Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2021/0688

 


Ш.Ч-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Ш.Ч, хариуцагч Г.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Ш.Ч-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Дотоод аудитын хорооны дарга, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Г.Ө нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр:

“...Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.6.2, 16 дугаар зүйлийн 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 42 дугаар зүйлийн 42.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар “Жаргалант сумын 6-р цэцэрлэгийн шалгалтын дүнг батлах тухай” тогтоолын Ш.Ч-д холбогдох хэсгийг, Ховд аймгийн Санхүүгин хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01/44 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актыг тус тус хүчингүй болгож, Ховд аймгийн Санхүүгин хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01-45 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актын Ш.Ч-д холбогдох хэсгийн төлбөрийн хэмжээг 929727 төгрөгөөр багасгаж...” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г давж заалдах гомдолдоо:

“...Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

1. Шүүх Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01/44 дугаартай актыг хүчингүй болгож, 35-01/45 дугаартай актын төлбөрийн хэмжээг 929,727 төгрөгөөр багасгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т “Өөрөөр хэлбэл 1,340,900 төгрөгийн бэлэг, торт баримтаар тогтоогдсон гэж үзэж 35-01-45 актад төлбөрийн хэмжээнээс хасч тооцсон боловч 1,340,900 төгрөгийн төлбөрийг Ш.Ч-ээр төлүүлэхээр акт тогтоож байгаа нь үндэслэлгүй байна” гээд 35-01/44 дугаартай актыг хүчингүй болгожээ. Тайлбар: Улсын байцаагч нь нэгэнт 1 340 900 төгрөгийг 35-01/44 актаар төлүүлэхээр акт тогтоосон тул 35-01-45 актаас энэ төлбөрийг хасч тооцсон байдаг. Энэ акт нь санхүүгийн баримтын бүрдүүлэлтийн талаар биш “үргүй зардал гаргасан”-д нь тавьсан акт юм.

Шүүх мөн улсын байцаагчийн 35-01/45 актын төлбөрөөс 929,727 төгрөгийг хасахдаа “нэхэмжлэгч нь дээрх мөнгийг дээд шатны төсвийн байгууллагын зөвшөөрлийг бичгээр авалгүйгээр зарцуулсан болохоо тайлбарладаг боловч санхүүгийн баримт байгаа учир хасах нь зүйтэй” гэж үндэслэсэн. Тайлбар: Энэ акт нь мөн санхүүгийн баримтын бүрдлийн тухай биш дээрх мөнгийг дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрлийг авалгүйгээр төсвийг захиран зарцуулсанд тавьсан акт юм.

Шүүх үндэслэх хэсэгтээ “Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 41.2.2-т “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах”, Сангийн сайдын 2018 оны 134 дүгээр тушаалаар батлагдсан “Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журам”-ын 3.1.6-д “дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрлийг албан бичгээр авах” гэж тус тус заасны дагуу удирдах дээд шатны байгууллагын тушаал шийдвэргүйгээр зориулалт бусаар зарцуулсан мөнгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна” гэж заасан мөртлөө төлбөрийг хасч тооцсон, актыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

2. Шүүх Дотоод аудитын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон. Тайлбар: Шүүх нэхэмжлэгч нь Төсвийн тухай болон бусад хуулийг зөрчсөн болохыг дүгнэсэн боловч Дотоод аудитын хорооны тогтоолыг “хүчингүй болсон дүрмийг үндэслэн шийдвэр гаргасан” тул гэжээ. Тогтоол гаргахдаа хүчингүй болсон дүрмийн нэг заалт барьсан нь нэхэмжлэгч Ш.Ч-г хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд уг тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэснийг зөрчиж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ш.Ч-ээс “Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар “Жаргалант сумын 6-р цэцэрлэгийн шалгалтын дүнг батлах тухай” тогтоолын Ш.Ч-д холбогдох хэсгийг, Ховд аймгийн Санхүүгин хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01/44 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай”, 35-01-45 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актуудын Ш.Ч-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг гарган маргаж байна.

1. Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар “Жаргалант сумын 6-р цэцэрлэгийн шалгалтын дүнг батлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх Сангийн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр тушаалаар батлагдсан “Дотоод аудитын хорооны дүрэм”-ыг удирдлага болгосон боловч тус дүрмийг Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 29 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан, зөрчил илрүүлсэн актууд хүчин төгөлдөр болоогүй байхад улсын ахлах байцаагчийн актуудыг баталсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа бүхий захиргааны актад холбогдуулан захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна.

Гэтэл дээрх 18 дугаар “Жаргалант сумын 6-р цэцэрлэгийн шалгалтын дүнг батлах тухай” тогтоол нь тус цэцэрлэгт хийсэн шалгалтаар 12748457 төгрөгийн зөрчил илэрч, 1387711 төгрөгийг байгууллагаас нөхөн олгуулахаар, 11360746 төгрөгийг орон нутгийн төсөвт оруулахаар шийдвэрлэж, улсын ахлах байцаагчийн акт тогтоосныг баталж шийдвэрлэсэн байх тул аливаа захирамжилсан шинж агуулагдаагүй байна гэж үзлээ.

Учир нь нэгэнт улсын ахлах байцаагчаас гаргасан актуудаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн бөгөөд зөвхөн тус актыг зөвхөн батлах зохицуулалт бүхий тул эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй, тус актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргэх ямарваа эрх ашиг байхгүй байх тул энэхүү актын хууль зүйн үндэслэлийг захиргааны хэргийн шүүх хянах үдэслэлгүй гэж үзлээ.

Ийнхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж зааснаар Дотоод аудитын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Ховд аймгийн Санхүүгин хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01/44 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актын тухайд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь тус актаар Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлаас 2018 оны 6 сард эх үрсийн баяраар ажилтны нэг хүүхдэд 22300 төгрөгийн бэлэг, 12 сард ажилтан бүрд 18000 төгрөгийн  нэг торт, 2019 оны 12 сард ажилтан бүрд 18000 төгрөгийн нэг торт бүгд 1340900 төгрөгийг норматив зардал болох хүүхдийн хоолны зардлаас зарцуулж, зориулалт бусаар зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 16.5.6 дахь заалтыг зөрчсөн тул үргүй зардал 1340900 төгрөгийг эрхлэгч Ш.Ч-ээр төлүүлэхээр акт тогтоосон.

Ийнхүү нэгэнт нэхэмжлэгч нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 41.2.2-т “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах”, Сангийн сайдын 2018 оны 134 дүгээр тушаалаар батлагдсан “Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журам”-ын 3.1.6-д “дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрлийг албан бичгээр авах” гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй тул 1340900 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй, энэ талаар нотлох баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх “...35-01-45 тоот актад төлбөрийн хэмжээнээс хасч тооцсон боловч дахин 1340900 төгрөгийн төлбөрийг Ш.Ч-ээр төлүүлэхээр акт тогтоож байгаа нь үндэслэлгүй...” гэж дүгнэн дээрх актыг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн 35-01/44 болон 35-01-45 актууд нь хэдийгээр нэг шалгалтаар илрүүлсэн зөрчлүүдэд акт тогтоосон үйлдэл боловч шийдвэрлэж, тогтоосон зөрчил, үнийн дүн давхардаагүй байхад шүүх 35-01/44 дүгээр актыг хүчингүй болгож, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” зарчмыг зөрчих нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01/44 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01/45 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актын тухайд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Хэдийгээр хариуцагчаас давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан бүхий актаар тогтоосон 4942655 төгрөгөөс 929727 төгрөгөөр багасгасан нь үндэслэлгүй, санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдохгүй хэмээн тайлбарлаж байх боловч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт үнэлсэн 929727 төгрөгийн задаргааг үгүйсгэх боломжгүй байх тул энэхүү актын тухайд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.6.2, 16 дугаар зүйлийн 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 42 дугаар зүйлийн 42.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д заасныг тус тус баримтлан Ш.Ч-ээс Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Г.Өөдэй нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01-45 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актын Ш.Ч-д холбогдох хэсгийн төлбөрийн хэмжээг 929727 төгрөгөөр багасгаж, Ховд аймгийн Санхүүгин хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 35-01/44 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Ш.Ч-ээс Ховд аймгийн Дотоод аудитын хорооны даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар “Жаргалант сумын 6-р цэцэрлэгийн шалгалтын дүнг батлах тухай” тогтоолын Ш.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА