| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/1172/Э |
| Дугаар | 1197 |
| Огноо | 2020-06-29 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц. Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 1197
2019 06 29 2020/ШЦТ/1197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Хулан,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Ганчөдөр,
Шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Дийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1911 02812 1267 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Д нь Цогт энд Нандин ХХН-д өр барагдуулах, аж ахуй эрхэлсэн туслах ажилтнаар ажиллаж байх хугацаандаа тус нөхөрлөл, Сентури Ланд Марк ХХК-ний хооронд хийгдсэн гэрээний дагуу түрээслэгч иргэдээс түрээсийн мөнгө авах зорилгоор “Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Олимп хотхоны 201-145 тоот байрыг түрээслэгч иргэн Б.Баярзаяагаас 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бэлнээр 550.000 төгрөг, мөн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 400.000 төгрөгийг тус тус өөрийн найз гэх Б.Дашнямын 5070144137 тоот дансаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Олимп хотхоны 201-145 тоотоос шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох нийт 1.450.000 төгрөгийг Сентури Ланд Марк ХХК-д тушаалгүй хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч П.Д нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Ганчөдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн:
... өмгөөллийн Цогт энд Нандин ХХН нь Сентури Ленд Марк ХХК-тай хамтарч ажилладаг. Уг компани нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Олимп хотхоныг барьсан байдаг ба хүмүүс ороогүй байруудаа түрээслэдэг. Үүнийх нь дагуу түрээстэй холбоотой аливаа маргаанд манай нөхөрлөлийн зүгээс эрх зүйн туслалцаа үзүүлдэг. 2018 оны сүүлээр гэж санаж байна Сентури Ланд Марк ХХК-аас түрээслэгч Баярзаяа нь түрээсийн төлбөр өгөхгүй байгаа талаар хандсан юм. Үүнийх нь дагуу Дийг явуулж төлбөр төлөх асуудлыг хариуцуулсан. Тэгээд Д нь Баярзаяагаас байрны төлбөрийг авсан хэрнээ Сентури Ланд Марк ХХК-д төлөөгүй байсан. Үүний улмаас шалгалтыг явуулахад Баярзаяа нь 2019 оны 01 дүгээр сарын 11-нээс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд нийт 1.450.000 төгрөгийг төлсөн байсныг Д нь Сентури Ланд Марк ХХК-д шилжүүлээгүй байсан. Эдгээр мөнгийг Д нь Баярзаяагаас гэрт нь буюу түрээслэж байсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Олимп хотхоны байранд нь ирээд бэлнээр болон дансаар авсан талаар мэдсэн. Д нь манай байгууллагаас 2019 оны 06 дугаар сард гарах өргөдлөө өгсөн ба түүнийх нь дагуу ажлаас чөлөөлсөн. Одоо Дээс уг төлбөрийг гаргуулан авмаар байна... гэх мэдүүлэг /хх-н 8-9/,
Гэрч Э.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Цогт энд Нандин ХХН-д 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Пүрэвдоржийн Д гэх залуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд ороод 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарч байсан. Ингээд би П.Дийн хариуцаж байсан ажлыг 2019 оны 06 дугаар сард хүлээн аваад түрээслэгч Б.Баярзаяагаас түрээсийн мөнгийг аваад Сентури Ланд Марк ХХК-д өгөх ёстой байсан боловч өгөөгүй байсныг нь мэдээд энэ талаар 2019 оны 08 дугаар сарын эхээр П.Дт хэлэхэд өгсөн байх ёстой гээд надаас түрээслэгч Б.Баярзаяагийн утасны дугаарыг авсан. Тэгтэл Б.Баярзаяа надруу залгаад танайд ажиллаж байсан залуу надаас мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ 2019 оны 09 дүгээр cap хүртэл хүлээгээд байгууллагад мэдэгдэлгүйгээр байж байгаач гээд гуйгаад байна. Би түрээсийн мөнгөө өгсөн учраас хүлээх шаардлагагүй. Тиймээс танай байгууллага миний түрээсийн мөнгийг Сентури Ланд Марк ХХК-д өгөх хэрэгтэй гэж хэлсэн. Түүнээс хойш П.Д нь утсаа авахгй алга болоод байгаа учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. П.Д нь түрээслэгчээс 900.000 төгрөгийг дансаар авсан байсан бөгөөд 550.000 төгрөгийг бэлнээр авсан гэж байсан гэх мэдүүлэг /хх-н 10/,
Гэрч Б.Баярзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:
П.Д нь миний амьдардаг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп виллаж хотхоны байрны түрээсийн мөнгийг авдаг байсан. Би 2019 оны 01 дүгээр сарын үед бэлнээр 550.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкны өөрийн эзэмшлийн 50.......040 дугаарын данснаас найзынх нь дансны дугаар гээд 5070144137 дугаарын дансруу 500.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 400.000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг /хх-н 85-86/,
Гэрч Б.Дашнямын мөрдөн байцаалтанд өгсөн:
...Би Хаан банкны 5070144137 дугаарын данс эзэмшдэг. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан 500.000 төгрөгөө Доогий гэж тэр өдрөө шилжүүлсэн байна. 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 400.000 төгрөг хүлээж авсан мөнгөө 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зарлага болгон данснаасаа шилжүүлсэн байгаа. Энэхүү гүйлгээг Доогий гэж шилжүүлсэн байхыг бодоход Доогий гэж дууддаг өөрийн найз Д рүү шилжүүлсэн гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-н 83/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/,
-“Tsogt & Nandin” LLP-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-н 5/,
-Цогт энд Нандин ХХН-д Б.Баярзаяагийн гаргасан хүсэлт /хх-н 6/,
-“Tsogt & Nandin” LLP-ийн итгэмжлэл /хх-н 15-16/,
-Сентури Лэндмарк ХХК болон Өмгөөллийн Цогт энд Нандин ХХН-ийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар /хх-н 17-20/,
-Өмгөөллийн Цогт энд Нандин ХХН-аас 1.450.000 төгрөгийг Сентури Лэндмарк ХХК авсан тухай баримт /хх-н 21/,
-Өмгөөллийн Цогт энд Нандин ХХН-ийн захирлын тушаал, П.Дийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-н 22-31/,
-Хаан банкны 500.000 болон 400.000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-н 32-33/,
-Б.Дашнямын 5070144137 дугаартай дансны хуулга /хх-н 89-90/,
Шүүгдэгч П.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Би Цогт Энд Нандин ХХК-д ажиллаж байх хугацаандаа төлбөр барагдуулагч, аж ахуй эрхэлсэн туслах ажилтан хийж байсан ба Цогт энд Нандин ХХН болон Сентури Ланд Марк ХХК-ий хооронд хийгдсэн гэрээний дагуу түрээслэгч иргэдээс түрээсийн мөнгө авах зорилгоор “Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Олимп хотхоны байрыг түрээслэгч иргэн Б.Баярзаяагаас 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бэлнээр 550.000 төгрөг, мөн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 400.000 төгрөгийг тус тус өөрийн найз Б.Дашнямын 5070144137 тоот дансаар мөнгө авсан байгаа. Энэ мөнгөө тухайн үед юунд зарцуулсанаа сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-н 105-106/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс П.Дийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 92/, эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 91/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлхөөр эвлэрсэн тухай эвлэрлийн гэрээ 1 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийг гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч П.Д нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нар, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч П.Дийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Нотлох баримтаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохиролыг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрйн доторо төлж барагдуулахаа илэрхийлж байна.
Хохирогч “Цогт энд Нандин” ХХН-д 1.450.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Б.Баярзаяагаас 550.000 төгрөг бэлнээр өгч, нийт 900.000 төгрөг Б.Дашнямын данс руу шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна. Дээрх нотлох баримтаар тогтоогдсон 1.450.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч П.Дээс гаргуулж хохирогч Цогт энд Нандин ХХН-д олгож шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Дийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохиролыг төлж барагдуулаагүй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хохирогчид хор уршиг учираад өнгөрсөн хугацаа, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан шүүгдэгч П.Дийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, тодорхой хугацаа тогтоож эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй зэргийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Пийн Дийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дийг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаа тогтоож эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дээс 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч “Цогт энд Нандин” ХХН /ТТБ8103#5848733/-д олгосугай.
6. Шүүгдэгч П.Д нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Дт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ