Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 0009

 

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын

“Их-Уул Дулаан” ОНӨҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хариуцагч Б.Ууганжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул Дулаан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ууганжаргалд  холбогдох

Байгууллагад учруулсан гэм хорын хохирол 1,490,000 /нэг сая дөрвөн ерэн мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Их-Уул Дулаан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал Т.Бурмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Батсүх овогтой Ууганжаргал нь 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 10 дугаар  сар хүртэлх хугацаанд “Их-Уул Дулаан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын эд хөрөнгөнөөс хувьдаа завшсан нь Хөвсгөл аймгийн цагдаа, прокурорын дүгнэлтээр буюу бусад нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон тул “Их-Уул Дулаан” ОНӨААТҮГ-т /байгууллагад/ учруулсан хохирлыг төлүүлж өгнө үү.

1. 2015 оны 03 сарын нярвын тайланд нэмэлт засвар хийж, механик, нярав, бохирын жолоочийн гарын үсгийг дуурайлган зурж 4 шаардах хуудас үйлдэн бохир ус зөөвөрлөх 32 рейсийн 192 литр А-80 бензиний хуурамч баримт бүрдүүлж 303,360 төгрөг хувьдаа завшсан,

2. 2015 оны 4-р сарын нярвын тайлан, шаардах хуудсуудыг засварлан 4-р сарын 12, 17-ны өдөр үнс ачсан 10 литр дизель түлшийг 20 литр болгон 2 удаа засварласан, 4-р сарын 28-нд мод тарихад хэрэглэсэн хар шороонд явахад авсан 10 литр дизель түлшийг 35 литр болгон баримт өөрөө бүрдүүлсэн, 4-р сарын 18, 23-ны өдөр нярвын гарын үсгийг дуурайлган зурж, механик, бохирын жолоочийн гарын үсэггүй 48 литр А-80 бензины шаардах хуудсыг 2 удаа бичиж дизель түлш 87,750 төгрөг, А-80 бензин 151,680 төгрөгийг,

3. 2015 оны 6-р сарын 24, 30-ны өдөр бүгд 96 литр А-80 бензин авсан боловч нэг шаардах хуудас механик, нярвын гарын үсгийг дуурайлган зурж хуурамч баримт бүрдүүлэн, нэг ч баримтгүй 151,680 төгрөгийг,

4. 2015 оны 03 сарын 10-ны өдрийн Б/2 тоот тушаалаар өөрийн ажил мэргэжлийн зэрэглэлийг ямар ч үндэслэл баримтгүйгээр нэмэгдүүлж ашиг сонирхлын зөрчил гаргаж 168,856 төгрөгийг,

5. Сумын Засаг даргын 2015 оны 07 сарын 02-ны өдрийн Б/07 тоот тушаалаар Э.Цогтбаярыг ажлаас чөлөөлсөн байтал Э.Цогтбаярын гарын үсгийг хуурамчаар үйлдэж каноны хорны үнэнд 100,000 төгрөгийн баримтыг өөрөө бүрдүүлж, бэлэн мөнгийг банкнаас өөрөө авч ашигласан,

6. 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр байгууллагын захирлын албан хэрэгцээнд зориулан Д.Ганзамаас гэж баримт бүрдүүлэн 1,100,000 төгрөгийн өртөг бүхий хуучин нөүтбүүкийг нярав Баттулгыг дарамтлан бэлэн мөнгө хүссэн өргөдөл бичүүлж гүйлгээ хийж банкнаас бэлэн мөнгийг өөрөө авсан,

7. 2015 оны 09 дүгээр сарын 21-нд “Уран өвөр баян” ХХК-аас авах цэвэр усны төлбөрийг уг компанийн захирал Л.Гантөмөртэй утсаар ярьж миний дансыг ашиглан залилан мэхэлж 415,000 төгрөгийг хувьдаа завшсан,

8. Дахин 2015 оны 10 дугаар  сарын 21-нд өөрийнхөө хүүхдийн данс руу “Уран өвөр баян” ХХК-аас манай байгууллагад төлөх ёстой цэвэр усны төлбөр болох 215,000 төгрөгийг хийлгэн авч ашигласан,

9. 2015 оны 02 дугаар сарын 09-нд “Байна” ХК-аас 114075000 төгрөгийн өртөгтэй HOWO маркын автомашиныг 2015 оны төсөвт тусгагдаагүй, зөвшөөрөлгүй үндсэн хөрөнгө хууль зөрчиж бэлдсэнээс байгууллагыг 15,578,684.84 мянган төгрөгийн алдагдалд оруулж, санхүүгийн хүнд байдалд оруулсан нь хөндлөнгийн аудитын дүгнэлтээр баталгаажиж байна. Иймд Батсүх овогтой Ууганжаргалаас 1,490,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Их-Уул Дулаан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал Т.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Прокурорын тогтоолоор Б.Ууганжаргал нь манай байгууллагад 1,490,000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон, энэ мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч миний нэхэмжлэлийн дүн зөрөөд байгаа учраас Б.Ууганжаргалын манай байгууллагад учруулсан нийт хохирол 1,593,000 төгрөгөөс цалингийн зөрүүд нэхэмжилсэн 168,856 төгрөгийг хасч үлдэх 1,424,144 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагч Б.Ууганжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: ... Тус байгууллагын захирал Т.Бурмаа нь намайг Howo маркийн өөрөө буулгагч машин авсан хэргээр ажлаас халсан ба ...Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд шийдвэр миний талд гарсан. ...Захирал Т.Бурмаа нь ялагдаад ирэнгүүтээ Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж улмаар Цагдаагийн газар нь эрүү үүсгэн прокурорт шилжүүлсэн нь хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан юм.

... Захирал Т.Бурмаа ...орсон цагаасаа хойш байгууллагын бүх шаардахыг би бичих ёстой гээд өөрөө бичдэг байсан. ...Т.Бурмаа тухайн үед нь хэлээгүй хирнээ 5 хоосон мөртлөө тамгатай шаардах хуудас өгөөд 3-р сард дутуу шаардах байгаа, нөхөөд хийчих гээд надаар нөхүүлж хийлгүүлсэн. ...Энэ мэтчилэн засваргүй шаардах хуудсыг албан тушаалаараа далайлган засаж өөрчлөлт оруулж зарим баримтыг устгасан гэж бодож байна.

...Засгийн газрын 2007 оны 12 сарын 26-ны өдрийн тогтоолд байгууллага 2, 3 нягтлантай бол ТҮ-7, ТҮ-8 гэж заагладаг. Харин ерөнхий нэг нягтлантай бол ерөнхий ня-бо гэж  үзээд ТҮ-8-аар цалинжина гэж заасны дагуу би ТҮ-8-аар цалин авсан.

...Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлийн 2-т ажилтан ажил хүлээлгэж өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасан байдаг. Тухайн үеийн захирал Э.Цогтбаяр нь 2015.07.02-нд тушаал нь гарсан боловч 2015.07.10-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Тиймээс гүйлгээ хийж болно гэсэн үг. ...Тухайн үед принтерээ цэнэглэдэг хороор цэнэглэж байж байгаад дуусаад тайлан тооцоо хэвлэх гэхээр цайвар муу гараад хор авсан. Хор авахдаа аймгийн 4  замын ойр байдаг “Тэвхэн” дэлгүүрээс авсан бөгөөд хор авахад нэхэмжлэхээр өгөхгүй, танихгүй болохоор өөрийн мөнгөөр авч ирээд сумын бичиг хэргийн материал зардаг Д.Нарандалай гэж хүний дэлгүүрээс авсан гэж мөнгөө гаргуулж авсан.

... Захирал Э.Цогтбаяр нь өөрөө Улаанбаатар хотын Нэкст электроникс ХХК-аас Lenovo Рaptop маркийн нөүтбүүк өөрийн мөнгөөр авч ирсэн байсан. Түүнийг дагаж урамшуулалд нь Samsung ML2160 маркийн шинэ нэг үйлдэлтэй принтер үнэгүй ирсэн байсан. ...некстээс авсан нөүтбүүкний баталгааны хуудас худалдаж авсан баримтаа авчирч өгсөн. Түүнийг үндэслэн бэлэн мөнгийг нь гаргасан. Принтер нь одоо Т.Бурмаагийн гэрт нь байгаа.

...2015 оны 09 сарын 21-нд цэвэр усны мөнгө болох 462,000 төгрөг манай байгууллагын дансанд орж ирсэн. ...Энэ компани ашгүй мөнгөө хийсэн байна гэж танилцуултал наад мөнгөө данс андуурсан гүйлгээ буцаав гээд буцаагаад хийчих гэсэн. Наад мөнгө чинь манай байгууллагад төсөвлөгдөөгүй орлого юм чинь буцааж хийгээд авчихъя гэсэн. ...тэр хүн манай байгууллагаас данснаас хувь хүний данс руу мөнгө гаргавал заавал 10 хувийг суутгаж авдаг гээд 10 хувийг суутгаад захирал Т.Бурмаагийн данс руу хийсэн гэсэн. 462,000 төгрөгийн 10 хувь 46,200 төгрөг, зөрүү 415,800 төгрөг. ...Захирал өөрөө санаачлаагүй бол 2-р гарын үсэг дан ганцаараа хэзээ ч гүйлгээ хийхгүй.

...Би 5 жил бүтэн ажиллахдаа ганц ч удаа ажил хавсарсны нэмэгдэл аваагүй байхад захирал яагаад юу ч хийгээгүй байж нэмэгдэл авдаг юм, бид яг адилхан хүмүүс гэж бодоод ажлаас халагдах өдрөө захирал Т.Бурмаад хэлж байгаад тэр усны мөнгийг бичиг хэргийн нэмэгдэл гэж бодоод авлаа гэж хэлээд авсан.

...Сумын ИТХ-ын 2014 оны 12 сарын 18-ны өдрийн 43-р тогтоолоор батлагдсан төсвийн дагуу 2015.02.09-нд “Байна” ХХК-аас Howo маркын өөрөө буулгагч автомашин авсан. ИТХ, сумын Засаг даргын зөвшөөрлөөр авсан. 2015 оны 03 сард авлигатай тэмцэх газар шалгаад Howo машины хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарсан. ...Howo машин авснаар жилд 100,000,000 төгрөг тээврийн хөлсөнд өгдөгөө больж 30,000,000 төгрөгөөр шатахуун хийж нүүрсээ зөөдөг болсон билээ гэжээ.

Хариуцагч Б.Ууганжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би нэхэмжлэлийн шаардлагаас 215,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна  гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Ууганжаргалаас гэм хорын хохиролд 1,424,144 /нэг сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул дулаан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Ууганжаргалаас улсын тэмдэгтийн хураамж 37,736 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Ууганжаргал давж заалдах гомдолдоо: ...Хууль буруу хэрэглэсэн талаар: ...Хавстаст хэрэгт эрүүгийн хэргийн материалаас нэхэмжлэгчийн хүсэлтээр гаргаж өгсөн хохирол төлбөрийн баримтууд нь өөрөө прокурорын тогтоолд дурьдсан 1,490,000 төгрөгтэй тохирохгүй, илтэд зөрүүтэй байдаг. Мөн прокурорын тогтоол нь эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрзгсэхгүй болгосон. Гэтэл миний гэм бурууг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй, гэм буруутай гэдгийг тогтоогоогүй байхад прокурорын тогтоолоор шууд гэм буруутай, гэм хор учруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

... эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн хохирлын баримтуудыг иргэний хэрэгт нэхэмжлэгч гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан шаардлагын үнийн дүн прокурорын тогтоолын хохирлын дүн нь илтэд зөрүүтэй байсан. Тухайлбал: нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нийт 9 төрлийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл дурдаж нийт 18,272,010 төгрөг 84 мөнгө болдог. Харин нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас 6 болон 9-д заасан үнийн дүнгээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа бөгөөд нийт 1,593,324 төгрөг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хурал дээр нэхэмжлэлээ тайлбарлахдаа хэлсэн, гэтэл шүүгчийн "нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа юм уу?” гэсэн асуултанд тодорхой хариулж чадахгүй, яг байгууллагад нь хэдэн төгрөгийн хохирол учирсан болохоо ч нотолж тогтоож чадахгүй эргэлзсэн байдалтай байсан. Мөн нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад 1,490,000 төгрөгийн хохирол учирсан гэсэн прокурорын дүгнэлтэнд заасан хохирлын дүнд нэхэмжлэлийн шаардлагаа тааруулахын тулд нэхэмжлэлд заасан 4 дэх шаардлагад заасан “2015 оны 03-р сарын 10-ны өдрийн Б/2 тоот тушаалаар өөрийн ажил мэргэжлийн зэрэглэлийг ямар ч үндэслэл баримтгүйгээр нэмэгдүүлж ашиг сонирхолын зөрчил гаргаж 168,856 төгрөгийн хохирол учируулсан” гэсэн нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгийг хасч үлдсэнийг нь нэхэмжилж байснаа дараа нь бүхэлд нь хасч нийтдээ 1,424,144 төгрөг нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. ...Мөн нэхэмжлэгч намайг хуучин захирал Цогтбаярын гарын үсгийг дурайлган зурж принтерийн хорны 100,000 төгрөг хувьдаа завшсан гэх боловч гарын үсэг дурайлган зурсныг шалгаж тогтоосон баримт эрүүгийн хавтаст хэрэгт байдаггүй, ...Мөн нэхэмжлэлийн шаардлагын 7-д заасан 415,000 төгрөгийг “Уран-Өвөр баян” ХХК-ийн данснаас 460,000 төгрөг “Их-Уул дулаан”-ны данс руу ороод данс андуурсан гүйлгээ гэсэн утгатайгаар дахин буцаад захирал Т.Бурмаагийн хувийн данс руу нь хүн амын орлогын албан татвар суутгагдан 415,000 төгрөг шилжсэн тухай банкны дансны баримтууд  хавтаст хэрэгт авагдсан. Энэ мөнгийг Т.Бурмаа захирал надад өгсөн гэх боловч би аваагүй, өгсөн гэх нотлох баримт байхгүй байхад намайг байгууллагад 415,000 төгрөгийн хохирол учирсан гэж шууд үзэхэд эргэлзээтэй. Дээрх нөхцөл байдалууд нь хохирлыг бодитоор үнэн зөвөөр тогтоогоогүй болохыг шууд харуулж байдаг. Мөн нэхэмжлэгчийн гаргаж тавьж буй шатахууны шаардах хуудас засварласан гэсэн баримтуудыг хэн, хэзээ зассан нь тодорхойгүй, гарын үсэг дурайлган зурсан гэдгийг шалгаж нотолсон баримтгүй байгааг шүүх хуралдаанд оролцсон Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Итгэл хариуцагчаас асуулт асууж байх явцдаа хэлж байсан. ...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эд хөрөнгөд учирсан бодит хохирлын хэмжээг зөв тодорхойлох, гэм хор учруулсан гэх нөхцөл байдлыг тал бүрээс нь зөв үнэлж дүгнэх зайлшгүй шаардлагатай байсан гэж үзэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: ...Б.Баасанжавыг гэрчээр асуулгах хүсэлтийг 2017 оны 01- р сарын 03-ны өдрийн шүүх хурал дээр бичгээр гаргаж энэхүү хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч ханган 2017 оны 01-р сарын 03-ны өдөр 03 дугаартай тогтоол гаргаж “гэрчийг дуудахыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, туслах нарт үүрэг болгосон” шийдвэр гаргасан. Гэтэл шүүх энэхүү тогтоолоо үндэслэлгүйгээр биелүүлээгүй, иргэн намайг гэрчийг өөрөө авч ирж гэрчээр асуулга гэж үүрэг өгсөн. ...Би иргэн хүн учир хэн нэгнийг хүчээр албадаж шүүхэд дуудан ирүүлэх эрх мэдэл байхгүй. Энэ нь миний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш, мэтгэлцэх зарчмыг хангаж оролцох боломж бүрдүүлээгүй, миний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлууд нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг дутуу үнэлсэн, орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Их-Уул дулаан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь Б.Ууганжаргал нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа “...нярвын тайлан, шаардах хуудас хуурамчаар үйлдэж, засварлаж  бензиний мөнгө завшсан, ажил мэргэжлийн зэрэглэлээ үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, Э.Цогтбаярын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, каноны хорны мөнгийг завшсан, цэвэр усны төлбөрийг хувьдаа завшсан, хуучин нөүтбүүкийг нярав Д.Баттулгыг дарамтлан бэлэн мөнгө хүссэн өргөдөл бичүүлж гүйлгээ хийж банкнаас бэлэн мөнгийг өөрөө авсан, HOWO маркын автомашиныг 2015 оны төсөвт тусгагдаагүй, зөвшөөрөлгүй үндсэн хөрөнгө хууль зөрчиж бэлдсэнээс байгууллагыг 15578684.84 мянган төгрөгийн алдагдалд оруулж санхүүгийн хүнд байдалд оруулсан нь хөндлөнгийн аудитын дүгнэлтээр баталгаажсан” гэсэн үндэслэлээр хариуцагч Б.Ууганжаргалаас 1,490,000 төгрөг нэхэмжилж, шүүх хуралдааны явцад   “ нэхэмжлэлийн үнийн дүн зөрөөд байгаа учир нийт хохирол 1,593,000 төгрөгөөс цалингийн зөрүүд нэхэмжилсэн 168,856 төгрөгийг хасч, үлдэх 1,424,144 төгрөгийг  нэхэмжилнэ” гэсэн тайлбар гаргажээ. 

Анхан шатны шүүх “...1,490,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ...эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол, ...эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдсон” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гаргасан “эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол”, “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол нь Б.Ууганжаргал  “Их-Уул дулаан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт хохирол учруулсныг нотлохгүй. Гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай эсэх, гэмт хэргийн улмаас хохирол учирсан эсэхийг шүүх шийдвэрлэх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар “шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” байхаар хуульчилсан. Тиймээс “Их-Уул дулаан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Ууганжаргалд холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж байсан нь түүнийг бусдад хохирол учруулсныг нотлохгүй.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ууганжаргалаас “...3,4,6-р сард нярвын тайлан, шаардах хуудас хуурамчаар үйлдэж, засварлаж бензиний мөнгө завшсан” гэсэн үндэслэлээр нийт 694,470 төгрөг, “Э.Цогтбаярын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хорны үнийг өөрөө авсан” гэсэн үндэслэлээр  каноны хорны үнэ 100,000 төгрөг нэхэмжилсэн байх боловч дээрх баримтуудыг хуурамчаар үйлдсэнийг баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл  “шаардах хуудас” /хх-ийн 107-116-р хуудас/, “бэлэн мөнгө олгосон жагсаалт” /хх-ийн 117-р хуудас/-д зурсан албан тушаалтнуудын  гарын үсгийг хариуцагч дууриалган зурсан эсэхийг тогтоох нь тусгай мэдлэг шаардсан асуудал бөгөөд тусгай мэдлэг, мэргэжил  эзэмшсэн шинжээч гарын үсэг хуурамч эсэхийг сонирхогч этгээдийн хүсэлтээр тогтоодог. Шаардах хуудас, бэлэн мөнгө олгосон жагсаалт дахь гарын үсэг хуурамч эсэхийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар зохигч хүсэлт гаргаагүй тул хариуцагчийг бусдын гарын үсгийг дууриалган зурж мөнгө авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь “Уран баян” ХХ–ний 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлсэн  усны үнэ  415000 төгрөг /хх-ийн 129-р хуудас/-ийг хариуцагч авсан” гэж нэхэмжилж байх боловч Бурмаагийн данс руу шилжүүлсэн уг мөнгийг хариуцагч  авсан гэх шаардлагаа   нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.

Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар “...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх” ба  мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй. Нэхэмжлэгч нь дээрх шаардлага, түүний үндэслэлээ нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнгээ “1,490,000 төгрөг” гэж тодорхойлж, шүүх хуралдааны явцад “нэхэмжлэлийн үнийн дүн зөрөөд байгаа учир нийт хохирол 1,593,000 төгрөгөөс тооцно” гэсэн тайлбар гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагад “...1,100,000 төгрөгийн өртөг бүхий хуучин нөүтбүүкийг нярав Д.Баттулгыг дарамтлан бэлэн мөнгө хүссэн өргөдөл бичүүлж гүйлгээ хийж банкнаас бэлэн мөнгийг өөрөө авсан”, “...HOWO маркын автомашиныг 2015 оны төсөвт тусгагдаагүй, зөвшөөрөлгүй үндсэн хөрөнгө хууль зөрчиж бэлдсэнээс байгууллагыг 15578684.84 мянган төгрөгийн алдагдалд оруулж санхүүгийн хүнд байдалд оруулсан” гэж дурдсан ч эдгээртэй холбоотой шаардлага гаргаагүй, эдгээрээс бусад шаардлагын үнийн дүн 1,593,326 төгрөг байна.  Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага бүрт тайлбар гаргасан, нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээ  1,593,000 төгрөгөөр  тодорхойлсон  тул энэ дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлон хэргийг шийдвэрлэх  боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн  үзэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад цалингийн зөрүү 168,856 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн үнийн дүнгээ 1,424,144 төгрөг болгосон  ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 215,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх  тул хариуцагчаас 215,000 төгрөг гаргуулж “Их-Уул дулаан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,209,144 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн “...хууль хэрэглээний алдаа гаргасан, ...нотлох баримтыг дутуу үнэлсэн” гэсэн  давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэв.

Харин хариуцагч нь шүүх хуралдааны явцад “гэрчийн мэдүүлэг авахуулах” хүсэлтээсээ татгалзсан байх тул “...гэрч оролцуулах хүсэлтийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга  О.Өлзийбуян оролцсон байхад шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу оролцсон гэж буруу бичсэнийг залруулах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70  дугаар шийдвэрт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “1,424,144 /нэг сая дөрвөн зуун хорин дөрвөн төгрөг нэг зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулан” гэснийг “215,000 /хоёр зуун арван таван мянган/  төгрөг гаргуулж” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  1,209,144 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “37,736 төгрөгийг” гэснийг “7100 төгрөг” гэж, шийдвэрийн удиртгал хэсгийн “С.Дэмбэрэлсамбуу” гэснийг “О.Өлзийбуян” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Ууганжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгийн хураамжинд төлсөн 37,736 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ГАНБАТ                                                               

                          ШҮҮГЧИД                          Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                     Б.СОСОРБАРАМ