Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 167

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч Д.М,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт З овогт Б.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000144 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Дарханы Дулааны Цахилгаан станц ТӨХК-д засварчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 16 дугаар баг, 16 дугаар байрны 3-49 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, З овогт Б.М,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, .......... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Д.М зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацар, шуун дахь зулгаралт, нүүр, баруун гарын шуу, зүүн бугалган дахь цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Д.М  “....Би Б.М-тай 2018 оны 09 сард танилцан, 2018 оны 11 дүгээр сараас хамтран амьдарч эхэлсэн. 2019 оны 01 дүгээр сард ээж маань нас барснаас 14 хоногийн дараа Б.М нь намайг зодсон. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр манай гэрт найз маань ирсэн. Б.М “..дэлгүүр хаахаас өмнө та хоёрт шар айраг авчирч өгөх үү гэхээр нь би түүнд өөрийн виза картаа өгч явуулсан. ...Орой орж ирээд засварын ажлаа хийхгүй, гэртээ архи, шар айраг уулаа гэж уурлан шил авч зуух руу шидэж, үснээс зулгаан газар хэвтүүлэн цохисон. Газарт хэвтүүлээд цохиж байх үед л шилний хэлтэрхий зүссэн байх. Түүнээс шидсэн даруй хэлтэрхий үсэрсэн бол ийм гүн зүсэгдэхгүй байх. Тэр өдрөөс хойш огт уулзаагүй, утсаар л харилцаж байгаа. Б.М надад соривны тос авч өгч, толгой бариулсан төлбөрийг төлсөн. Мөн зүсэгдсэн сорив эдгэсний дара лазер эмчилгээнд оруулж өгнө гэж хэлсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,  

 

Гэрч Ү.Б “...М өөрийн виза картыг өгөөд дэлгүүр хаахаас өмнө пиво аваад ир гээд явуулсан. М дэлгүүрээс савтай пиво авч ирж өгчихөөд буцаад гарч яваад 30 минутын дараа орж ирэхдээ нилээн халамцуу байдалтай ороод ирэхээр нь М чи хаашаа яваад ирэв гэхэд ажлын газрын хүнтэй нэг шил архи уучхаад ирлээ гэж хэлж байсан. Тэгээд М М гар утсыг аваад үзэж байснаа чи өмнөх салсан нөхөр Б ярьсан байна гэж хэлээд хэрүүл маргаан хийсэн. ...М нүүр рүү хэд хэдэн удаа гараараа цохиод ширээн дээр байсан шилтэй огурцы аваад шалан дээр хагалтал хагархай шил үсрээд М нүүр рүү үсрээд М баруун нүдний доор зүсчихсэн. ...сүүлд хэд хоногийн дараа уулзахад зүүн талынх нь нүд хөхөрчихсөн байсан. Надад гар хүрэхгүй мөртлөө М барьж аваад зодоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 248 дугаартай “..Д.М биед тархи доргилт, баруун хацар, шуун дахь зулгаралт, нүүр, баруун гарын шуу, зүүн бугалган дахь цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13/,

 

Шинжээч эмч Д.Т “...би 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ***** өөрийн биеэр үзэж дүгнэлт гаргасан. Түүнд учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байсан. Тархи доргилт гэмтэл нь нүүрэн дээрх цус хуралт, зулгаралт гэмтлийг авах үед үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 2  оноо буюу дунд түвшинд байна” гэх дүгнэлт /хх-ийн 35-36/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-4/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Б.М, хохирогч Д.М нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэгээр тогтоогдож байх ба шүүгдэгч Б.М шил авч шидэх, хохирогчийн үснээс зулгаан газар хэвтүүлэн зодох  зэрэг үйлдэл нь хүчирхийллийн шинжтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов

 

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Д.М нь эрүүл мэндэд учирсны хохирол нэхэмжлээгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч ***** гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, тогтмол орлоготой, ажил хөдөлмөр эрхэлдэг, зэргийг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжэээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Б.М гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З овогт Б.М-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.М-д торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдусгай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ГЭРЭЛТ-ОД