Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 134

 

                                          Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би

      Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум 12 айлын орон сууц, 2 дугаар орцны 19 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эрэгтэй, ОД81011217 регистрийн дугаартай, Тайж овогт Рагчаагийн Ёндонжамцын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, Галдан бошигтын гудамж, 29 дүгээр байрны 19 тоотод оршин суух, Ядам овогтой Болдбаатарт холбогдох,

       1.529.864,40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Р.Ёндонжамц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Анх миний бие 2013 оны 9 дүгээр сард 2.000.000 төгрөгийн зээл Капитал банкнаас аваад 1 жил болж байсан. Гэтэл надтай Ядам овогтой Болдбаатар түүний эхнэр Нандинцэцэг нар ирж уулзаад нэг сарын хугацаатай 10.000.000 төгрөгийн зээл авч өгөөч гэж гуйсан юм. Би тэд нарт “Манайх зээлтэй дахин надад зээл өгөхгүй” гэж хэлэхэд тэд нар “Капитал банкинд бид нарын таньдаг хүн байгаа, чиний нэр дээр зээл аваад буцаагаад удахгүй хаачихна” гэж хэлэхээр би зөвшөөрсөн юм. 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Я. Болдбаатар миний нэр дээр зээл хөөцөлдөөд 8.300.000 төгрөгийн зээлийг 2.5 %-ийн хүүтэй 2 жилийн хугацаатайгаар авсан юм. Зээлийг авахдаа миний урьд талын зээлийн үлдэгдэл 1 сая төгрөгийг Болдбаатар хааж зээлгүй болгож, миний нэр дээр зээл гаргуулж авсан юм. Ингээд уг 8.300.000 төгрөгийн зээлээс тухайн үед Болдбаатарт 7.900.000 төгрөгийг өгсөн юм. Үлдсэн мөнгийг нь зээл авсны шимтгэл төлөөд үлдэгдэл 300.000 төгрөгийг би өөрөө авч үлдсэн юм. Я. Болдбаатар зээл гаргуулж авахдаа нэг сарын хугацаатай гэж тохирсон. Гэтэл сарын хугацаа болохоор би түүнд зээлээ одоо төлж барагдуул гэсэн чинь амжихгүй байна. Энэ зээлийн хүүг би сар бүр төлж байгаад мөнгөтэй болмогц бүрмөсөн хаана гэж хэлсэн юм. Ингээд Болдбаатар Капиталаас авсан зээлээ шаардаж нэхүүлэхгүйгээр 2015 оны 11 дүгээр сар хүртэл төлөөд түүнээс хойш огт мөнгө төлөөгүй. Уг зээл миний нэр дээр байдаг тул банк зээлийн хүүний хугацаа болонгуут надаас зээлийн хүүг төлөхийг байнга шаардаж, хугацаа хэтэрсний алданги тооцож төлүүлж байгаа юм. Миний биөе Я. Болдбаатарын өмнөөс 2015 оны 11 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл миний нэр дээр авсан зээлийн хүү 1.423.198,76 төгрөг, зээлийн хугацаа алдсаны алданги 106.665,64 төгрөг нийт 1.529.864,40 төгрөг төлсөн юм. Би Я.Болдбаатараас мөнгөө нэхэхэд Будсүрэн гэгч хүнээс мөнгө авч өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй юм. Иймд Я.Болдбаатараас миний нэр дээр авсан зээлийн хүү, түүний алдангийн төлбөр 1.529.864,40 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө” гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, хариуцагч Я.Болдбаатар нар 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрийн гэрээндээ: “Р.Ёндонжамц нь Я.Болдбаатараас 1.529.864 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг миний бие хариуцагч Я.Болдбаатартай харилцан тохиролцож 1.529.864 төгрөгөөс 729.864 төгрөг авахаар эвлэрч байна. /800.000 төгрөгийг авахаас татгалзаж байна/” гэжээ.

     Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:      

     Нэхэмжлэгч Р.Ёндонжамц нь хариуцагч Я.Болдбаатарт холбогдуулан 1.529.864,40 төгрөг төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, хариуцагч Я.Болдбаатар нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Р.Ёндонжамцын нэхэмжлэлийн шаардлагаас 729.864 төгрөгийг хариуцагч Я.Болдбаатар төлж барагдуулахаар, нэхэмжлэгч нь үлдэх хэсэг болох 800.000 төгрөг гаргуулахаас татгалзаж тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, хариуцагч Я.Болдбаатар нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

     Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 39.428 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 729.864 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 22,067 төгрөгийн тал хувь 11.034 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 28.394 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Болдбаатараас 11.034 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Ёндонжамцад олгох нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Нэхэмжлэгч Р.Ёндонжамц, хариуцагч Я.Болдбаатар нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Р.Ёндонжамц нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.529.864 төгрөгөөс 800.000 төгрөгийг нь авахгүй байхаар тохирч, 729.864 төгрөгийг хариуцагч Я.Болдбаатар төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Төрийн сан /150000941 тоот данс/-аас  11.034 төгрөг, хариуцагч Я.Болдбаатараас 11.034 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Р.Ёндонжамцад олгосугай. 

      3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                               П.БОЛОР