| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/1214/Э |
| Дугаар | 1228 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Батзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 1228
2020 07 03 2020/ШЦТ/1228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч М.Батзаяа,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2006 02084 1632 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахмадын хороолол, 104 дүгээр байрны 55 тоотод иргэн М.Цэрэндулам, Б.Дарьсүрэн нарын фэйсбүүкийн мэссэнжэрт суурин компьютер ашиглан нэвтэрч “...яаралтай мөнгө хэрэг болоод байна мөнгө зээлээч” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж иргэн Ж.Мөнхжингөөс 30.000 төгрөг, Э.Уянгаас 30.000 төгрөг, Ц.Хишигсүрэнгээс 30.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 02084 1632 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.М нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ж.Мөнхжингийн мөрдөн байцаалтад өгсөн:
...2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 16 цаг 54 минутад манай найз Дарьсүрэнгийн Д.Дарьсүрэн гэх хаягаас Сайн уу, найз аа, чиний мобайл банкинд 30.000 төгрөг байна уу? нэг хүнээс зээлчихсэн чинь нэхээд болдоггүй гэсэн захиа ирсэн. Би найзынх нь мобайл банкинд мөнгө байхгүй, харин бэлэн мөнгө байна гэхэд ойрхон бэлэн мөнгөний машинаас шилжүүлээд өгөөч гэж гуйсан. Би гэрээсээ гараад гэрийн ойрхон байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машин ороод Дарьсүрэнгийн данс руу 30.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс 2-3 цагийн дараа Дарьсүрэнгийн нөхөр Төмөртулгын фэйсбүүк хаягаас Д.Дарьсүрэн гэсэн фэйсбүүк хаягийг алдсан тул мөнгө гуйсан захиа ирвэл залгаж асуугаарай гэсэн мэдээлэл бичигдсэн байсан. Тэгэхээр нь Дарьсүрэнгийн 88138480 дугаарын утсанд залгаж асуухад миний фэйсбүүк хаяг руу өөр хүн нэвтэрч хүмүүсээс мөнгө гуйсан байна. Би одоо фэйсбүүк рүүгээ өөрөө орж чадахгүй байна гэж хэлсэн. Дарьсүрэн надад миний хаяг руу Мндх Црндлм гэсэн хаягаас линк явуулахаар нь авчихсан чинь өөрийнхөө нууц үгийг алдчихлаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,
Хохирогч Э.Уянгын мөрдөн байцаалтад өгсөн:
...2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Петровис компанийн тосны борлуулалтын бөөний төвд цагийн ажил дээрээ байсан. Гэтэл ажлын дүү Дарьсүрэнгийн Б.Дарьсүрэн гэх хаягаас Сайн уу? эгч мобайлд чинь 30.000 төгрөг байвал яаралтай шилжүүлээч, хүнээс зээлчихсэн чинь нэхээд салдаггүй гэсэн захиа ирсэн. Би өөрийн гар утасны мобайл банкнаас 5016623852 дугаарын данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн. Манай дүү Дарьсүрэн 22 цагийн орчимд 88086504 дугаарын утас руу залгаад би хаягаа хакердуулчихсан. Таны хаяг руу миний фэйсбүүк хаягаас мөнгө гуйвал битгий шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд би Дарьсүрэнгийн фэйсбүүк хаягаас өөр хүн мөнгө гуйж авсныг мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/,
Хохирогч Ц.Хишигсүрэнгийн мөрөн байцаалтад өгсөн:
...2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр найз Бат-Эрдэнийн гэрт байсан. Гэтэл найз Дарьсүрэнгийн “Дарьсүрэн гэх хаягаас Сайн уу? 30.000 төгрөг байвал зээлээч, хүнээс мөнгө зээлчихсэн чинь нэхээд байна” гэсэн захиа ирсэн. Би дансны дугаарыг нь асуугаад 30.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. Гэтэл найз Дарьсүрэнгийн нөхрийн фэйсбүүк хаягаас Дарьсүрэн нь фэйсбүүкийн нууц үгийг алдсан учир хүн мөнгө гуйвал битгий өгөөрэй гэсэн мэдээлэл ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,
Гэрч У.Амарын мөрдөн байцаалтад өгсөн:
... Би М гэх хүнийг танина. Анх цахим тоглоомын газарт танилцаж байсан. Үүнээс хойш мэссэнжэрээр мэнд мэддэг байсан. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би Мгийн гэрт очиж хоносон. Тухайн үед намайг фэйсбүүк руу ороод хүний фэйсбүүкийн нэр нууц үгийг хуурамч зар тавьж мэдээд нөгөө нууц үгээр нь фэйсбүүк рүү нь нэвтрээд найзуудаас нь мөнгө гуйж байх үед М хажууд суугаад хараад байсан. Тэгээд хараад сурсан байх... гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/,
Гэрч Б.Цолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн:
...Мөн миний дансаар мөнгө авсан асуудлаараа цагдаад шалгагдаж байгаа гэж хэлсэн. Тэгээд би интернет банкныхаа нууц үг, нэвтрэх нэрийг сольсон. Миний Хаан банкны данс руу 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 30.000 төгрөг шилжиж орсон байсныг М ахыг хэлэхээр нь мэдсэн. Миний дансанд орлого, зарлага хийгдсэн тохиолдолд мэссэж ирдэггүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 72/,
- Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 03, /,
- Хохирогч Ж.Мөнхжин, Ц.Хишигсүрэн, Э.Уянга нарын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 21-37, 40-42, 60, 79/,
- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 49/,
- Фэйсбүүк мэссэнжэрээр харилцсан баримт /хх-ийн 51, 80/,
- Шүүгдэгч интернет банкнаас гүйлгээ хийсэн талаарх баримт /хх-ийн 78/,
Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн:
...Би 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн орчим гэртээ байхдаа Кanari гэсэн нэртэй хуурамч шинэ фэйсбүүк хаяг нээж Дорноговь аймгийн зарын групп, Ээжүүдийн групп, Ээжүүдийн зарын групп, Цагийн ажилд авна групп зэрэгт цагийн ажилд авна, цалинг өдөрт нь өгнө, өдрийн 25.000 төгрөг гэсэн зар байрлуулсан. Хүмүүс мэдээлэл авъя гээд мэссэнжэр бичсэн. Би өдөрт 10 асуултад хариулаад 25.000 төгрөг өгнө гэж худлаа мэдээлэл өгсөн. 10 асуултад хариулахын тулд өөрийн банкны дансны дугаар, фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц үгийг надад хэлэх ёстой гэх шаардлага тавихад Мндх Црндлм, Дарьсүрэн гэх хоёр хаягаас зөвшөөрсөн. Би тухайн хоёр хаягт нэвтэрч ороод мэссэнжерүүдийг нь уншиж байгаад дотно гэсэн найзууд руу нь мэссэж бичиж мөнгө гуйсан. Нийт 3 хүнээс тус бүр 30.000 төгрөгийг дүү Цолмонгийн 5016623852, эхнэр Наранцэцэгийн 5068178207 гэсэн данс руу шилжүүлж авсан. Тухайн үед яаралтай мөнгөний хэрэг гарсан учир үүнээс өөр арга байгаагүй. Би гэмт хэрэг үйлдэж олсон 90.000 төгрөгийг өрөндөө өгсөн. Би эхнэр болон дүү нарын банкны нууц үг болон нэвтрэх нэрийг мэддэг байсан. Тухайн үед эхнэрийн банкны карт надад байсан учир Б.Цолмонгийн данс руу шилжүүлсэн мөнгийг интернет банкаар эхнэрийн данс руу шилжүүлж бөөнд нь авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 90-91/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 106-109/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахмадын хороолол, 104 дүгээр байрны 55 тоотод иргэн М.Цэрэндулам, Б.Дарьсүрэн нарын фэйсбүүкийн мэссэнжэрт суурин компьютер ашиглан нэвтэрч “...яаралтай мөнгө хэрэг болоод байна мөнгө зээлээч” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж иргэн Ж.Мөнхжингөөс 30.000 төгрөг, Э.Уянгаас 30.000 төгрөг, Ц.Хишигсүрэнгээс 30.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Б.М нь хуурч цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Шүүгдэгч Б.М нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгэгдэж байгаагүй байна.
Шүүгдэгч Б.Мд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Б.Мд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо төлсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж тодорхой хугацаа тогтоон төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Т овогт Бийн Мг хуурч цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ