Баяраа нь хууль бус захирамж гарсан байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Компанийн нэрийн өмнөөс бусдад эрх шилжүүлэх эрхгүй этгэдэ Засаг даргад хуурамч өргөдөл гаргаж өгсөн, мөн “Баян-Ундарга” ХХК-ийн захирал *******тэй өөрийн эзэмшлийн 300 га газрыг түрээслүүлэх түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Дээрх түрээсийн гэрээ нь хууль бус өргөдөл, Засаг даргын захирамжийг үндэслэж гарсан. Иймээс “Баян-Ундарга” ХХК-д 300 га газрыг эзэмшүүлсэн нь хууль бус байна гэж үзэж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 “*******” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд эзэмшдэг 515 га газрын 300 га газрыг “Баян-Ундарга” ХХК-д эзэмших эрхийг шилжүүлсэн. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын А/07 дугаартай захирамжийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэдэг нь дараах нөхцөл байдлуудаар тогтоогдож байна гэж үзэж байна.

Иргэний хуулийн 327 дугаар зүйлийг үндэслэж түрээсийн гэрээг байгуулсан байна. Дээрх түрээсийн гэрээг үндэслэж газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн гэдэг. Уг түрээсийн  гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар бичгээр байгуулах ёстой, заавал Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагатай байдаг. Иймээс дээрх түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангагдаагүй гэж түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс Алтанбулаг сумын Засаг дарга хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээг үндэслэж захирамжийг гаргасан байна гэж үзэхээр байна. “*******” ХХК-ийн захирал С.Баяраагийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад гаргасан хүсэлтийг газар эзэмших эрхийг шилжүүлэх зөвшөөрөл гэж ойлгож захирамж гаргасан байдаг. Дээрх хүсэлтэд газрыг бусдад түрээслүүлж, тариа тарихыг зөвшөөрсөн утгатай хүсэлт байсан болохоос биш газрыг бусдад эзэмшүүлэх эрх шилжүүлэхийг хүссэн хүсэлт байгаагүй. Ийм учраас хүсэлтийг буруу тайлбарлаж газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж гаргасан нь үндэслэлгүй байна. Иймээс Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангахгүйгээр “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь өөрийн эрх ашгийг хөндөгдөж байгаа тухай 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Прокурорын дүгнэлтээс мэдсэн. Мэдсэнээс хойш Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан боловч шийдвэрлэгдээгүй тул хуулийн хугацаанд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 1.******* ХХК нь Алтанбулаг сумын Мойлт-гууд газар тариалангийн зориулалтаар 515.28 га талбай эзэмшдэг ба “*******” ХХК-ийн захирал ******* өөрийн эзэмшлийн 300 га талбайг Алтанбулаг сумын үр тарианы “Баян-ундарга” ХХК-д шилжүүлэх хүсэлтийг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Алтанбулаг сумын засаг даргад гаргасныг судалж үзээд Монгол улсын газрын тухай хуулийн 27, 38 дугаар зүйлийг үндэслэн Алтанбулаг сумын засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 дугаартай захирамж гарсан.

2. “Сэлэнгэ Хөх чоно” ХХК-ийн захирал *******, “Баян-ундарга” ХХК-ийн захирал Саранцэцэг нар нь Монгол улсын Иргэний хуулийн 327 дугаар зүйлийн дагуу харилцан тохиролцож ХАА-н эдэлбэр газрыг газар тариалангийн зориулалтаар ашиглах 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Түрээсийн гэрээ /түрээсийн гэрээний 2.5-д ******* нь өөрийн эзэмшлийн газрынхаа эзэмших эрхийг түрээслүүлэх хугацаанд Баян-ундарга ХХК-нд түр шилжүүлнэ/, “Сэлэнгэ Хөх чоно” ХХК нь 2 гишүүнтэй ба нөгөө гишүүн нь болох С.Баяраагийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Алтанбулаг сумын ЗДТГазарт ирүүлсэн ...******* нь өөрийн эзэмшлийн талбайд бусдаар тариа тариулахад зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй гэсэн нотариатаар баталгаажуулсан албан хүсэлт, тодорхойлолт зэргийг үндэслэн Алтанбулаг сумын засаг дарга А/07 дугаартай захирамжийг гаргасан болно.

 3. “*******” ХХК нь 2011-2015 оны хооронд 5 жил дараалан тариалалт эрхлээгүй, ашиглаагүй, атаршсан газрыг ХАА-н газар тариалангийн зориулалтаар ашиглан эргэлтэнд оруулж, Баян-ундарга ХХК 2015, 2016, 2017 онд тариа тарьж, ургац хураан авч сумын эдийн засгийн үзүүлэлтэнд чухал хувь нэмэр оруулж байгаа нь Алтанбулаг сумын засаг даргын А/07 дугаартай захирамж гарсны үр, зөв шийдвэр болсон гэж үзэж байна.

4. Сэлэнгэ Хөх чоно ХХК-ийн захирал *******ийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр засаг даргад ирүүлсэн газар шилжүүлэх тухай хүсэлт өргөдөл нь “*******” ХХК-ийн тамга тэмдэг, гарын үсэгтэй албан ёсны хүсэлтийг хүлээн авсан болно. *******ийн гарын үсэг мөн болохыг хууль хяналтын байгууллага шалгаад шүүхийн шинжилгээний байгууллагаас гарын үсэг мөн болохыг тогтоосон.

5. Алтанбулаг суманд сүүлийн 20 орчим жил газар тариалан эрхэлж тогтмол ургац авч байгаа улсын ургацын аварга “Баян-Ундарга” ХХК нь газар тариалангийн туршлагатай тэргүүний компани юм.

“*******” ХХК нь Алтанбулаг суманд 1998 оноос хойш үйл ажиллагаа явуулсан. Компанийн захирал ******* нь 2007 онд тухайн газрыг ашиглаагүй гэсэн үндэслэлээр хураагдаж байсан. Мөн 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 117 дугаартай Засаг даргын захирамжаар “*******” ХХК-д буцаан олгосон. Буцаан олгосноос хойш газрыг мөн ашиглаагүй байдаг. Газар эзэмшүүлэх гэрчилгээг одоог хүртэл надаас аваагүй байдаг. 2015 онд тухайн газраа “Баян-Ундарга” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж газрыг шилжүүлэх талаар гэрээ байгуулсан. Газар шилжүүлэхэд шаардлагатай өргөдөл, гэрээ зэрэг бичиг баримтуудтай танилцаж, дээрх баримтуудыг үндэслэж захирамжийг гаргасан байдаг. “*******” ХХК нь өөрийн эзэмшлийн газраа 2009 онд буцааж авчихаад 2015, 2017 онд огт ашиглаагүй байдаг гэв.

 Гуравдагч этгээдийн шүүхэд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Баян-Ундарга” ХХК нь 23 дахь жилдээ газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа “Улсын ургацын аварга” аж ахуйн нэгж юм. Тус компани нь 23 жилийн хугацаанд тогтвортой ургац хураан авч Улсын аварга, Ургацын далай холбооноос аварга хамт олон, ХААЯамны ТЭДсангийн 3 удаагийн аварга, Аймгийн аварга, сумын 6 удаагийн аварга, “Уриншаас ургац”-д улсын уралдааны 3-р байрны шагнал, ХХАА-н тэргүүний тариаланч, Алтан гадас одон зэрэг алдар хүндийг хүртэж ирсэн нэр хүндтэй аж ахуй нэгж юм. Гэтэл сүүлийн үед “Хөх чоно” ХХК-ийн гишүүн Баяраа гэдэг хүн гэнэт гарч ирээд “Баян-Ундарга” ХХК-ийн захирал ******* намайг гүтгэн доромжилж, нэр хүнд гутааж компанийн тамга тэмдэг ашиглаж хуурамч бичиг баримт үйлдэж, Засаг даргатай хуйвалдан, газрын захирамж гаргуулан авсан гэж гүтгэн доромжилж байгаад харамсаж байна. Иймд ******* миний бие доорх тайлбарыг гаргаж байна.

Баяраа  гэх хүний нэхэмжилсэн шиг утгатай зүйл огт болоогүй бөгөөд миний бие хүний хөрөнгийг луйвардаж, хуйвалдаж хуурамч бичиг баримт бүрдүүлээд явах хүн биш гэдгийг Сэлэнгэ нутгийн ард түмэн мэднэ. 2015 оны 01 дүгээр сарын 10-нд “Хөх чоно” ХХК-ийн захирал Гансүх Алтанбулаг суманд ирээд өөрийн эзэмшлийн 300 га газар бий уг газраа яаралтай түрээслүүлмээр байна гэж санал тавихад миний бие зөвшөөрч түрээслүүлэхээр болсон. Учир нь манай компани нь 2014 онд техникийн шинэчлэл хийж 800.0 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тул тариалангийн газраа тодорхой хэмжээгээр нэмэх шаардлага гарсан юм. ХАА-н тоног төхөөрөмжийн үнэ, өртөг өндөртэй, богино хугацаатай зээл олддог тул уг өр зээлээ төлөхийн тулд зайлшгүй газраа томсгох шаардлага гарсан юм. Ингээд бид хууль дүрмийг судлан үзэж Монгол улсын Иргэний хуулийн заалтын дагуу ХАА-н эдэлбэр газрын газар тариалангийн зориулалтаар хуулийн этгээд болон иргэн хоорондоо 20-оос дээш жил түрээсэлж болно гэсэн заалтыг үндэслэн “Хөх чоно” ХХК-ийн захирал *******тэй тохиролцон 3 дугаар багийн нутагт байрлах “Мойлт-Гуу” гэдэг газар байрладаг 525 га газраас 300 га газрыг өөрийн эзэмшлийн газар гэж зөвшөөрөн 20 жилийн хугацаагаар түр эзэмшин түрээслэхээр тохиролцсоны үндсэн дээр сумын Засаг дарга Д.Сундуй, Газрын даамал ******* нартай уулзаж уг асуудлыг танилцуулж хуулийн талаас нь зөвлөгөө авахад:

Газар зохион байгуулагч ******* нь:

  1. “Хөх чоно” ХХК нь 2 гишүүнтэй тул ******* захирал та нөгөө гишүүн С.Баяраагаас нийт 525 га газрын 50 хувийг түрээслүүлж болно гэсэн зөвшөөрлийн бичиг авад ир гэж зөвлөсний дагуу ******* захирал зөвшөөрсөн.
  2. Уг газрын зөвшөөрлийг авчирсан тохиолдолд ямар ч асуудалгүй хууль дүрмийн дагуу шийдвэрлэж болно гэж зөвлөсөн байдаг.
  3. Ингээд “Хөх чоно” ХХК-ийн захирал ******* нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн компанийн гишүүн С.Баяраагаас бусдад түрээслүүлж эзэмшүүлж болно татгалзах зүйлгүй гэсэн 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн гарын үсэгтэй С.Баяраагийн бичгийг авчирснаар Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуйд албан ёсны хүсэлтээ гаргасан. Ингээд “Хөх чоно” ХХК-ийн 300 га газрыг “Баян-Ундарга” ХХК-д шилжүүлэхээр болж 2015 оны 01 дүгээр сарын 20-ны 07 тоот Засаг даргын захирамж гаргаснаар уг газар “Баян-Ундарга” ХХК-д шилжсэн болно. Иймд бид ямар нэгэн хууль зөрчөөгүй. С.Баяраа гэдэг хүний зөвшөөрсөн гарын үсэг бүхий бичгийг хавсаргав.
  4. Уг С.Баяраа гэдэг хүн бидний хооронд газраа түрээслүүлж байгааг мэдээгүй ба зөвхөн 2018 оны 03 дугаар сарын 15-нд мэдсэн гэдэг нь ч худлаа мэдүүлэг өгч байна. Учир нь уг С.Баяраа гэдэг залуу 2016 оны хавар ******* намайг Улаанбаатар хотод дуудаж уулзъя гэхэд миний бие хүүгийн хамт очсон. Очтол Улаанбаатарт Монгол Улсын Их Сургуулийн урд байрладаг “Булл” ресторанд урин хоорондоо ярих яриа байна. Чамд санал тавих гэсэн юм гэдгээр уулзсан. С.Баяраа нь чамд барьцаа хөрөнгө үл хөдлөхийн бичиг баримт байна уу би том зээл авах гэсэн юм хамтран ажиллая гэсэн санал тавьсан. Гэтэл би надад ямар ч бичиг баримт байхгүй бүгд банкинд зээлэнд бий гэж хариулж байсан. Харин би чи нэгэнт газраа ашиглаж чадахгүй байгаа юм чинь надад 200 га газраа түрээслээч гэж санал тавихад хариуд нь зөвшөөрсөн. Ингээд би 2016 оны 07, 08 дугаар сард уринш хөрс боловчруулалт хийж 20 гаруй сая төгрөг зарцуулж 2017 онд тариа тарьсан боловч өнгөрсөн жил Улсын хэмжээгээр 60 хувь ургац алдсанаас болж уг газарт зарцуулсан 60 гаруй сая төгрөгөөр хохирон үлдсэн юм. Гэтэл С.Баяраа намайг 2017 онд өөрийн түрээсэлсэн талбайгаас 70 га-ийн ургац өг гэж *******ээр хэлүүлсэн байна. 2017 онд манай компани ургац алдан нийт 4-6 цн-р ургац авсныг сум аймгийн мэдээ гэрчилнэ. Ургацын комиссын бичгийг хавсаргав. Түүний энэхүү нэхэмжлэл нь ийм л шалтгаан бий. Ургац алдсан тохиолдолд бид ямар ашиг өгөхөв дээ. Цаана нь ийм ашиг сонирхол явагдаж байна.
  5. “Хөх чоно” ХХК нь манай сумын нутаг дэвсгэрт сүүлийн 10-аад жил тариа огт тариагүй С.Баяраа өөрийн эзэмшлийн талбай хаана байдгаа ч мэдэхгүй хүн гэдгийг сум орон нутгийн удирдлагууд батлах байх.
  6. Манай компани нь ******* захирлаас түрээслэн авсан газраа 2015, 2016, 2017 онуудад 100 хувь ашиглан тариалалт хийж байна. Харин ч Монгол Улсын Тариалангийн тухай хуулийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 29-нд батлагдсан 20.4 дэх заалтад тариалангийн газрыг зориулалтаар эзэмших, газар эзэмшигч, ашиглагч нь 2-с дээш жил эзэмшил ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй тохиолдолд газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно гэсэн хуулийг үндэслэн С.Баяраагийн газрыг орон нутагт нь хураан авахаар болчихоод байгаа шүү.
  7. “Хөх чоно” ХХК-ийг 1997 онд анх үүсгэн байгуулсан захирал нь ******* буюу бид нэгэн үе тариа хамт тарилцан ажиллаж байсан болно.
  8. Иймд тус компанийн 23 ажилтны эрх ашиг хөндөгдөж байгаа тул нэхэмжлэлийн дагуу зөвшөөрөхгүй байгаа тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

              Би өмнө нь ******* захиралтай хамтран ажилладаг байсан. С.Баяраа гэх хүнийг  2015 онд харж байсан. ******* өөрөө Эрдэнэт хотод амьдардаг байсан. ******* өөрийн эзэмшлийн газраа 10-аад жилд ашиглаагүй байхад яагаад газрыг хурааж авахгүй байгааг би мэдэхгүй байна. ******* захирал нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр над дээр ирж уулзахдаа “би өөрийн эзэмшлийн газрыг ашиглах боломжгүй байна, би танд өөрийн газрыг түрээслүүлье” гэсэн саналыг тавьсан. Би дээрх саналыг зөвшөөрч эхлээд сум орон нутгийн удирдлагуудтай уулзаж,  хууль ёсны дагуу газрыг шилжүүлж авахаар Алтанбулаг сумын газрын даамалтай уулзсан. Алтанбулаг сумын Газрын даамал ******* нь *******ийг С.Баяраа гэх хүнээс газрыг шилжүүлж болно гэсэн бичиг, тодорхойлолт авч ирэхийг шаардсан. Дараа нь 20-25-ны өдрүүдэд ******* нь С.Баяраа гэх хүнээс тухайн газрыг түрээслүүлэхийг зөвшөөрөв гэсэн бичгийг авчирсны үндсэн дээр ******* би өөрийн нэр дээр газрыг шилжүүлж авсан. Газар тариалан нь өөрийн нэр дээр байх газар дээр төрөөс дэмжлэг авдаг учир би газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан юм. Харин 2016 онд С.Баяраа гэх хүн түрээсийн гэрээг байгуулсныг мэдсэн атал шүүхэд гаргасан тайлбарт 2018 онд прокурорын гаргасан дүгнэлтийг гардаж авснаар түрээсийн гэрээ байгуулагдсаныг мэдсэн гэсэн нь үндэслэлгүй байна. С.Баяраа нь 2015 онд түрээсийн гэрээг хүлээн зөвшөөрсөн бичиг хийж өгсөн, 2016 онд намайг Улаанбаатар хотод дуудаад Монгол Улсын Их сургуулийн урд байрлах  хоолны газарт урин уулзаж, Унгер улсаас хөрөнгө оруулалт авсан тул хамтран ажиллах тухай санал тавьж байсан. Тухайн үед “чи миний газрыг үргэлжлүүлэн түрээсэл, харин чамаас барьцаа хөрөнгө авч 10 жилийн хугацаатайгаар дахин зээл авах гэсэн” санал тавьсан. Надад хөрөнгө байхгүй, би хамтран ажиллаж чадахгүй тухай хэлж байсан. Тухайн үед хоолны газарт С.Баяраад өөрийнх нь эзэмшлийн 200 га газрыг түрээслэх талаар хэлж байсан. Би 2016 онд С.Баяраагийн түрээслүүлж байсан 200 га газарт 20 гаруй сая төгрөгөөр уринш хийсэн. 2017 оны хавар тухайн газар дээр хэдэн хүмүүс ирээд С.Баяраа гэх хүний газар дээр тариа тарина гэж ирсэн. Би эсэргүүцэж тариа тарих гэж байгаа бол миний уриншийн зардал болох 20 сая төгрөгийг өг гэж хэлээд явуулсан. Дараа нь С.Баяраа нь *******ийг шантаачилж 200 га газрын ургацын 75 хувийг өг гэж нэхсэн байсан. 2017 онд Монгол улс даяар 80 хувийн ургац алдаж маш алдагдалтай ажилласан тул С.Баяраад хувь өгөх ямар ч боломжгүй байсан. С.Баяраагийн ашиг сонирхол зөвхөн мөнгө байсан түүнээс түрээсийн гэрээ байгуулагдсаныг мэдэж байсан. Тухайн газрыг олон жил ашиглаагүй гэдгийг нутгийн ард болон бусад хүмүүс маш сайн мэдэж байгаа. Энэ компани нь дээрх бүх хугацаанд сум орон нутагт татвар, төлбөр төлдөггүй, ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй байсан. Энэ газрыг би 2015 онд авсан, 4 жил уг газар дээр тариалалт  хийж байна. С.Баяраа, ******* нарын хоорондын асуудал байхад намайг хохироож байна. Тухайн компанийн анхны үүсгэн байгуулагч нь ******* байсан. Миний хувьд их гомдолтой байна, хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэж найдаж байна гэв.

              Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газарт С.Баяраа нь доорх хүсэлтийг бичиж өгсөн. “*******” ХХК-ийн эзэмшлийн 515.28 га талбайн 50 хувь буюу 257,64 га талбайг “*******” ХХК-ийн захирал ******* эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн бичиг байна. Тэгэхээр газрыг эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй учраас гуравдагч этгээд нь түрээсэлсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна. Мөн газар эзэмшүүлэх тухай Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 117 дугаартай “*******” ХХК-д 517.28 га газрыг тариалангийн үйлдвэрлэлтийн зориулалтаар эзэмшүүлнэ гэсэн захирамж гарсан байна. Уг захирамжийг дагалдан гарсан “*******” ХХК-ийн дүрмийн 5.1-д “компанийн хөрөнгө нь гишүүдийн оруулсан хөрөнгийн хувь хэмжээгээр байна”, компанийн хувьцаа нь С.Баяраа 50 хувь, ******* 50 хувь байна гэж заасан. ******* нь *******т өөрийн эзэмшлийн газрыг өгсөн талаар шүүхэд тайлбар өгсөн байдаг. Хэргийг бүхэлд нь судалж үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь өөрийн эрх ашиг зөрчигдсөн гэдгийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байтал хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тийм учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан нэхэмжлэлийг хүлээн авч цааш шалган түрээсийн гэрээ хүчин төгөлдөр зэрэг хэргийн маргаан луу орох хууль зүйн нөхцөл байхгүй байна. Өөрөөр хэлбэл хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгээ нотлоогүй байсан. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “*******” ХХК-ийн захирал С.Баяраа нь нэхэмжлэл гаргахдаа “би жил бүр тухайн газарт хууль ёсны дагуу тариа тарьж эзэмшдэг байсан” гэж бичсэн байсан. Тэгэхээр 2015 онд нэхэмжлэгч өөрийн эрх ашгийг зөрчигдсөн талаар мэдэж байсан нь харагдаж байна. Нэхэмжлэлд дурдахдаа нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 22 тоот тогтоолоос Алтанбулаг сумын Засаг даргын А/07 тоот захирамжийг мэдсэн гэж дурдсан байсан. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “*******” ХХК-ийн бланкин дээр 1711 гэсэн дугаартай Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад П.Батсайхан танаа “Хууль бус захирамжийн тухай” гэсэн хүсэлтийг явуулж байсан байна. Тэгэхээр С.Баяраа нь тухайн захирамжийг хууль бус гэдгийг мэдэж байсан нь нотлогдож байна. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байх тул нэхэмжлэлийг цаашид шалгаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байна.

              Мөн Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хариу мэдэгдэх хуудсыг өгсөн байдаг. “*******” ХХК-ийн эзэмшлийн 300 га газрыг шилжүүлэх Алтанбулаг сумын Засаг дарга Сундуйн гаргасан захирамжид гаргасан гомдлыг шалгасан. Гэтэл дараа нь гарсан прокурорын газрыг тогтоолыг хүлээж авснаар захирамжийг мэдсэн гэдэг нь үндэслэлгүй байна. Нөгөө талаар гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд гаргасан тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс няцаасан тайлбарыг өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч эрх ашиг зөрчигдсөнөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Харин нэхэмжлэгч нь өөрийн эрх ашгийг зөрчигдсөн гэдгийг 03 жилийн өмнө мэдсэн гэдгийг дээрх дурдсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

              Мөн дээрх маргаан нь түрээсийн гэрээтэй холбоотой маргаан биш байна. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг цуцлуулах талаар нэхэмжлэлийн шаардлагыг огт гаргаагүй.  Нэхэмжлэгийн гаргасан нэхэмжлэл нь тодорхойгүй, хоёрдмол утгатай байна. Өөрөөр хэлбэл 2017 оны 12 дугаар сарын 01-нд албан тоотоор хүсэлт  гаргасан боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй тул албан тоотын хариу гаргуулах талаар нэхэмжлэл гаргасан байна. Алтанбулаг сумын Засаг дарга нь хариу ирүүлээгүй тохиолдолд дахин 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах тухай хуульд заасан байхад энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

              Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус, Улсын бүртгэлд бүртгүүлээгүй тухай хэлж байна. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл  гаргаагүй юм. Тийм учраас түрээсийн гэрээг Улсын бүртгэлийн  газарт бүртгүүлсэн, бүртгүүлээгүй талаар маргах нь илүүц гэж үзэж байна.

              Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “*******” ХХК нь 2010, 2011 онд тариалангийн талбайг түрээслүүлэн тариалалт хийснээс хойш буюу сүүлийн долоон жил тариалалт хийгээгүй болно, 2012 оноос хойш сумын тариалалтын ургац хураалтын мэдээ ороогүй болно гэсэн тодорхойлолт байна.  Компанийн дүрэмд 50,50 хувиар газрыг эзэмшинэ гэж заасан байдаг. Тэгэхээр *******, С.Баяраа нар нь хоорондоо газрын асуудлыг шийдвэрлэж байж цааш хэргийг хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга нь 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 тоот захирамжаар “Сэлэнгэ Хөх чоно” ХХК-ийн эзэмшлийн Мойлт гуунд байрлах газар тариалангийн 162/495,8 га, 161/19,48 га талбайн 300 га газрыг тус сумын 1-р багийн харьяа 2054434 тоот регистрийн дугаартай 1311004045 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй “Баян ундарга” ХХК-д газар тариалангийн зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр захирамж гаргасан байна.

 

Нэхэмжлэгч “Сэлэнгэ Хөх чоно” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Баяраа нь   Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 тоот захирамжийн “Сэлэнгэ Хөх чоно” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгч “Сэлэнгэ Хөх чоно ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан өргөдлийн дагуу нотлох баримт бүрдүүлэн шалган судлахад:

Хариуцагчийн зүгээс “*******” ХХК-ийн захирал С.Баяраагийн гаргасан нотариатаар баталгаажуулсан хүсэлтийг үндэслэн шийдвэрлэсэн гэх бөгөөд хууль зүйн үүднээс судлан авч үзвэл Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд “Хэлцэл”-ийн талаар дэлгэрэнгүй хуульчилсан байх бөгөөд 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ.”, 39.2 дахь хэсэгт “Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно.” гэж заагаад мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа  хэлцлийн үгийн шууд утгыг анхаарна.” хэмээн хүсэл зоригийг тайлбарлах талаар тус тус хуульчлан тогтоожээ. Үүнээс үзэхэд “Сэлэнгэ Хөх Чоно” ХХК-ийн захирал С.Баяраагийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газарт гэж хаяглан хүргүүлсэн “... ******* ХХК-ийн эзэмшлийн 515,28 га газрын 50% буюу 257,64 га талбайг ******* ХХК-ийн гишүүн Дашдоржийн Гансүх эзэмшдэг ба түүнд эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй. (Бусдад тариа тарихад татгалзах зүйлгүй)” гэх зөвшөөрөл ******* газрын эзэмших эрх шилжүүлэх эрхийг олгосон баримт  болон эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэж үзэхэд учир дутагдалтай байна.

“*******” ХХК нь тус компанийн дүрмийн 5 дахь зохицуулалтаар компанийн хөрөнгөтэй байх талаар зохицуулсан байх бөгөөд С.Баяраа, ******* нар нь оруулсан хөрөнгийн хувь хэмжээгээр хувь тэнцүү байна. “*******”     ХХК-ийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт Компанийн хөрөнгийг гэр бүлийн гишүүддээ болон бусдад шилжүүлэх, өвлүүлэх харилцааг Монгол улсын энэ төрлийн хуулийн дагуу шийдвэрлэнэ. Гэхдээ энэ давуу эрхийг гэр бүлийн гишүүд эдлэнэ.” гэж зохицуулсанаас үзэхэд Компанийн хөрөнгө буюу газар эзэмших эрхийг Газрын тухай хуулиар зохицуулагдахаар байна.

 

Газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамж, эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ нь цогцоороо газар эзэмших эрхийг баталгаажуулах баримтууд болох хэдий ч шүүхээс газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ хуульд заасан журмын дагуу буюу хууль ёсоор явагдсан эсэхийг шалган үзэх нь зайлшгүй юм. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” талаар нарийвчлан зохицуулж өгсөн байх бөгөөд 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд:

1. нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;

           2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо ....зэргийг хавсаргана гэжээ. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газар эзэмших эрхийг шилжүүлэхэд холбогдох, шаардлагатай баримтууд  Алтанбулаг сумын тамгын газрын архивт байхгүй талаар ярьж мэдүүлдэг.

Иймд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №А/07 тоот захирамжийн ******* ХХК-ийн газрыг шилжүүлсэн холбогдох хэсэг нь хууль зүйн үндэслэлгүй байна.   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “*******” ХХК болон “Баян Ундарга” ХХК-иудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 2.5-д ******* нь өөрийн эзэмшлийн газрынхаа эзэмших эрхийг түрээслүүлэх хугацаанд Баян-ундарга ХХК-нд түр шилжүүлнэ... гэх заалтыг газар эзэмших эрхийг шилжүүлэх нэг үндэслэл болгосон  гэх хэдий ч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.”, 318.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасныг хангаагүй, мөн тус түрээсийн гэрээний хугацаа засвартай байгааг дурьдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/07 тоот захирамжийн “Сэлэнгэ Хөх чоно” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38,2, 61 дүгээр зүйлийн 61.1  дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сэлэнгэ Хөх чоно ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн А/07 дугаар захирамжийн Сэлэнгэ Хөх чоно ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сэлэнгэ Хөх чоно ХХК-ийн захирал Л.Баяраад  олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.БАЙГАЛМАА