| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0133/Э |
| Дугаар | 161 |
| Огноо | 2020-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 161
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,
Хохирогч Ж.Х,
Шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Ж.Т-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018001810137 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, эмээ, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 03 дугаар баг, Булаг 2-39б тоотод оршин суух, урьд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 266 дугаартай Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө суллагдсан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, М овогт Ж.Т,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ж.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Т нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны орой Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, ......... тоотод өөрийн гэртээ төрсөн дүү Ж.Х-ийг гараараа болон сандлаар цохих, тэлээгээр ороолгох зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн гарын шуу, бугалга, чихний дэлбэнгийн орчим, 2 хөмсөгний дунд хэсэг, цээжний ар, бүсэлхий орчмын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ж.Х: “...Төрсөн ах Ж.Т надад хандан “чи хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ” гэж асуухаар нь би “айлд юм хийж байгаад ирж байна, та яах гэж дандаа над руу уурлаж байдаг юм бэ” гэхэд “чи над руу яагаад муухай хараад байгаа юм бэ” гэж хэлээд гэрт байсан хуванцар жижиг сандал аваад толгой руу 3 удаа цохисон. Тэгснээ гараа атгаж байгаад миний толгой болон нүүр рүү нилээн хэдэн удаа цохиод би ухаан алдаад сэрсэн. Тэгэхэд намайг суран бүсээр цохиж байгаад больсон. Намайг зодож байхад манай эгч Кулихан гэрээс гараад явчихсан байсан. Намайг гарч ээжийг хайгаад олоод ир гээд хөөгөөд гаргасан, ...шөнийн 02 цагийн үед миний толгой өвдөөд байхаар нь эмнэлэг рүү залгахад дуудлага ихтэй байна, өөрөө хүрээд ир гэхээр нь эмнэлэг дээр очиж үзүүлэхэд маргааш нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй гээд явуулсан. Өмнө нь 3 удаа цохиж зодож байсан. Тухайн үед миний биед хөхрөлтүүд үүсээд л өнгөрдөг байсан. Одоо биеийн байдал хэвийн зүгээр байгаа. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
Гэрч Б.А-ийн: “...Дархан сумын 3 дугаар баг, Булагийн 2-39б тоотод согтуу хүн агсан тавиад байна гэсэн дуудлага мэдээлэл өгсний дагуу очих гээд гудамжаар явж байтал 20 орчим насны эмэгтэй тааралдаад “манай ах намайг зодоод байна, манай ээж цагдаагийн газар руу дуудлага өгсөн” гэж хэлээд машинд суухад тухайн эмэгтэйн хамарнаас цус гарчихсан, бусдад зодуулсан байдалтай байсан. ...Гэрт ороход Т гэх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсныг хүлээн авч биеийн гадна талаас үзлэг хийж эрүүлжүүлэх баривчлах байранд хүргэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Гэрч С.К “... Т гаднаас бага зэрэг халамцуу орж ирээд дүү хаашаа явсан юм бэ гэж асуухаар нь айлд очиж юм хийхээр явсан гэж хэлсэн. Т хоол ундаа идчихээд байж байтал 23 цагийн орчимд Х гаднаас орж ирсэн. Тэгэхэд ах нь чи хаашаа яваад ирж байгаа юм бэ гэж асуухад би айлд юм хийж байгаад ирлээ, та яагаад дандаа уурлаж байдаг юм бэ гэж хэлэхэд чи яагаад над руу муухай хараад байгаа юм бэ гэж хэлээд охиныг хуванцар жижиг сандал аваад толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд гараараа толгорй руу нь цохиод газар унагаагаад суран тэлээгээр ороолгоод цохиод байхаар нь би харж чадахгүй гэрээсээ гараад явчихсан. ...Урьд өмнө нь 2 удаа гар хүрч цохиж зодож байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг аймаар гэмтэл бэртэл учруулж цохиж зодож байгаагүй. Тухайн үед Табысбек бага зэргийн согтолттой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19/
Шүүгдэгч Ж.Т: “...хуванцар шар өнгийн жижиг сандал аваад Х толгой руу 2 удаа цохисон. Тэгээд мөн гараа атгаж байгаад толгой руу нь 2-3 удаа цохиход орон дээр унаад өгөхөөр нь суран тэлээгээр 5 удаа биеэр нь ороолгож цохисон. Би бага зэргийн согтолттой байсан. Бүх үйл явдлыг бүрэн санаж байгаа. Би Х биед учирсан гэмтлүүдийг учруулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Урьд өмнө цохиж зодож байсан. Ахын ёсоор гар хүрх үе байсан, гэхдээ дүүгээ гэмтээж зодож байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/, “...одоо дахин дүүгээ зодохгүй гэж амлалт өгч байна, дүүгээсээ уучлалт гуйж байна” гэх мэдүүлэг,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 200 дугаартай “...Ж.Х-ийн биед тархи доргилт, зүүн гарын шуу, бугалга, чихний дэлбэнгийн орчим, 2 хөмсөгний дунд хэсэг, цээжний ар, бүсэлхий орчмын цус хуралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ж.Х-ийн биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ж.Х-ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Ж.Т хохирогч С.Х нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь хэрэгт авагдсан Дархан сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48/, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч Ж.Т нь гараараа болон сандлаар цохих, тэлээгээр ороолгох зэргээр хохирогчийн биед тархи доргилт, зүүн гарын шуу, бугалга, чихний дэлбэнгийн орчим, 2 хөмсөгний дунд хэсэг, цээжний ар, бүсэлхий орчмын цус хуралт гэмтэл учруулсан үйлдэл нь хүчирхийллийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Ж.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч С.Х нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, тогтмол орлоготой, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900,000 төгрөгөөр торгох ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/480 дугаартай тогтоолоор оногдуулснаас биелүүлээгүй 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуванцар сандал 1 ширхэг, 1 метр урттай суран тэлээ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Ж.Т-т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М овогт Ж.Т-т 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-т энэ тогтоолоор оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/480 дугаартай тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 270,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хуванцар сандал 1 ширхэг, 1 метр урттай суран тэлээ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД