Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 02

 

Б.Уд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Я.Дина, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, хохирогч Н.Д, хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважав, нарийн бичгийн дарга А.Тамираа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.У-д холбогдох эрүүгийн 1735001030062 дугаартай хэргийг шүүгдэгч Б.У, хохирогч Н.Д нарын давж заалдсан гомдлыг тус тус үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод суманд төрсөн, эмэгтэй, 28 настай, Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 10-05 тоотод оршин суух, Х овогт Б-ын У нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт дэвсгэрт хохирогч Н.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Б-ын Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.У-гаас 170.300 /нэг зуун далан мянга гурван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Н.Дд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 334.000 /гурван зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хохирогч Н.Д-гийн тархины рентген зураг 1 /нэг/ ширхэг, гэмтсэн хэсгийг харуулсан гэрэл зураг 5 /тав/ ширхэг, диск /CD/ 2 /хоёр/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, ашиглах боломжгүй болж эвдэрсэн нарны шил 2 /хоёр/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.У нь давж заалдах гомдолдоо: ” Анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 139 дүгээртэй шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Б.У намайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй гэх үндэслэлээр торгох ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие надад холбогдуулж ял оноосон зүйл ангийг зөвшөөрөхгүй байгаа. Энэ тухай цагдаад байцаалт өгөхдөө, мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгээ өгч тайлбарласан. Миний бие хадам ээжээ зодоод биед нь гэмтэл учруулаад явах хэмжээний ёс зүйгүй, ухамсаргүй хүн биш. Харин Н.Д өөрөө Энхзоригийн дотуур хувцас, пудволк урсаныг фото зургаар нотлох баримт болгон хэрэгт хавсаргасан. Гэтэл Н.Дгийн хүний эд зүйл урж танхайрч байгаа үйлдэлд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Н.Д нь тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Мөн анхан шатны шүүхэд Н.Д би зарим нэг гэрчүүдтэй уулзаад явж байсан гэж мэдүүлсэн. Гэрчид нөлөөлсөн байхад шүүх анхаарч ач холбогдол өгөхгүйгээр шүүх шийдвэр гаргасанд гомдолтой байна. Би хадам ээжээ үсдэж дунд хайрцаг мөргүүлсэн үйлдэл огт хийгээгүй амаар хэрэлдэж барьцалдсан, илт намайг гүтгэж, эцэст нь ял оноох хэмжээний буруутай болгож, намайг илт доромжилж байх тул надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.

 

Хохирогч Н.Д нь давж заалдах гомдолдоо: ”Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр 20-ны өдрийн 139 тоот шийтгэх тогтоолыг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэхүү гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт хохирогч миний нэхэмжилсэн 504300 төгрөгөөс 170300 төгрөг гаргаж, үлдэх 334000 төгрөг хэрэгсэхгүй орхисон, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхгүй гэсэн нь хууль бус болсон учраас гомдлоо гаргаж байна. Миний нэг гар утас засагдаж ажиллаж байгаа боловч Затзипд 52 маркийн гар утсыг Увс финанс Аудит ХХК 64.000 төгрөгөөр үнэлсэн ба, энэ утсыг одоо болтол засуулж чадаагүй хэвээрээ байгаа. Энэ гар утасны үнэ болон Затзипд 54 маркийн гар утас засуулсны үнэ шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулах ёстой байсан тул үүнийг гаргуулж өгнө үү. Би өөрийн бэр болох Угаар зодуулснаас болж биедээ хөнгөн гэмтэл авч 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл эмчилүүлж байна. Түүнээс хойш толгой байнга дүүрч өвдөн бөөлжис хутгаж, чих шуугиж, толгой эргэдэг, нүд харанхуйтдаг өвчтэй болсон. 2017 оны 09 дүгээр сарын 22-ноос 10 сарын 02 хүртэл 10 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ба цаашид эмчилгээ хийлгэх талаар эмчлэгч эмч зөвөлгөө өгч гаргасан бөгөөд биеийн байдал сайжрахгүй бол Улаанбаатар хотод онош тодруулах шаардлагатай гэж бичсэн нь хавтаст хэрэгт авагдсан болно. Энэ тухай би шүүх хурал дээр ярьсан. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд хэвийн байдалд орсон, эдгэрсэн гэж бичээд цаашид эмчилгээ хийлгэх болон түүнтэй холбоотой зардал гаргахгүй гэж бичсэн нь хуулийг буруу хэрэглэж ноцтой зөрчсөн асуудал болжээ. Гэмтэл нь гадны хүчин зүйлийн нөлөөллөөр тухайн үед үүсдэг боловч, хор уршиг нь хожуу хэзээ ч илэрч болохыг анагаахын шинжлэх ухаан нотолдог юм. Эмчилгээ хийлгэлгүй удаан явбал унадаг татдаг өвчтэй болох эрсдэлтэй. Тиймээс шүүгчийн эдгэрсэн гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчээс гаргуулах зардалгүй, 344.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхисугай гэсэн нь хохирогч миний эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.5-д заасан иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт заасан давж заалдах гомдол гаргах эрхтэй гэснийг үндэслэн энэ хуулийн 1-р зүйлийн 13.1-д заасан оролцогчын хувьд, энэ хуулийн 8-ын 2-р зүйлийн 1.9 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй " гэж хохирогчийн эрхийг хуульчилсныг энэхүү шийтгэх тогтоолоор ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж хохирогч надад бодитой учраад байгаа гар утас засуулсны зардал, бусад эмчилгээ үйлчилгээний зардлыг гаргуулж авах эрхийг хангаж өгөхийг хүсэж энэхүү гомдлоо гаргаж байна. Б.У хэргээ үнэн зөвөөр хүлээхгүй байхад хохирогч миний эд хөрөнгийн болон, сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрхийг минь хууль бусаар хязгаарласанд гомдолтой байна. Энэ нь ЭХХШТХуулийн 36-р зүйлийн 36.2-ийг зөрчсөн байх тул цаашид гарах хохирлыг нэхэмжлэх эрхийг хангаж өгнө үү. ЭХХШТХуулийн 36.2-т "шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж хуульчилсан. Ийм учраас шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэг нь хоорондоо зөрчилтэй, хохирогч миний хуулиар олгогдсон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах хуулиар олгогдсон эрхийг хангаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж иргэний нэхэмжпэл гаргах эрхтэйг минь нээж, хангаж өгнө үү” гэв

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бүрдэлийн хувьд маргаангүй тул анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 139 дүгээртэй шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.У, хохирогч Н.Д нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоол нь хуульд нийцэж гарсан байна.

Б.У нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Дг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Д, гэрч Б.Б, Г.Баяраа, Я.Алтангэрл, насанд хүрээгүй гэрч Д.Н, Б.Б, Б.Отгонхүү, шинжээч эмч О.Пунцаг нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 539 дугаартай шинжээчийн дүгнэлт, өвчний түүх зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба шүүхээс бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй байна.

Шүүгдэгч Б.Угийн “би гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэх, хохирогч Н.Дгийн “ Б.У нь хэргээ хүлээхгүй байгаад гомдолтой байна. Мөн миний эд хөрөнгийн болон цаашид хийх эмчилгээний хохирлыг нэхэмжлэх эрхийг хууль бусаар хязгаарласан. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү “ гэх гомдлуудын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлавал:

1.Б.У нь хохирогч Н.Дгийн биед хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа түүний биед хөнгөн хохирол учруулсан болох нь Н.Дгийн “...би Уд хандаж “ээжийн хүү машинаас холдчих “ гэхэд Чиний ээж гэж юу байдаг юм “ гээд надруу дайрч миний зүүн хөлийн шилбэ рүү 2 удаа өшиглөхөөр нь айгаад машин уруугаа буцаад суух үед Б.У миний баруун талын хөлний булчин уруу нэг удаа өшиглөсөн .Урд талын 2 суудал дунд байсан миний гар утсыг авах гэхээр би хойд талын суудлаас өмнө талын 2 суудал завсраар гар утсаа булаацалдах зуурт Б.У миний үснээс зуурч өмнө талын 2 суудлын завсарт байх дунд хайрцаг мөргүүлсэн. Энэ үед Энхзориг ирж Б.Уг салгасан” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Б-ны “ У нь машин дотор суусан над уруу машины гаднаас цонхоор дайраад байсан тул ээж холдуулхаар нэг удаа машинаас буугаад Б.Уд зодуулсан мөн Б.У нь машины зүүн өмнө талаар ирээд манай ээжтэй маргалдаж байгаад машины хаалга онгойлгож ээжийг үсдэж толгойг нь дунд хайрцаг мөргүүлсэн “ гэх мэдүүлэг,

Гэрч Я.А-ийн “Н.Д надад ирж үзүүлэхэд хурууны дардасын шинж дух хэсгээр олширсон, энэ нь тархи доргилтын шинжийг илтгэж байгаа” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Д.Н-гийн “..Мөн настай эгчийг үсдээд чанга чанга дуугараад байсан.Тэгээд тэр хоёр машины цаад талаас гарч ирэхэд настай эгчийн үс нь арзайчихсан гарч ирсэн “ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Б-ийн “...Тэгтэл Б.Бы ээж Н.Д эгч машины зүүн талаас гарч ирсэн ба түүний толгойнх нь үс арзайчихсан байсан.Н.Д эгч над дээр ирээд “Намайг У үсдэж зодлоо “гэж хэлсэн “ гэх мэдүүлэг болон шинжээч эмчийн Н.Дгийн биед тархины доргилт, цээж, нүүрний хэсэгт өнгөц зулгарт, 2 хөлний шилбэний хэсэгт хар хөхөрсөн зөөлөн эдийн цус хуралт гэмтэл үүссэн байна. Энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл байна гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Д-гээс удаа дараа мэдүүлэг авахдаа тухай бүрд нь хууль сануулсан байх бөгөөд тэрээр Б.Уд зодуулсан талаар тогтвортой мэдүүлж, түүнийхээ эх сурвалжийг зааж чадсан, энэ нь  хэрэгт хувийн сонирхолгүй гэрч Я.Алтангэрл, насанд хүрээгүй гэрч Д.Н, Б.Б, Б.Отгонхүү, шинжээч эмч О.Пунцаг нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 539 дугаартай шинжээчийн дүгнэлт, өвчний түүх зэргээр давхар нотлогдсон, эдгээр нотлох баримтыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчилэн хохирогч Н.Д-гийн  “ Б.У миний толгой, болон хөл рүү зодсон” гэх мэдүүлэг нь түүний  биед “ тархины доргилт, цээж, нүүрний хэсэгт өнгөц зулгарт, 2 хөлний шилбэний хэсэгт хар хөхөрсөн зөөлөн эдийн цус хуралт үүссэн” гэх шинжээчийн дүгнэлттэй таарч байна.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Б.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхээс түүнд ял шийтгэх оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан ял шийтгэл оногдуулжээ.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд хохирогч нийт хохиролд 504300 төгрөг нэхэмжилснээс шүүх эмийн зардал болон нүдний шилийн үнэ бүгд 170300 төгрөгийг гаргуулж, 334000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон байна.

Хохирогчийн гар утсанд учирсан хохирлыг шүүх тооцоолох боломжгүй учраас хэлэлцээгүй орхисон байх бөгөөд шүүх нэгэнт хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийг хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрх нь нээллттэй .

Харин хохирогчийн биед үүссэн хөнгөн зэргийн гэмтэл нь хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах гэмтэл бөгөөд хохирогч нь уг гэмтэл авсанаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн тул анхан шатны шүүхийн” цаашид эмчилгээ хийлгэх, түүнтэй холбоотой зардал гарахгүй “ гэх дүгнэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгчийн “ би гэмт хэрэг үйлдээгүй “ гэх,  хохирогчийн “цаашид эмчлүүлэх зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү “ гэх гомдлуудыг тус тус  хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У, хохирогч Н.Д нарын  давж заалдсан гомдлуудыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

Гомдол , эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.ЖАМБАЛСҮРЭН

                                    ШҮҮГЧИД                                           Б.ДАМБА

Н.МӨНХЖАРГАЛ