Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2022/0021

 

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч А.Б

Нэхэмжлэгч Ц.Б

Хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Бийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63, Б/11 дүгээр захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, Д.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 126/2021/0029/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Б нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Б-ийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63, Б/11 дүгээр захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-аар маргасан байна.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүгч тосгонд очиж ажиллахдаа хариуцагчийн хүсэлтийг бүрэн хангаагүй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон гэрч болох хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж дүгнэхгүй шийдвэр гаргасан.

3.2.Тухайлбал нэхэмжлэгч Ц.Б-ийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаар захирамжаар халаагүй 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар сахилгын шийтгэлээр халсан. Анх захирамж дугаарлахдаа захирамжийн нэг хувийг А/63 гэж дугаарлаад устгаагүй байж байхад нь андуураад Ц.Б-д гардуулсныг Ц.Б аваад өгөөгүй гэдгийг гэрчүүд тайлбарлаад байхад гэрчийн мэдүүлэг тайлбарыг үнэлээгүй үгүйсгээд байгаа болно. Шүүгчийг тосгонд очиж бичиг баримтад үзлэг хийхэд нь бичиг хэргийн эрхлэгч Э.Ц хөл нь хугарсан гэртээ байгаа 2021 оны гаргасан захирамжууд бүртгэлийн дэвтрээс бусад юм өөр дээр нь байгаа тиймээс ямар захирамж гаргасан тэр хүн яаж дугаарласан энэ талаар гэрчийн мэдүүлэг авах хүсэлт гаргахад очиж авна гэж хэлээд бичиг хэргийн эрхлэгч Э.Ц-аас гэрчийн мэдүүлэг авахгүй явсан байсан.

3.3.Захирамжийн хувийн хэрэг юу ч байхгүй гэдэг юм шүүгч үзлэгээр авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэдэгтэй санал нийлэхгүй байгаа болно. Бичиг хэргийн эрхлэгчийн өвчтэй зөвхөн ажлын шаардлагаар захирамжийн бүртгэлийн дэвтэр захирамжаас бусад материал өөрт нь юу байгааг үзэж асуугаагүй болно.

3.4.Ажлын хэсгийн ахлагч Л.О мэдүүлэг өгөхдөө буруу дугаарласан захирамж гардуулсныг авъя гэхэд өгөөгүй мөн зөв болох Б/11 дүгээр захирамжийг өгсөн өөрөө авсан гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Хавтаст хэрэгт А/63 дугаар захирамж ... гарсныг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн хариуцагч эхэлж бичиг хэрэг дугаарлахдаа нэг хувийг А/63 гэж буруу дугаарласан Ц.Б-д андуурагдаж өгсөн дор буцааж авах гэхэд өгөөгүй Б/11 дүгээр захирамжаа ч авсан энэ хоёрын дотор үг үсэг цэг таслал яг ижилхэн байгаа. Захирамжийн бүртгэлийн дэвтрийг ч шүүх үзлэг хийхэд 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А63 дугаар захирамжаар Ц.Б-д сахилгын шийтгэл ногдуулсан жагсаалт байхгүй байна харин ... А/63 зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай захирамж гарсан байгааг тэмдэглээд явсан байгаа болно.

3.5.Ц.Б машинтай архи уусан гэсэн мэдээллийн дагуу шалган тогтоохоор явж очиход илт согтуу байсан бөгөөд цагдаад би дуудлага өгсөн цагдаагийн бүртгэлийн дэвтэрт байгаа болно. Тухайн үед миний урьдаас өөрөө ёс зүйгүй харьцаа гаргаж энэ байдлыг чинь бичлэг хийлээ гэхэд тэгэж байхгүй юу чи гэсний дагуу Цагдаагийн тасгийн дарга М.Э-ын дэргэд хууль, эрх зүйн мэргэжилтнээр ажиллаж байсан А.У-аар бичлэгийг хий гэдэг үүрэг даалгавар өгч хийсэн бичлэгийг Ц.Б-ийн зөвшөөрөлгүй хийсэн бичлэг гээд нотлох баримтад үнэлж дүгнэхгүй байгаа болно. Тэр бичлэг дотор Цагдаагийн тасгийн дарга М.Э энгийн хувцастай байгаа бөгөөд хариуцагч талын ямар ч тайлбарыг сонсохгүй А.Уыг зөвшөөрөлгүй бичлэг хийсэн гэдэг нэхэмжлэгч талын хоёр өмгөөлөгч, шүүгч нар буруутган тулгаж шийдвэрлэлээ.

Согтуудаа өөрөө хий гэдэг зөвшөөрөл өөрөө өгснийг Цагдаагийн тасгийн даргын хажууд сонсоод хийлгэсэн бөгөөд Цагдаагийн тасгийн дарга М.Э эс зөвшөөрсөн бол бичлэг хийлгэхийг зогсоох бөгөөд өөрөө тэр бичлэгт хүртэл орохгүй гэдгийг шүүгч анзаарч үзэж үнэн зөв шийдвэр гаргасангүй.

Сахилгын шийтгэл шалган тогтоох өөр журамтай зөрчлийн хэргийн шалган тогтоох өөр хүмүүсийн эрх хэмжээний асуудал ямар ч байсан 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр цагдаагийн дуудлагын бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээд нотлох баримтад байгаа бөгөөд цагдаа зөрчлийн хэрэг үүсгэхэд архи ууснаа хүлээн зөвшөөрөөд торговол торго гэж хэлээд гараад явсан гэж нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралд мэдүүлж байсан. Архи ууснаа зөвшөөрөөд хялбаршуулсан журмаар торгуулийн арга хэмжээ авагдсан нь нотлох баримтаар байгаа болно.

Мөн 17 дугаар талд 3.1.3-д “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгохоор заасан тул өөрөө гэрчлээд, өөрөө зөрчилд шийтгэл ногдуулах санал гаргасан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэхээр байна гэж үзлээ гэж буруу үндэслэж байгаа болно.

А.У нь хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтний албан тушаалтны хувьд Ц.Бийг шалгаж тогтоох эрхгүй албан тушаалтан бөгөөд дээд шатны албан тушаалтан Захирагч миний бие бөгөөд өөрөө шалгаж тогтоогоод сахилгын шийтгэл ногдуулах санал өөрөө гаргаад шийдвэр гаргасан бол ашиг сонирхлын зөрчлийн үүссэн гэж үзэх үндэслэл байгаа болно.

Харин шалгаж тогтоохдоо хууль, эрх зүйн хариуцсан мэргэжилтнийг хамт авч яваад нөхцөл байдлыг нь харуулаад ямар шийдвэр гаргах саналыг харин А.У ямар ч албан тушаалтны нөхцөл байдлын санал шахалтгүйгээр гаргасан бөгөөд миний бие харин тэр саналыг бууруулж шийдвэр гаргасан болно. Санал дотор бусад зүйлийг дурдаагүй байна гэж шүүх үзсэн бөгөөд зөвхөн гаргасан саналыг шийдвэртээ тусгаж шийдвэр гаргахаар хуульчилсан хууль байхгүй, хуулиар хориглоогүй мөн сонсох ажиллагааг зөвхөн гаргасан зөрчил болгон дээр хийнэ гэсэн хууль дүрэм журам байхгүй сахилгын шийтгэлээр ажлаас халах шийдвэр гаргах гэж байгаа талаар л өөрт нь хангалттай мэдэгдсэн. Эхний удаа буюу 4 дүгээр сарын 23-ны өдөр байгууллагын бүх албан хаагчдын дунд хийсэн бөгөөд удаан хуралдах боломжгүй цаг үеийн асуудлаар нэлээд ажилтай байсны хувьд тайлбарын шаардлагагүй ажилдаа орцгоо гээд тарсан. Энэ нь хариу тайлбар гаргах бичгээр гаргах өөрөө дахин уулзах боломж нөхцөл байсан. Дараагийн удаа А.Утай хамт өрөөндөө мэдэгдэхэд ямар ч хариу тайлбар гаргаагүй. Өөрөөр хэлбэл, 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хариу тайлбар бичгээр болон бусад хэлбэрээр гаргах боломж нөхцөл олгосон болно. Өөрөө ч бичгээр тийм огт гаргаагүй гэж шүүх хуралд мэдэгдсэн.

Хуудас 23 дугаар талд ... өмнө нь ижил төрлийн зөрчил гаргасны улмаас сахилгын шийтгэл хүлээж байсан дэх хэсэгт заасныг дурджээ гээд Ц.Б тосгоны Захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Бийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэл хүлээж байв. Тэрээр тус захирамжийн талаар 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мэдсэн хэмээн тайлбарлаж байгаа ба түүнд 02 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаар захирамжийг гардуулан өгсөн баримт байхгүй болох нь шүүхийн үзлэгийн хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна гэжээ. Шүүх үзлэг хийх үед бичиг хэргийн эрхлэгч хөл хугарсан гэртээ байгаа Захирагчийн ажлын албаны даргад зөвхөн 2021 оны А, Б захирамжууд бүртгэлийн дэвтэр л байна бусад нь өөрт  нь байгаа очиж гэрчийн мэдүүлэг ав гэдэг хүсэлт тавихад авна гэж байсан боловч ямар шалтгаанаар аваагүй явсан талаар хариуцагч талд хуралд болон буцахдаа ямар нэгэн тайлбар хэлээгүй явсан байсан. Уг захирамжийг авсан, болон мэдсэн эсэх талаар хариуцагчийн төлөөлөгч ярихад энэ захирамж дээр маргахгүй гээд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн хоёр өмгөөлөгч санал гаргасны дагуу хүлээн зөвшөөрөөд л маргахгүй байна гэж ойлгосон.

Хоёрт: Шүүхийн шийдвэрийн 24 дүгээр хуудасны 23 дахь мөрнөөс Ц.Б Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандан Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/63 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар хандсан, Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээр түүнд хариу өгсөн гэдэгтэй хэргийн оролцогч маргадаггүй гэж худлаа хариуцагч талын маргасан талыг дурдаагүй байна. Нэхэмжлэгч Ц.Б удирдах албан тушаалтан бөгөөд өөрөө хууль тогтоомжийг сайн судалж биелүүлэх үүргээ огт хэрэгжүүлдэггүй байдал нь илт байгааг шүүх илт буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 хамтарсан тушаалаар Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг хавсралтаар баталсан.

Тус журмын 8.1-д “Сахилгын шийтгэл хүлээсэн албан хаагч уг шийтгэлийг үндэслэлгүй болон буруу ногдуулсан гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор Төрийн албаны зөвлөл, эсхүл шүүхэд бичгээр гаргана гээд 8.2-т Төрийн албаны тухай хуулийн 48.1.1, 48.1.2-т заасан шийтгэл оногдуулсан шийдвэрийн талаар Төрийн албаны зөвлөлд, 48.1.3, 48.1.4-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд тус тус гомдол гаргана гэж байхад Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргаад хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэр гаргасанд гомдолтой байгаа болно.

Иймд хариуцагчийн гаргасан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэж,

Төрийн албаны тухай хуулийн 48.9-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 8.2-т Төрийн албаны тухай хуулийн 48.1.1, 48.1.2-т заасан шийтгэл оногдуулсан шийдвэрийн талаар Төрийн албаны зөвлөлд, 48.1.3, 48.1.4-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд тус тус гомдол гаргана гэсэн заалтын дагуу шууд шүүхэд гаргахгүй хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/252 шийтгэх тогтоолоор тогтоох хэсгийн 1-д Шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонгуулийн дүнг өөрчилж буруу гаргах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

Мөн 2-т 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилээр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн гэсэн албан ёсны шийдвэр бий болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

3.Хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч Ц.Б-өөс “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Бийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63, Б/11 дүгээр захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчид холбогдуулан гаргажээ.

Маргаан бүхий Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/11 дүгээр захирамжаар “... Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ц.Б нь өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажлын цагаар албаны техник хэрэгсэл жолоодон, архи согтууруулах ундаа хэрэглэж, байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагааны нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж, байгууллагын төсвийн хөрөнгийг удирдан зохион байгуулахдаа нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн нь аймгийн санхүү хяналт, аудитын албан улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36-01/2 дугаар дүгнэлтээр тогтоогдож, өгсөн санал болон ёс зүйгүй үйлдэл удаа дараалан гаргаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, хууль журам ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.

3.2.Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаар захирамжаар[1] нэхэмжлэгч Ц.Б-д хариуцагч төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагааны нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, уг сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлд хамаарч байсан гэдэг нь сонсох ажиллагааны тэмдэглэлүүдээс[2] тогтоогдож байгаа бөгөөд энэхүү сануулах шийтгэл хүлээлгэсэн А/26 дугаар захирамжид нэхэмжлэгч тухайн үед гомдол эрх бүхий этгээдэд гаргаагүй байна.

Мөн нэхэмжлэгч Ц.Б-ийг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны машин болох 13-78 ХӨН улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 нэгжээр торгож, жолоодох эрхийг нь 12 сарын хугацаагаар 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хассан гэдэг нь  Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 46/8-3264 албан тоот[3], Зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал[4] зэргээс тогтоогдож  байна.

Энэ үед нэхэмжлэгч Ц.Б нь Хатгал тосгоны Захирагчаас өгсөн засварт орсон албаны авто тээврийн хэрэгслүүдийг авчрах үүргийг гүйцэтгэж явсан гэдэг нь гэрч А.У-ын мэдүүлэг[5], нэхэмжлэгч Ц.Б-ийн Зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг[6] зэргээр тогтоогдож байна.

3.3.Хөвсгөл аймгийн санхүү хяналт, аудитын албан улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36-01/2 дугаар дүгнэлтээр[7] “...төсвийн захирагч Ц.Б нь  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг зөрчсөн ба чөлөө авч яваад ажиллаагүй ажилтанд хуурамч цагийн бүртгэл үйлдүүлэн цалин олгосон ба энэ хууль бус үйл ажиллагаанд нь бичиг хэрэг, архивын ажилтан татагдан оролцсон нь удирдах ажилтны хувьд манлайлал үзүүлээгүй шударга бус үйлдэл болжээ. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.8, Засгийн газрын 2019 оны 33 дугаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг зөрчсөн байх тул Захиргааны ажлын албаны дарга Ц.Б-д сахилгын шийтгэл ногдуулж” гэсэн арга хэмжээний саналыг хариуцагч Хатгал тосгоны Захирагч А.Б-т хүргүүлжээ.

3.4.Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулснаас өмнөх) 48.1.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: төрийн албанаас халах”, 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж зохицуулсан.

Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.4.3-д “зөрчил нь байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагаа, нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн”, 3.4.4-д “өмнө нь ижил төрлийн зөрчил гаргасны улмаас сахилгын шийтгэл хүлээж байсан”, 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна.” гэжээ.

Засгийн газрын 2019 оны 33 дугаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1-д “Төрийн албан хаагч нь төрийн бодлого, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээ үзүүлэхдээ дор дурдсан ёс зүйн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй: 3.1.4. энэ дүрмийн 2.1.4-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд: 3.1.4.д. албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх, ...олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих” гэж, мөн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын 5.2-д “Ажлын байранд болон төв, хөдөөд албан үүргээ гүйцэтгэж яваа үедээ архи согтууруулах ундаа хэрэглэж согтуурч бусдад буруу үлгэр дууриалал үзүүлэхийг ажлын байранд хориглоно” гэж заасан.

Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолын 1-ийн 1.7-д “Дараах арга хэмжээ авч ажиллахыг ... бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг болгосугай: төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, ...хэрэглэхийг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох” гэжээ.

3.5. Маргааны үйл баримтаас дүгнэхэд маргаан бүхий А/11 акт гарах үндэслэл болсон “Захирагчаас өгсөн засварт орсон албаны тээврийн хэрэгслүүдийг авчрах үүргийг гүйцэтгэж, албаны тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн” зөрчил нь уг маргаан бүхий акт гарахаас 3 сарын өмнө буюу 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаар актаар “сануулах” сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болсон “ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн” зөрчилтэй ижил төрлийн зөрчил гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Б нь уг зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн уг зөрчлийн улмаас “байгууллагын үйл ажиллагаа нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, ажлын албаны дарга, удирдах албан тушаалтны хувьд доод албан хаагчдадаа буруу үлгэрлэл үзүүлсэн” гэсэн агуулга бүхий маргаан бүхий акт болон хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдсонгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс Захирагчаас өгсөн засварт орсон албаны тээврийн хэрэгслүүдийг авчрах үүргийг гүйцэтгэж, албаны тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн”-тэй холбоотой маргааны үйл баримтын талаар дүгнэлт өгөлгүйгээр “зөрчил гаргасан цаг тодорхойгүй, “ажлын цагаар” архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх боломжгүй” гэсэн үндэслэлээр маргааны үйл баримтыг буруу дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3.6.Нэхэмжлэгч Ц.Б-ийг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63 дугаар захирамжаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулаагүй харин Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, А/63 дугаар захирамж нь “Ажлын хэсэг томилсон” захирамж бөгөөд  маргааны үйл баримтаас өөр агуулгатай, маргааны үйл баримттай холбоотой захирамжийн дугаарыг бичиг хэргийн ажилтнаас А/63 гэж андууран тэмдэглэж, уг алдааг Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу зассан гэдэг нь хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар[8], шүүхээс хийсэн бичиг баримтын үзлэгийн тэмдэглэл[9], үзлэгт авагдсан А/63, А/11 дүгээр захирамжийн хуулбарууд[10], захирамжийн бүртгэлийн дэвтэр[11], гэрч А.У, Л.О нарын мэдүүлэг[12] зэргээс нотлогдож байна.

Гэтэл анхан шатны шүүхээс А/63 дугаар бүхий захирамжийг нэхэмжлэгч Ц.Б-ийг төрийн албанаас халсан маргаан бүхий үйл баримттай холбогдуулан дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.7.Анхан шатны шүүхээс захиргааны актын дугаар зассаныг нэхэмжлэгчид мэдэгдсэнээ баримтжуулаагүй, маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлийн холбогдох заалтыг хэрэглээгүй, “төсвийн хөрөнгийг удирдан зохион байгуулахдаа нягтлан бодох хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг гаргаснаас хойш Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д заасан 12 сараас илүү хугацаа өнгөрсөн” гэх дүгнэлтүүд үндэслэлтэй.

Гэвч маргаан бүхий захирамжийн бусад үндэслэл хууль зөрчөөгүй тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдал, түүнд холбогдох хууль, журмын заалтыг өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэлж, дүгнэн, төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг сонгон хэрэглэснийг буруутгах, нэхэмжлэгчийн “ажил үүрэг гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн” зөрчлийг удаа дараа гаргасан үйлдлийг үгүйсгэх, зөвтгөх хууль зүйн үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул маргаан бүхий захирамжийг шүүхээс хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3 -д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийн Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчид холбогдуулан гаргасанХөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Б-ийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/63, Б/11 дүгээр захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 26 дахь тал

[2] Хэргийн 27-28 дахь тал

[3] Хэргийн 111 дэх тал

[4]Хэргийн 133-146 дахь тал

[5] Хэргийн 139 дэх тал

[6] Хэргийн 141 дэх тал

[7] Хэргийн 71-76 дахь тал

[8] Хэргийн 18 дахь тал

[9] Хэргийн 80-82 дахь  тал

[10] Хэргийн 85-86 дахь тал

[11] Хэргийн 88-91 дэх тал

[12] Хэргийн 96-97 дахь тал