| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/1186/Э |
| Дугаар | 1243 |
| Огноо | 2020-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 1243
2020 07 06 2020/ШЦТ/1243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч А.Сайнбаяр,
нарийн бичгийн дарга Г.Хулан,
Шүүгдэгч Б.М, Ш.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М, Ш.Б нарт холбогдох 2006 01139 1378 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М, Ш.Б нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Моносын 01 дүгээр гудамжид хохирогч Э.Мтэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Б.М, Ш.Б нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
Хохирогч Э.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:
2020 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 23 цаг 50 минутын орчим эхнэрийн хамт явж байтал урдаас ирж байсан үл таних 3 залуу намайг мөрлөсөн. Тэгээд би эргэж хараад яаж байгаа юм бэ гэсэн чинь чи намайг монелд таних уу гээд улаан өнгийн куртиктэй залуу намайг цохисон. Тэгээд нөгөө хоёр залуу нь намайг зодоод эхэлсэн. Тэгэхэд улаан өнгийн куртиктэй залуу манай эхнэр дээр очоод дагз руу нь 2 удаа цохиж, элэг рүү нь цохисон. Нэг нь хар өнгийн куртиктэй нөгөө нь байгууллагын гэмээр ТҮК-ийн ажилтан гэмээр хувцастай байсан.
...Намайг мөрөлсөн залуу над руу чи намайг Монелд мэдэх үү гэх мэтээр дайрч байгаад хажуудаа явж байсан 40 гаруй насны ТҮК-ийн хувцастай хүнтэй нийлээд зодсон. Анх намайг хар өнгийн куртиктэй залуу мөрлөсөн ба эргэж хараад шууд нүүр лүү цохисон. Хар өнгийн куртиктэй болон ТҮК-ийн хувцастай залуу нийлээд газар унагаагаад зодож эхэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 46-47/,
Гэрч Б.Бямбадуламын мөрдөн байцаалтад өгсөн:
... Манай нөхрийг хар өнгийн куртиктэй залуу мөрлөсөн. Тухайн залуу эргэж хараад манай нөхрийн шанаа руу 2 удаа цохисон. Би улаан өнгийн куртиктэй залуутай зууралдсан. Нөгөө хоёр залуугийн хар өнгийн куртиктэй залуу нь манай нөхрийн куртикнээс татаж унагаад хоёулаа өшиглөж, зодож эхэлсэн. Энэ үед нөхөр газар унаж зодуулж байсан ба намайг улаан өнгийн куртиктэй залууд зодуулж байх үед босоод ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2288 дугаартай:
Э.Мөнх-Эрдэнийн биед баруун чамархайн хуйханд цус хуралт, баруун чих, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/,
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:
...Бөмбөөлэй нэртэй дэлгүүрийн гадна үл таних архи уусан эрэгтэй, жирэмсэн эмэгтэйн хамт явж байсан ба хажуугаар гарахдаа мөрөөрөө шүргэлцсэн. Тэгээд бид хоёр эргэж хараад маргалдаад харилцан заамдалцаад зогсож байх үед хамт явсан улаан өнгийн куртиктэй залуу нөгөө залуугийн толгойн баруун хэсэгт цохисон. Надтай заамдалцаад зогсож байсан залуу газарт унахдаа намайг татаад унасан. Намайг босох гэхэд жирэмсэн эмэгтэй ирээд миний баруун хөл рүү өшиглөсөн. Б ах намайг татаж босгосон... гэх мэдүүлэг /хх-ий 24-25/,
Шүүгдэгч Ш.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:
...Архи авах гээд дэлгүүр лүү явж байх үед үл таних 26-29 насны улаан өнгийн куртиктай өндөр залуу тамхи асуугаад яриа өдөж хаашаа явж байгаа талаар асуухаар нь дэлгүүр явж байгаа талаар хэлэхэд хамт явъя гээд бид гурав Бөмбөөлэй нэртэй дэлгүүр рүү явсан...
...Бөмбөөлэй дэлгүүрийн гадна үл таних архи уусан эрэгтэй, жирэмсэн эмэгтэйн хамт явж байсан ба хажуугаар гарахдаа мөрөөрөө шүргэлцсэн. Эргэж хараад маргалдаж хоорондоо заамдалцаад зогсож байх үед улаан өнгийн куртиктэй залуу очиж нөгөө залуугийн нүүр рүү нэг удаа цохиход тэр залуу, дүү М нар хамт газарт унасан. Жирэмсэн эмэгтэй нь манай дүүг өшиглөхөөр нь би очиж дүүгээ татаж босгоод тэндээс холдсон. Газарт унасан залуу улаан өнгийн куртиктэй залууг цохиход өөдөөс нь эргүүлж цээж рүү нь өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ий 22-23/,
- Зөрчлийн талаарх амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 04/,
Хавтаст хэргээс: Ш.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, дансны хуулга /хх-ийн 62-63/, Б.Мөнх-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74-75/, хувийн байдлыг тодорхойлох баримт /хх-ийн 82-84/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.М, Ш.Б нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Моносын 01 дүгээр гудамжид хохирогч Э.Мтэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож шүүгдэгч Б.М, Ш.Б нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Шүүгдэгч Б.М, Ш.Б нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримтгүйгээр 200.000 төгрөг нэхэмжилсэн байна. Уг нэхэмжилсэн хохирол нь нотлох баримтгүй учир шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, гэмт хэргийн талаар гаргаж байгаа дүгнэлт, шүүгдэгч Ш.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугийн талаар зөвшөөрөхгүй байгаа байдал зэргийг харгалзан торгох ял ыг ялгамжтайгаар оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бн овогт Шын Б, Ц овогт Бын М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Ш.Бийг таван зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун хорин таван мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч Б.М, Ш.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Ш.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ