Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 133

 

                                       Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багт оршин суух, 1953 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЖ53050907, Борлууд овогт Дандарын Минсэл-Орломын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сум, 3 дугаар баг, 29 дүгээр байрны 19 тоотод оришн суух, Ядам овогтой Болдбаатарт холбогдох,

      Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Д.Минсэл-Орлом шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Улаангом сумын харьяат Ядам овогтой Болдбаатар нь 2014 оны 7 дугаар сард манайхаас 4 үхрийг тухайн үеийн ханшаар 4.000.000 төгрөгөөр тохиролцон худалдаж аваад “Одоо мөнгө дуусчихлаа, наадмын дараа өгье” гээд зээл аваад явсан. Үүнээс хойш нэхэл дагал болж явсаар 150.000 төгрөг, 300.000 төгрөгөөр увуулж, цувуулж 2.000.000 төгрөгийг өгөөд үлдсэн 2.000.000 төгрөгийг өнөөг хүртэл өгөөгүй байна. 4.000.000 төгрөгөө авахаар аймаг, Малчин сум хооронд явсаар 100.000 гаруй төгрөг зарцууллаа. Миний нөхөр Баньд овогтой Батаа нь өвчний учир хэвтэрт орж эм тарианы зардалд сардаа 1.000.000 орчим төгрөг зарцуулж байна. Манайд мөнгөний хэрэгцээ их байгаа тул Я.Болдбаатараас 2.000.000 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү” гэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцээ, хариуцагч Я.Болдбаатар нар 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрийн гэрээндээ: “Д.Минсэл-Орлом нь Я.Болдбаатараас 2.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Одоо Я.Болдбаатартай харилцан тохиролцож 1.200.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 700.000 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрч гэрээ байгуулав” гэжээ.

     Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:      

       Нэхэмжлэгч Д.Минсэл-Орлом нь хариуцагч Я.Болдбаатарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

    Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцээ, хариуцагч Я.Болдбаатар нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Д.Минсэл-Орломын нэхэмжлэлийн шаардлагаас 1.200.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 700.000 төгрөгөөр тус тус хариуцагч Я.Болдбаатар төлж барагдуулахаар, нэхэмжлэгч нь үлдэх хэсэг болох 800.000 төгрөг гаргуулахаас татгалзаж тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцээ, хариуцагч Я.Болдбаатар нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

     Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 46.950 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 1.200.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33.350 төгрөгийн тал хувь 16.675 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 30.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Болдбаатараас 16.675 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Минсэл-Орломд олгох нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Нэхэмжлэгч Д.Минсэл-Орлом, хариуцагч Я.Болдбаатар нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Д.Минсэл-Орлом нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.000.000 төгрөгөөс 800.000 төгрөгийг нь авахгүй байхаар тохирч, 1.200.000  төгрөгийг хариуцагч Я.Болдбаатар төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Төрийн сан /150000941 тоот данс/-аас  16.675 төгрөг, хариуцагч Я.Болдбаатараас 16.675 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Минсэл-Орломд олгосугай. 

       3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                               П.БОЛОР