Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 1134

 

 

 

 

 

 

 

 

      2020       06         18                                    2020/ШЦТ/1134

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бор ишигт овогт Лхайсүрэнгийн Нт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01999 1295 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 13 дугаар гудамжинд Д.Алтанчимэгийн гар утас, автобусны карт зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.                    /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 01999 1295 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу  цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Л.Н нь хохирогч Т.Алтанцэцэгийн эзэмшлийн гар утас, автобусны карт зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Т.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... Сувд хүрээ дэлгүүр орж боорцог авчихаад дэлгүүрээс гарсан. Ингээд дэлгүүрээс гараад 13-р гудамжны үзүүрээр эргэзд явж байтал миний зүүн талын бөөр хэвлий хэсэгт хүн цохих шиг болохоор нь эргээд харсан чинь 40 орчим насны, хар саравчтай малгайтай, саарал өнгийн даавуун өмдтэй, маск зүүгээгүй, цайвар өнгийн жинсэн цамцтай, бор царайтай эрэгтэй хүн зогсож байсан. Тэгээд би тэр залуугаас чи хөгшин хүнийг яахнуу гэж асуутал та надад 1.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Би тэгэхээр нь 1000 төгрөг байхгүй гэж хэлсэн чинь та дэлгүүрээс мөнгө аваад гарсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд миний куртикны халаасруу гараа хийгээд цагаан өнгийн самсунг эс-6 маркийн гар утас, миний өндөр настны автобусны карт зэргийг аваад 13-р гудамжны зүун талруу чигээрээ гүйгээд явчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

 

Гэрч Г.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:

... 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 15-16 цагийн орчим Хужирбулангийн Сувд хүрээ дэлгүүрлүү орох гэтэл хаалганы үүдэнд 60 орчим настай эмэгтэй хүн зогсож байсан. Мөн дэлгүүрийн гадна талд 60 настай эмэгтэйгийн зогсож байсны эсрэг талд 40 орчим насны малгай өмссөн дээгүүрээ бараан өнгийн хувцастай, доогуураа саарал өнгийн өмдтэй, нүүр царайг нь хараагүй, 160-170 см орчим өндөртэй эрэгтэй хүн зогсож байсан. Би дэлгүүрт ороод эд зүйл аваад мөнгөө өгч байтал нөгөө гадаа таарсан эмэгтэй орж ирээд миний гар утсыг хүн аваад явчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-н 6-7 тал/,

 

Эрүүгийн мөрдөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн:

... Бичлэг дээрх сэжигтэй этгээдийн зургийг гар утсан дээрээ дарж ойр орчмоор архидан согтуурдаг иргэдтэй уулзалт хийж мэдээ, мэдээлэл цуглуулахад "Бичлэг дээрх хүнийг Н гэдэг, Хужирбуланд амьдардаггүй, гэхдээ хаа нэг энэ хавиар ирж архи уудаг. Хужирбулангийн 16 дугаар гудманд айлд ирдэг байхаа. Яг тоотыг нь мэдэхгүй байна. Н урд нь шорон оронгоор явж байсан гэж хүмүүс ярьж сайсныг сонссон" гэх мэдээлэл авсан.

Сэжигтэй этгээд Нийг түргэн шуурхай олж тогтоох зорилгоор хариуцсан нутаг дэвсгэрт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн офицер, цагдаа жолооч нарт зургийг үзүүлэн Хужирбулангийн 15-17 гудамжны айлуудаар эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан. Эргүүлийн офицер, цагдаа жолооч нар сэжигтэй этгээд Нийг Хужирбулангийн 16 дугаар гудамжнаас эрэн сурвалжлан олж тогтоон хүлээлгэн өгсөн.

Сэжигтэй этгээд Лхайсүрэнгийн Н /РД:ПВ78012914/-ийг хяналтын камерын бичлэг, хохирогч шууд таньсан зэрэг үндэслэлээр уг дээрмийн хэрэг үйлдсэнийг тогтоон дээрх гэмт хэргийг илрүүлэн ажилласныг илтгэх хуудас болгон бичив гэх илтгэх хуудас /хх-ийн 12/,

 

“Тод Үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан 2019 оны 5 дугаар сарын 02- ны өдрийн:

Самсунг эс-6 маркийн гар утас 150.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14 тал/,

 

Шүүгдэгч Л.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хужирбулангийн 13 дугаар гудамжны үзүүрт байдаг Сувдхүрээ дэлгүүр орж тамхи авах гэхэд 1.000 төгрөг дутахаар нь тэр дэлгүүрээс гарч явсан 50 орчим насны эгчийг дагаад 1.000 төгрөг өгчөөч гэхэд байхгүй гэхээр нь таньд мөнгө байгаа ш дээ гэж хэлээд гадуур хувцасных нь халаас руу гараа хийгээд ухсан чинь гар утас карт байхаар нь аваад 13 дугаар гудамж өгсөөд зугтаасан. Гар утсыг нь Ботаникийн хавьд танихгүй хүнд 20.000 төгрөгөөр зарж архи, тамхи аваад хоол идээд дууссан гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-5 тал/,

-хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-11/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16 тал/,

-камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-20 тал/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Л.Нийн иргэний үнэмлэхний лавлагаа /ххийн 87 тал/, эрүүгийн хариуцлага ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Л.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Н нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар  хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Л.Нийн иргэн Т.Алтанцэцэгийн гар утас, автобусны картыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэрэг үйлдэж хохирогч Т.Алтанцэцэгээс дээрэмдэж авсан эд зүйлс болох гар утас, автобусны карт зэргийг шүүгдэгч нь хохирогчид буцааж өгсөн байх бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирол барагдуулсан, цаашид гомдол саналгүй” гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Л.Нт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг төлж барагдуулсан байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Л.Нийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн хэргийн талаарх тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Н нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон нийт 29 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сувдхүрээ хүнсний дэлгүүрийн камерийн бичлэг бүхий сидиг хэрэгт хадгалаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Лн Нийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Л.Нийн цагдан хоригдсон хорин ес хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Л.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БААСАНБАТ