Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 132

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Холбооны хашаанд оршин суух, 1974 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, ОЭ74032263 регистрийн дугаартай, Элжигэн овогт Долгорсүрэнгийн Ариунжаргалын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газарт холбогдох,

       Ажилгүй байсан хугацааны цалин 3.574.635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Д.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.Ариунжаргал нь “МЦХ” ХХК-ийн Увс аймгийн холбооны газарг үйлчлэгчээр ажиллаж байгаад тус газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 401 дүгээр шийдвэрээр “МЦХ” ХХК-ийн Увс аймгийн холбооны газрын үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоолгосон. Гэтэл “МЦХ” ХХК-ийн Увс аймгийн холбооны газрын захирал Б.Батболд нь шүүхийн хүчин төгөлдөр 401 дүгээр шийдвэрийн дагуу намайг “МЦХ” ХХК-ийн Увс аймгийн холбооны газрын үйлчлэгчийн ажилд эргүүлэн авахаас татгалзаж “Үйлчлэгч, бичиг хэргийн ажлыг давхар хий” гэж шаардсан. Миний бие нь 8 дугаар анги төгссөн бичиг цаасны ажлаас хол, бичиг үсэг муу мэддэг тул “МЦХ” ХХК-ийн Увс аймгийн холбооны газрын даргын санал болгосон бичиг хэргийн ажлыг хийх боломжгүй юм. Тиймээс би уг хүндэтгэн үзэх шалтгаанаа хэлж, бичиг хэргийн ажлыг давхар хийж чадахгүй, 401 дүгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу урьд ажиллаж байсан ажил болох “МЦХ” ХХК-ийн “Увс аймгийн холбооны газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилж өгнө үү” гэж удаа гуйсан боловч намайг зөвшөөрөөгүй байхад өөрөө дур мэдэн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 18 тоот тушаал гаргаж тус газрын үйлчлэгч, бичиг хэргийн ажилтнаар томилсон байсан. Би бичиг үсэг сайн мэдэхгүй бичиг хэргийн ажлыг хавсран гүйцэтгэх ажлыг хийх боломжгүй тул үнэн учраа хэлж гуйж байхад миний хэлснийг тоолгүй уг тушаалыг гаргаж надад өгсөн. Би бичиг хэргийн ажлыг хийх боломжгүй байсан тул томилсон ажилд нь ажиллахаас гатгалзаж ажиллаагүй болно. Ингээд “МЦХ” ХХК-ийн Увс аймгийн холбооны газрын дарга Б.Батболд нь 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 21 тоот тушаал гаргаж намайг ажилд томилох тушаал авснаас хойш ажлын 10 хоног ажлын байрыг өөрийн дураар орхигдуулсан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажлаас дахин чөлөөлсөн байна. Ингээд миний бие дахин Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж улмаар тус шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 613 дугаар шийдвэрээр намайг урьд эрхлэж байсан ажил болох үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоосон. “МЦХ” ХХК-ийн Увс аймгийн холбооны газрын дарга Б.Батболд уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14 дүгээр магадлалаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн 14 тоот магадлал нь одоо хүчин төгөлдөр болсон. Миний бие “МЦХ” ХХК-ийн Увс аймгийн холбооны газраас ажилгүй байсан хугацаа олох 2016 оны 3 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацааны цалин болох 3.574.635 төгрөгийг нэхэмжилж байна. Би тус газар ажиллаж байхдаа 1 сарын 380.000 төгрөгийн цалин авдаг байсан. Би 2016 оны 3 дугаар сард 7 хоногийн цалин дутуу авсан, одоо 2017 оны 1 дүгээр сард 2 хоног, 2016 оны 4-12 сар хүртэл 9 сар, нийт 9 сар 9 хоногийн цалинг нэхэмжилж байна. Иймд “МЦХ” ХХК-ийн Увс аймгийн холбооны газраас ажилгүй байсан хугацаанды цалин болох 3.574.635 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

      Нэхэмжлэгч Д.Ариунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Миний бие нь “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газраас ажилгүй байсан хугацааны цалин 3.574.635 төгрөг нэхэмжилсэн. Үүн дээрээ нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн шимтгэлийг төлөхийг уг байгуулагад даалгаж өгөхийг хүсч байна” гэжээ.

   Хариуцагч “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газрын дарга Б.Батболд шүүхэд гаргасан тайлбартаа:“Иргэн Д.Ариунжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Д.Ариунжаргалын нэхэмжилсэн 3.574.365 төгрөгийг хүлээн зөвшөөрч санхүүгийн зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл хийгдэж гар дээр олгогдох журмын дагуу олгогдох болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Д.Ариунжаргал нь хариуцагч “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газарт холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалин 3.574.635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.        

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Ариунжаргалаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргажээ.

    Хариуцагч “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газар нь нэхэмжлэгч Д.Ариунжаргалын ажилгүй байсан хугацааны цалин 3.574.635 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газар нь Д.Аринжаргалын ажилгүй байсан хугацааны цалин 3.574.635 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

     Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.144 төгрөгөөс 36.072 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 36.072 төгрөг, хариуцагч “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газраас 36.072 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Ариунжаргалд олгож шийдвэрлэлээ.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Нэхэмжлэгч Д.Ариунжаргалын ажилгүй байсан хугацааны цалин /2016 оны 3 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал/ 3.574.635 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Ариунжаргалын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.144 төгрөгөөс 36.072 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 36.072 төгрөг, хариуцагч “МЦХ” ХК-ийн Увс аймгийн холбооны газраас 36.072 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Ариунжаргалд олгосугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

      

ШҮҮГЧ                                   П.БОЛОР